Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Б--Эрдэнэ,  

         Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-од холбогдох эрүүгийн 2038002500273 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Төх” гэх газарт “Тоёота Клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаааны хэм хэмжээний актыг зөрчиж, батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж хөдөлгөөнд оролцож, жолоодон явсан тээврийн хэрэгслээ хонхор жалга руу хариалгаж үүний улмаас хүчтэй донслого үүсч уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан иргэн Р.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Төх” гэх газарт “Тоёота Клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаааны хэм хэмжээний актыг зөрчиж, батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж хөдөлгөөнд оролцож, жолоодон явсан тээврийн хэрэгслээ хонхор жалга руу хариалгаж үүний улмаас хүчтэй донслого үүсч уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан иргэн Р.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002500273 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бодлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай цаг уурын ажилчид миний бие өөрөө Амартүвшин, Далай, Долгорсүрэн бид нар Ренчинлхүмбэ сумын 2 дугаар баг Усрын ам гэх газар очиж цасны зузаан нягт хэмжихээр явсан. Би тэндээс шууд Цагааннуур сум орсон. Манай мэргэжил нэгт ажилчин Сүнжидмаа гэдэг айлд очсон.”...Малын их жим, жалга байсан тэрэн дээр машины урд талд юм мэдэгдээгүй, хойд тал нь их доригсон юм шиг байсан. Эмгэн нуруу минь өвдлөө гэсэн, бид зогсоод яасан ийсэн талаар асуусан, тэгтэл миний нуруу болохгүй байна гээд бид нар 1 метр 20 см урттай модон рекен шугам авч явсан юм. Тэрийг нуруу руу ирээд цохичихлоо гэж хэлсэн...гэх. /хх-12х/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж, эвлэрлийн гэрээ хийсэн...гэх мэдүүлэг.

Хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төхийн өврийн явж байхад хонхор руу орохдоо хурдаа хасалгүй ороод донслоод зогссон. Донсолсноос үүдэж миний нуруу өвдсөн энэ талаар тэд нарт хэлсэн....” Тухайн үед нурууруу татаж өвдөөд хэвтэхээрээ босож чадахгүй, сууж чадахгүй байсан. Одоо миний нуруу өвдөж байна. Одоо би хагалгааны мөнгөө нэхэмжилмээр байна...гэх. /хх-26х/,

Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой манай дүү Оюунболор залгаад ээж машинд суугаад сумын төв орохоор яваад эргэж ирээд бие муу байна яасан гэж асуухад нуруу бөөрөөр өвдөөд байна хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Юунаас болсон гэхэд машинтай явж байгаад машин нь эрэг рүү үсэрсэн юм шиг байна гэж хэлсэн. ...мэс засалд үзүүлээд нурууны зураг авахуулаад нурууны хугарал гээд хот руу явуул гэхээр би аваад хотод очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зураг авахуулаад шууд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

Гэрч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Даваа унаа олдохгүй байна, хадам ээжийг аваад яваач тэгэхээр нь Б.Б- бид нар замдаа ажилтай амжихгүй л гэж хэлж байсан. Явахаар Р.Б- эгч ачаагаа машины дугуйны хажууд тавьсан бэлдсэн байсан. Тэгээд аваад явсан. Төх гэх газарт явж байхад донсолсон Р.Б- ёоё гээд нуруугаа барьж байсан. За та яачих ваа гээд бид нар асуухад нуруу өвдчихлөө гээд тиймэрхүү зүйл хэлсэн. Бид нар ойрхон явж байгаа учраас буцаагаад аваачаад өгье гээд буцаж явсан. Буцаж явах замд машин цасанд сууж 1 цаг орчим ухаж байгаад гарч Р.Б- эгчийг хүргэн Даваагийн гэрт нь аваачиж өгсөн. Даваа болон түүний эхнэрт бид нар учир байдлаа тайлбарлаж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...жолооч Б.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7з-т “...батлагдсан замаас гарч шинэ зам гаргах” гэх дүгнэлт /хх-40-41х/,

Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт:

  1. Р.Б-гийн биед сээрний 11, 12 нугалмын их биеийн шахагдсан хугарал, нуруун доод хэсэгт мэс заслын сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Р.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16х/,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-53х/, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54х/, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн Засаг даргын 73 дугаартай тодорхойлолт /хх-55х/, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн Засаг даргын 138 дугаартай тодорхойлолт /хх-56х/, шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийн хуулбар хувь /хх-57х/, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүгдэгч Б.Б-ын аймгийн Прокуорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх туха хүсэлт /хх-64х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038002500273 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Төх” гэх газарт “Тоёота Клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаааны хэм хэмжээний актыг зөрчиж, батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж хөдөлгөөнд оролцож, жолоодон явсан тээврийн хэрэгслээ хонхор жалга руу хариалгаж үүний улмаас хүчтэй донслого үүсч уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан иргэн Р.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулж, эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. ...” гэх мэдүүлэг,

-Хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-26х/,

-Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт /хх-16х/,

-эвлэрлийн гэрээ /хх-53х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эрүүл мэндэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгч нийт 1.600.000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, эвлэрлийн гэрээ, талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Б.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б- нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв.

Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б-ын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН