Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01443

 

 “Ш” ХХК-ийн “И” эмнэлгийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00508 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1105 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн “И” эмнэлэг

         Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн гэрээний үүрэгт барьцаалсан 840.000 төгрөг гаргуулах тухай,

        Сөрөг нэхэмжлэл: Түрээсийн гэрээний үүрэгт 7.560.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон тайлбартаа: Ш ХХК-ийн И эмнэлэг нь А ХХК-ийн 1 өрөө байрыг сарын 840 000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөрөөс гадна барьцаа 840 000 төгрөгийг төлсөн болно. Ш ХХК-ийн И эмнэлэг нь тус байрандаа зүрх судасны эмчилгээ үйлчилгээг явуулж байтал сарын дараа А ХХК зүрх судасны тоног төхөөрөмж бүхий олон эмчтэй эмнэлгийг хажуу талын өрөөнд оруулсан нь Ш ХХК-ийн И эмнэлгийн бизнесийг хааж, зогсоосон. Энэ байдлаас болоод түрээсийн гэрээгээ цуцлахаар хариуцагч компанийн нягтланд мэдэгдэж, түрээсийн зөрүү төлбөрөө төлж барьцааны мөнгөө буцаан өгөхийг хүссэн. Гэвч А ХХК нь барьцааны мөнгийг өгөхгүй байна. Иймд А ХХК-иас 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: 2016-12-22-ны өдөр А ХХК-ийн өмчлөлийн конторын зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 406 тоот 24 м.кв талбай бүхий объектыг дотрын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилготой, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.1-д түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож түрээслэгчид  840 000 төгрөгийг барьцаа болгон авсан. Түрээсийн гэрээний 8.2-т заасан гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг дурдсан байдаг бөгөөд дээрх нэхэмжлэлийн үндэслэл нь түрээсийн гэрээг дангаар дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй. Уг гэрээг нэг талын санаачлагаар цуцлах хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. А ХХК нь И эмнэлгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд түрээсэлж байхдаа бидэнд бизнесийн үйл ажиллагааг хааж боогдуулсан талаар ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй ба зөвхөн эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хүсэлт тавьж байсан. Түрээслэгч энэхүү хүсэлтийг шийдвэрлэж амжаагүй байтал түрээсийн байрыг өөрийн дураар орхин явж  байрыг хүлээлгэж өгөөгүй гэжээ.

      Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Түрээсийн гэрээний 8.3-т зааснаар аль нэг тал энэхүү түрээсийн гэрээг аливаа үндэслэлээр дангаар цуцлахгүй, хэрэв ийнхүү дангаар цуцалсан бол гэрээ цуцалсан тал нь энэхүү гэрээг зөрчсөн үндэслэлээр нөгөө талдаа түрээсийн үлдсэн хугацааны түрээсийн төлбөрийг төлнө гэж заасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болох үндэслэл гэж үзэхгүй байгаа бөгөөд түрээслэгч тал нь түрээсийн гэрээний 8.3-т заасны дагуу түрээсийн гэрээг дангаар цуцалж, гэрээг зөрчсөн гэж үзэж түрээсийн гэрээний хугацаа дуусах өдрийг хүртэлх нийт 10 сарын түрээсийн төлбөр болох 8,4 сая төгрөгөөс барьцаанд төлсөн 840,000 төгрөгийг хасч, үлдэх 7,560,000 төгрөгийг И эмнэлгээс гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн  318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4, 318.3-р гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ. Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Ш ХХК-ийн И эмнэлэг болон А ХХК-ийн хооронд 2016-12- 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул энэ хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ үндэслэлээр ч гэсэн манай үндсэн нэхэмжлэл хангагдах ёстой гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00508 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан А ХХК-иас 840 000 төгрөгийг гаргуулж, Ш ХХК-ийн И эмнэлэгт олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш ХХК-ийн И эмнэлгээс түрээсийн төлбөрт 7 560 000 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 135 910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 25 000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1105 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар А ХХК-иас 840,000 төгрөгийг гаргуулан Ш ХХК, И эмнэлэгт олгож, нэхэмжлэгч И эмнэлгээс 2,520,000 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 5,040,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...нэхэмжлэгчээс 55,270 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох гэсэн заалт нэмж” өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 318.5, 294.3-р  гэрээ цуцлах журам үйлчлэх юм. Иргэний хуулийн 294.3-р гэрээ цуцлах хугацаа 3 сар байх бөгөөд энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолох тул хэргийн 44 дэх талд авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч 2017-02-03-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэгчээс 2.520.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа 3 сар байна” гэсэн заалтаар нэхэмжлэгчээс 2.520.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан /хариуцагч нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан хажуу талын өрөөнд зүрх судасны тоног төхөөрөмж бүхий олон эмчтэй эмнэлгийг хажуу талын өрөөнд оруулсан/ гэрээ цуцлах санал гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх дээрх тодорхой нөхцөл байдлыг тодруулалгүй нэхэмжлэгчээс 2.520.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 290.4-т “Хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна” гэсэн заалтын дагуу хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.  Нэхэмжлэгч хариуцагчийн нягтлан бодогчтой байрны түрээсийн төлбөрийн тооцоог нягталж, түлхүүрийг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй, нөгөө талаар түрээсийн төлбөрийн тооцоог хийж дуусгасан нь нэхэмжлэгчийн гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 300.1.3-т “учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заагдсан байна. Хариуцагч нь түрээсийн гэрээний 8.3 дахь заалтаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс 10 дахин илүү төлбөр шаардсан байдаг тул Иргэний хуулийн 300.1.3-т зааснаар энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Ш” ХХК-ийн И эмнэлэг “А” ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөрийн барьцаанд өгсөн 840,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан байна. /хх 1, 25, 115/

         Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж, түрээсийн 10 сарын төлбөр 8,400,000 төгрөгөөс барьцааны 840,000 төгрөгийг хасаж, үлдэх 7.560.000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ. /хх 27, 33/

         Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх “...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна... нэхэмжлэгч 2016-12-22-ны өдрийн нэг жилийн хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө 2017-01-31-ний өдөр цуцалж, гэрээний зүйлийг буцаан өгсөн тул барьцааны 840,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна ...түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 318.5, 294.3-т үйлчилнэ... нэхэмжлэгч 2017-02-03-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлээс 2017 оны 2-4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон 840,000 төгрөгийн хэмжээгээр тооцон 2,520,000 төгрөгийг гаргуулна ...” гэсэн үндэслэлээр өөрчилж, И эмнэлгээс 2,520,000 төгрөг гаргуулан А ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.  

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

       2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13/3 тоот хаягт байрлах барилгын 4 дүгээр давхрын 24 м.кв талбайг эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг жилийн хугацаатай түрээслэн нэг сард 840,000 төгрөг төлөх талаар хариуцагчтай тохиролцсон байна.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй.

        Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсгийг зохицуулалтыг зөрчөөгүй  байна.

        Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 55.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ