| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09395/И |
| Дугаар | 101/ШШ2017/00219 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2017/00219
2017 оны 01 сарын 16 өдөр Дугаар 101/ШШ2017/00219 Улаанбаатар хот
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Тэнгэр рашаан гудамж, 79в байр, 31 тоотод оршин суух, Тавт харуул овогт Цогоогийн Хулан /РД:ЧЖ81062766/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Цалин 10,719,627.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр, нарийн бичгийн даргад М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цогоогийн Хулан миний бие 2008 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Сургалт, сурталчилгааны байцаагч” гэх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2014 оны 04 дүгээр сарын эхээр миний эрүүл мэндийн, байдал эрс муудаж, гадаад явж шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх болсон тул 2014 оны 04 дүгээр сард ажлаас чөлөө авах хүсэлт гаргасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түр чөлөө авч хэвтэн эмчлүүлсэн. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн даргад “Ажилд эргүүлэн орох тухай” хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан боловч ямар нэгэн тодорхой, албан ёсны хариуг ирүүлээгүй ажилд авахгүй эс үйлдэхүй гаргаж байсан тул 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдер Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган билээ. Тус захиргааны хэргийн шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 2015.04.01-нии өдрөөс эхлэн гаргасан удаа дараагийн өргөдөлд хариуцагчаас “сул орон тоо байхгүй” гэсэн үндэслэлийг хэлж татгалзсан хариуг удаа дараа өгч байсан боловч бодит байдал дээр Ц.Хулангийн төриин жинхэнэ албан хаагчийн хувьд урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан нь ... нотлогдож байна" хэмээн дүгнэж Ц.Хулан намайг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалган шийдвэрлэсэн 813 тоот шнйдвэрийг гаргасан билээ. Иймд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс миний ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх нийт 18 сарын цалин 10,719,627.2 төгрөгийг гаргуулж, холбогдох нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн датгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих тэмдэглэгээг нөхөн хийлгүүлж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: “... Ц.Хулан нь нэхэмжпэлдээ миний ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх нийт 18 сарын цалин 10,719,627.2 төгрөгийг гаргуулж, холбогдох нийгмийн даатгал болон болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих тэмдэглэгээг нөхөн хийлгүүлж өгнө үү гэжээ. Уг нэхэмжлэлд дурьдсан 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх нийт 18 сарын цалинг 10,098,373 төгрөг болж байна...” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Ц.Хулангийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 813 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрийн Эрүүл, мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлж томилсон. Ц.Хулан нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс миний ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 10,098,373 төгрөг болгож Ц.Хулантай эвлэрч байна. Ц.Хулангийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтрийг балатгаажуулах болно...” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хулан хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “18 сарын цалин 10,719,627.2 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих тэмдэглэлээг нөхөн хийлгүүлэх” тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар эвлэрэх, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр нар эвлэрч, нэхэмжлэгч Ц.Хулан нэхэмжлэлийн шаардлагаа 621,254,2 төгрөгөөр багасгаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 10,098,373 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Хуланд төлөх, Ц.Хулангийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтрийг баталгаажуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигч талууд ийнхүү эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 10,098,373 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Хуланд төлөх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтрийг баталгаажуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 88,261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хуланд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ