Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Ганзаяа

Улсын яллагч:Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ч.Мөнгөнцэцэг

Хохирогч:С.Яж

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн 1932001320073 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд * настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, аав, ээж нарын хамт *тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмарын Э/рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг наадмын талбайн орчим С.Яжын гээгдүүлсэн самсунг-эс10  плас загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завсаны улмаас 2900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 06-нд Мандал сумын наадам үзэхээр гэр бүлийнхээ хамт ирээд наадам үзээд буцаж Улаанбаатар хотод гэртээ ирээд өмсөж явсан хувцасаа цүнхнээсээ гаргаад байж байхад манай дүүгийн цүнхнээс нэг гар утас гарч ирсэн. Тэгээд би юун утас юм бэ гэхэд олсон юм гэхэд нь би үзэж байгаад ширээнийхээ шургуулганд хийгээд аав ээжийн хамт буцаад хөдөө ургийн баярт явсан. Хөдөө яваад дахин буцаж хотод ирээд найз залуу Есүхэйтэй уулзахад утас эвдэрсэн утасгүй болсон талаар хэлэхэд нь би манай дүү нэг гар утас олсон байна лээ гээд үзүүлсэн. Тэгсэн Есүхэй би наад утсыг чинь барьчих уу гэхээр нь тэг тэг гээд өгөөд бид хоёр Өргөө кино театрын урд байрлах гар утас засварын газар дээр очиж утасны кодыг 50000 төгрөгөөр гаргуулсан. Тэгээд Есүхэй би самсунгийн утас барьж чадахгүй юм байна аа энэ утсыг зараад өөр утас авъя гэхээр нь 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг Лего нэртэй ломбарданд 900000 төгрөгийн барьцаанд тавиад 250000 төгрөгөөр Есүхэй ipone-6s  загварын гар утас авсан. Ингээд би уг мөнгөнөөс Есүхэйгийн машинд бензин хийж өгсөн мөн хэд хэдэн удаа цуг хоолонд орсон. Тухайн үед Есүхэй би карт байхгүй манай эгч банкинд өртэй учраас миний данснаас мөнгө авчихна гээд миний дансанд уг утсыг зарсан мөнгийг хийж байсан. Тухайн үед миний дансанд 16000000 төгрөг байсан. Надад бол мөнгө хэрэггүй байсан. Есүхэй цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө над руу хамаг буруугаа чихсэн байна лээ. Би ломбарданд гар утас тавъя гэж хэлээгүй Есүхэй өөрөө л тавьсан. ...гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Яж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр наадам болж байгууллагаараа баярт оролцож жагсаад цэцэрлэгийн гуанзанд орж хуушуур идээд, утсаа гаргаж зургаа аваад байж байхад Цэвэлмаа багш хуушуурны тооцоо хийгээд ирье гээд явахад Э болон түүний ээж, дүү аав нар нь таарч мэнд ус мэдээд би буцаад наадмын асар луу явсан. Асарт очоод гэр лүүгээ явахаар машин дуудах гээд утсаа гаргаж утсаар ярих гэхэд утас маань байхгүй болсон байсан. Тэгээд би хуушуур идсэн гэрт утсаа мартсан юм байна гэж бодоод шууд нөгөө хуушуурын гэрт ирэхэд үйлчлэгч охиноос утас байсан эсэхийг асуухад намайг ширээнээс аяга таваг хураахад ямар нэгэн утас байгаагүй гэж хэлсэн. Тэгээд би Эгийн ээж ааваас асуухад мэдэхгүй гээд байсан. Тухайн үед Э байхгүй байсан болохоор нь охин чинь хаачсан юм бэ гэж ээжээс нь асуухад дүүгээ бие засуулах гээд  явсан гэсэн. Ингээд 10-д минутын дараа Э дүүтэйгээ ирэхээр нь утсаа асуусан чинь мэдэхгүй та намайг утас авсан гэж бодоод байгаа юм уу гээд өөрийнхөө цүнхийг үзүүлсэн. Тэгээд Э та ямар утас алга болгосон юм бэ iphone  алга болгосон бол ингээд олдог юм гээд надад утас олох аргыг зааж өгсөн. Тэгээд би Э болон түүний ээж дүү нараас гарцаагүй гэж бодоод наадмын талбай дээр байсан цагдаа дээр очиж учир байдлаа хэлээд энэ хүмүүсийг сэжиглээд байна очоод нэгжээд өгөөч гэхэд бидэнд хүн нэгжих эрх байхгүй. Хэрвээ нэгжих юм бол прокурорын зөвшөөрөл авах ёстой гэсэн зүйл хэлсэн. Тэгээд намайг Зүүнхараагийн цагдаагийн хэлтэс дээр очиж гомдол гарга гэсний дагуу цагдаа дээр ирж гомдол гаргасан. Түүнээс хойш би цагдаад хэд хэдэн удаа гомдол бичиг өгч байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд Э болон түүний ар гэрийхэн нэг ч удаа ирж уулзаагүй. Хохиролд 1000000 төгрөг өгье үлдсэнг нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлье гэсэн санал тавихад нь би хүлээж аваагүй. Одоо би утасны үнэ 2900000 төгрөг, дээр нь шинжээчийн дүгнэлт гаргуулсан 85000 төгрөг нийт 2985000 төгрөгийг гаргуулж авах саналтай байна. ...Сая миний дансанд 1492500 төгрөг орсон. Үлдэгдэл мөнгөө хэнээс хаанаас яаж авах вэ. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн 1932001320073 тоот хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

            Хохирогч С.Яж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын наадмын нээлтийн үйл ажиллагаа дуусаад Хэрхийн цэцэрлгийн ажиллуулж байгаа гуанзанд найз Цэвэлмаагийн хамт очсон. Цэвэлмаа бид хоёр хуушуур идээд сууж байхад Оюунгэрэл 2 охинтойгоо хамт ирээд бид хоёр ширээн дээр суугаад бид хоёрын өөдөөс харж суугаад Оюунгэрэл бид нарт  өөрийнхөө охидуудыг танилцуулаад юм яриад суусан. Би ширээн дээр сууж үлдээд Цэвэлмаа хуушуурын тооцоо хийхээр явсан. Намайг ширээн дээр сууж байхад Баярмаа ирж аяга тавгаа хураахад  ширээн дээр юм байхгүй байсан. Би шууд асар орчоод утсаар ярих гэтэл миний утас байхгүй болохоор нь би шууд хуушуур идсэн гуанз руу очсон. Гуанзан дээр очиход Оюунгэрэл нөхөр Мягмартай цуг сууж байсан. Харин хоёр охин нь байхгүй байсан. Би Оюунгэрэлд миний гар утас байхгүй байна та харсан уу гэж Оюунгэрэлээс асуухад үгүй ширээн дээр юм байхгүй байсан гэж хэлэхээр нь би танай хоёр охин хаа явсан юм бэ гэж асуухад Оюунгэрэл дүүгээ бие засуулах гээд явсан гэж хэлсэн. Оюунгэрэлд би та хоёр охиноо дуудчих гэж хэлэхэд миний гар утасны цэнэг дууссан гэж хэлээд дуудаж өгөөгүй. Тэгтэл Мягмар байхгүй болохоор нь би Оюунгэрэлээс танай нөхөр хаа явсан юм бэ гэж гэж асуухад тамхи татах гээд явсан гэж надад хэлсэн. Баярмаа цэцэрлэгийн нягтлан Ариунаа нараас гар утсаа асуухад Баярмаа би ширээг цэвэрлэхэд таны гар утас байгаагүй гэж хэлсэн. Ариунаа би тооцоо хийгээд таны сууж байсан ширээ рүү очоогүй мэдэхгүй гэж хэлсэн. Удалгүй хоёр охин нь ирэхээр нь гар утсаа нэхээд том охин Э би таны гар утсыг аваагүй та миний гар цүнхийг үз гэж хэлээд надад нээж үзүүлээд та гар утас алдсан бол кодыг нь цагдаад тэмдэглүүл гэж надад хэлж байсан. ...Миний ширээний хажуугаар хүн гараагүй. Бид хоёрыг хуушуур идээд сууж байхад Оюунгэрэл хоёр охинтойгоо ирээд бид нарын ширээ дээр суугаад бид нарын өөдөөс хараад сууж юм ярьсан. Цэвэлмаа бид хоёр хуушуур хүлээгээд сууж байхдаа би өөрийнхөө гар утсаар зураг дарсан. ...Би хохирлоо барагдуулуулмаар байна. Би хохирлоо бүрэн барагдуулвал надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25-26 дугаар хуудас/

            Хохирогч С.Яж хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2019 он 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын баяр наадмаар наадмын талбайд хуушуур худалдан борлуулдаг 17 дугаартай гэрээс хуушуур худалдаж аваад сандал дээр нь суугаад өөрийн эзэмшлийн хар өнгийн самсунг эс-10+ маркийн гар утсаа ширээн дээр тавиад хуушуураа идэж дуусчихаад наадмын талбайн төв асарт очоод цүнхнээсээ утсаа гаргаж ирээд утсаар ярих гэтэл утсаа хуушуурын гэрийн ширээн дээр үлдээснээ санаад буцаж очоод үзэхэд миний гар утас байхгүй байсан. Би тухайн үед хамт ажилладаг Цэвэлмаагийн /99975204/ хамт явж байсан юм. ...манай хүү Лхагва-Очир 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос уг гар утсыг 3250000 төгрөгөөр худалдан авч надад өгсөн юм. ...354652/10/536741/1 гэсэн IMIE дугаартай.  ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/

            Гэрч Д.Есүхэй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай найз охин М.Э надтай уулзаад надад самсунг-s10 плас утас байна би ашиглахгүй удаж байгаа чи утасгүй бол барих уу гэж надаас асууж байсан тэгээд би тэр өдөр уулзаад тухайн гар утсыг харсан. Бид хоёр тэр гар утасны кодыг Өргөө-1 кино театрын хажууд байдаг гар утасны засварт очиж утасны кодыг 50000 төгрөгөөр гаргаж тэгээд бид хоёр Өргөө-1 кино театраас доошоо 25 дугаар эмийн сан руу явах зам дагуу байдаг ломбарднуудын хажуугаар явж байхад манай найз охин Э надад хэлэхдээ чи энэ гар утсыг энэ ломбарданд барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байсан. Чи өөрөө наад утсаа ломбарданд тавилдаа гэж хэлэхэд намайг танина аа би орж болохгүй гээд байсан. Тэгэхээр нь Лего гэх нэртэй ломбарданд орж тухайн гар утсыг 900000 төгрөгөөр тавьсан. Ломбарднаас гараад мөнгөө би шууд Эд өгсөн тухайн мөнгийг Э өөрийн дансанд хийсэн тийм зүйл болсон.  ...гэх мэдүүлэг/Хх-ийн 43-44 дүгээр хуудас/

            Иргэний хариуцагч Д.Есүхэй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найз охин байсан Э уг гар утсыг авч ирээд ломбарданд тавиад өгөөч гэж хэлэхээр нь би өөрийн нэр дээр Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байх нэг ломбарданд 900000 төгрөгөөр тавьсан. Би уг ломбардын нэрийг мэдэхгүй байна. Уг ломбарданд тавиад авсан 900000 төгрөгийг  Э өөрөө авсан. Миний машинд Э хоёр удаа шатахуун хийж өгсөн 80000-90000 төгрөгт хийж өгсөн байх яг сайн санахгүй байна. Мөн 2-3 удаа хамт хоолонд орсон бас хэдэн төгрөгөөр хоолонд орсныг санахгүй байна. Би Эгаас бэлнээр мөнгө аваагүй, миний машинд шатахуун хийж өгч  надтай хамт хоол идсэн мөнгийг өгсөн. Гар утас ломбарданд тавьсан мөнгөнөөс өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 18-ний өдөр надад Э iphone-6s  маркийн гар утас авч өгсөн. Тухайн гар утас ломбарданд тавьсан мөнгөнөөс  авч өгөөгүй. ...би хамт явж үрсэн мөнгийг төлнө. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 103 дугаар хуудас/

            Шүүгдэгч М.Э мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 06-нд Мандал сумын наадам үзээд 2019 оны 07 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод гэртээ харьсан. 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймаг руу аялалаар яваад 2019 оны 07 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод ирсэн. Манай гэрт Намуун ирээд хоёр гурав хоносон. Би Намуунаагийн хувцасыг нь цэвэрлэх гээд байж байхад Намууний саарал өнгийн үүргэвнээс хар өнгөтэй гар утас гарч ирэхээр нь юун утас юм бэ гэж Намуунаагаас асуухад би олсон юм гэхээр нь би авлаа шүү гэж хэлээд авсан. Би нөгөө гар утсаа өөрийнхөө шүүгээнд хийгээд мартсан байсан. Манай найз залуу Есүхэй холбоо барих гар утас байхгүй гэхээр нь надад ийм утас байна чи барих уу гэхэд тэгье гэж хэлээд авсан. Тэгээд ломбардад нөгөө гар утас тавиад Есүхэй 280000 төгрөгөөр гар утас авсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 63 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 20 дугаар хуудас/

            Хохирогч С.Яжын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 21 дүгээр хуудас/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт/Хх-ийн 57 дугаар хуудас/

Арвижих-Эститейт ХХК-ний  2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №01/25 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 115 дугаар хуудас/

Хохирогчоос эд зүйлд үнэлгээ тогтоолгоход төлсөн ажлын хөлсний баримт/Хх-ийн 119 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 69 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч М.Эг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, наадмын талбайд хохирогч С.Яжын гээгдүүлсэн самсунг-s10+ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 63 дугаар хуудас/, хохирогч С.Яжын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 25-26, 27 дугаар хуудас/, иргэний хариуцагч Д.Есүхэйн мөрдөн байцаалтад гэрчээр болон иргэний хариуцагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 43-44, 103 дугаар хуудас/, Арвижих-Эститейт ХХК-ний  2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №01/25 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 115 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч М.Э нь болсон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Тиймээс шүүгдэгч М.Эг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг иргэний хариуцагч Д.Есүхэйгээр нөхөн төлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэх талаар хуульд тусгайлан заасан байдаг боловч иргэний хариуцагч хохирлын зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлсэн, шүүгдэгч  М.Э нь  гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг иргэний хариуцагч Д.Есүхэйтэй ломбарданд тавьж олсон орлогыг хамтран хэн хэндээ ашигтай байдлаар үрж дуусгасан байна. Мөн шинжээчийн үнэлгээний тайлан гаргахад хохирогчоос төлсөн зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 85000 төгрөг хохирогчид шууд учирсан хохирол 2900000 төгрөг нийт 2985000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар хувь тэнцүүлэн нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнээд, шүүгдэгч М.Эгаас 1492500 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Есүхэйгээс 1492500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Яжд олгуулахаар тогтоосоныг шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанаас 10 минутын завсарлагаа авч хохирогч С.Яжт 1492500 төгрөгийг нөхөн төлсөн болно.Тиймээс шүүгдэгч М.Э нь цаашид бусдад нөхөн төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   

   Гурав.Шүүгдэгч М.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч М.Э нь хохирогч С.Яжын гээгдүүлсэн самсунг-S10+ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч буюу иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ойн санд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч  М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгож торгох ялыг оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлөхийг даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1492500 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид бусдад нөхөн төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Эд 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 06/зургаан/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан М.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Ялтан М.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.

            8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хороо 102-97 тоотод оршин суух, Баштан овогт Дэлгэрмаагийн Есүхэй/рд:УС-00221957/-ээс 1492500/нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга даван зуу/ төгрөгийг гаргуулж,

-Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Холбоотолгойн 1-52 тоотод оршин суух, Дүүрэнбаяр овогт Сумъяагийн Яж/рд:МИ-71070105/-д олгоусгай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ