| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/08638/И |
| Дугаар | 101/ШШ2017/00137 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2017/00137
2017 оны 01 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2017/00137 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18/3-55 тоотод байрлах, “Натурал Стоун” ХХК /РД:5225159/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК /РД:5483689/-д холбогдох,
5,485,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өэлүн-Үжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинсайхан, нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Натурал Стоун” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “Натурал Стоун” ХХК нь хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-тай HQ EZY AZ камер тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр DRL-TG 004/14 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээний дагуу тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг өдрийн 190,000 төгрөг, түрээслэгч түрээсийн төлбөрийг 30 өдрөөр тооцож 5,700,000 төгрөгийг тоног төхөөрөмжийг хүлээн авахын өмнө урьдчилан төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК уг тоног төхөөрөмжийг нийт 70 хоног түрээслэсэн бөгөөд түрээсийн төлбөр 13,300,000 төгрөг болсон бөгөөд энэ төлбөрөөс 8,320,000 төгрөгийг “Натурал Стоун” ХХК-д төлсөн бөгөөд үлдэгдэл 4,980,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,980,000 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 498,000 төгрөг, нотариатын зардал 7,700 төгрөг, нийт 5,485,700 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Натурал Стоун” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-д холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4, 106.5-ийн дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, эвлэрлийн гэрээ хийх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Натурал Стоун” ХХК хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-д холбогдуулан “түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,980,000 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 498,000 төгрөг, нотариатын зардал 7,700 төгрөг, нийт 5,485,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 5,485,700 төгрөгийг нэхэмжлэгч “Натурал Стоун” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн болох нь хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-ийн шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК нэхэмжлэгч “Натурал Стоун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,485,700 төгрөг /таван сая дөрвөн зуун наян таван мянга долоон зуу/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 102,721 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Натурал Стоун” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ