| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0271/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/279 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж
Шүүгдэгч М.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П-т холбогдох эрүүгийн 2038000000297 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.П-
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.П- нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Өлийн хулгай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр бор гөрөөс 1 толгойг агнаж байгаль экологид 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаан-Уул сумын төвөөс дүү М.Н-ын хамт мустанг-5 маркийн мотоциклтой салхинд гарах зорилгоор Улаан-Уул сумын 5 дугаар багийн “Өлийн хулгай” гэх газар луу явсан. Мотоциклийг дүү М.Н- жолоодож явсан. /Манайх уг газарт байдаг байсан юм./ “Өлийн хулгай” гэх газрын ой модонд машин замаар явж байгаад дүүгээ үлдээгээд ганцаараа буугаа үүрээд алхсан. Алхаж байхад битүү ширэнгэ модон дотор чоно бололтой амьтан бүртэлзэж байхад буудсан. Нөгөө буудсан амьтан дээр очиход бор гөрөөсний далан дундуур нь буудаж агнасан байсан. Нэгэнт агначихсан хойно гэж бодоод махыг нь шулж аваад шөнө сумын төв рүү явж байхад мотоциклтой хүн тааралдсан. Уг хүн бол тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч Болдбаатар байсан. Тэгээд мотоциклны зураг, махны зургыг дарж аваад бор гөрөөсний мах, буу зэргийг хурааж авсан. Маргааш өглөө ирж уулзаараа гээд явсан. Өглөө очиж уулзахад бор гөрөөс агнасан газрыг зааж өг гэж хэлэхээр нь гөрөөс агнасан газарт дагуулж очсон. Бор гөрөөс агнасан газраас гөрөөсний арьс, шийрийг хурааж аваад сумын төв рүү орж ирсэн. Сумын төвд орж ирээд Болдбаатарт мэдүүлэг өгч, гөрөөс агнасан нөхөн төлбөр гэж 660.000 төгрөгийг орон нутгийн дансанд тушааж хуулбарыг Болдбаатарт өгсөн. ... Бор гөрөөс агнасан газар маргааш нь тусгай хамгаалалтын газрын ажилчид очиж үзлэг хийхдээ тусгай хамгаалалтын бүсэд хамаарахгүй байна. орчны бүсдээ орж байна гэж “жи пэйс” байршлаар нь тогтоогоод тэгж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 7-8х, 48-51х, 52-53х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-4х/,
Эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл /хх-19-20х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-22-23х/,
Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг Хорьдол сарьдагийн дархан цаазат газрын Дарцагт гэх газарт хяналт шалгалтаар явж байхад Өлийн хулгайн таг орчимд буун дуу гарсан. Байгууллагад мэдэгдэхэд хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Мягмаррагчаа, байгаль орчны улсын байцаагч Болдбаатар, байгаль хамгаалагч Төрболд нарын хамт ирсэн. Тэгээд буун дуу гарсан Өлийн хулгай гэх газар руу хяналт шалгалт хийхэд шөнийн 00 цаг 30 минутын үед мотоциклтой хоёр хүн ирснийг тосож шалгахад төгөл багийн иргэн М.Н-, М.П- нар бор гөрөөс агнаж махыг нь аччихсан явахад нь саатуулж холбогдох шалгалтыг Болдбаатар хийсэн юм. 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бор гөрөөс агнасан газрыг нь тогтоохоор Өлийн хулгай гэх газарт очиход арьс, 4 шийрийг өөр эд зүйл бол байхгүй байсан. М.П-, М.Н- хоёрыг дагуулж явсан. Уг бор гөрөөсний арьс олдсон газрын жипэйс байршлыг тогтооход орчны бүсийг зааж байсан. тусгай хамгаалалттай хилийн бүсээс 200 митрийн бүсэд буюу орчны бүсийг зааж байсан. Бор гөрөөс агнасан газар болох гэдэс, дотор, гөрөөсний эврийг бол олж чадаагүй. Улсын тусгай хамгаалалттай газраас бусад бүсийг орчны бүс гэдэг юм. Хамгаалалтын бүсийг ангилахдаа Улсын тусгай хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, Онгон бүс гэж 3 ангилдаг. Анх бууг нь хураан авсан. Бор гөрөөсний махыг нь муудахаар нь устгачихсан. Дараа хэргийн газраас арьс, дөрвөн шийрийг хураан авсан. М.П- нь бор гөрөөс агнасан нөхөн төлбөрөө төлж барагдуулсан. Одоо байгууллагад учирсан хохирол байхгүй учраас санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед би өөрийн төрсөн ах М.П-ын хамт Улаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг Өлийн хулгай гэх газар хүргэж өгөөд мотоциклийнхоо хажууд үлдсэн юм. Ах М.П- надаас салаад 2 цаг орчим болоод буцаж ирэхдээ 1 ширхэг Гур агнаж ирсэн. Бид хоёр тэр гурийг тэнд нь янзлаад мотоциклоороо Чулуу өргөдөг сайр гэж газар явж байтал Улсын тусгай хамгаалалттай газрын Болдбаатар, Нямбага, Батболд, Рагчаа нар ирээд бид хоёрыг зогсоогоод агнасан гурын махыг хурааж авсан. Тэгээд гур алсан гэх газрыг М.П-аар заалгаж авсан. Бид хоёр агнасан гурын нөхөн төлбөр 660.000 төгрөгийг Төрийн банкны дансанд тушааж...” гэх мэдүүлэг /хх-32х/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №2020/8 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн Шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 86 тоот шинжээчийн дүгнэлтэд:
2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгийн үнэлгээний тайланд: ...” 1.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн М.Н-ын улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклийн нийт үнийг 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр тогтов. гэх дүгнэлт /хх-44-45х/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 2038000000297 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.П- нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.П- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлуудыг харгалзан үзэж, М.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.П- нь экологи эдийн засагт 330.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар амьтаны аймагт учирсан хохиролын нөхөн төлөх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч М.П- нь амьтаны аймагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 660.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171413402 дугаарын дансанд 660.000 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-14х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2038000000297 дугаартай хэрэгт улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Мягмаржавын М.Н-т олгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 330.000 төгрөгийг шүүгдэгч М.П-аас гаргуулж улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ... загварын 7,62х54R калибр бүхий витов буу 1 ширхгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, бор гөрөөсний 4 ширхэг шийр, бор гөрөөсний арьс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.П-ыг хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.П-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн Улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Мягмаржавын М.Н-т олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч М.П-аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар Эрүүгийн 2038000000297 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ... загварын 7,62х54R калибр бүхий винтов буу 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, Бор гөрөөсний 4 ширхэг шийр, Бор гөрөөсний арьс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН