| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09601/И |
| Дугаар | 101/ШШ2017/00304 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00304
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/00304 Улаанбаатар хот
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 53А байр, 43 тоотод оршин суух, Цэвээн тайж овогт Гүрсэдийн Энхболд /РД:ЧК71122075/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 33Б байр, 43 тоотод оршин суух, Улаангуу овогт Чимэддоржийн Хүсэлзул /РД:ЛЙ82080876/-д холбогдох,
32,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, иргэдийн төлөөлөгч Ц.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гүрсэд овогтой Энхболд би Чимэддорж овогтой Хүсэлзулд 2014 оны 7 сард 28,000,000 төгрөгний үнэ бүхий Зш редуктор (КЦ-500) зарж борлуулж өгнө гэж авсан. Мөн 4,800,000 төгрөгний мотоциклийн сэлбэг авсан. Ч.Хүсэлзул нь залилан мэхлэж одоог хүртэл мөнгийг өгөөгүй өнөөг хүрч байна. 2015 оны 10 сарын 27-ны өдөр хоёр тал нотариатаар баталгаажуулсан иргэд хоорондын хэлцэлийг зөрчиж байгаа тул өөрт учирсан хохирлын 32,800,000 төгрөгийг хариуцагч Ч.Хүсэлзулаас гаргуулан өгнө үү...” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Г.Энхболдын нэхэмжлэлтэй Ч.Хүсэлзулд холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 7,800,000 төгрөгнөөс татгалзаж, 25,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч, 25,000,000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрч байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно....” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхболд хариуцагч Ч.Хүсэлзулд холбогдуулан “32,800,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Г.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр нар эвлэрч, нэхэмжлэгч Г.Энхболд нэхэмжлэлийн шаардлагаа 7,800,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.Хүсэлзул 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Энхболдод төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигч талууд ийнхүү эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Усын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхболд нэхэмжлэлийн шаардлагаа 7,800,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.Хүсэлзул 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Энхболдод төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Ч.Хүсэлзулаас улсын тэмдэгтийн хураамжид 141,475 төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЗОЛЗАЯА