| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0192/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/267 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч М.А-,
Хохирогч М.А-ийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Ганчимэг,
Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 1838007130426 дугаар хэргийг 2020 оны 8 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Н-
Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.А-ийн 151 бог малыг хулгайлж 12.240.000 төгрөгийн хохирол, иргэн Д.Б-ын 2 тооны хонийг хулгайлж 180.000 төгрөгийн хохирлыг тус, тус учруулж нийт 153 бог мал буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 05-06-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.А-ийн 151 тооны бог малыг, иргэн Д.Б-ын 2 тооны бог малыг нийт 153 тооны бог малыг бэлчээрээс нь хулгайлж, нийт 12.420.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838007130426 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тэр үед Мөрөн сумын хойно байх наадмын талбай дээр, далангийн хойд талд явж байтал, нохой хөөсөн хэсэг ямаа явж байхаар нь би очоод хөөж явсан нохойг нь чулуугаар шидэж явуулчхаад нөгөө хэдэн ямааг нь буцаагаад нохойноос хөөгдөж ирсэн газар луу нь туучихаад би цааш өөрийнхөө хонь руу явж байтал дахиад нөгөө хэдэн ямааг нохой хөөчихсөн явж байхаар нь дахиад очиж нохойноос нь салгаад нохойг нь хөөчхөөд эргээд иртэл хэсэг ямаа миний тууж явсан хонь руу нийлсэн байсан. Тэгээд би цааш хэсэг ямааны хамт хонио туугаад услахаар явж байтал Ц.Н- ирсэн. Ц.Н- ирээд энэ юун ямаа вэ? гэж надаас асуухаар нь нохой хөөж явсан ямаа юмаа гэж хэлсэн. Тэр үед Ц.Н- энэ ямаагаар яах гэж байгаа юм гэхээр нь би эзэнгүй юм шиг байна заръя гэтэл Ц.Н- айлын мал зарж яах гээд байгаа юм гээд дургүйцээд байсан. Тэгж хэлчхээд Ц.Н- Ц.Х- ахын хонь руу явсан. Тэгээд би хонио туугаад явж байтал хөх портертой нэг ах ирээд хонь айлын хоньтой нийлчихлээ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь энэ танай хонь юм уу гэж асуухад үгүй ээ би мал худалдаж авч байгаа бойнд оруулах гэж байгаан гэж хэлэхээр нь би та ямаа авж байгаа юу гэж асуутал тэр ах авч байгаа нэг ямааг 60.000 төгрөгөөр авч байгаа миний утасны дугаарыг авсан. Би Ц.Н-ийг дуудаад энэ ямааг зарчих уу гэхэд Ц.Н- уурлаад байсан. Тэгээд явж байтал хэсэг хонь туусан нэг банди явж байхаар нь Ц.Н- бид 2 хамт очоод мэнд мэдэлцээд би тэр бандиас энэ танай хонь уу гэхэд үгүй ээ энэ манай хонь биш худалдаж авч байгаа манай аав ченж гэсэн. Тэгэхээр нь би ямаа авч байгаа юу гэж асуухад авч байгаа гэхдээ би ааваас асуугаад хэлье гэж хэлсэн. Тэгээд ааваасаа асуучхаад аав одоо ирж байна гэж хэлсний дараа аав нь бололтой нэг хүн ирсэн тэр хүнтэй би уулзаад тэр хүнээс та ямаа хэдээр авч байгаа юм гэж асуухад би нэг ямааг 40-50 мянгаар авч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 12 ямаа зарна гээд Ц.Н-ийг дуудаад нөгөө ямааг хамт ялгалцаад би нөгөө 12 ямааг тууж очоод зарсан. Би тэр 12 тооны ямааг нийтэд нь 420.000 мянган төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Дулаан хан уулын өвөрт явж байтал араас Г.Б- ирсэн. Тэгээд би отроор явж байсан Ц.Х- гэдэг айлын хүүхэд хониндоо явж байхаар нь очоод буцаад хонин дээрээ яваад иртэл Г.Б- айлын хэсэг ямаа туусан явж байсан. Тэгээд намайг дуудахаар нь яваад очтол Г.Б- энэ ямаануудыг нохой хөөсөн явж байна гэсэн. Тэгээд нөгөө ямаа манай хонь руу нийлсэн. Г.Б- надад хэлэхдээ 12 тооны ямаа байна гэж хэлж байсан. Би тэр ямаануудыг нь ямар насны, ямар зүснийх байсныг нь сайн анзаараагүй. Тэгээд Г.Б- хонио туугаад гол руу явсан. Би харин буцахад нөгөө Ц.Х- гэдэг айлын Улаанкаа гэдэг хүүхэдтэй хонийг нь гол руу туулцахаар явсан. Тэгээд хонио услаад гаргаж ирсэн. Манай хонь Хатгал явах засмал замын баруун талд байсан. Энэ үед Г.Б- намайг дуудсан Ц.Х- гэдэг айлын хонийг туулцаж явахад дуудсан. Тэгэхээр нь ирэхэд Г.Б- энэ ямаануудыг зарчих уу гэхээр нь би хүний ямаа зарж яах гээд байгаа юм вэ? гэж хэлсэн. Г.Б- би энэ ямаануудыг зарахаар болчихлоо ялгалцаад өгөөч гээд гуйхаар нь нөгөө нийлсэн байсан ямааг ялгаж өгөхөд 12 тооны ямаа байсан. Г.Б- нөгөө ямаагаа тууж яваад нэг танихгүй хүнд зараад ирлээ 420.000 төгрөг боллоо гээд ирсэн. Энэ мөнгөнөөсөө надад 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манайх хоттой хониноосоо 153 ширхэг бог мал хулгайд алдсан. Тэр малан дотор 106 хонь, 47 ямаа явсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа Мөрөн сумын ард “Дулааны энгэр” гэх газарт тууварт явж байсан айлын малаас 69 хонь, хурга голдуу мал ялгаж авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ хоёр залуу манай 12 ямааг хүнд зарсан байсан. Ц.Х-ын хониноос 24 хонь, Цогоогийн хониноос 45 хонь ялгаж авсан. Нямдорж, Г.Б- нар нь ямаа зарсан. Ч.Б-оос гадна С.Х- гэдэг хүнээс хонь, ямаа худалдаж авах уу гэж асуусан байсан. Хонь, ямаа нийлсэн 153 тооны малаас хонь-69, ямаа-12 тооны малыг олсон. Одоогоор 72 тооны мал дутуу байна...” гэх мэдүүлэг /1хх-13-17х/,
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай малын эзэн М.А-ийн малаас 153 тооны бог мал хулгайд алдагдсан. Энэ мал дотор миний эзэмшлийн 2 тооны хонь байсан. Хар халзан шүдлэн эм хонь, бор халзан шүдлэн эм хонь байсан. Баяр эх гэх газар байх айлаас 60 хурга, 9 эм хонь, мөн Дулааны энгэрт байх мах маркетийн малаас 8 эм ямаа, 4 ишиг авсан. Тэр дунд байгаагүй. 69 хонь 12 тооны ямаа нь М.А-ийн эзэмшлийнх минийх биш. Би 2 тооны хонио төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /1хх-21-22, 133х/,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 07 цагийн үед манай хонь бэлчээд би хонио хариулаад явж ирээд орой ирэхэд доголон хөх хүзүүтэй хурга байхгүй байсан. Мөн ямаа цөөхөн харагдаад байхаар нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө хонь, ямаагаа тоолж үзэхэд нийт хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн 153 тооны мал дутсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 4 өдөр хайгаад 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Дулааны энгэрт байх мах маркетийн нядалгааны малаас хонь, ямаагаа шүүж үзэхэд 8 ямаа, 4 ишиг байсан. Тэгэхээр нь би энэ ямаа хаанаас ирсэн бэ? гэж асуухад ямаа худалдаж авсан хүн хэлэхдээ 2 морьтой хүн ирээд ямаа авах уу, ямаа зармаар байна гэж асуугаад байсан. Тэгээд зарчхаад явсан гэж хэлсэн. Мөн ямаа худалдаж авсан залуу тухайн хоёр хүний зургийг дараад үлдсэн байсан. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Үертийн ам гэх газар байх ямаа зарсан 2 залуугийн малнаас 60 хурга, 9 эм хонь авсан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мах маркетийн малаас 8 эм ямаа, 4 ишиг авсан одоогоор нийт эм хонь, хурга, эм ямаа, ишиг нийлсэн 81 мал олдсон...” гэх мэдүүлэг /1хх-33-35,36-37х/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…4 ишигтэй ямаа нийт 12 ширхэг хар ямаа байсан. Тэгээд би 420.000 төгрөгөөр худалдаж авсан. Хул морь, бор морь хоёртой явсан. Би ямаагаа худалдаж авчхаад юмыг яаж мэдэх үү? гэж бодоод зургийг нь дараад үлдсэн. Хэд хоногийн дараа цагдаа ирээд манай ямааг хохирогчид хүлээлгэж өгсөн. Би ямаа худалдаж авсан 420.000 төгрөгөө авсан. Надад өөр нэмж ярих зүйл гомдол, санал алга. Би тэр хоёр залуугийн нэрийг нь бол мэдэхгүй. Энэ хоёр залуу хоёулаа ямаа зарах талаар манай хонины хажууд яриад хоёулаа ямаагаа ялгаж өгөөд явсан. Мөнгөө хоёулаа цуг тоолж аваад явсан. Тэгээд хоёулаа хонио туугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 25-26, 142-143х/,
Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед санаж байна. Би хойд тал дээр машинтайгаа хониндоо явж байсан чинь тал дээр нэлээн их хонь туусан 2 залуу явж байхаар нь мэнд мэдэх гээд яваад очтол тэр хоёр залуу хонь, ямаа худалдаж авах уу? гэж надаас асуусан. Би авахгүй гэж хэлээд яваад өгсөн. Нэг нь бор морьтой, нэг нь хул морьтой байсан санаж байна...” гэх мэдүүлэг /1хх-27-28, 55-56х/,
Гэрч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай хонинд цэнхэр зосоор сэрвээ хондлой дээрээ будсан нилээн олон хонь нийлсэн байсан...Тэр хонинууд манай хонинд хоёр хоносон 3 дахь хоног дээр нь эзэд нь ирээд аваад явсан. Ялгаад аваад явахдаа 69 байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-29-30, 47-48х/,
Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай 2 хүүхэд дулааны энгэрийн урд хонио усанд оруулах гээд явж байгаад наадмын талбайн энд байдаг постын энд явж байхад Г.Б-той нохой хөөж явсан 12 тооны ямаатай таараад тухайн нохойноос нь ямааг салгаад өөрийн хонь руу 12 тооны ямааг туугаад гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-43-44х/,
Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ Г.Б- Нямдорж нараас асуухад танихгүй айлын 4-н ишиг 8-н том ямааг нохой хөөчихсөн явахаар нь хонь ямаатайгаа нийлүүлсэн гэж хэлж байсан. Тэгсэн тэр 4-н ишиг 8-н том ямааг мал авч явсан хүнд 420.000 төгрөгөөр зарчихсан байсан. Би яагаад зарчихсан юм бэ? Гэхэд ямаа авъя гэсэн хүн байхаар нь өгчихсөн юм гэж тэр хоёр хэлцгээж байсан. Мөнгөө яасан юм бэ? Гэхэд бид 2 үрчихсэн юм аа гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-45-46х/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр оройн 17-18 цагийн үед малаа эргүүлээд зам дээр явж байтал М.А-ийн өвөлжөөний баруун хойд “Нарийн хөндий” гэх газар хөндийгөө уруудаад ойролцоогоор 1000 орчим хонь туусан 2 морьтой хүн явж байсан. Нэг нь цагаан зүсмийн морьтой, нэг нь бараандуу зүсмийн морьтой хүмүүс явж байсан. Хонь туугаад Мөрөнгийн зүгт явж байсан. М.А-ийн хонь гэрийнхээ ойролцоо байсан...” гэх мэдүүлэг /1хх-49-50х/,
Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…9 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход 106 хонь, 47 ямаа дутсан байсан. Энэ талаар манай мал бүртгэлийн дэвтэр дээр тодорхой бичигдсэн байгаа. Энэ дэвтрийг би өөрөө хөтөлдөг юм. Надтай цуг манай малчин Д.Б- түүний эхнэр Бямбаа нар хамт малаа тоолсон. 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 ямааг дулааны энгэрт зарсан байхад нь авсан. 69 тооны хонийг олон өтгийн аманд байх Цогоо, Ц.Х- нарын хониноос авсан. Одоо 37 хонь, 35 ямаа дутуу олдоогүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-51-54 дүгээр хуудас/,
Гэрч Д.- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…9 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход 106 хонь, 47 ямаа дутсан байсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 ямааг дулааны энгэрт зарсан байхад нь авсан. 69 тооны хонийг олон өтгийн аманд байх Цогоо, Ц.Х- нарын хониноос авсан. Одоо 37 хонь, 35 ямаа дутуу олдоогүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-137-139х/,
Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…9 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход манай хониноос 106 хонь, 47 ямаа дутсан талаа манай эхнэр Энхтуяа утсаар хэлсэн. Манай мал миний нэр дээр байдаг боловч манай хүү М.А- бидний дундын өмч юм. М.А- хохирогчоор оролцох нь зүй ёсны хэрэг. Энэ хэрэгт хохирогчоор үргэлжлүүлэн оролцоно гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг /1хх-140-141х/,
Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын маягтын хуулбар /1хх-90-92 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /1хх 58, 64, 69, 118х/,
Мал бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх-165-168х/,
Шүүгдэгч Ц.Н-ийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1хх 85, 87, 88, 94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1хх 84, 86, 89, 95х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.А-ийн 151 тооны бог малыг, иргэн Д.Б-ын 2 тооны бог малыг нийт 153 тооны бог малыг бэлчээрээс нь хулгайлж, нийт 12.420.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.А-, Д.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,
Гэрч Д.Б-ын /1хх 34-35, 37х/, гэрч Ч.Б-ын /1хх-25-26, 142-143х/, гэрч С.Х-ын /1хх-27-28, 55-56х/, гэрч Ц.Х-ын /1хх-29-30, 47-48х/, гэрч Н.Ц-ын /1хх-43-44х/, гэрч Ц.У-ын /1хх-45-46х/, гэрч Ц.Б-ийн /1хх-49-50/, гэрч Э.Б-гийн /1хх-51-54х/, гэрч Д.Э-йн /1хх-137-139х/, гэрч С.М-н /1хх-140-141/, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын маягтын хуулбар /1-р хх-90-92х/, Хөрөнгийн үнэлсэн тайлан /1хх-58, 64, 69, 118, 207 дугаар хуудас/, Мал бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх-165-168х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нар нь бүлэглэн хохирогч М.А-ийн 15 тооны бог мал буюу 12.240.00 төгрөгийн хохирол учруулснаас 81 тооны бог малыг хохирогч М.А- нь олж авсан, үлдэгдэл 70 тооны бог малыг буюу 8.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч Д.Б-ын 2 тооны бог мал буюу 180.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд төлсөн 60.000 төгрөгийг төлсөн байна. /2-р хх-90х/,
Иймд шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нараас хохирогч нарт учирсан хохирлыг тавь тавин хувиар тооцож гаргуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б-оос 4.230.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.А-эд, 90.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, шүүгдэгч Ц.Н-ээс 4.230.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.А-эд, 90.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б- нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-94-95х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 1, ганцаараа амьдардаг, шүүгдэгч Ц.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь тус бүр 412 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Н-ийг 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ид оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Н-т оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарын тус бүр цагдан хоригдсон 412 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-оос 4.230.000 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж даруй хохирогч М.А-эд, 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, шүүгдэгч Ц.Н-ээс 4.230.000 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.А-эд, 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б- нарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-, Ц.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН