Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

2020              7            27                                      2020/ШЦТ/500

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Билгүүн,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг /ҮД:1703/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ..............холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

 урьд 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ......................., /РД:............................./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд байрлах “Зурагчин” дотор үйлчлүүлж байсан иргэн Э.Лхамын түрийвч, бэлэн мөнгө, алтан бөгж, банкны карт зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 367.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Ц.Э  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би  гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, би гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.  

 

2. Хохирогч Э.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Зурагчны” газарт үйлчлүүлж байхдаа өөрийн гар цүнхнээс түрийвчээ хулгайд алдсан юм. Тухайн үед би цүнхээ зурагчны байранд байх сандал дээр тавьчихсан байсан ба зургаа даруулж байхад тэнд байсан өндөр ах аваад гарчихсан юм билээ. Тэгээд би тэр эрэгтэйн араас нь гараад замдаа цагдаа дуудаад тэр хавиар хайхад зурагчин дотор байсан эгчийн хэлсэн шиг хувцастай хүн явж байхаар нь очоод бариад авсан. Тэгээд түрийвчээ нэхсэн чинь надад чиний түрийвч байхгүй гээд байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд түрийвч гаргаж өгөхийг шаардахад тэр ах миний түрийвчийг гаргаж өгсөн. Өөрийн түрийвч болон дотор нь байсан бүх зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

3. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9х/,

 

4. Тэнцвэр эстимэйт ХХК-н 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 601 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-18х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Ц.Э ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч Ц.Э  нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Э од оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.  

 

Хохирогч Э.Лхам нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ..............................хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Ц.Э од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Э од оногдуулсан ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, Ц.Э  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР