Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/00179

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр        Дугаар 101/ШШ2017/00179           Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 60/3 байр, 6 тоотод оршин суух, “Бат Ундран Мандах ББСБ” ХХК /РД:5887801/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их дарь эх 1 дүгээр гудамж, 79 тоотод оршин суух, Чингүүнжав овогт Болдын Бат-Эрдэнэ /РД:ЦА83082472/-д холбогдох,

12,015,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...“Бат Ундран Мандах ББСБ” ХХК нь иргэн Б.Бат-Эрдэнэтэй 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой зээлийн хүүг нэг ч удаа төлж байгаагүй болно. Тэрээр зээлийн гэрээний барьцаа болгож өөрийн өмчлөлийн Киа Фронтиер маркийн автомашин барьцаалсан. Манай компанийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсэнгүй. Иймд үндсэн зээл 4,500,000 төгрөг, зээлийн хүү 3,510,000 төгрөг, алданги 4,007,000 төгрөг, нийт 12,015,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Бат-Эрдэнэ миний бие 2015.08.06-ны өдөр “Бат Ундран Мандах ББСБ” ХХК-иас 4,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, фронтер маркийн машинаа унаж явах нөхцөлтэйгээр зээлсэн. Үндсэн зээлээ хүүтэй нь 3 хуваагаад төлөхгүй бол одоогийн байдлаар надад төлбөрийг бүрэн хийх боломж байхгүй. Алданга төлж дийлэхгүй. Үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 3,510,000 төгрөг, нийт 8,010,000 төгрөгийг зөвшөөрч байна. Алданги болох 4,005,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, нөгөө талаас хариуцагч Болд овогтой Бат-Эрдэнэ нар дараах нөхцлөөр эвлэрч энэхүү гэрээг байгуулж байна.

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 12,015,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,002,500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 10,012,500 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

2. Хариуцагч нь 10,012,500 төгрөгийг 2017 оны 3 сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

3. Энэхүү гэрээнд дурдсан нөхцлийг шүүгчийн захирамжид дурдахыг зөвшөөрч байна....” гэв.  

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан “үндсэн зээл 4,500,000 төгрөг, зээлийн хүү 3,510,000 төгрөг, алданги 4,007,000 төгрөг, нийт 12,015,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нар эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2,002,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Бат-Эрдэнэ 10,012,500 төгрөгийг 2017 оны 03 сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигч талууд ийнхүү эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү хариуцагч Б.Бат-Эрдэнэ нар эвлэрч,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2,002,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Бат-Эрдэнэ 10,012,500 /арван сая арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 87,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ