Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

            Шүүгдэгч С.Б

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн  шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 1722000190012 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Х суманд 1976 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ... баг, .... тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, урьд 6 удаа ял шийтгүүлсэн гэх,  Х овгийн С.Б     

Шүүгдэгч С.Б  нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын ..... баг ...... тоотод байх хашааны гаднаас иргэн  Б.Т-гийн эзэмшлийн “Супер даюун” маркийн мотоциклийг хулгайлсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор:

   2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Б-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилж,

      Шүүгдэгч  Х овгийн С.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулан шийтгэж,

 Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

            Шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 7 дахь  хэсэгт зааснаар хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан С.Б-аас авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдаж,

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх тогтоолдоо С.Б-ыг аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилж, бусдын эд хөрөнгийг хулгайлж,  бага бус хэмжээний  хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 250 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн юм.

            С.Б нь анхан шатны шүүх нэгэнт өөрийг нь гэм буруутайд тооцсон тул түүнд хүлээлгэх хариуцлагын талаар өөрт олдсон амьдрал ахуйд нь чухал нэмэр болж буй, өндөр хөлстэй, ховор ажлын байраа алдах хүсэлгүй ба ажлаа хийнгээ орлогоо олж, хариуцлагаа хүлээх боломжоор хангаж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлэх санал гаргасан юм. Түүний энэхүү хүсэлт, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан С.Б-д холбогдох 1722000190012 тоот хэргийг хянан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр эдлүүлэхээр сольж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн саналдаа: ... Давж заалдах шатны шүүхээр С.Б-д холбогдох 1722000190012 тоот хэргийг хянан хэлэлцэх явцад 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул  Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

С.Б нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандалын  .... тоот хашааны гаднаас иргэн Б.Т-ийн эзэмшлийн “Супер  даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Тэмүүжин, гэрч О.Бат-Эрдэнэ, Б.Зандраа, Ё.Одончимэг, М.Адъяадорж, М.Батболд, Г.Ариунжаргал нарын мэдүүлэг болон Сайнцагаан сумын үнэлгээний комиссын үнэлгээ, С.Б-ын мөрдөн байцаалт, шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн , үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь ялтны гэм буруу, гэмт хэргийн нийгмийн хор аюулд тохирсон байна.  

    

            Тус аймгийн Прокурорын газраас С.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгийг  буцаан хэрэглэсэн нь хуульд нийцжээ. 

С.Б нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хөнгөн  гэмт хэрэг үйлдсэн бөгөөд   шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар С.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  нь зүйтэй гэж  үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн                     3 дугаар заалтыг “ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С-Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.  

2.Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

      ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                                      Н.НАСАНЖАРГАЛ