Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0944/З |
Дугаар | 206 |
Огноо | 2018-04-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 206
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа, нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан А.Н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: А.Н
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.Н нь тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан түүний 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.
Хуульд үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй:
Нийслэлийн Засаг дарга миний биеийг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа дараах үндэслэлүүдийг нэрлэн заажээ. Үүнд:
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоох,
2. Мал дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйтгэл хийх талаар санаачлагагүй ажиллаж
3. Нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж ажлын хариуцлага алдсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1 хуульд үндэслэх; 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж зохицуулсан.
Гэвч Нийслэлийн Засаг даргын шийдвэр хуульд үндэслээгүй. Зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан буюу эрх олгосон заалтыг үндэслэжээ.
Нийслэлийн Засаг дарга ажил олгогчийн хувьд албан хаагчийг томилох, чөлөөлөх эрхтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин миний биеийг Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь дээрх зарчим хэрэгжээгүйг харуулж байна.
Бодит үндэслэлийн тухайд:
1. Хорио цээрийн дэглэм тогтоох.
Маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй дээрх 3 үндэслэлийн аль ч үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Тахилтад, 07 дугаар сарын 23-аас Шижирийн ам, Баянголын ам, Халзангийн ам, Нарангийн голд, 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа, 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарамд мал амьтны гоц халдварт шүлхий мөн болохыг шинж тэмдгийн дагуу яаралтай оношлож, УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр О хэвшлийн шүлхий өвчин болох нь тогтоогдмогц УМЭҮГ-ийн даргын зөвлөмжийн дагуу НМЭГ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад санал хүргүүлэн ажиллаж байсан.
Тухайлбал: “Шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/510 тоот захирамж гарсан.
Тус захирамжийн 1-д зааснаар “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, халдварын голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, голомтын
бүсэд байгаа иргэд, үүрэг гүйцэтгэн ажиллаж буй албан хаагчдын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.С-д даалгасугай" гэж тогтоосон.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр тогтооно” гэж заасны дагуу хорио цээрийн дэглэмийг Нийслэл, дүүргийн Засаг дарга тогтоодог. Гэтэл Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн даргыг эрх хэмжээнийх нь биш асуудлаар буруутгаж хариуцлага тооцоод байна.
2. Урьдчилан сэргийлэх идэвхи санаачлага.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3.1.6. “урьдчилан сэргийлэх” гэж мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээр “Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 2016 оны 9,10 дугаар саруудад Нийслэлийн Засаг даргын А/628, А/728 тоот захирамжийг хэрэгжүүлэн шүлхий өвчинд мэдрэмтгий нийт 387,798 толгой малд, 2017 оны 6,7 дугаар саруудад Нийслэлийн Засаг даргын А/316, А/478 тоот захирамжийн дагуу мөн БНЭУ-аас импортолсон 3 цэнэт Футвак вакциныг зааврын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт 172.920 толгой малд тус тус тарьсан. Гэвч шүлхий өвчин урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулсан мал өвчлөх, вакцинд хамрагдаагүй харьяаллын бус (нүүн ирэгсэд) малд оношлогдож халдварын голомтод индикатор болон өвчилж байв.
Дархлааны идэвхи өндөр байх ёстой хугацаанд, вакцин тарьсан малаас өвчин оношлогдож голомт нэмэгдээд, малчид, малын эмч нар тарилгад итгэхгүй нөхцөл байдал үүссэн тул голомтод вакцины дархлааны идэвхи үзэх зорилгоор доктор Н санаачлан, Монгол улсын малын ерөнхий эмчтэй зөвлөлдөж 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр голомт дээр нь шийдэж, Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн малаас дээж авч эпидемиологийн тооцооллоор тандалт шинжилгээг хийж УМЭАЦТЛ-ийн 17-1546, 17-1846 тоот шинжилгээний дүнгээр 27.4-36.6% идэвхи үзүүлэв.
Энэ нь вакциндсан сүргийн 95-100%-ийн дархлаатай байж вирусийн
эргэлтийг зогсоох учиртайг зөрчин, шүлхий өвчинтэй тэмцэхдээ өөр вакцинаар дахин вакцинжуулах шаардлагатайг батлав. Мөн омгийн тохирлыг шалгасан олон улсын шүлхийн лавлагаа лаборатори Прибрайт (Англи)-ийн дүнгээс харагдаж байсан юм.
Халдварын голомтыг яаралтай устгах, вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс БНЭУ-аас чанаргүй вакцин нийлүүлж тарьсан нь шаардлага хангахгүй байгааг мэдэгдэж Нийслэлийн онцгой комисст 5 заалт бүхий санап хүргүүлэн ажиллаж байсан болно.
Асуудлын гол нь БНЭУ-с нийлүүлсэн Футвак вакцинд байгааг илрүүлснийг дээрхи шинжилгээний дүн, тарилгын цуваагаар нотолж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, УМХЕГ болон хүчний байгууллагууд шалгаж олон нийтэд мэдээлсэн болно.
3. Нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт.
2001 оноос хойш Дорнот, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад шүлхий өвчин гарсан, 2016 оны 9,10 дугаар саруудад тарьсан вакцины идэвхи дуусч байгааг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал эрхэлсэн орлогч Ж.Б, Нийслэлийн онцгой комисст Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлж, хүсэлт тавьж захирамж гаргуулан ажиллаж байсан.
Нийслэлийн удирдлагаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/104 тоот захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэр малын гоц халдварт шүлхий өвчин голомтын бүс нутгуудаас зеөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж хяналтын цэг ажиллуулж ариутгал халдваргүйжүүлэлт хийх” даалгавар өгсөн. Тус захирамжийг хэрэгжүүлэн халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн хамтын оролцоотойгоор биелүүлж ажилласан бөгөөд Мал эмнэлгийн албаны бүтэц, зохион байгуулалт, хяналт, ган зуд, малын шилжилт, хөдөлгөөн, нүүдэл, Үндэсний их баяр наадам, сонгууль, хамгаалах гэж тарьсан омог, хэвшил нь таараагүй вакцин зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж Нийслэлд шүлхий өвчин гарсан. НМЭГ-ын хамт олон болон миний бие малын эмч, судлаачийн хувьд хийсэн ажлаа шалгах үүднээс санаачлага гарган анх удаа вакцины дархлаажуулалт муу байсныг илрүүлсэн түүхэн гэрч болно.
Иймд Нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллаагүй гэх бодит үндэслэл байхгүй юм. Харин ч миний биеийг “Малын өвчинтэй
тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах апбаны шуурхай, бэлэн байдлыг ханган ажилласан зэрэг” хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медаль болох Алтан гадас одонгоор 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шагнаж урамшуулсан болно.
2. Төсвийн тухай хуульд нийцээгүй.
Миний бие Төрийн албаны тухай хуулийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, Төсвийн тухай хуулийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар Төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 40.1, 40.3-т заасны дагуу миний бие харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд уг гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх үүрэгтэй. Миний бие 2016 оны үр дүнгийн гэрээг хангалттай үнэлгээтэй дүгнүүлсэн.
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу 2014 оноос 2016 он хүртэл жил бүр “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ” байгуулж хагас болон бүтэн жилээр үр дүнг тайлагнаж Нийслэлийн Засаг даргаас тухай бүр “бүрэн хангалттай" гэж дүгнэгдэж ирсэн.
Нийслэлийн Засаг дарга миний биетэй 2017 онд байгуулсан Үр дүнгийн гэрээг дүгнээгүй атлаа Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна, 40.4.2 хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж заасныг зөрчиж хариуцлага тооцож байгаа нь хуульд нийцээгүй байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн А.Н-ийн гаргасан нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016-2017 онуудын хооронд УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүгнэлтээр оношлогдсон, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу хариу арга хэмжээг муу авч хэрэгжүүлж ажилласнаас болж орон нутгийн төсвөөс төлөвлөгдөөгүй их хэмжээний зардал сүүлийн жилүүдэд гарсан.
Мөн малын гоц шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд вакцинжуулалтыг цаг хугацаанд дуусгах талаар санаачлалгүй ажиллаж, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж хариуцлагагүй ажилласан тул Нийслэлийн Засаг дарга 2017 оны Б/180 дугаар захирамжаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн захирамж батлан гаргасан.
Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан.
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Н 2013 оноос хойш түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй ажиллаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоон томилж, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийт цалин 6.133.230 төгрөгийг нөхөн олгуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсны хүрээнд шүүх хэргийг хянан үзэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий Б/180 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан малын гоц шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээр тогтоох, мал дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах талаар санаачлагагүй ажиллаж, Нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэн ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Н нь Б/180 дугаар захирамжид зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, санаачлагагүй ажиллаж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/728 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчинд мэдрэмтгий мал амьтныг вакцинжуулалтад хамруулах ажлыг 2016 оны 10 дугаар сарын 15-наас зохион байгуулж БНЭУ-д үйлдвэрлэгдсэн 3 цент футвак вакциныг тарьжээ. Үүний дараа дархлааны идэвх өндөр байх ёстой хугацаанд вакцин тарьсан малаас дахин өвчин оношлогдсон тул нэхэмжлэгч А.Н нь голомтод вакцины дархлааны идэвхийг үзэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн малаас дээж авч тандалт, шинжилгээг эпидемиологийн тооцооллоор хийхэд идэвхийн үзүүлэлт 27.4-36.16 хувьтай гарсан учраас тухайн шүлхий өвчинд өөр төрлийн вакцинаар дахин вакцинжуулах шаардлагатайг тогтоосон байна. Энэ нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталгаажсан 17-1546 дугаар , мөн тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажсан 17-1846 дугаар шинжилгээний дүнгийн хуудаснуудаар тус тус нотлогдож байна.
Мөн олон улсын шүлхийн лаборатори болох Пирбрайтын хүрээлэнгийн /Pirbright institute/ дүгнэлтэд шүлхийн вакцины нийцэл омгийн ялган танилтын тайланд “0,3-тай тэнцүү, эсхүл түүнээс их байвал ... дүйцэл байна”, “0,3-тай тэнцүү, эсхүл түүнээс бага байвал ... вакцин нь хамгаалалт үүсгэхгүй” гэжээ. Эдгээр шинжилгээний үр дүнд БНЭУ-д үйлдвэрлэсэн 3 цент футвак вакциныг хийхээ зогсоож, ОХУ-аас арарияах-вак вакциныг хэрэглэх болсон нь тухайн үед Мал эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч А.Нгийн ажилдаа хариуцлагатай, идэвх санаачлагатай хандаж, цаг алдалгүй арга хэмжээ авч, санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад тавьсны үр дүн байжээ гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 213 тоот “Вакцин хүсэх тухай” Улсын мал эмнэлэг үржлийн газарт явуулсан албан бичигт “....Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа вакцинд хамрагдсан мал шүлхий өвчнөөр дахин өвчилсөн, ... дүүргийн бүх мал амьтныг 2017 оны 08 дугаар сард ОХУ-д үйлдвэрлэгдсэн вакцинаар тарьж өвчлөлийг таслан зогсоосон. Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс бусад дүүргийн мэдрэмтгий мал амьтдад ОХУ-д үйлдвэрлэгдсэн вакцинаар тарих шаардлагатай байх тул шаардлагатай вакциныг олгож өгнө үү ...”, мөн өдрийн тус газраас Нийслэлийн онцгой коммист явуулсан 216 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигт халдварын голомтыг богино хугацаанд устгах, шүлхийн вирусийн тархалтыг хязгаарлахад “ ХХААХҮЯ-ны 2014 оны А/94 дүгээр тогтоолоор батлагдсан шүлхий өвчинтэй тэмцэх зааврыг хүн ам олноор төвлөрсөн, суурьшлын бүсэд хэрэгжүүлэхэд тохиромжгүй учир Улсын мал эмнэлэг, үржлийн газарт уламжилж шинжлэх, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталгаажсан 17-1546 дугаар шинжилгээний дүнгийн хуудас, мөн тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажсан 17-1846 дугаар шинжилгээний дүнд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах, ОХУ-д үйлдвэрлэсэн шүлхийгээс сэргийлэх вакциныг дүүргүүдийн нийт 425866 мал амьтныг вакцинжуулахад шаардагдах 439 литр вакциныг шийдвэрлүүлэх, мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн тогтоож, Улаанбаатар хотоос мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, Засгийн газрын “Журам батлах, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах саналыг тус тус хүргүүлж байсан нь тогтоогдож байна.
Мөн А.Н-ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213 , мөн 214 тоот албан бичигт “...2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд БНЭУ-д үйлдвэрлэсэн 3 цент футвак вакцин тарьсан, түүнээс 2 сарын хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төд лабораторид хүргүүлсэн. Тус лабораторийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжилгээний дүнгээр шүлхий өвчин оношлогдсон. Иймд цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж ирүүлнэ үү...” гэх албан бичгийг хүргүүлж байжээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцин тарьсан зарим малд дархлааны түвшинг яаралтай тодорхойлох тандалтыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр вирус судлаач эмч Ө.Г, ерөнхий эмч, техникийн менежер С.Ц нар хийж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Г-оос 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 203 тоот албан бичгээр “танай байгууллагаас хүсэлтийн дагуу ... санамсаргүй түүврийн аргаар авах дээжийн тоо, хэмжээг тооцоолж хүргүүлж байна...” гэх хариуг нэхэмжлэгч А.Н-д хүргүүлсэн байна.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хорио цээр тогтооно” гэж заасан тул маргаан бүхий Б/180 дугаар захирамжийн нэг үндэслэл болсон “...Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан малын гоц шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээр тогтоох...” гэснийг хэрэгжүүлээгүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016-2017 онд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр оношлогдсон, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу хариу арга хэмжээг муу авч хэрэгжүүлж ажилласнаас болж орон нутгийн төсвөөс төлөвлөгдөөгүй их хэмжээний зардал сүүлийн жилүүдэд гарсан, ... ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, ... А.Н нь 2013 оноос Мал эмнэлгийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй...” гэх тухайд.
2016-2017 онуудад шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу арга хэмжээг муу авч хэрэгжүүлснээс орон нутгийн төсвөөс төлөвлөгдөөгүй их хэмжээний зардал гарсан нь нэхэмжлэгч А.Н-ийн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, хариуцлагагүй ажилласантай холбоотой болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын аливаа нэгэн шийдвэр, мөн зөрчлийг тогтоож түүнд сахилгын ямарваа нэгэн шийтгэл оногдуулсан нь тогтоогдохгүй байгаагаас гадна энэ тухай хариуцагчаас нотолж чадсангүй.
Нэхэмжлэгч А.Н нь Нийслэлийн Засаг даргын Б/57 тоот захирамжаар 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно”, ”Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.1-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасан.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийн салшгүй хэсэг болохын хувьд нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бөгөөд шүүх хуралдаанд 2013 оноос тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаагүй шалтгааныг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...өмнөх Д.У даргад албан тушаалтай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсч мөрдөн байцаах ажиллагаа 2 жил үргэлжилж 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолоор ял, шийтгэл эдэлсэн. Иймд 09 дүгээр сарын 26-ны өдөр өмнөх даргын асуудал нэг мөр шийдэгдсэн учраас А.Н-г жинхлэх бололцоо бий болсон боловч тухайн өдрөөс 10 хоногийн дараа ажлаас халсан тушаал гарсан” гэх тайлбар хийсэн тул нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад ороогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээрх журмын 3.2-т “эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараах тохиолдлыг тооцно”, 3.2.7-д “Хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч 2013 оноос хойш Нийслэлийн мал эмнэлгийн газрын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг байгуулж, 2014 онд “сайн” , 2015 онд “маш сайн” үнэлгээтэйгээр гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагчаас дүгнэжээ. Харин 2016 оны гэрээний биелэлтийг дүгнээгүй байх ба 2017 оны үр дүнгийн гэрээг нийслэлийн Засаг дарга С.Б нэхэмжлэгч А.Нтай 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусах хүртэл хугацаагаар байгуулсан байна. Энэхүү үр дүнгийн гэрээний 2-т төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээн үүргийг тодорхойлсон байх бөгөөд 2.7-д ...Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын хавсралт 2-т заасан загвар ... байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу хагас бүтэн жилээр үнэлж дүгнэнэ” гэж заажээ. Нэхэмжлэгч А.Н нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн 2017 оны хагас жилийн байдлаарх тайланг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тайлагнаж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл нийслэлийн Засаг даргын маргаан бүхий Б/180 дугаар тушаал нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан нь А.Н-ийн үр дүнгийн гэрээг 2016 оны бүтэн жилээр, 2017 хагас жилээр холбогдох журмын дагуу дүгнээгүй, мөн 2017 оны гэрээг ямар хууль зүйн үндэслэлээр 3 сарын хугацаатай байгуулсан нь ойлгомжгүй байна.
Иймд 2016-2017 оны хооронд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн эрх бүхий албан тушаалтан нийслэлийн Засаг даргын шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Н-г ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/180 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хөндөж, хариуцагчийн санаачилгаар түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа атлаа чухам ямар хууль зүйн үндэслэлээр албан үүргээс нь чөлөөлж байгааг тодорхой заагаагүй зөвхөн “...эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана...” гэсэн нийтлэг заалтыг барьсан нь захиргааны актад тавигдах материаллаг болон формаль шаардлагад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад орж, төрийн жинхэнэ албан хаагч болж баталгаажаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.2.7-д “Хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх” гэж зааснаар нийслэлийн Засаг даргын захирамжаар Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд тэрээр Монгол Улсын зөвлөх малын эмч, мал эмнэлгийн ухааны доктор, өөрөөр хэлбэл, тухайн салбараар мэргэшсэн боловсон хүчин байх тул хууль зүйн үндэслэлгүйгээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “төрийн алба мэргэшсэн, тогтвортой” байх зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... А. Н-ийн оронд одоо н.А гэж хүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа, түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөөд, оронд нь ажиллуулсан хүн төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, гаднаас орж ирсэн хүн байсан учраас түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэх тайлбараас дүгнэхэд Мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-г ажлаас нь чөлөөлсөн атлаа тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, төрийн албаны эрх бүхий байгууллагаас шаардлага хангаж, санал болгосон хэн нэгнийг биш харин дахин тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилж байгаа нь буруу байна.
Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байх тул А.Н-г урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах боломжтой юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй, 36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно” гэсэн хуулийн зохицуулалттай байна.
Нэхэмжлэгч А.Н-г нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар ажилд томилохдоо сарын үндсэн цалинг ТЗ-10-4 шатлалтын дагуу 757189 төгрөгөөр тогтоосон байх ба Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолоор ТЗ-10-4 шатлал нь 870767 төгрөг болсон байна.
Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Н-гийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-10-4 шатлалын дагуу 870767 төгрөг, докторын зэргийн 15 хувь, төрийн алба хаасан нэмэгдлийг 20 хувиар бодож нийт 7.284.758 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.969.987 төгрөгийг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Н-гийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Н-г урьд эрхэлж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр 10-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн цалинг ТЗ-10-4 шатлалын дагуу 870767 төгрөг, докторын зэргийн нэмэгдлийг 15 хувь, төрийн алба хаасан нэмэгдлийг 20 хувиар бодож нийт 7.284.758 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.969.987 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Н-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Д