Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 0923

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Д.Д...........н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тоть овогт Д...........нгийн Д...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0232 61196 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тоть овогт Д...........нгийн Д...........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1959 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Д...........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 186 тоотод хохирогч Ж.Э...........гийг “миний дүүг ад үзсэн” гэх шалтгааны улмаас түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой руу цохих, хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д...........н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ж.Э...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д...........нтэй 1986 онд нэг гэрт орсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д...........н төрсөн дүү Б..........гстэй хамт гэртээ орж ирээд “Б..........гсийг Наркологийн эмнэлгээс гаргаж ирлээ” гэж хэлж байсан. Д...........н дүүгээ дагуулаад С..........дын гэр рүү нүүрс буулган гэж хэлээд явсан. Орой нь Д...........н 21 цагийн үед дүү Б..........гсийг дагуулаад орж ирэхээр нь би Д...........нд хандаж “чи Б..........гсийг усанд оруулахгүй охины гэрт авч очлоо” гэж хэлсэн. Д...........н уурлаад машиндаа хононо гээд дүүгээ дагуулаад гарсан... орой 18 цагийн үед Д...........н архи ууж орж ирээд над руу үглээд “чи миний дүүг ад үзлээ” гэж хэлээд үсдээд миний толгой руу 2-3 удаа цохиод намайг тонгойлгож байгаад миний хэвлий рүү хоёр удаа өшиглөсөн. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

2. Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудаст “...Дуудлага өгсөн огноо: 07/17/2020 18:44:26... хаяг: 2 дугаар байрны 186 тоот...” гэх баримт (хавтаст хэргийн 03), 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8307 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун бугалгын ар доод хэсэгт 1.5х1.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай

2020.7.18-ны Натур эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд: Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай, зүүн талын хажуугийн ховдол баруун талын хажуугийн ховдолтой харьцуулахад хэмжээ бага зэрэг өргөссөн, байрлал хэвийн...ДҮГНЭЛТ

1. Ж.Э...........гийн биед тархи доргилт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23),

3. Шүүгдэгч Д.Д...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би төрсөн дүү Б..........гсийг Наркологийн эмнэлгээс гаргаж аваад хамт машинтайгаа яваад Жигжид зусланд охин С..........дын гэрт нь нүүрс буулгаад тэндээ хонох гэж байгаад болиод дүү Б..........гсийн хамт гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Эхнэр Э...........г чи зуслангаас сүүний сав, гудас авч ирсэнгүй, гэртээ ирсэн хүнийг хаана унтуулах юм бэ гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би дүү Б..........гсийг дагуулаад гэрээсээ гараад явсан....маргааш нь би ...16 цагийн үед гэрийнхээ гадаа ирээд...дэлгүүр орж 0.33 литрийн архи аваад машиндаа сууж байгаад ганцаараа уусан. Би гэртээ 17 цаг өнгөрч байхад орсон санагдаж байна. ...би Э...........гт хандаж төрсөн дүү Б..........гсийг өмөөрсөн өнгө аястай үг хэлээд тэрнээс болж хэрүүл маргаан болсон....би уурлаад эхнэрээ нэг удаа алагдсанаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 48-50), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 45-46),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 54-55), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 56-58), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 59),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 39), Тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 40-41) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Д...........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Д...........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 186 тоот гэртээ, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогч Ж.Э...........гийг “миний дүүг ад үзсэн” гэх шалтгааны улмаас шууд санаатай үйлдлээр, толгой руу цохиж эрүүл мэндэд нь халдан түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ж.Э...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед Д...........н архи ууж орж ирээд над руу үглээд “чи миний дүүг ад үзлээ” гэж хэлээд үсдээд миний толгой руу 2-3 удаа цохиод намайг тонгойлгож байгаад миний хэвлий рүү хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудаст “...Дуудлага өгсөн огноо: 07/17/2020 18:44:26... хаяг: 2 дугаар байрны 186 тоот...” гэх баримт (хавтаст хэргийн 03), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8307 дугаар дүгнэлт “...1. Ж.Э...........гийн биед тархи доргилт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23),

- Шүүгдэгч Д.Д...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ 17 цаг өнгөрч байхад орсон санагдаж байна. ...би Э...........гт хандаж төрсөн дүү Б..........гсийг өмөөрсөн өнгө аястай үг хэлээд тэрнээс болж хэрүүл маргаан болсон....би уурлаад эхнэрээ нэг удаа алагдсанаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Д...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манай дүүг ад үзлээ” гэх сэдэлтээр хохирогч Ж.Э...........гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Д...........н хохирогч Ж.Э...........г нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Д...........нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д...........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Д...........н, хохирогч Ж.Э...........г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.Д...........нд улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Д...........нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 2008 0232 61196 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.