Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 263

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад, нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “З” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: “Ф” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “З” ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг компани юм. Манай компани өмнө нь 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг “Мандай толгой" нэртэй газарт 15884 га талбай бүхий ХV-0034.. дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан боловч ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ сунгаж өгөөгүйн улмаас, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, лицензээ сунгуулж чадаагүй юм.

Харин дээрх талбайд Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалт зарласныг мэдээд оролцох хүсэлтэйгээ илэрхийлж Ашигт малтмал, газрын тосны газарт очин сонгон шалгаруулалтын материалыг авах гэсэн боловч энэ нь зөвхөн “тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд” оролцох хязгаарлагдмал сонгон шалгаруулалт болох талаар мэдэгдсэн учир манай компани оролцох боломжгүй болсон.

Тус сонгон шалгаруулалтыг зарлан явуулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэх  заалтын дагуу орон нутгийн компаниудын дунд явуулж, талбай тус бүрд 1, 1 буюу орон нутгийн 2 компани саналаа ирүүлсэн байна. 

Урьд уг талбай дээр тодорхой хэмжээнд хөрөнгө зарж хайгуулын ажил хийсний хувьд “З” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцох туйлын хүсэлтэй байтал дээрх байдлаар хууль бус шаардлага тавьж зөвхөн орон нутгийн компаниуд зарласан талбайнуудад тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулж байгаа нь манай компанийн Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх зөрчигдөж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна.

Дээрх журам болон түүнийг үндэслэн явуулсан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/193 тоот тушаал болон сонгон шалгаруулалтын дүнгээр шалгарсан “Ф” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэр зэрэг бүхэлдээ Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах гол шаардлагын нэг нь тухайн талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ямар нэг байдлаар давхцаагүй байхыг шаарддаг, давхацсан байхыг хориглодог ба тусгай хэрэгцээний газартай давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, өмнө олгогдсон талбайг хүчингүй болгох үндэслэл болгодог.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрыг тусгай хэрэгцээнд авах зохицуулалт нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан зориулалтаар хязгаарлагдана.

Ийнхүү газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа нь тухайн зориулалт, зорилгын дагуу байх атал эсрэгээрээ орон нутгийн тусгай хэрэгцээ гэх нэр төдийгөөр өнгөлөн далдалж, түүнийгээ дараагаар нь ашигт малтмалын сонгон шалгаруулалтын талбайд хамааруулан цөөн тооны үгсэн хуйвалдаж орон нутагтаа хамтарсан хувьцаа эзэмшил бүхий компаниуд л тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмших эрх авахаар зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа хийж байгаа нь илт хууль зөрчсөн, бусад компаниудын сонгон шалгаруулалтад оролцох, тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарласан шинжтэй байна гэж үзэж байна.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь 2017 оны А/129 дүгээр тушаалыг гаргаж журам батлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасан ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад дээрх сонгон шалгаруулалтын журмыг батлах эрхийг Засгийн газраас тогтоол гарган олгоогүй байхад бүрэн эрхгүйгээр журам баталж эрх мэдлээ хэтрүүлсэн. 

Эрх мэдлээ хэтрүүлж тушаал гарган журам баталснаараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасныг мөн зөрчсөн байна.

Ийнхүү хууль зөрчсөн зохицуулалт бүхий, бүрэн эрхгүйгээр баталсан сонгон шалгаруулалтын журмын зохицуулалтын дагуу хууль бус шалгуур тавьж, хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулж “Ф” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь манай компанийн ашигт малтмал эрэх, хайх эрхийг зөрчиж, түүнчлэн дараа дараагийн сонгон шалгаруулалтад оролцоход мөн л уг сайдын хууль бус тушаалаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулснаар цаашид ч тусгай зөвшөөрөл авах боломжийг хязгаарлаж, эрх зөрчигдөж болзошгүй байгаа учир шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код:СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ... хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэсний дагуу сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаал болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “З” ХХК-д Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг Мандай толгой нэртэй 15872,97 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМХЭГ-ын ГУУКА /хуучин нэрээр/-ны даргын 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр шийдвэрээр анх олгож Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг 2010 оны 06 дугаар сарын *******-ны өдөр Кадастрын системд бүртгэжээ. Өргөдлийг хянан шийдвэрлэж байх хугацаанд Уул уурхайн судалгааны хэлтсийн даргатай 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн АӨҮА-2012/46 тоот гэрээ байгуулж 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дуусч тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байна.

Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоол болон Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тэмдэглэл /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын шинэчилсэн найруулгын төсөл/-ийг үндэслэн гарсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6 “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасан.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг “Б*******” нэртэй СШ *******-1 кодтой талбайд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарласан.

Сонгон шалгаруулалтын хугацаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусахад СШ *******-1 кодтой талбайд “Ф” ХХК-иас өөр компани санал ирүүлээгүй. 

Уг сонгон шалгаруулалтад “Ф” ХХК техникийн саналын оноо 33.4, үнийн саналын оноо 45 нийт 78,4 оноо авч шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/193 тоот тушаал гарч, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 627 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-0209.. дугаартай тусгай зөвшөөрлийг “Ф” ХХК-д олгосон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэн нэхэмжлэлдээ “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл тавигдах гол шаардлагын нэг нь тухайн талбай нь “тусгай хэрэгцээний ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ямар нэг байдлаар давхцаагүй” байхыг шаарддаг давхацсан байхыг хориглодог ба тусгай хэрэгцээний газартай давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ...” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “талбайн солбицол тогтоох тухай” 37 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн дээр дурдсан асуудал үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч компани “Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нь 2017 оны А/129 дүгээр тушаалыг гаргаж журам батлахдаа АМТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. АМТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасан ба УУХҮ-ийн сайдад дээрхи сонгон шалгаруулалтын журмыг батлах эрхийг Засгийн газраас тогтоол гарган олгоогүй байхад бүрэн эрхгүйгээр журам баталж эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж үзэж байгаа нь хууль бус юм гэжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” А/129 дүгээр тушаал нь Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоол болон Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тэмдэглэл /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын шинэчилсэн найруулгын төсөл/-ийн хүрээнд гарсан тушаал бөгөөд тэр ч утгаараа Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсгийг үндэслэл болгон гарсан тушаал юм. Иймд “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ф” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газраас Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргаж шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хуулийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа СШ *******-1 кодтой талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах гэж гаргасан. Энэхүү тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зарлагдсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарч, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 627 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0209.. дүгээр тусгай зөвшөөрлийг манай компанид олгож шийдвэрлэсэн.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах үед сонгон шалгаруулалт явагдаад шийдвэр гарсан байсан болох нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн акт хэрэгжсэн гэсэн нөхцөл байдал үүсээгүй буюу байхгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба энэ ч утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа гэх нөхцөлийг хангахгүй байна.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д зааснаар шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрьн даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болоод зөрчигдөж болзошгүй байгаа нь тодорхойгүй байна. Тус сонгон шалгаруулалт нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6. “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасныг үндэслэн зарлагдсан байсан.

Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбараас үзвэл Сонгон шалгаруулалтын хугацаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусахад СШ *******-1 кодтой талбайд “Ф” ХХК буюу манай компаниас өөр компани санал ирүүлээгүй байсан талаар дурджээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “З” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж буй нь ойлгомжгүй байна.

Тус компаниас нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч компани тухайн сонгон шалгаруулалтад оролцох туйлын хүсэлтэй байсан гэж тодорхойлж байх боловч аливаа нэгэн компани тус сонгон шалгаруулалтад оролцох туйлын хүсэлтэй байсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаад байвал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалттай холбоотой маргаан хэдэн зуугаараа нэмэгдэж, үлэмж маргаантай асуудлыг бий болгохоор байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага нь тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байх ёстой, тусгай хэрэгцээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу гэж маргаж байгаа нь тухайн компанийн эрх, ашиг сонирхол, туйлын хүсэлтэй нь хэрхэн холбогдож буй нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь, тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд энэхүү үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу нэмэгдүүлэхэд ч адил хэрэглэгдэх ёстой юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна,

Ийнхүү дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК нь анх Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоосон /128/Ш32017/6757/ дугаар захирамжийг 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасны дагуу нэхэмжлэгч мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 7-ний өдөр захиргааны хэрэг үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлсэн. Үүнд: 

“Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болгохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ. 

Нэхэмжлэгч маргаан бүхий сонгон шалгаруулалт явагдахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагаа хийгдсэнээр цаг хугацааны хувьд захиргааны хэрэг үүсэх үед сонгон шалгаруулалт дуусч, нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй захиргааны актууд гарсан байна. Нэхэмжлэгч нэгэнт сонгон шалгаруулалттай холбоотойгоор шүүхээр маргаж байх хугацаанд хариуцагчаас дараа дараагийн актуудыг гаргасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах боломжгүй юм.    

Шүүх нэхэмжлэгчийн өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болгохыг тогтоолгох шаардлагын тухайд. 

Ашигт малтмал, газрын тосны газраас Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг Б******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зарласан байна. 

Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоол , 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тэмдэглэл  буюу тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын шинэчилсэн найруулгын төслийг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар  батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэж заажээ. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 2-т “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байна”, 5.2. “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасны дагуу Засгийн газраас эрх олгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдсан байна.      

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг, тухайлбал 9.1.3 “Улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 9.1.11 “... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож нийтэд мэдээлэх” гэх заалтыг үндэслэсэн бөгөөд маргаан бүхий 2017 оны А/129 дүгээр тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2  “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж зааснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарчээ. Тус журам  нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3768 дугаарт бүртгэгдсэн . Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төслийг бэлтгэх, санал авах, батлах, бүртгэх, хянан бүртгэх, хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар нарийвчлан хуульчилсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн  “... Хууль зүйн яам журмыг зөвхөн техникийн хувьд баталгаажуулсан, ... ямар нэг агуулгынх нь хувьд хяналт хийдэггүй...” гэх тайлбар нь үндэслэлгүй.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 01/1843 тоот албан бичгээр  “...А/129 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3768 дугаарт бүртгэгдэн орон даяар нийтээр даган мөрдөгдөж байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор зөвхөн орон нутгийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжийн дунд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулж болох 1.6 дахь хэсэг уг журамд орсон...” гэснээр салбарын сайд Ц.Д-оос аймгийн Засаг дарга нарт хамтран ажиллах тухай саналыг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс тухайн сонгон шалгаруулалтад оролцуулаагүй үйл баримттай маргадаггүй боловч сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан. Дээрх журмын дагуу зарлагдсан Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг Б******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон  шалгаруулалтад гуравдагч этгээд “Ф” ХХК-иас өөр компани санал ирүүлээгүй байх бөгөөд “Ф” ХХК нийт 78.4 оноо авч шалгарсан нь тус  сонгон шалгаруулалтад оролцоогүй нэхэмжлэгч “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн шийдвэрээр  “  “Д******* байгалийн баялаг” орон нутгийн өмчит ААТҮГ /РД: 331688../-т 34 хувийг буюу 8.500.000 төгрөгийн үнэтэй 850 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй Бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэх...” гэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл , “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”  , “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ” , Д******* аймгийн Засаг даргын захирамж А/682 тоот захирамж  , Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоол , Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм , “Ф” ХХК-ийн дүрэм  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иймд А/129 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д заасан орон нутгийн өмчийн оролцоот аж ахуйн нэгж байх, 5.1.1.10-д зааснаар орон нутагтай хамтран ажиллах тухай шийдэлтэй байх зэрэг шаардлагыг гуравдагч этгээд хангасан байжээ гэж дүгнэхээр байна.    

Маргаан бүхий А/129 дүгээр тушаалын 1.6 дахь заалт нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар  хүчингүй болсон боловч тухайн сонгон шалгаруулалт явагдах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул  Ашигт малтмал, газрын тосны газраас явуулсан Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь зохицуулалт нь мөн Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д Уул уурхайн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/40 дүгээр тушаалаар нэмэлтээр орсон болохыг дурдах нь зүйтэй. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж буй А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын 1.6 дахь заалт нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/40 дүгээр тушаалаар нэмэлтээр орж, улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар “Журам батлах тухай” тушаал гарах хүртэл хуулийн хүчин төгөлдөр байжээ.  

Нэхэмжлэгчээс “... 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болгож байна” гэх 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/*******23 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн тул тухайн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулсан гэж маргадаг тухайд.

Салбарын сайдын 01/*******23 албан бичгийг хариуцагч байгууллагын бичиг хэргийн ажилтан Х.А 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 36 минутад хүлээн авч, байгууллагын даргад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын ирсэн бичгийн хэвлэх хуудсаар  нотлогдож байна. Мөн сайдын энэхүү албан бичиг нь хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүй болгосон, актын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэр биш болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд хүчин төгөлдөр үйлчилж байсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу явагдсан Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

“Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд. 

Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот дүгнэлтээр  Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутагт байрлах 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ сонгон шалгаруулалтад “Ф” ХХК оролцож техникийн саналын оноо 33.4, үнийн санал 45, нийт 78.4 оноотойгоор нэгдүгээр байранд шалгарсан сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг үндэслэж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шалгарсан аж ахуйн нэгжээр шалгаруулсныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/193 дугаар тушаалаар  комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулжээ. Энэ нь журмын Наймдугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх аргачлалын дагуу хийгдсэн байх ба нэхэмжлэгчээс үнэлгээний аргачлалтай холбоотой маргадаггүй.   

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны А/193 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд сонгон шалгаруулалтын оролцогч бус гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Арван нэгдүгээр зүйлийн 11.1. “Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу олгоно” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээр  ашигт малтмалын хайгуулын Х\/-0209.. дугаартай тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Ф” ХХК-д олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А193 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын дагуу явагджээ гэж шүүх дүгнэв. 

 Хэдийгээр гуравдагч этгээд “Ф” ХХК-иас нэхэмжлэгч “З” ХХК-ийг тухайн сонгон шалгаруулалтын оролцогч биш учраас сонгон шалгаруулалттай маргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх тайлбарыг хийсэн боловч шүүх тухайн маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, тодорхой хэмжээнд хөрөнгө зарж хайгуулын ажил хийж байсны хувьд “З” ХХК нь тухайн сонгон шалгаруулалтад оролцох хүсэл сонирхолтой байсан эсэх, сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан эсэх, мөн сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг үндэслэн гуравдагч этгээдэд маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгосон зэрэг асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтын саналыг нээх, үнэлгээ өгөх болон дүнг зарлах зэрэг сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаатай маргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмын үүднээс маргаан бүхий талбайд зарласан сонгон шалгаруулалт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгчийн гол маргаж буй үндэслэл нь тухайн компани сонгон шалгаруулалтад оролцох туйлын хүсэлтэй байхад орон нутгийн өмчийн оролцоотой компани сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй гэж хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарласан нь “З” ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нь хязгаарласан гэж маргадаг. 

Нэхэмжлэгчээс марган бүхий 2017 оны А/129 дүгээр тушаалтай маргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *******1/Ш32018/0397 дугаар захирамжаар  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

Маргаан бүхий 2017 оны А/129 дүгээр тушаалыг хүчингүй болгохоор шүүхээр  маргаж байх үед хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А28 дугаар тушаалын 1 дэх заалтаар тусгай зөвшөөрөл олгох журмыг хавсралтаар баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3863 дугаарт бүртгэгдсэн  байх бөгөөд 4 дэх заалтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны  А/129 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ. 

Тус шүүгчийн захирамжийн хянавал хэсэгт “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн бичгээр гаргасан хүсэлтийг дэмжсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү бичгээр гаргасан хүсэлт нь бусад этгээдийн эрх, эрх чөлөөг  хөндөхөөргүй байна, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ” гэжээ.  Үүнээс дүгнэхэд хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/28 дугаар тушаалаар хариуцагчийн 2017 оны А/129 дүгээр тушаалыг хүчин болгох хүртэл хугацаанд, өөрөөр хэлбэл, А/129 дүгээр тушаалын хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хууль журмын дагуу явагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нь хүчинтэй байх бөгөөд шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн *******1/Ш32018/0397 захирамж нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар байна. 

 “Ф” ХХК нь Д******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/08 тоот “Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын  дагуу Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутагт байрлах 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайг 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан талбайд хариуцагчаас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, сонгон шалгаруулалтын журамд заасан нөхцөл болзлыг хангаснаар шалгарч, тухайн талбайд 1 дэх жилдээ гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг гаргаж, 2018 онд гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан байна. Мөн “Геофизикийн цахилгаан босоо бүсчилэлийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”  /2018 оны 04 сарын 06-ны өдрийн 18/02/, “Хайгуулын өрөмдлөгийн ажлын гэрээ”  /2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Г-180409/, “Геологи хайгуулын зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ”  /2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18/01/ зэргийг тус тус байгуулж ихээхэн хэмжээний үйл ажиллагааны зардал гаргасан байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр холбогдох хууль журмын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.2  дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн “Д******* аймгийн А*******, Д******* сумдын нутаг 15823.53 га бүхий “Б*******” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ *******-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д