Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01412

 

М.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1092 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: М.Т

         Хариуцагч: Ханд холбогдох

         Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх, тээврийн зардалд 299.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

      Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албыг хашиж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016-12-09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-05- 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр сайдын Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5.799.119 төгрөгийг яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар 2017-12-22-ны өдөр эхний цалин 5.799.119 төгрөгийг олгосон. Үлдсэн хугацааны цалин болон ажилд эгүүлэн томилох асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017-05-16-ны өдрөөс хойш энэ шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болон нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу шуудан тээврийн зардал 21.000 төгрөгөөр тооцож 14 удаа ирж очсон, нийт зардалд 299.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан олговрыг олгосон. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг бөгөөд яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3-т зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Манай байгууллага Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017-12-12-ны өдөр хүргүүлсэн албан тоотдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасны дагуу М.Т өөрөө нийтийн албанд нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гарган Авилгатай тэмцэх газарт хянуулан дүгнэлт гаргуулах ёстой гэдгийг хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Харин тээврийн зардалд нэхэмжилсэн 299.600 төгрөгийн талаар тусгайлан хэлэх зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т тус тус зааснаар хариуцагч Хнаас 11.544.470 төгрөгийг гаргуулж М.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 107.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 11.351.870 төгрөгийн олговроос шимтгэл тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар М.Тын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174.939 төгрөгийн 9.638 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 165.301 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Тд олгож, хариуцагчаас 203.008 төгрөг гаргуулж, үүнээс 6.428 төгрөгийг М.Тд олгож, 196.580 төгрөгийг улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1092 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх М.Тын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, ИХШХШТХ-г зөрчиж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцсэнгүй. Нэхэмжлэгч нийтийн эрх зүйн албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд ажил албан тушаалд томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авилгатай тэмцэх газар хянуулсны үндсэн дээр томилогдох ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч уг мэдүүлгийг гаргаж өгөхөөс татгалзсанаар бид хуулийн дагуу нэхэмжлэгчийн ХАСУМ-ийг хянуулах боломжгүй байдал үүссэн. Энэ шаардлага биелэгдээгүй учраас нэхэмжлэгч талаас шалтгаалсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учирч байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           М.Т 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөр нийгэм хамгааллын яамд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017-05-16-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны ажилгүй байсан олговор 9,699,705 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх, шүүх хуралдааны ажиллагаанд оролцоход ирж буцсан зардал 299,600 төгрөгийг шаардсан байна. /хх 1, 33, 69/

         Анхан шатны шүүх хариуцагчаас олговор 11,351,870 төгрөг, тээврийн зардал  192,600 төгрөг нийт 11.544.470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн...нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авилгатай тэмцэх газар хянуулсны үндсэн дээр томилогдох ёстой ч мэдүүлгийг гаргаж өгөхөөс татгалзсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учирч байна...шүүх энэ байдалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэсэн үндэслэл заасан  байна.

        Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        М.Тыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажил олгогчоос 5.799.119 төгрөг гаргуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн 372 дугаар шийдвэр  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.09.20-ны өдрийн 307 дугаартай тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.  

        Нэхэмжлэгчийг Сүхбаатар аймгийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байх тул шүүх хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс энэ иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон  гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

        Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийн заалт нь  нийтийн албанд нэр дэвшсэн этгээдэд хамааралтай зохицуулалт байх тул ажлаасаа үндэслэлгүй халагдаж хуучин ажилдаа эгүүлэн тогтоогдож байгаа ажилтанд тавигдах хуулийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй юм.

         Түүнчлэн, шүүх хэрэгт буй нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, тээврийн зардалд 192.600 төгрөг гаргуулж, уг нэхэмжлэлээс үлдэх 107.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зөв болжээ.

         Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Харин шүүх хариуцагчаас 192.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо Иргэний хуулийн ерөнхий ангийн заалтыг баримталсан нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1092 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...9 дүгээр зүйлийн 9.4.4...” гэснийг “...497 дугаар зүйлийн 497.1...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ