| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09519/И |
| Дугаар | 101/ШШ2017/00458 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/00458
2017 оны 02 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2017/00458 Улаанбаатар хот
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 12-310 тоотод оршин суух, Шарнууд овогт Сандивын Хүрэлчулуун /РД:ФА56120500/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 394 тоотод оршин суух, Гантөмөр овогтой Наранбаяр,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 14 гудамж, 317 тоотод оршин суух, Хатиг овогт Баярхүүгийн Гантуяа /РД:СВ90060508/ нарт холбогдох,
250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Хүрэлчулуун, хариуцагч Б.Гантуяа, нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Хүрэлчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...БЗД-ийн 12-р хорооны 69 айлын орон сууцны 42 тоот 1 өрөө байранд иргэн Г.Наранбаяр, Б.Гантуяа нар нь 2016.06.21-нд сарын 60,000 төгрөгөөр хөлслөхөөр орж суугаад 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хөлсийг өгөлгүй, цахилгаан гэрлийн мөнгө 50,000 төгрөгийн өр гаргаад, холбоо барихаар өгсөн утаснуудаа бүгдийг салгаад, байрыг цоожилж, хүлээлгэж өгөлгүй өдий хүртэл алга байгаа болсон. “Харин байрнаасаа гарчихсан гэсэн, байрны хөлсний асуудлыг шийдэх боломжгүй” гэж хэлсэн болно. Байрны хөлс 2016.08.21-ээс хойшхи 180,000 төгрөг, цахилгаан хэрэглэсний 50,000 төгрөг, хаалганы цоож 20,000 төгрөг, бүгд 250,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч С.Хүрэлчулуун би хариуцагч Г.Наранбаяраас татгалзаж байна...” гэжээ.
Хариуцагч Б.Гантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Гантуяа миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч С.Хүрэлчулуун нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр бууруулж, хариуцагч Б.Гантуяа 100,000 төгрөгийг 2017.02.09-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрэв...” гэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Хүрэлчулуун хариуцагч Г.Наранбаяр, Б.Гантуяа нарт холбогдуулан “250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Хүрэлчулуун хариуцагч Г.Наранбаяраас татгалзсан байна.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч С.Хүрэлчулуун, хариуцагч Б.Гантуяа нар эвлэрч, нэхэмжлэгч С.Хүрэлчулуун нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Гантуяа 100,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Хүрэлчулуунд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигч талууд ийнхүү эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Хүрэлчулуун нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Гантуяа 100,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Хүрэлчулуунд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Хүрэлчулуунд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ