Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0105

 

 

 

 

 

 

 

 

                         Э.Огийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэгч Э.О

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 797 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0418/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Огээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “...2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/94 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 797 дугаар шийдвэрээр: 

2.1.“...Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/94 дугаартай тушаал-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/94 дугаартай тушаал хүчингүй болох болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхийн шийдвэрт “Түүнчлэн хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь маргаан бүхий Б/94 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Э.Огийн үйлдсэн гэх зөрчлийг хангалттай тогтоосон гэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй, хуулиар зохицуулаагүй арга хэмжээ болох анхааруулга өгсөн тухай баримтыг нарийн нягтлаагүй, хууль зүйн үндэслэлдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 03/300 тоот албан бичгийг шууд заасан нь ойлгомжгүй байна” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс зөрчил үйлдээгүй талаар дараах баримтаар нотолсон. Үүнд:

-2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Женерал таун” хотхоны оршин суугчийн гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр прокурорын хяналтад хааж шийдвэрлэсэн, гомдол гаргагч шийдвэрт гомдол гаргаагүй талаарх баримт,

-2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Женерал таун” болон “Астра вилла” СӨХ-ны дарга Д.Гын 20/49, 20/50 албан бичгийг мэдээллийн ажилтан хүлээн авсан, гэвч уг бичгийг системээр бүргэгдэж улсын байцаагчид цохогдох ёстой атал Э.Отэй уулзуулсан. Түүнчлэн Д.Г нь улсын байцаагчийн бүрэн эрхэд хамааралгүй шаардлага тавьж дарамталсан тухай баримт болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар хавтас хэрэгт авагдсан,

-2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр СӨХ-ны дарга Д.Гын 20/49, 20/50 гомдлыг өөр байцаагчаар шийдүүлэх тухай хүсэлт гаргасан боловч мөн сарын 29-ний өдөр Э.Од цохолт хийгдсэн, улмаар тус өдрөө дотоод сүлжээгээр өөр байцаагчид шилжүүлсэн бөгөөд Э.О нь өөрөө гомдлыг хүлээн авахаас татгалзаагүй тухай баримт,

-2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр СӨХ-ны дарга Д.Г 20/52 албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан, үүний дагуу дотоод хяналт шалгалтаар тогтоосон гэх боловч дээр дурдсан баримтуудаар зөрчил үйлдээгүй нь нотлогдож байна.

3.2.Хариуцагч талаас дээр нотлох баримтыг үгүйсгэх баримт гаргаагүй. Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад нэхэмжлэгчийг зөрчил үйлдээгүйг хангалттай нотлох баримт дээр дурдсанаар үгүйсгэгдэж байгаа, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан зөрчил тогтоохгүй байна. Шүүх нь нотлох баримтыг үнэлэн Э.Огийн үйлдсэн гэх зөрчлийг хангалттай тогтоосон гэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй хэмээн үзсэн. Захиргааны акт нь хуульд үндэслэх буюу сахилгын шийтгэл оногдуулах тухай захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан зөрчил тогтоогдсон үед тус хуулийн 48 дугаар зүйлд заасан захиргааны шийтгэл оногдуулах захиргааны акт гаргадаг.

Гэтэл маргаан бүхий Б/94 дугаар захиргааны актын үндэслэлийг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж байгаа, гэтэл шүүх өөрөө эргэлзээлтэй гэж үзсэн атлаа хүчингүй болгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

3.3.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...Э.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаартай тушаал”-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

-2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр СӨХ-ны дарга 20/52 албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан, ингэхдээ дахин нэг хувийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Тус гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга дотоод хяналт шалгалтын танилцуулгын 8 дахь хэсэгт заасны дагуу Э.Од 2020 оны 12 дугаар 18-ны өдөр анхааруулга өгсөн. 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн “арга хэмжээ авч ажиллах тухай” 03/300 дугаар албан тоотын дагуу дахин Б/94 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байна, өөрөөр хэлбэл нэг гомдлыг 2 байгууллагад гаргасан байх бөгөөд гомдолд дурдсан нэг үйлдэлд нэг л арга хэмжээ авах байтал 2 арга хэмжээ авч буй ажилтны эрхийг зөрчсөн, ажил олгогч өөрийнхөө эрхийг хэтрүүлсэн явдал юм.

-Шүүхийн шийдвэрийн 12 дахь талд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтсээс улсын байцаагч Э.Огийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танилцуулга гаргасан бөгөөд тус танилцуулгын 8-д “Цаашид авах арга хэмжээний санал”-д Э.Од ... анхааруулах хуудас өгөх” гэж гаргасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхөөс улсын байцаагч Э.Од анхааруулга өгсөн болох нь тогтоогдож байна” гэж үзсэн. Анхааруулах хуудас өгөх нь төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан захиргааны шийтгэлийн төрөл биш боловч арга хэмжээ авсан нь үнэн болно.

-Шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг 1 сарын хугацаанд түдгэлзүүлэн шинэ акт гаргахыг хариуцагчид үүрэг болгосон ч 2020 оны 12 дугаар сарын 16-ны анхааруулга өгөх арга хэмжээ нь хэвээр үлдэх юм.

-Шүүх нь шинэ акт гаргахыг хариуцагчид үүрэг болгосон боловч шинээр гаргах актад ямар чиглэлээр гаргах, эсхүл ямар чиглэлээр гаргахгүй байх талаар дурдаагүй байх бөгөөд маргаан бүхий Б/94 дүгээр тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах захиргааны актыг хүчингүй болгон, цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 15 хувиар бууруулах, эсхүл сануулах захиргааны акт гаргах боломжтой байна. Энэ тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, харин нэхэмжлэгчийн хувьд сүүлд гарсан захиргааны актад гомдол гаргах эрхээ нэгэнт алдсан тул түүний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

3.4.Шүүхийн шийдвэрт дараах мэдээллийг буруу бичсэн байна.

-Шийдвэрт миний шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг тусгаагүй, харин нэхэмжлэлийг дуурайлган бичсэн,

-Шийдвэрийн 9 дүгээр талын 8 дугаар мөрөнд “2020 оны” гэх байсныг “2021 оны” гэж,

-Түүнчлэн 9 дүгээр хуудасны 17 дугаар мөрөнд “2020 оны” гэх байсныг 2021 оны гэж,

3.5.Шүүх хурлын тэмдэглэл нь шүүх хурлын үйл явц, тайлбарыг үнэн бодитой тэмдэглэн үлдээх, цаашлаад оролцогч талуудад ач холбогдол бүхий баримт болж үлддэг. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3265 дугаар тэмдэглэл дараах байдлаар буруу бичигдсэн байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнд:

3.5.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь нэхэмжлэлийн тайлбараа тайлбарласан хэсгийг тусгалгүй шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийг бүхэлд нь бичсэн байх бөгөөд тайлбарыг огт тусгаагүй байна. Иймд шүүх хурлыг бичлэгийг үзэн засварлах шаардлагатай.

3.5.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг тайлбарлахдаа “2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед дотоод ажилтан Д.Г нь “Женерал таун”, “Астра вилла” СӨХ-ны дарга Д.Г гэх хүнийг уулзуулсан. Д.Г нь “Баатар дулаанхан” ОСНААКонторын үйл ажиллагааг зогсоож манайхаас салгаад өгөөч гэх шаардлага тавихад нь ОСНААКонторын үйл ажиллагааг зогсоож, татан буулгах үйл ажиллагаа явуулдаггүй, тусгай зөвшөөрлийг цуцалдаггүй тул ОСНААК-ын Удирдах газар хандана уу гэтэл “чи ажлаа хийж чаддаггүй”, “чадваргүй байцаагч байна”, “чи Баатардулаанхан ОСНААК-ын талд үйлчилж байна, чамд тийм ашиг сонирхол байна, чамаар шалгуулахгүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын чадвартай байцаагчаар шалгуулна” хэмээн хэл амаар доромжилсон. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э.Од СӨХ-ны даргын гомдол цохогдож ирээгүй байсан бөгөөд дотоод ажилтан уулзуулахаар нь уулзсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу СӨХ-ны дарга Д.Гтай уулзсаны маргааш өдөр нь над дээр цохолт хийсэн байх бөгөөд Тасгийн дарга Б.Б нь Гын хүсэлтийн дагуу дотоод албан бичгээр тухайн гомдлыг эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс рүү шилжүүлсэн. Тус гомдол нь Э.Од цохогдож ирээгүй байхад түүнтэй уулзуулж, Э.О гомдлоос татгалзаагүй байхад гомдлыг шилжүүлсэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 20/52 дугаар албан бичгээр СӨХ-ны дарга Д.Гын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт, шалгалт хийсэн. Тухайн хяналт, шалгалтын тогтоосон нөхцөл байдал дээр Д.Гын гомдолд холбогдолгүй Баярсайханы гомдлыг дурдсан, түүнчлэн прокурорын хяналтад хаасан тухай тогтоосон байна. ““Женерал таун”, “Астра вилла” СӨХ нь орон сууцны конторт хариуцлага тооцон, тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цохолт хийсэн бөгөөд Э.О хүлээн авсан боловч тасгийн дарга Б нь Гын хүсэлтээр эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэст шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

3.5.3.Үүнээс үзэхэд Э.О нь 2 гомдлыг хүлээж авсан байх бөгөөд нэгийг нь прокурор хяналт шалгалтын явцад хаасан нөгөөх нь Э.Од цохогдож ирэхээс ч өмнө гомдол гаргагч өөр байцаагчаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн бөгөөд аль алийг нь үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаагүй байна. Тус дотоод хяналтаар 3 зөрчил дурдсан байна. Үүнд: 1-д “Гомдлыг нэгдсэн программд бүртгүүлээгүй” энэ нь дотоод ажилтны чиг үүрэгт хамаарна, өөрөөр хэлбэл Э.О уг гомдлыг нэгдсэн программд бүртгүүлэх үүрэггүй, 2-т “Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4.“а”-д албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн, шуурхай хүргэх заалтыг зөрчсөн” гэсэн байна. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э.О нь СӨХ-ны дарга Д.Гтай хүндэтгэлгүй харьцаагүй, харин ч Д.Г нь Э.Ог ёс бус хэллэгээр доромжилж дарамталсан нь О болон Г нарын тайлбараар нотлогдоно байна.

3.5.4.“Астра вилла” СӨХ-ны 20/52 гомдол гаргах тухай албан бичиг дээр “Э.О байцаагчтай ажил дээр нь очиж уулзахад “контортой хамтарч ажил” гэх хувийн ашиг сонирхлоор хандаж энэ асуудлын цаана хэдэн иргэний эрүүл мэндийг хохироож байгааг үл ойшоож албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр илтэд буруу тайлбар, мэдээлэл өгч төөрөгдүүлсэн” гэх бөгөөд уг гомдол мөн адил иргэнтэй хүндэтгэлгүй харьцсан тухай дурдагдаагүй байна. 3-т “Орон сууцны ундны усны чанар аюулгүй байдалд шалгалт хийлгэх асуудлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан” гэсэн байна. О гомдлоос үндэслэлгүйгээр татгалзсан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдоогүй, мөн ийм зөрчил ч гаргаагүй байна. Товчхондоо дотоод хяналт шалгалт нь хэн нэгнээс заавал зөрчил илрүүлэх чиг үүрэг бүхий зүйл биш, харин зөрчил гарсан эсэх дээр хяналт шалгалт хийх бөгөөд зөрчил гараагүй ч байж болно.

Гэтэл Од Б/94 дүгээр тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, өөрт хамаарах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, иргэд үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлгүй хандаж чирэгдэл учруулсан, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул дээрх тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангав.

1.Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой, өөрөөр хэлбэл шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал байхгүй байхад шүүхийн шийдвэрт “…Э.Огийн үйлдсэн гэх зөрчлийг хангалттай тогтоосон гэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй, хуулиар зохицуулаагүй арга хэмжээ болох анхааруулга өгсөн тухай баримтыг нарийн нягтлаагүй, хууль зүйн үндэслэлдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 03/300 дугаар албан бичгийг шууд заасан нь ойлгомжгүй…” гэх зэргээр дүгнэн түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг дахин шинэ акт гаргатал 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн дахин акт гаргахыг даалгасан атлаа нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ч ойлгомжгүй болжээ.

 2.“Астра вилла” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Гын 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр улсын байцаагч Э.Од холбогдуулж гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад “…ирсэн албан бичгийн өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй…” гэсэн үндэслэлээр анхааруулах хуудас өгөх санал гарган, улмаар Э.Од Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу “анхааруулга” өгсөн байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн дээрх албан бичгийг үндэслэн дахин хариуцлага хүлээлгэж албан тушаалын цалингийн хэмжээг 1 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчил гаргасан болохыг хангалттай тогтоогоогүй, энэ талаар ч шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.

Учир нь Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотоод албан бичгээс үзэхэд “…СӨХ-ийн дарга Д.Г нь ажлын байран дээр ирж чи ажлаа хийж чадахгүй, чадваргүй байцаагч байна, чи Баатардулаан хан ОСНААК-ын талд үйлчлээд байна, чамд тийм ашиг сонирхол байна, чамаар шалгуулахгүй, чадвартай өөр байцаагчаар шалгуулна гэж дарамталсан тул тус шалгалтыг хийх боломжгүй байна…” гэсэн үндэслэлээр тус хэлтсийн Тасгийн дарга Б.Б өргөдлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэст шилжүүлж, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр дээрх зөрчлийг давтан гаргахгүй байх анхааруулгыг Э.Од өгчээ.

3.Энэ үед ч “өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан” гэсэн нь дотоод хяналт шалгалтаар хангалттай тогтоогдоогүй байсан, тухайлбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт мониторингийн хяналтын хэлтэст Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа “…иргэн Г нь танай дүүргийн О байцаагчаар шалгуулахгүй, энэ хүний мэргэжил, мэдлэг хүрэхгүй байна. Энэ байцаагч Баатардулаан хан орон сууцны конторын талд үйлчлээд байгаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын чадвартай ахлах байцаагчаар шалгуулмаар байна гэсэн аман хүсэлтийг хүлээн авч шилжүүлсэн…”,

-мөн 12 дугаар сарын 16-ны өдөр тус хэлтсийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Г гаргасан тайлбартаа “…Астра вилла, Женерал таун СӨХ-ны албан бичгийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны үдээс хойш өгсөн. Тухайн албан бичгийн агуулгатай адил гомдол Э.О байцаагчид шалгагдаж байсан тул түүнтэй уулзуулсан. СӨХ-ын дарга Г ажил тарахын үед ирж Э.О байцаагчийг хэл амаар доромжлон ажлын байран дээр орилж хашгичиж хэрүүл хийсээр байтал ажлын цаг дууссан тул албан бичгийг 29-нд бүртгэж, дотоод албан бичгийн хамт өдөрт нь НМХГ-ын ЭМБСХХ-т шилжүүлсэн…” гэснээс тус тус дүгнэхэд Э.Ог тухайн гомдлыг системд бүртгүүлэлгүйгээр өөртөө авсан гэж буруутгах боломжгүй, түүнээс гадна СӨХ-ын гомдлыг дүүргээс нийслэл рүү шилжүүлэх болсон нь чухам хэний буруутай үйлдлээс шалтгаалсан талаарх тухайн үеийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

4.Угтаа ямар шалтгаантай байснаас үл хамаарч өөр улсын байцаагчаар шийдүүлэх хүсэлтийг анх Д.Гаас гаргасан нь дээрх байдлаар тогтоогдох тул байцаагч Э.Ог тухайн өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан мэтээр дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм.

5.Түүнчлэн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх зөрчилд ногдуулсан “анхааруулга”-д Э.О гомдоогүй байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн шаардлагын дагуу түүнд дахин хариуцлага хүлээлгэж буйг нэг үйлдэлд 2 удаа арга хэмжээ авсан гэж үзэх бөгөөд аль ч тохиолдлынх нь хувьд Э.Огийн гаргасан гэх зөрчлийг хангалттай тогтоогоогүй атлаа түүнд сахилгын шийтгэл хүлээлгэснийг зөвтгөх боломжгүй.

6.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл нодуулах”-аар заасан, гэтэл “Астра вилла”, “Женерал таун” СӨХ-ны гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нөхцөл байдлыг зөвхөн нэхэмжлэгчтэй холбон тайлбарлах, түүнийг дангаар нь буруутгах, цаашлаад сахилгын шийтгэл хүлээлгэх хангалттай үндэслэл болохгүй. 

7.“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг баримтлахаар, 2.4.4-т гомдол, мэдээллийн дагуу шалгахдаа гаргасан зөрчлийн шинж байдлыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхээр, 3.3-т сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлыг тус тус зохицуулсан бөгөөд Э.Огийн тухайд энэ ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

8.Хууль хэрэглээний хувьд тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 буюу “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” заалтыг баримталсан атлаа үүнээс өөрөөр сахилгын шийтгэл ногдуулсан байгааг ч шийдвэр гаргахдаа харгалзсан болно.

Иймд давж заалдах гомдлын хүрээнд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгон, суутгасан цалинг буцаан гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 797 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, суутгасан цалинг буцаан нэхэмжлэгчид олгохыг, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгасугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                               А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН