| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0727/Э |
| Дугаар | 0850 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 0850
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч М.Амарзаяа,
иргэдийн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-, түүний өмгөөлөгч С.Батнасан /ШТЭД-2978/,
шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Л.Баттогтох /ШТЭД-2643/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн 2008 01431 0527 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Хишиг арвин” ХХК-д хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 7 дугаар гудамжны __ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Д.М /РД: _________/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Залуус” хорооллын 45б байрны .... тоотод иргэн Д.М-г 6 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 625 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, мөн гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахтай холбоотой дүгнэлтүүд /1хх183-191/-ийг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ хохиролтой холбоотой баримтууд /2хх187-240/, мөн хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/, гэрч Г.Д мэдүүлэг /хх97/, гэрч Д.Б мэдүүлэг /1хх100/, гэрч Ц.З мэдүүлэг /1хх105/, тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн 2351, 2353 дугаар шинжилгээ /2хх89, 2хх94/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх117, 124/, хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт, хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт 1 хуудас тус тус шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч Д.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Цагдаагийн байгууллагад 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21:52 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын 3 дугаар орны 5 давхарт гал гараад байна” гэсэн дуудлагын хуудас /1хх3/,
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын хуудаст “2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22:13 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус 1 хорооллын 3 дугаар орцны 5 дугаар давхрын ..... тоотын 00 өрөөнд нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх4/,
3. Хэргийн газрын үзлэг хийсэн “...нойлын өрөөний үүдэнд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нүцгэн хөлний мөр байсныг №2 гэж, хаалганаас баруун гар тал руу нүцгэн хөлийн мөр байсныг №3 гэж, үзлэгийг 00-ын өрөөнд явуулахад шал нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон..., хар өнгийн нийт 25 см урттай, 13х3 см хэмжээтэй ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэгийг хураан авахад улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв..., шүршүүрт толгой нь баруун мөрөнд нааж байрласан, өвдөг тохойгоор нугалж ургийн байрлалд орсон, бөгсөн хэсэг шүршүүрийн хагас дугуй хэрэг рүү шахсан байдалтай, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж ирж коридорт байрлуулахад дээгүүрээ баруун өнгийн цамцтай, доогуураа нүцгэн, баруун гар тохойгоор нугалж, зүүн хацарт хүрсэн, баруун гар тохойгоор нугалж хэвлийд байрласан, өвдөгөөрөө нугарсан байрлалтай байв...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх5-10, 11-33/,
4. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Цогцос нь дээгүүрээ хөх өнгийн цамцтай, өөр биед өмссөн хувцасгүй..., хүзүүний зүүн дунд хэсэгт хөндлөн байрлалтай 6х1 см арьсны давхаргыг хамарсан шархтай, цээжний зүүн хэсэгт өвчүүний хажуугийн 2 дугаар шугамаар зах ирмэг тэгш ташуу байрлалтай, 7 цагийн түвшинд тэгш ирмэгтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн 2.5х0.6 см шархтай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт босоо байрлалтай 2.5х0.6 см, 6 см гүн шархтай ба уг шархны доод хэсэгт 2х1 см, 0.4 см гүн дээш чиглэлтэй шархтай. Уг шархны ар доод хэсэгт 2.3х0.7см арьс, өөхөн давхаргыг хамарсан гуяны ар хэсэг рүү сүлбэсэн 4 см шархтай. Зүүн гуяны дотор дунд хэсэгт хөндлөн байрлалтай 2.5х1 см гадагшаа чиглэлтэй 7.6 см гүн, уг шархны доод ар хэсэгт ташуу байрлалтай 2.5х0.8 см арагшаа доош арьс, өөхөн давхаргыг хамарч сүлбэсэн 4.3 см шархтай. Зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт 2х1 см арьсны давхарга хууларсан байв. Хүүрийн хөшилт эрүү, хүзүү, дээд, доод мөчдөд тод илэрсэн байна...” гэсэн түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх43-52/,
5. Гэрч М.Ц-ийн “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 52 минутанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хороолол 48 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт гал гарсан гэх дуудлагын дагуу Б- захирагчтай 3 дугаар салааны хамт уг дуудлагад 2-3 минутын дараа ирж Б- хамт ..... тоот хаалганы хажууд ирэхэд хаалга хаалттай хэрнээ цоожгүй татахад онгойсон. Ороход 1 өрөө байр байсан ба утаа ихтэй харагдах орчин хязгаарлагдмал хаалгаар ороход баруун хананд буйдан шатаж байсан. Буйданг чирээд орцонд гаргасан ба өөр шатсан эд зүйл байгаагүй. Буйдан байсан талын хана ихээр халсан байсан учраас ус цацахаар ариун цэврийн өрөөний хаалгыг нээж гар чийдэнгийн гэрэл асааж үзэхэд хүний хөл харагдах шиг болохоор нь дахиад гэрлээ тусган харахад душ дотор толгой нь доошоо харсан 2 хөл нь дээшээ харсан, их бие хөлөөрөө нугарсан байдалтай, хувцасгүй нүцгэн цогцос байсан. Цогцосны ойролцоо цус ихээр урссан байдалтай байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх144-145/,
6. Гэрч Б.С-ын “...Би залуус хорооллын 48 дугаар байрны залуус дэлгүүрт 2019 оны 10 дугаар сараас эхлэн худалдагчаар ажиллаж байна. М гэх хүн манайхаар хааяа үйлчлүүлдэг бөгөөд орж ирэхээрээ архи, пиво, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэргийг авдаг. Сүүлд 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 25 минутанд М 30 гаруй насны нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирээд 0.75 литрийн Хараа архи, нарийн хиам 1 ширхэг, шоколад зэргийг аваад М- өөрөө Хаан банкны карт уншуулаад гарсан. Хамт орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй бор өнгийн бор савхитай, 170-175 см орчим өндөр, бордуу царайтай, өөртөө таарсан махлаг 30 орчим насны залуу байх шиг байсан. Нэгнийгээ хөгшөөн, найзаа гэж дуудаж байсан. Манайх хяналтын камерын бичлэгтэй, цаг нь байгалийн цагтай таарч байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх152-153/,
7. Гэрч Ж.С-ийн “...2020 оны 02 дугаар сараас М- гэх залуу Хишиг Арвин компанид галчаар ажилд орсон.., М- гэх залуу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамгаалагчаар ажилд орсон байсан. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхад М- нь ажлаасаа бууж байна, М-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын үүдэнд байна гэж над руу залгаж “хүрээд ир” гэсэн. Тэгээд би Залуус хорооллын үүдэнд очиж М-, М- гэх хоёр залуутай уулзсан. Залуус хорооллын “Залуус” гэх дэлгүүрээс М-, М- хоёр 0.75 литрийн архи аваад М-ын гэр болох 81 тоотод бид гурав орж архи уусан. Архи ууж байхад М- “танай гэрт очиж байрны чинь зохион байгуулалтыг үзэж хармаар байна, байр сонирхож байгаа” гэхээр нь бид М-ын гэрээс гарч замдаа залуус нэртэй дэлгүүрээс М- нь 0.75 литр архи, 0.5 литрийн Хараа архи чихэр, чипс болон сүү, чихэр зэргийг аваад манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 50а байрны 31 тоотод ирсэн. Манайд ирээд 0.75 литрийн архиа уучихаад М-, М- 2 үлдсэн 0.5 литрийн архиа аваад 16 цагийн үед гарсан. Би М-, М- хоёрыг байрны орцоор гаргаж өгөөд гэртээ ороод унтсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх89/,
8. Гэрч У.Энхтүвшингийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах _____________ ХХК-д харуулаар ажилладаг ба тэндээ амьдардаг. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ганцаараа байсан бөгөөд орой 21 цагийн үед унтсан. Унтаж байхад нохой хуцаад, байшингийн хаалга тогшоод байхаар нь босоод хаалгаа онгойлгоход Мөөгий гэх өлөнгийн цех дээр ажилладаг хүн орж ирсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Тэгээд Мөөгий согтуу орж ирээд “чи бос” гэж орилохоор нь би “чи нохой шуугиулж орж ирлээ” гэж хэлсэн чинь “чи үхсэндээ уурлаад байгаа юм” гэж хэлээд “хоол байна уу” гэж асуусан. Би хоол хийж өгсөн чинь хүйтэн байна, халааж өг гэхэд нь чадахгүй гэж хэлэхэд Мөөгий орилоод “янхан, банзлаас болж хүргэнтэйгээ муудлаа, алсан ч яадаг юм” гэхээр нь “тэгж болохгүй” гээд тайвшруулах гэхэд хараалын үг урсгаад цохичих гээд гараа саваад байхаар нь “чи яачихаад байгаа юм бэ, би тархины гэмтэлтэй битгий толгой цохичих” гэж хэлсэн. Тэгээд Мөөгий авч ирсэн архиа өгөөд наадахаа аягалаад өг гэхээр нь би хийж өгсөн чинь хурдал гээд яаруулаад байсан. Мөөгий миний орон дээр гараад унтаад өгсөн. Үүрээр 04 цагийн орчим хаалга цохихоор нь онгойлгосон чинь цагдаа нар орж ирээд Мөөгийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /1хх95/,
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн “...би талийгаач Д овогтой М-ын төрсөн эгч нь байгаа юм. ...Талийгаач дүү маань архи их уудаг байсан, тамхи бол татдаг... архи уусан үедээ жаахан үглээ болчихдог...Хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсч байна. Талийгаачийн буяны ажилд 19.944.183 төгрөгийн зардал гарсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх82, 84/,
10. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Д овогтой М-ын биед биед ил харагдах гэмтэл шархгүй, өмсөж явсан саарал өнгийн өмдний зүүн хөлийн доод хэсэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэжээ. /1хх56/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 812 дугаартай “...Талийгаачийн цээжний хөндийд нэвтэрч зүүн 2-3 дугаар хавирга хоорондын булчин, зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, уушгины тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний арьс, зүүн гуянд хатгагдаж зүсгэдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц, ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цогцост үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлүүд нь хэрэгт хураагдсан гэх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн цогцост хийгдсэн гадна үзлэгээр нас бараад 10-14 цаг орчим болсон байжээ. Талийгаачийн ходоодны агууламжинд 2.9 промилл спирт илэрсэн. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ. Талийгаач нь 2-р бүлгийн цустай байжээ. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралт-чихэлдэлт үүсч зүрхний цочмог дутагдлын улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /1хх162-163/,
12. Шинжээч эмч Б.Наранбямбын “...цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн чихний дэлбэн, хүзүүний арьс, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.., нас барсан хугацааг цогцост хийгдсэн анхны гадна үзлэг хийсэн хугацаанаас урагш 10-14 цагийг шилжүүлэн тооцно, талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийг авснаас хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх175-177/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2030 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 26 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлтэд /1хх233-234/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 1716 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамц, хөх өнгийн хагас ханцуйтай цамц, хар ногоон өнгийн цамцанд халалтын үйлчлэлээр түлэгдэлт, цэнхэр өнгийн өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар өнгийн дотуур өмдөнд 23х9мм, хар өнгийн дотуур өмдөнд 23х30мм, 30х13мм хэмжээтэй цооролт гарсан байна. Уг түлэгдэлт, зүсэлтүүдийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр гарсан байна...” гэсэн дүгнэлт /2хх8-11/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гарын мөрийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 1702 дугаартай “...дугаартай 1 ширхэг гарын мөр нь Д-г М-ын зүүн гарын дунд хуруугаар..., 12 дугаартай 1 ширхэг мөр нь баруун гарын чигчий хуруугаар тус тус үүсгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /2хх43/,
16. СӨХ-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 10 минут 30 секундэд лифтний гадна дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон, дугуй царайтай залуу зогсох бөгөөд лифт онгойх үед доогуураа биеийн тамирын цэнхэр өнгийн өмдтэй дээгүүрээ бараан өнгийн куртиктэй, гонзгойдуу царайтай залуу бууж ирэх бөгөөд цэнхэр өнгийн өмдтэй залуу урд талд алхаж, араас нь хүлээж байсан залуу хамтдаа орцноос гарч байгаа хэсэг..., 19 цаг 17 минут 30 секундэд лифтэн доторхи байдал харагдах бөгөөд хаалга онгойж дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон, дугуй царайтай залуу, цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй, гонзгойдуу царайтай залуу хоёр лифтний хаалга онгойход ороод дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу лифтэн дотор товчлуураас 5 дахь товчлуурыг дарж буй дүрс бичлэг...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх246-248/
17. “Залуус Рич” хүнсний дэлгүүрийн 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Дээгүүрээ хар өнгийн савхин куртиктэй, бэлтгэлийн өмдтэй эрэгтэй, мөн хар өнгийн үстэй савхин куртиктэй, бараан өнгийн өмдтай үсээ боосон 2 залуу дэлгүүрт орж ирж байгаа байдлыг..., Дэлгүүрт ороод дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу нь 1 ширхэг хиамыг кассчны лангуун дээрх хил дээр тавиад цааш эргээд архи пиво дарс борлуулдаг тасагт очиж зогсох ба доогуураа цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй бараан өнгийн куртиктэй гонзгой царайтай залуу кассчны өөдөөс харсан байдалтай зогсож байв...., дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу нь 1 шил 0.75 литрийн архийг аваад голын таславч хэсгийг тойрч гарч ирээд лангуун дээрээс очиж аваад кассан дээр тавьж буй байдал..., Доогуураа цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй бараан өнгийн куртиктэй гонзгой царайтай залуу банкны карт мэт зүйлийг худалдагчид өгч картаа уншуулан тооцоогоо хийгээд баримтаа авч шалгах үед худалдаж авсан архи, хиамаа Дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу 1 шил архийг өвөр лүүгээ хийгээд хамтдаа дэлгүүрээс гарч буй бичлэг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /2хх249-250, 3хх1-2/,
18. Д.М-ын яллагдагчаар өгсөн “...М- ах бид хоёр хоёулахнаа архи уусан. Тэдний гэрт орсон цагийг санахгүй байна. Тэгээд би архи ууж байгаад согтоод гэрт нь унтаад өгсөн бөгөөд намайг унтаж байхад М- ах сэрээхэд би тэдний шалан дээр ширээний хажууд унтаж байсан. М- ах баруун гартаа хутганы комны хутга барьчихсан, зүүн гараараа намайг үснээс татаад сэрээсэн бөгөөд “пизда минь чи зайлах болоогүй юу, одоо чамайг ална” гээд гартаа барьсан хутгаа над руу чичихээр нь би хутгатай гарыг нь барьж аваад гарыг нь мушгиад М- ахын дээр нь гарахдаа түүний цээжний хэсэгт 1 удаа хутгаар дүрсэн. Тэгээд босоод шууд явах гэхэд М- ах миний зүүн хөлний өмдний түрүү хэсгээс гараараа татаад байхаар нь би зууралдаж байгаад М- ахын гарт байсан хутгыг булааж аваад түүний баруун хөлийн гуяны ард хэсэгт 1 удаа хатгаад, тэдний гэрээс гараад явсан. Тэр хутгыг гэрт нь үлдээгээд явсан. Би М-ын гэрээс гараад 150 дугаар цэргийн ангийн ар талд байдаг танил ах болох Энхтүвшин ахын гэррүү нэг мэдэхэд очсон байсан...” гэсэн мэдүүлэг /2хх121-123/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.М-:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.М-ыг нь онц харгис хэрцгий аргаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл дараах байдлаар тогтоогдсон гэж дүгнэв.
Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол:
Шүүгдэгч Д.М-, амь хохирогч Д.М- нар нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өглөөнөөс хамтдаа архи согтууруулах ундааны зүйл ихээр уусан. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Залуус” хороолол дахь хүнсний дэлгүүрээс оройн 19 цаг 30 минутанд 45б байрны ____ тоотод байрлах амь хохирогчийн гэрт хоёулаа буцаж орсон.
Мөн өдрийн 21 цаг 52 минутад гал түймэр гарч байна гэх дуудлагын дагуу очиж гал унтраах үед буюу 22:13 минутанд амь хохирогч 00-ийн өрөөндөө нас барсан байдалтай олджээ.
Шүүгдэгч Д.М-ын хувьд нь гэрч У.Э-ийн гэрт /Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах/ шөнийн 22 цаг өнгөрөөгөөд очсон, 04 цагийн үед цагдаа нарт баривлагдсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэрч Ж.С-ийн “...Манайд ирээд 0.75 литрийн архиа уучихаад М-, М- 2 үлдсэн 0.5 литрийн архиа аваад 16 цагийн үед гарсан. Би М-, М- хоёрыг байрны орцоор гаргаж өгөөд гэртээ ороод унтсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.С-ын “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 25 минутанд М- 30 гаруй насны нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирээд 0.75 литрийн Хараа архи, нарийн хиам 1 ширхэг, шоколад зэргийг аваад М- өөрөө Хаан банкны карт уншуулаад гарсан. Хамт орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй бор өнгийн бор савхитай, 170-175 см орчим өндөр, бордуу царайтай, өөртөө таарсан махлаг 30 орчим насны залуу байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч М.Ц-ийн “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 52 минутанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хороолол 48 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт гал гарсан гэх дуудлагын дагуу очсон... ариун цэврийн өрөөний хаалгыг нээж гар чийдэнгийн гэрэл асааж үзэхэд хүний хөл харагдах шиг болохоор нь дахиад гэрлээ тусган харахад душ дотор толгой нь доошоо харсан 2 хөл нь дээшээ харсан, их бие хөлөөрөө нугарсан байдалтай, хувцасгүй нүцгэн цогцос байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч У.Э-ийн “...Унтаж байхад нохой хуцаад, байшингийн хаалга тогшоод байхаар нь босоод хаалгаа онгойлгоход Мөөгий гэх өлөнгийн цех дээр ажилладаг хүн орж ирсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Тэгээд Мөөгий согтуу орж ирээд ... Үүрээр 04 цагийн орчим хаалга цохихоор нь онгойлгосон чинь цагдаа нар орж ирээд Мөөгийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг,
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тусгай шинжилгээний газрын 2030, 1716, 1702 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, СӨХ-ийн хяналтын камерын бичлэг, “Залуус рич” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Амь хохирогчийн үхлийн шалтгаан нөхцлийг тогтоох зорилготой Шүүх эмнэлэг шинжилгээний газраас цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний 812 дугаар дүгнэлтэд “...Талийгаачийн цээжний хөндийд нэвтэрч зүүн 2-3 дугаар хавирга хоорондын булчин, зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, уушгины тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний арьс, зүүн гуянд хатгагдаж зүсгэдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц, ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цогцост үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлүүд нь хэрэгт хураагдсан гэх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн цогцост хийгдсэн гадна үзлэгээр нас бараад 10-14 цаг орчим болсон байжээ. Талийгаачийн ходоодны агууламжинд 2.9 промилл спирт илэрсэн. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралт-чихэлдэлт үүсч зүрхний цочмог дутагдлын улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт.
Энэхүү дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Б.Наранбямбын “...цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн чихний дэлбэн, хүзүүний арьс, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.., нас барсан хугацааг цогцост хийгдсэн анхны гадна үзлэг хийсэн хугацаанаас урагш 10-14 цагийг шилжүүлэн тооцно, талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийг авснаас хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг гаргажээ.
Хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч, амь хохирогч хоёр хоёулаа байсан шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...намайг унтаж байхад М- ах сэрээхэд би тэдний шалан дээр ширээний хажууд унтаж байсан. М- ах баруун гартаа хутганы комны хутга барьчихсан, зүүн гараараа намайг үснээс татаад сэрээсэн бөгөөд “пизда минь чи зайлах болоогүй юу, одоо чамайг ална” гээд гартаа барьсан хутгаа над руу чичихээр нь би хутгатай гарыг нь барьж аваад гарыг нь мушгиад М- ахын дээр нь гарахдаа түүний цээжний хэсэгт 1 удаа хутгаар дүрсэн. ...зууралдаж байгаад М- ахын гарт байсан хутгыг булааж аваад түүний баруун хөлийн гуяны ард хэсэгт 1 удаа хатгаад, тэдний гэрээс гараад явсан...” гэжээ.
Дүгнэвэл, шүүгдэгч Д.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр /1хх56, 1хх79-80/ гэмтэл учирсан зүйлгүй байхгүй, өөрт нь чиглэсэн бодитой довтолгоон байсан гэж дүгнэх боломжгүй болно.
Харин шүүгдэгч нь согтуугаар амь хохирогч Д.М-ын биед толгой чихэнд 1, хүзүүнд 1, цээжэнд 1, хөлөнд 5 нийтдээ 8 удаагийн зүсэгдсэн /цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/ шарх гэмтэл бүхий хохирлыг хутгаар учруулсан. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх, гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралт-чихэлдэлт үүсч зүрхний цочмог дутагдлын улмаас амь хохирогч нас барсан байна.
Шүүгдэгч Д.М- согтолттой байсан, болсон үйл явдлыг бүрэн санахгүй байна гэх боловч хохирогчийг хутгалж буй хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Мөн хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогчийн цээжинд нэвтэрсэн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн, уг цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийг авснаас хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийх боломжгүй талаар шинжээч дүгнэн мэдүүлсэн бөгөөд бусад олон тооны шарх гэмтэл учруулсан байдал нь хохирогчийг тарчлаан зовоосон, өвтгөн шаналгасан шинжтэй, шүүгдэгчийн үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал нь онц харгис хэрцгий аргад хамаарахаар байх тул улсын яллагчийн хүндрүүлэн зүйлчлэлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин амь хохирогчийн гэрт гал гарсан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгахад: галын шинжээчийн дүгнэлтээр санаатай гал тавьсан шинж тогтоогдоогүй, өрөөний голд байсан буйдангаас эхлэн гал гарч тархаж байхад унтраасан. Асаасан тамхи, галын цогоос үүдэн гал гарсан байх боломжтой талаар дүгнэжээ. /1хх190-191/
Мөн шүүгдэгч, амь хохирогч хоёр тухайн өдрийн өглөөнөөс эхлэн хамт согтууруулах ундааны зүйл уусан, хэн хэн нь тамхи татдаг байсан нөхцлийг харгалзан прокуророос санаатай гал тавьсан шинж тогтоогдоогүй, ил галын нөлөөгөөр /тамхины гал, цог/-р үүсгэгчтэй гал гарсан байх боломжтой гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн санаатай гал тавьсан байх боломжтой гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүйг дурдаж байна.
Түүнчлэн амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан гэдгээр түүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж дүгнэх боломжгүй. Хэрэг учрал болдог өдрийн 19 цаг 30 минутын үед амь хохирогч, шүүгдэгч хоёр дэлгүүрээс архи аваад гэр рүүгээ орсон, хэн хэн нь согтолттой байсан, амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан гэмт хэрэг үйлдлээ хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүйг дурдаж байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Иймд шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болох онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 19.944.183 төгрөг, шүүх хуралдаанд нэмж 1.849.634 төгрөгний хохирол нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогч талаас гаргаж өгсөн баримтаас /2хх187-240/ давхардуулан гаргаж өгсөн санхүүгийн баримтууд, хэрэг учрал болохоос өмнөх цаг хугацааны баримтууд, өмгөөлөгчийн хөлс төлсөн зэрэг баримтуудыг хасч тооцон 11.236.515 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 1.849.634 төгрөг нийт 13.086.149 төгрөгийн баримтыг амь хохирогчийн оршуулах буяны үйл ажиллагаатай холбоотой зардалд тооцов.
Үүнээс шүүгдэгч Д.М- нь 5.000.000 төгрөгний хохирол төлсөнг хасч тооцон, үлдсэн 8.086.149 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч: улсын яллагчийн ялын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д.М- нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 450 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосонг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуугаар онц, харгис хэргийгээр хүнийг амь хохироосон байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Д.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 25 см урттай, 13*3 см хэмжээтэй ажлын хэсэг бүхий хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 119 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дорждэрэмийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 119 /нэг зуун, арван ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.М-аас 8.086.149 /найман сая, наян зургаа мянга, нэг зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т олгуулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 25 см урттай, 13*3 см хэмжээтэй ажлын хэсэг бүхий хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.МӨНХЗУЛ Б.БЯМБААБААТАР