Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 751

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01422 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХХын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ, түүний нөхөр ХХХХ нар нь миний эзэмшлийн БНХАУ-д үйлдэрлэсэн Норт бенз маркийн, 28-51 УБЧ улсын дугаартай ачааны автомашиныг 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийг төлж дуусгахаар тохиролцон худалдан авсан. Миний машинаар Өмнөговь аймгийн Таван толгойд нүүрсний тээвэрлэлт хийж ашиг олж байсан боловч надад худал тайлбар хэлж намайг хуурч мэхлэн таг чиг алга болцгоосон. Ингээд машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тэдэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201301051929 дугаартай хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэг байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн хугацаанд ХХХХ нь надад 80 000 000 төгрөгөө өгнө гэж өөрийн гараар удаа дараа тайлбар бичиж өгч байсан боловч хэлсэн амандаа хүрээгүй, намайг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. ХХХХ нь хүнд зараад өгье гэж хэлээд, надаар худалдах худалдан авах гэрээ байгуулан ор сураггүй алга болсон, машиныг Өмнөговь аймагт хүнд зарсан байсан. Иймд ХХХХ, ХХХХ нараас ачааны авто машины үнэ 80 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үнэ 56 200 000 төгрөг, гэрээний 7 дахь хэсэгт заасны дагуу 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцсон алданги 28 100 000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 84 370 200 төгрөгийг хариуцагч ХХХХаас гаргуулж өгнө үү. ХХХХөөс нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ХХХХ би ХХХХ-тэй танилцаад 20-иод жил болж байна. Өмнөговь аймагт Таван толгой нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж байхад ХХХХ нь Гашуун сухайтын боомт дээр гаалийн байцаагч байсан. Манай компани Таван толгойн нүүрсний уурхайгаас нүүрс БНХАУ-руу тээвэрлэдэг үйл ажиллагаа явуулдаг байсан. 2009 онд шинэ нүүрс тээвэрлэдэг автомашин БНХАУ-аас оруулж ирсний нэг машиныг ХХХХ гуйсны дагуу 50 хувийн төлбөрийг авч үлдсэн төлбөрийг хийсэн ажлын хөлсөөр төлүүлэн 2010 оны сүүлчээр ХХХХ-ийн нэр дээр автомашиныг шилжүүлж өгч өөрийнх нь хүсэлтийн дагуу өөрийнх нь жолоочид хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд ХХХХ нь автомашины хийсэн ажлын хөлсний тодорхой хувийг машины төлбөрт авч, тодорхой хувийг ашиг гэж өөрт нь олгож байсан. Машинаа хүлээж авснаас хойш жолооч нь сайн ажиллуулж чадаагүйн улмаас маш их эвдсэн. ХХХХ өөрөө ч машинаа их засуулсан. Машинаа зармаар байна, худалдаж авах хүн олж өгөөч гэж гуйж байсан. Тэгэхээр нь би Мэндийн говь гэдэг компанийн захирал ХХХ-д хэлж өгч машиныг нь авах уу гэж асуусан. Ингэсний дараа ХХХХ Золжаргал нар хоорондоо уулзаж байгаад их эвдрэлтэй байсан учир машиныг 20 сая төгрөгөөр худалдаж, мөнгийг ХХХХ өөрөө аваад нотариат орж нэрийг нь шилжүүлж өгсөн болно. Энэ явдлаас хойш ХХХХ чамаас болж алдагдалд орлоо, машинаа хямд зарлаа, чи мөнгө нэмж өг гэж дайрч эхэлсэн. Бүр сүүлдээ гэрт нотариатч дагуулж ирж хэрүүл маргаан хийж байж гэрээнд гарын үсэг зуруулж авч явсан. ХХХХ өөрөө машинаа худалдан авагчтай уулзаж тохирч худалдсан мөртлөө надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ХХХХ би ХХХХ-тэй эхнэр ХХХХын танил хүн, найз, Өмнөговьд цуг ажил хийх гэж байгаа хүн гэж 2009 онд танилцсан. ХХХХ ХХХХ нарын хоорондох автомашины асуудлыг би огт мэдэхгүй. Анхнаасаа надтай гэрээ, хэлцэл байхгүй, сүүлд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эхнэрийг шалгуулсныг мэднэ. Надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч ХХХХаас 56 270 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч ХХХХд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 916 350 төгрөгийн 758 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 158 049 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч ХХХХаас 438 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ болон автомашины өмчлөгч ХХХ нарын хооронд биш, ХХХХ бидний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн нь буруу боллоо. Гэрээний харилцаа үүсэх хүсэл зоригийн илэрхийлэл нь ХХХХ надад тээврийн хэрэгслээ худалдах гэсэн бус уг автомашиныг ашиглах чадвартай, авах сонирхолтой хүнд боломжийн үнээр зараад өгөөч" гэсэн гуйлт хүсэлт байсныг шүүх анхаарсангүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага эрүүгийн журмаар шалгасан баримт хэрэгт авагдсан байхад шийдвэр гаргахдаа огтхон ч үнэлсэнгүй. ХХХХ ХХХ-д автомашинаа худалдсанаас хойш "бага үнээр зарлаа, мөнгө нэмж өгөөч" гэж ганц удаа ч шаардаж байгаагүй атлаа зөвхөн надаас мөнгө нэхэж янз бүрийн байдлаар гарын үсэг зуруулж баримт авсныг "худалдах худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл" гэж үзэхгүй байна. ХХХХ нь 20 000 000 төгрөг авснаа цагдаагийн байгууллагад мэдүүлж байсан мөртлөө иргэний шүүх дээр 16 000 000 төгрөг авсан мэтээр багасган мэдүүлснийг шүүх анхаарч үзэлгүйгээр автомашины үнийг өөрийн санаачлагаар 56 200 000+16 000 000=72 200 000 гэж тогтоож гэрээний оролцогч юм шиг загнасанд гайхлаа. Анхан шатны шүүх хурал дээр ХХХХ автомашинаа хэдээр худалдахаар тохирсон бэ гэдэг асуултад хариулж чадаагүй байхад шүүх таамаг хийсвэрээр гэрээний зүйлийн үнийг тогтоосонд гомдолтой. 2010 оны 10 сараас эхлэн ХХХын өмчлөлд байгаа автомашиныг ХХХХ 2011 оны 7 сард надтай байгуулсан гэх гэрээндээ 56 200 000 төгрөг гэж тодорхойлж бичээд бэлдсэн байхдаа гарын үсэг зуруулсан. Гэрээг гэрчилсэн нотариатч шүүх хурал дээр "автомашиныг өмчлөгч бус гээд бусдад худалдахаар гэрээ байгуулж байгааг яагаад шалгаагүй вэ" гэдэг асуултад хариулж чадаагүй. Бодит байдал, баримт, шүүхийн дүгнэлтүүд зөрүүтэй байна. Шаардлагатай бол эрүүгийн хэргийн баримтуудыг гарган өгч шүүхээр дахин шийдвэрлүүлэх боломж байгаа гэж ойлгож байна. Гэвч энэ асуудлаар насан туршдаа шалгуулж, шүүх цагдаагаар явахад үнэхээрийн хүндрэлтэй байна. Автомашины үнийг 2011 оны худалдах, худалдан авах гэрээнд заасан 56 200 000 төгрөгөөр тооцож, ХХХХд төлсөн 20 000 000 төгрөгийг хасвал 36 200 000 төгрөгийн үлдэгдэл гаргахаар байна. Харин шүүх надаас гэрээний үнэ олох 56 200 000 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар шийдсэнийг зөвшөөрөхгүй байна. Харин намайг эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөгийг гаргуулах зардлыг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд надаас 36 270 000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж багасган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 80 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 120 070 200 төгрөг, эцэст нь 84 37 200 төгрөг болгон өөрчилж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч 70 200 төгрөгийг төлнө автомашиныг, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, ХХХ худалдан авсан гэж маргажээ.

 

Автомашиныг худалдах саналыг ХХХ-д ХХХХ тавьсан, автомашины үнийн талаар ХХХ нь ХХХХтай хэлэлцэн тохиролцож байсан, автомашины үнийн 20 000 000 төгрөгийг ХХХ нь ХХХХд төлсөн болох нь тус тус тогтоогдсон.

 

ХХХХ нь тээврийн хэрэгслийг худалдах хүсэл зоригоо ХХХХд илэрхийлснийг хариуцагч ХХХХ нь хүлээн авч талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хожим буюу 2011 оны 7 сарын 21-ний өдөр ХХХХ, ХХХХ нарын хооронд байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээ, ХХХХаас ХХХХд бичиж өгсөн 2012 оны 12 сарын 28-ны өдрийн ...80 000 000 төгрөгийг 2013 оны 01 сарын 10-20-ны хооронд 2-3 хэсэгчлэн төлж дуусгах агуулгатай бичиг, 2013 оны 4 сарын 8-ны өдрийн ...80 000 000 төгрөгийг 2013 оны 4 сарын 20-ны өдөр төлж дуусгах агуулгатай бичиг, 2013 оны 4 сарын 30-ны өдрийн ...80 000 000 төгрөгийг 5 сарын 10-ны дотор төлж дуусгах агуулгатай бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээр дурдсан гэрээ болон бичгүүдийг ХХХХ өөрийн хүслээр бус бусдын дарамт шахалтын дор бичсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ болон хариуцагч ХХХХ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХаас автомашины үнийг шаардах эрхтэй байна.

 

Талууд 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний 7 дахь заалтад “Хэрэв төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлнө. Алданги тооцох хугацааг 2011 оны 9 сарын 1-ний өдрөөс тооцно” гэж тохирсны  дагуу нэхэмжлэгч хариуцагчаас алдангид 28 100 000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэхүү гэрээ нь автомашин гуравдагч этгээдэд шилжсэнээс хойш хожим нөхөж байгуулагдсан гэрээ бөгөөд талууд автомашиныг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон үеийн хүсэл зориг биш, талууд хүсэл зоригоо илэрхийлэх үед бичгээр гэрээг байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан үр дагаврыг үүсгэхгүй гэж анхан шатны шүүх тус тус  дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин  талуудын хооронд 2011 оны 07 сарын 21-ний өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ /хх-5/-нд автомашины үнийг 56 200 000 гэж тохирсон байхад шүүх 72 000 000 гэж тооцон дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд тэдний тохирсон гэрээний үнэ болох 56 200 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн авсан, нотлох баримтаар тогтоогдсон 16 000 000 төгрөг /хх-140/-ийг хасч 40 200 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 40 070 400 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56 270 200...” гэснийг “...40 070 400...” гэж, 2 дах заалтын “...438 950...” гэснийг “...200 510...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                                                         Б.НАРМАНДАХ