Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 02

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

Хохирогч Б.Н

Шүүгдэгч Б.Н

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нарыг оролцуулан хийж,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн давж заалдах гомдлоор Б.Н-д холбогдох эрүүгийн 1722000250050 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989  оны 02 сарын 03-ны  өдөр Дундговь  аймгийн  ..... суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа  хөдөлмөр  эрхэлдэг, Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  ..... баг ..... хашаанд оршин суух,  урьд 2 удаагийн  ял шийтгэлтэй, О овогийн  Б.Н

            Шүүгдэгч  Б.Н нь 2017 оны 7 дугаар  сарын  19-ний  шөнө Дундговь аймгийн  ......... сумын . багийн ......  байранд  хамтран  амьдрагч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн  хүчирхийлэл  үйлдэн хохирогч Б.Н.ын эрүүл мэндэд  хөнгөн  хохирол  учруулсан гэмт  хэрэгт  холбогджээ. 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч О овогийн Б.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д  720 / долоон зуун хорин / цагийн  хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх  ял  оногдуулан шийтгэж,  

Эрүүгийн  хуулийн  5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх  ялыг  биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх  ялын  8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч нь энэ  хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй,  хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг  тус  тус  дурдаж,

Иргэний  хуулийн  497 дугаар  зүйлийн  497.1, 505 дугаар  зүйлийн  505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 403.700 /дөрвөн зуун гурван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д олгож, хохирогчийн хохирлын  нэхэмжлэлээс 555.480 / таван зуун тавин таван мянга дөрвөн зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь хэлэлцээгүй орхисон хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шүүгдэгч  Б.Н-аас  нэхэмжлэх  эрхтэйг  дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Н давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хохирогч Б.Н бие[T1]  шүүгдэгч Н-аас 959180 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч  уг хуралдаанаар нотлох баримт хангалтгүй гэж үзээд замын зардал, эмийн мөнгө  болох 403700 төгрөгийг шүүгдэгч  Н-аар төлүүлэх шийдвэр гаргасан.  Хэрэг гарсан өдөр буюу  7 сарын 19-нд аймгийн эмнэлгээс намайг яаралттай хот явж ГССҮТ-д үзүүлж томографик зураг авахуул, хөдөлгөөнгүй хэвтүүлж яв гэсэн тул ээж минь 3 хүний зардал 45.000 төгрөгөөр намайг унаанд авч явсан. ... 5 хоногийн дараа буюу 7 сарын 25-нд үзүүлэх дугаар авсан боловч үзүүлж чадаагүй. Тэгээд Налайхад Одсүрэн гэдэг сайн бариач байдаг гэхээр нь унаанд 20.000 төгрөгийн бензин хийгээд очиж бариулсан. Ээж минь бариачид 30.000 төгрөг өгсөн. Эргээд 7 сарын 30-нд 3 хүний зардлаар 45.000 төгрөг өгч ирсэн. Тэгээд 7 сарын 25-нд дахин ээжтэйгээ хамт явж томографик зураг авхуулаад 7 сарын 26-нд ирсэн. Энэ явалтын зардалд 60.000 төгрөг зарцуулсан. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлээгүй байсан тул 84480 төгрөгөөр бөглүүлсэн. Эмнэлэгт хэвтэх байх гээд  хувийн бэлтгэлээ хангах гэж ээж минь өөрийнхөө монетон ээмэг, зүүлт, бөгжүүдийг Ургах наран ломбарданд 250000 төгрөгөөр 7 сарын 19-ний өдөр тавьсан.  7 сараас 12 сарын хүү нь 100.000 төгрөг болсон. Одоо эдгээр зардлууд болох ломбардны 350000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглүүлсний 84480 төгрөг, эхний удаагийн явсан замын зардлууд болох 90000 төгрөг, бариачид зарцуулсан 50000 төгрөг, нийт 574480 төгрөгийг шүүгдэгч Б.Н-аас нэхэмжилж байна.  Мөн миний бие Б.Н-тай танилцсанаасаа хойш 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хамт байх хугацаандаа эхний үед архи уухаараа зоддог байсан ч сүүлдээ эрүүл байсан ч зоддог болсон. Зүв зүгээр байж байгаад л хэн хамаагүйтэй хардаж зодно. ...Намайг байнга зодож, нүдэж дарамталдаг. Цаашид энэ хүнтэй амьдрахаас айж байна. Энэ хүн намайг зодож ийм байдалд хүргээгүй бол энэ их мөнгөний асуудал гарахгүй байсан. Манайх ам бүл 8-уул, ээж минь ганцаараа ажилтай.  Намайг ингэж гэмтэхэд ээж минь эм, унааны зардал гэх мэт бусад зүйлд тусалсан. Иймд миний энэ нэхэмжилж байгаа мөнгийг шүүгдэгч Б.Н-аас гаргуулж өгч бас намайг байнга зодож, дарамталдаг энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Анхан шатны шүүхээс Б.Н нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнө хамтран амьдрагч Б.Н-ыг гэрээ цэвэрлэсэнгүй гэж үсдэх, халуун тогооны залгуураар ороолгох, өшиглөх зэргээр хүчирхийлэн зодож, хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Н, гэрч Ё.Намжилмаа, Ц.Өлзийдэлгэр нарын мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 170200224 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

             Хохирогч Б.Н нь анхан шатны шүүхээс хэлэлцэхгүй орхисон   эмчилгээний зардлаа гаргуулах, шүүгдэгч өөрийг нь байнга хүчирхийлж, дарамталдаг байсан асуудлыг шалган шийдвэрлүүлэх гэсэн 2 үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргажээ.

            Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

             Хохирогчид  учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд учирсан бөгөөд  хохирогчоос мэдүүлэг авах бүрт “...Н намайг байнга хүчирхийлдэг”  гэж мэдүүлдэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч ”...шүүх хурал болох гэж байхад дуудахаар нь гарч очиход намайг элдвээр хэлээд үсдээд, хазаад, өшиглөж зодсон”  /хэргийн 97 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байхад гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  шатанд шалган шийдвэрлээгүйгээс гадна хохирогчид хүндэвтэр гэмтэл  учирсан  асуудалд эрүүгийн хэрэг үүсгээгүй, шалгаагүй байна[T2] .

             Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д  заасны дагуу гэм бурууг хэлэлцэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан хийх тухай хуулийн заалтыг бүрэн зөв хэрэгжүүлээгүй, шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй  байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

Хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тул иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар  шийдвэр гаргаагүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2[T3] , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1[T4] , 39.6 дугаар зүйлийн 1.1[T5] ,  39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг [T6] анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

      ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                                      Н.НАСАНЖАРГАЛ