Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Ч.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Шүүгдэгч Ч.Г

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 тоот цагаатгах  тогтоолыг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр Ч.Г-т холбогдох эрүүгийн 1722000440014 тоот хэргийг хийж,           

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 4 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн   .....суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн ....... сумын ....... оршин  суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Ч.Г

            Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын .......тоотод Ш.Б-ын цээжин тус газар нь хутгалж амь насыг  нь хохироосон  буюу хүнийг  алах гэмт  хэрэгт  холбогджээ.

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр цагаатгах  тогтоолоор:

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 27-33, 56-57, 91-96, 183-185-р хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар тооцоогүйг дурдаж,

Шүүгдэгч О овогт Ч.Г-т Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж,

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын  хяналтын прокурорын 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 1722000440014 дугаартай эрүүгийн  хэрэг  үүсгэж, яллагдагчаар татах тухай  тогтоолыг  хүчингүй  болгож, хэргийг прокурорт буцааж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б нь оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэснийг  дурдаж, тэтгэврийн  зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэргийг эд мөрийн  баримтаар хураагдсан хутганы хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн  туслах Г.Нямаад  даалгаж,

Энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Ч.Г-т урьд авсан хувийн  баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

           Прокурор Г.Хаш-Эрдэнэ эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн дээрх тогтоол нь үндэслэлгүй гарсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “гэрч Д.Наранболдоос 2017 оны 08 дугаар сарын 30, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна.” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 31-нд гэрч Д.Наранболдоос 3 дахь удаа мэдүүлэг авсан гэх боловч 09 дүгээр сар нь 30 хоногтой болох нь нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд хуанлид байхгүй цаг хугацаанд мэдүүлэг авсан.” гэж үзэн нотлох баримтаар тооцоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт “...мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг Улсын ерөнхий прокурор батална.” гэж заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаартай тушаалаар батлагдсан журмыг үндэслэн тус прокурорын газраас аймгийн Цагдаагийн газарт мэдүүлэг авах өрөөнүүдэд зөвшөөрлийг олгосон.

Гэтэл шүүх хэрэг бүртгэлтийн шатанд авсан мэдүүлгүүдийг зөвхөн 115 тоот өрөөнд авсан гэж бичсэнийг үндэслэн нотлох баримтаар тооцоогүй нь үндэслэлгүй бөгөөд улмаар шүүхийн цагаатгах тогтоолд 115 тоот өрөө нь мэдүүлэг авах шаардлага хангасан өрөө биш гэдэг нь ямар баримтаар тогтоогдсон талаар дүгнэлт хийгээгүй түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан журмын заалтыг, хэрхэн яаж зөрчсөний улмаас гэрч нарын эрх, эрх чөлөөг зөрчсөн болохыг цагаатгах тогтоолд тусгаагүй байна.

Харин хавтаст хэрэгт авагдсан бусад мэдүүлгийг “Цагдаагийн газрын мэдүүлэг авах тусгай өрөөнд” гэж бичсэн ба энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өөр өөр байдлаар бичсэнтэй холбоотой юм.

Мөн гэрч Д.Наранболдоос 3 дахь удаа авсан мэдүүлгийг хуанлид байхгүй цаг хугацаанд авсан байх боловч нэгэнт 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлэг авах боломжгүй гэдэг нь тодорхой бөгөөд уг техникийн шинжтэй гарсан алдааг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримт гэж үзэх нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн гэрч Д.Наранболд нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан талаараа мэдүүлсээр байхад шүүх өөрөө нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн мэдүүлэг буюу түүнээс 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр авсан гэх мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийж, зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэн нотлох баримтаас хассан нь хууль бус болжээ.

2. Мөрдөн байцаалтын явцад Ч.Га-аас 2 удаа мэдүүлэг авсан ба шүүх уг мэдүүлгийн тэмдэглэлд яллагдагчийн эрх, үүргийг дутуу тайлбарласан гэж үзэн мөн нотлох баримтаар тооцоогүй байна.

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлээс 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн эрх, үүргийг бүрэн тусгаагүй боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Г нь хуульд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгчтэй харилцах, гомдол, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох талаар заасан эрхүүдийг эдэлж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдож байна.

Тухайлбал: Мөрдөн байцаалтын шатанд явагдсан бүхий л ажиллагаанд яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүдтэй танилцуулсан, яллагдагчаас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буй эсэх талаар асуулт тавьж, хариулт, тайлбарыг авсан байна.

Түүнчлэн шүүхийн шатанд дээрх эрх, үүргийг нь танилцуулсны дараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ч.Г нь үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлгийг шүүх хэрхэн, ямар байдлаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, ямар учраас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй, мэдүүлгийг үнэлээгүй талаараа цагаатгах тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн байх ба энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Дээрхээс гадна мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Ч.Г нь Ш.Б-ыг хутгалж, амь насыг нь хохироосон талаар маргадаггүй бөгөөд энэ талаар гэрч Д.Наранболдын мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б-аас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авсан /шүүх уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн талаараа тогтоолд заасан./ “...Би эмч Бат-Оршихтой уулзаад манай дүү юунаас болсон юм бэ? гэж асуухад танай дүү хүнд хутгалуулсан байна. Танай дүүг Халамжид ажилладаг байсан Г гэх хүн хутгалсан гэж надад хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг мөн шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан эд мөрийн баримт болох хутгыг Ч.Г нь өөрөө бусдыг хутгалсан хутга мөн болохыг ямар нэгэн эргэлзээгүйгээр заасан зэрэг баримтуудаар тогтоогдсоор байхад шүүхээс Ч.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заавал шинжилгээ хийлгэх тохиолдолд хамаарахгүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй юм.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:” Анхан шатны шүүхээс хэргийг  шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан алдаа  гаргасан тул цагаатгах  тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сум дундын шүүхэд буцаах саналтай байна”  гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарлаа гэхээр нь миний ойлгосноор цагаатгагдсан гэдэг нь Г энэ хэргийг үйлдээгүй гэж шүүх үзэж байгаа юм байна гэж ойлгоод гомдолтой байсан. Сүүлд нь цагаатгах тогтоолын учрыг ойлгосон. Шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал Ч.Г нь Ш.Б-ыг хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд  сэжигтнээр байцаагдахаасаа эхлээд хохирогчийг хутгалж  амь насыг нь  хохироосон гэдгээ хүлээн мэдүүлж  ирсэн, хохирогч болон Ч.Г нарыг маргалдах, зодолдох үед  байсан гэрч Д.Наранболд, Ц.Дашгарав нараас гэрчийн мэдүүлэг авах, цогцсонд гадна үзлэг хийх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаануудыг мөрдөн байцаалтаар хийсэн байна. Анхан шатны шүүхээс гэрч Д.Наранболд, Ц.Дашгарав нарын  мэдүүлгийг “...мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд аваагүй”, гэрч Д.Наранболдоос 3 дахь удаагаа мэдүүлэг авахдаа “...хуанлид байхгүй өдөр мэдүүлэг авсан” гэсэн үндэслэлээр,  шүүх сэтгэц эмгэг судлалын 807, 929 дугаар шинжээчийн дүгнэлтүүдийг хаана хийсэн нь тодорхойгүй, шинжээчийн боловсролын болон эрдмийн зэрэг, цол, албан тушаал, ажилласан хугацаа, шинжилгээний аргачлал, явц тодорхойгүй, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх  хуулийн хариуцлагыг сануулсан тэмдэглэлийг тусгаагүй гэсэн үндэслэлүүд зааж  нотлох баримтаар үнэлээгүй нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. Өөрөөр хэлбэл  нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг шүүхээс няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой гаргасны үндсэн дээр цагаатгах тогтоол гаргах хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөрчжээ.   

             Мөрдөн байцаалтын явцад Ч.Г-ыг  яллагдагчаар байцааж 2 удаа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан яллагдагчийн эрхээс 7.4, 7.5 дугаар зүйлд заасан эрхийг танилцуулж  бусад эрхийг танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж анхан шатны шүүх үзжээ.  Яллагдагч Ч.Г-ыг байцаахдаа яллагдагчийн эрхийг  бүрэн танилцуулаагүй боловч мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулсан бөгөөд өмгөөлөгч яллагдагчийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн талаар санал хүсэлт гаргаагүй  байгаа талаар  шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа учир давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийгээгүй болно.

            Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн  шийдвэрийн талаар  нэр хаягаа нууцалсан иргэнээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад  хандан гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас тус шүүхэд  ирүүлсэн бөгөөд гомдол болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1-1/335 дугаартай албан бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/413 дугаартай албан бичгийг  хавтаст хэрэгт хавсаргасан  боловч тухайн гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг  хангаагүй учир  шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

             Иймд цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ч.Г-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ч.Г-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар 1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй  болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                             Х.ГЭРЭЛМАА