Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/265

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч С.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.П-ад холбогдох эрүүгийн 2038003850319 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.П-, Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.П- нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 42-08 тоотод иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.П- нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 42-08 тоотод иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003850319 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхнэр бид 2 Хилэнтийн гүүрний цаанаас 13 дугаар багт эхнэрийн эгч болох Түмэндэмбэрэл гэдэг айлд очихоор Карго маркийн тээврийн хэрэгслээр явж байгаад миний машин эвдэрч зогссон. Эхнэрийн дүү болох Х.Т- руу залгаад гүүрний хажууд машин эвдэрчихлээ машин аваад хүрээд ирээч гэж хэлэхэд машин авчран миний машиныг чирээд 13 дугаар багт Түмээ эгчийн хашаанд аваачиж машинаа тавиад Түмээ эгчийнд орж цай уучихаад гарч ирээд би өөрөө машинаа засаад асаачхаад байж байтал С.П- таны машинаар Тунгаа эгчийг ажлаас нь аваад ирье гэхээр нь байж бай хоёулаа цуг явья гэж хэлээд Түмээ эгчийнд сууж байгаад явах гээд гараад ирсэн чинь С.П- миний машиныг унаад явчихсан байсан. Тэгээд удалгүй байж байтал С.П- миний машиныг машинаар чирээд хүрээд ирэхээр нь зүв зүгээр асаад явсан машиныг яагаад чирээд ирж байгаа юм бэ гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь С.П- над руу уурлаж миний эгчийг дандаа дээрэлхэж байдаг биз дээ гээд намайг барьж аваад зүүн талын шанаа руу гараараа цохиж боож унагаагаад дэвсээд байсан. Хажууд нь байсан Х.Т- хүүхдээ өмөөрч намайг бас толгой, тархи руу алгадаад байхаар нь тэр хоёроос зугтаад гүйгээд зам ангийн хажууд явж байхад миний араас ирээд Х.Т- чулуугаар шидээд байхаар нь хажуу тийшээ бултаад чулуунд нь оногдоогүй бултаж явсан. ... Би 100.000 төгрөг нэхэмжилмээр байна. Эм тариа авч хэрэглэсэн нааш цааш явсан таксины мөнгө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-11-13х/, 

Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн орой би ажлаа тараад гэртээ очсон чинь эгч Бүжилийн нөхөр нь болох Д.Ц- нь эгчийг түлхэж унагаагаад гарт нь байсан юмыг булааж аваад харааж хашгираад байсан. Тэгэхээр нь би явж очоод Цэцэн ах та яагаад байгаа юм бэ одоо боль гэж хэлсэн чинь намайг Цэцэн ах заамдаж аваад гар мушгисан. Тэгээд орилоод хэрэлдээд унахаар нь манай хүү С.П- гэрээсээ гараад ирсэн Тэгснээ Цэцэн ах Бүжил эгчийг түрүүнээс хойш хүүхэд шиг урдаа гүйлгээд хурдан гүй гээд нуруу руу нь өшиглөж араас нь туугаад яваад байсан гэж хүүхэд маань хэлсэн. Тэгээд манай хүү С.П- Цэцэнг миний эгчийг дандаа дээрэлхэдэг гээд дахиад гар хүрээд үзээрэй гээд цохьчихсон юм аа. Тэгээд цохиход унасан” ... гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Амартүвшингийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт /хх-17х/ зэрэг баримтууд байна.

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14/58 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт /хх-27х/,

С.П-ын иргэний үнэмлэхийн хуулбар хувь /хх-28х/,

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-29-30х/,

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/,

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038003850319 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.П- нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 42-08 тоотод иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 

-Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-11-13х/, 

Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-14-15х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Амартүвшингийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт /хх-17х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.П-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.П- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.П- нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч С.П- нь хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Хохирогч Д.Ц- нь шүүгдэгч С.П-аас 100.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч нь төлж барагдуулж эвлэрлийн гэрээ хийсэн байх   тул шүүгдэгч С.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.П-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.П- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.П- нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, хохирогч хохирол төлбөрөө барагдуулж авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв. 

Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч С.П-ад  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.П-ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.П-ын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-ад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН