Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/00264

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр         Дугаар 101/ШШ2017/00264          Улаанбаатар хот  

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 52 дугаар байр, 16 тоотод оршин суух, Балдан овогтой Цагаанцоож /РД:ОЭ51030768/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 36-21 тоотод оршин суух, Монхоош овогтой Энхбаяр /РД:УВ65051509/-т  холбогдох,

12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, нарийн бичгийн даргад М.Өлзийгэрэл нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цагаанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Энхбаяр 2016 оны 02 дугаар сарын 27-нд 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдсэн юм. Энэ мөнгийг би банкнаас өөрийн нэр дээр зээлж түүнд өгсөн билээ. Энхбаяр нь эхний сарын хүүг төлсөн ба 4-8 сарын хоорондох 5 сарын хүүг төлөөгүйгээс гадна гэрээний хугацаа 7 сарын 27-нд дуусаад байгаа юм. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “... Иргэн Б.Цагаанцоожоос М.Энхбаяр нь 2016 оны 02 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй бэлнээр өгч, зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн бөгөөд анх 12 хувийн хүүтэй зээлж авна гэсэн боловч, гэрээг хийхдээ хүүг 5 хувиар тооцохоор болсон. 2016 оны 02 сарын 27-ны өдрөөс өмнө М.Энхбаяр нь олон удаа мөнгө зээлдэж эргүүлэн төлж байсан. Гэрээний хугацаа 2016 оны 03 сарын 27-ны өдөр дууссан боловч өгнө, одоохондоо боломжгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө, 2016 оны 03 сарын 30-ны өдөр 1,070,000 төгрөг авч бай гэж хэлээд өнөөдрийг хүрлээ. Иймд М.Энхбаяраас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,430,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие Б.Цагаанцоожоос 10,000,000 төгрөг бөөнд нь бэлнээр авч байгаагүй билээ. Анх Цагаанцоожтой 2002 онд танилцсан бөгөөд мөнгө бага багаар зээлж аваад буцааж өгдөг байсан юм. Миний санаж байгаагаар 2015 оны 08 сарын 27-ны өдөр 2,840,000 төгрөг зээлж авсан бөгөөд үүнээс хойш 2016 оны 02 сарын 27-ны өдөр 1,800,000 төгрөг бэлнээр авсан. Энэ мөнгийг зээлж авахад манай охин Аззаяа миний хажууд байсан юм. Би Цагаанцоож эгчийг яагаад надаас 10,000,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Өмнө авсан мөнгөө би тухай бүрт нь өгч байсан болох нь миний дансны хуулгаар нотлогдож байна. Цагаанцоож эгч хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдүүлдэг. Би анх 3,000,000 төгрөг зээлж аваад хүү алданги бодож явсаар байгаа байрны мөнгө болсон, одоо амьдарч байгаа 3 өрөө байраа надруу шилжүүл гэж загнаж байгаад миний амьдарч байсан байрыг маань хүртэл миний нөхөрийг Солонгос явсан хойгуур нотариат дээр өөр адилхан царайтай хүн дагуулж орж байрыг маань шилжүүлж авч байсан юм. Цагаанцоож нь мөнгө хүүлж маш олон хүнийг хохироож орон гэргүй болгож байгаа билээ. Би мөн л тэр хүмүүсийн нэг нь юм. Нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Цагаанцоож шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “... Миний нэхэмжлэлтэй М.Энхбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Цагаанцоож би доорхи хүсэлтийг гаргаж байна. Тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 9,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авч байна ...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухайгаа өөрөө бичиж өгсөн. Хариуцагч талтай ярилцаад дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй гэж тохиролцсон. Миний бие нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсны үр дагаврыг ойлгуулсан, өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлтээ бичиж өгсөн. Миний бие нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг нь дэмжиж байна ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй гэж хариуцагчид хэлсэн...” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цагаанцоож М.Энхбаярт холбогдуулан “ зээл, хүүд 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,070,000 төгрөгөөр багасгаж 9,430,000 төгрөгийг нэхэмжилжээ.

                        

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Цагаанцоож, түүний төлөөлөгч Ү.Чойжилсүрэн нар ... хариуцагч М.Энхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,430,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл дахин гаргахгүй, шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй... гэж тайлбарлан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Цагаанцоож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байх бөгөөд хэргийг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч 12,500,000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 9,430,000 төгрөг нэхэмжилсэн тул 9,430,000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 165,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, зөрүү 49,120 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Б.Цагаанцоожид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цагаанцоож 9,430,000 төгрөг гаргуулах тухай М.Энхбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийн 165,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цагаанцоожид буцаан олгосугай.      

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.01-ний өдрийн 6784 дугаартай шинжээчийн дүгнэлтийн зардлыг хариуцагч М.Энхбаяр, 2017.01.10-ны өдрийн 303  дугаартай шинжээчийн дүгнэлтийн зардлыг нэхэмжлэгч Б.Цагаанцоож хариуцахыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭЦЭГ