Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 752

 

"Хас банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00058 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 53 514 604 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорчимэг,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнгөнзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Одгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батбаяр нар нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хас банктай 1330035697 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 31,2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах эд хөрөнгийг барьцаалуулсан болно. Үүнд: Баталгаат ипотекийн 1330035697-01 дугаар гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000317604, Ү-2204031965 улсын бүртгэлийн дугаартай 66 м.кв баталгаат ипотекийн 1330035697-01 дугаар гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000322155, Ү-2204060268 улсын бүртгэлийн дугаартай 141 м.кв талбайтай хувийн сууц, Баталгаат ипотекийн 1330035697-01 дугаар гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000267670, Г-2204013548 улсын бүртгэлийн дугаартай 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, зээлдэгч М.Одгэрэл, хамтран зээлдэгч Г.Батбаяр нар нь 1330035697 дугаар гэрээний 3.2.1 дэх заалтын дагуу зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу cap бүр хэсэгчлэн төлөх үүрэгтэй боловч биелүүлээгүй, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 134 хоногоор хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Энэ нь 1330035697 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасан "зээлдэгч гэрээ болон баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй" гэсэн нөхцөлийг хангаж байх тул тус гэрээний 5.1-д заасны дагуу зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрх үүсэх үндэслэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгч М.Одгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батбаяр нарт зээлийн төлбөрөө төлөхийг сануулж, шаардаж, мэдэгдэж, утсаар холбоо барьсаар байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 5.1, 5.1.1 дэх заалтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр цуцалж, зээлийн үндсэн төлбөр 47 830 753,42 төгрөг, хүү 5 541 168 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 183 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 53 514 604,42 төгрөгийг зээлдэгч М.Одгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгчээс гаргуулах, 1330035697 дугаар зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Одгэрэл миний бие нь 2016 оны 05 дугаар сард ОХУ-ын Тува улсын иргэнтэй хамтран бизнес хийх болсон тул яаралтай мөнгө шаардлагатай болж, “Хас банк” ХХК-иас зээл авах хүсэлт гаргасан. “Хас банк” ХХК бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 31.2 хувийн хүүтэй олгох боломжтой гэсэн. Тухайн үед миний бие яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул банкны нийтэд зарласан хүүг судлалгүй зээлийн гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэлээ гардан авсны дараа судлан үзэхэд “Хас банк” ХХК-ийн нийтэд мэдээлсэн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү сарын 1.8-2.1 хувь байх ба бусад арилжааны банкны энэ төрлийн зээлийн хамгийн өндөр нь 27.6 хувь байсан. Иймд зээлийн хүүг жилийн 31.2 хувиар тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Мөн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №1330035697 дугаартай зээлийн гэрээг 24 сарын хугацаагаар байгуулсан. Миний бие 2016 оны 6, 7 дугаар саруудын үндсэн төлбөр болон зээлийн хүүг гэрээнд заасны дагуу төлсөн ба хамтран ажиллахаар болсон Тува улсын иргэн миний 50 000 000 төгрөгийг арьс шир авчирч өгнө гэж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй, нийлүүлэх ёстой бүтээгдэхүүн нийлүүлээгүйгээс 8, 9 сарын зээлийн үндсэн төлбөр, хүүгээ төлж чадаагүй. Мөн банкны зүгээс зээлээ төлөөгүй тул гэрээг цуцалсан гэсэн тул 2016 оны 10, 11 дүгээр сарын төлбөрөө төлөөгүй. Гэвч  зээлийн харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх хүсэлттэй байсан ба гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг гаргаж байсан. Миний бие тус банкны нийтэд зарласан хүүгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж зээлийн үндсэн төлбөр, хүүг үргэлжлүүлэн төлөх хүсэлттэй байх ба өмнөх гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч нэгэнт шүүхэд хандсан тул шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг хийх болно. Гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон нэхэмжлэлийн тооцооллын хувьд маргахгүй байгаа. Гэрээнд заасан хувь хэмжээгээрээ тооцоолсон байна. Харин гэрээнд хүүг өндөр тогтоосон гэж үзэж байгаа тул хүүгийн хэмжээг бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх:Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 168.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нараас 53 514 604 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000317604, Ү-2204031965 улсын бүртгэлийн дугаартай 66 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000322155, Ү-2204060268 улсын бүртгэлийн дугаартай 141 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000267670, Г-2204013548 улсын бүртгэлийн дугаартай 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нараас 425 523 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нараас нь зээлийн үндсэн төлбөрт 47 830 753.42 төгрөг, зээлийн хүүнд 5 541 168 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 122 183 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг, нийт 53 514 604 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нар нь нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ нотлохоор холбогдох баримтыг цуглуулах, хуулийн шаардлага хангуулан өгөхтэй холбоотой зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан нэг тал гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гарсан зардал буюу хохирол биш, харин нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ биелүүлж буй явдал гэж үзэж байх тул нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөний  улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, Зээлийн №1330035697 тоот гэрээний дагуу төлөх төлбөрт                    53 514 604 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

Шүүх 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 32096 дугаар захирамжаар  “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй  М.Одгэрэл, Г.Батбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53 514 604 төгрөг гаргуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг  зөрчжээ.

 

Шүүх иргэний хэрэг үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлага дээр талуудыг мэтгэлцүүлж, уг шаардлагыг шийдвэрлэсэн нь хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, давж заалдах шатны шүүхээс энэ зөрчил, алдааг засах боломжгүй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүх эрхийнхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

Дээрх үндэслэлээр хэрэг  үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн заалтыг буруу бичиж алдаа гаргасан байгааг анхаарвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

                         

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                                                     Б.НАРМАНДАХ