Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1474

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч М.Алтанзагас,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2006 00000 1968 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Б, 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зэвсгийн нярав, засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид харуулчин ажилтай, ам бүл 3, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52-6-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/6 дугаар байрны грашийн үүдэнд иргэн М.Алтантүлхүүр рүү хутга заазуур барин дайрч улмаар түүний эрүүл мэндэд эрүүний доод хэсэгт оёдол бүхий, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52-6 дугаар грашийн үүдэнд иргэн М.Алтанзагас руу заазуур барин дайрч улмаар түүний эрүүл мэндэд эрүүнд оёдол бүхий шарх, баруун дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч М.Алтангадас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид хоёр гэмтлийн эмнэлэг цуг очиж үзүүлсэн болохоор би төлбөрийг төлсөн. Болсон хэргийн тухай үнэхээр гомдолтой байна. Ар гэрийнхнээс нь уулзах хүсэлт гаргасан болохоор нэг удаа уулзсан. Уулзахад надад бид нарт гаргаж өгөх мөнгө байхгүй та нар шүүхэд нэхэмжлэх зүйлээ гаргаж өг гэсний дагуу шүүхэд гаргаж өгсөн” гэв.

Хохирогч М.Алтанзагас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн дүү М.Алтантүлхүүрийн хамт өөрийн 10-48 УАА улсын дугаартай мөнгөлөг Тоёота Харрер маркийн машинтайгаа амьдардаг байрныхаа авто зогсоол дээл ирээд зогсоод машиныхаа хойд талын суудлаас юм зөөх гэж байхад үл таних 30 гаруй насны намхан туранхай бор царайтай маш их согтуу байсан ба намайг ямар гэдгийг мэдэж байна уу гээд олон удаа заазуур хоёр барьсан байсан ба нөгөө гараа ардаа нууж байснаа том хар иштэй хутга гаргаж ирээд миний эрүүний орчим руу хэд хэдэн удаа хутгаараа зүссэн. Тэгэхээр нь бид хоёр шууд машинаа тойроод зугтааж байхад ойрхон явж байсан цагдаа ирж нөгөө согтуу залууг хутгыг нь хаяулж баривчилсан. Тэгэхэд миний эрүүний зүүн тал орчимд нэг удаа зүсэж, харин дүүгийн эрүүний дүүд талд хэд хэдэн удаа зүссэн байсан. Тэгээд бид хоёр түргэн тусламж дуудаж ГССҮТ рүү хүргүүлсэн. Би хоёр архи уугаагүй. Харин гартаа 3 хутга барьсан залуу маш их согтуу байсан...би эрүүний зүүн доод талдаа 5 оёдол, дүү мөн эрүүний доод талдаа 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Хохирогч М.Алтантүлхүүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад би эгч Алтанзагасын хамт 10-48 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ хойд талын суудлаас юм зөөх гэж байхад үл таних 35 орчим насны намхан бор царайтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу ирээд тэгээд яахын, тэгээд яахын гээд олон удаа хэлээд байсан. Тэгээд би юу гэнээ гээд эргээд хартал тэр залуу нэг гартаа жижиг хутга, нөгөө гартаа заазуур хоёр барьсан байсан ба ард талаасаа дахиад 1 том хутга гаргаж ирээд манай эгч Алтанзагасын эрүү тус газар нь 1 удаа хутгаад зүсээд дараа нь миний эрүү, хүзүү орчимд нэг нэг удаа хутгаараа зүссэн. Энэ үед манай эгч Алтанзагас болон миний хүзүүнээс цус гарч байсан. Тэгээд би байрны ойролцоо харагдсан цагдаагийн машин руу гүйж очтол 2 цагдаа машинаасаа бууж ирээд эгч бид хоёрын хүзүүг зүссэн залуугийн хутгыг нь хаяулж баривчилсан. Миний хүзүү орчимд өнгөц 1 удаа зүсэгдсэн, мөн эрүүний доод хэсэгт 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52-6-1 тоотод гэртээ орж ирээд хөргөгчнаасаа хонины мах гаргаад гэсгээж хоол хийж идэх гэж байгаад гэрээсээ гарч орцны жижүүртэй бага зэрэг маргалдаж байгаад, буцаад гэр рүүгээ орж гэрээсээ 2 хутга, 1 заазуур авч гарч ирээд гэрийн үүдэнд байсан 2 эмэгтэй рүү очиж хутгаар хүзүү болон эрүү хэсгүүдэд нь зүсэж гэммтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №26 тоот дүгнэлтэд: 

1. М.Алтантүлхүүрийн биед эрүүний доод хэсэгт оёдол бүхий, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хоёр удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь уг журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №25 тоот дүгнэлтэд: 

1. М.Алтанзагасын биед эрүүнд оёдол бүхий шарх, баруун дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь уг журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/6 дугаар байрны грашийн үүдэнд иргэн М.Алтантүлхүүр, М.Алтанзагас нар луу хутга заазуур барин дайрч улмаар тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь

Хохирогч М.Алтантүлхүүрийн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад ...үл таних 35 орчим насны намхан бор царайтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу ирээд тэгээд яахын, тэгээд яахын гээд олон удаа хэлээд байсан. Тэгээд би юу гэнээ гээд эргээд хартал тэр залуу нэг гартаа жижиг хутга, нөгөө гартаа заазуур хоёр барьсан байсан ба ард талаасаа дахиад 1 том хутга гаргаж ирээд манай эгч Алтанзагасын эрүү тус газар нь 1 удаа хутгаад зүсээд дараа нь миний эрүү, хүзүү орчимд нэг нэг удаа хутгаараа зүссэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Алтанзагасын: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн дүү М.Алтантүлхүүрийн хамт өөрийн 10-48 УАА улсын дугаартай мөнгөлөг Тоёота Харрер маркийн машинтайгаа амьдардаг байрныхаа авто зогсоол дээл ирээд зогсоод машиныхаа хойд талын суудлаас юм зөөх гэж байхад үл таних 30 гаруй насны намхан туранхай бор царайтай маш их согтуу байсан ба намайг ямар гэдгийг мэдэж байна уу гээд олон удаа заазуур хоёр барьсан байсан ба нөгөө гараа ардаа нууж байснаа том хар иштэй хутга гаргаж ирээд миний эрүүний орчим руу хэд хэдэн удаа хутгаараа зүссэн. Тэгэхээр нь бид хоёр шууд машинаа тойроод зугтааж байхад ойрхон явж байсан цагдаа ирж нөгөө согтуу залууг хутгыг нь хаяулж баривчилсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хохирогч М.Алтанзагаст 541.423 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1.000.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бд 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11см урттай, бор модон иштэй, нийт урт 30 см, 1 ширхэг хутга, ажлын хэсэг нь 28 см урттай, хар өнгийн бариултай 37 см урттай, 1 ширхэг хутга, ажлын хэсэг нь 12 см, саарал өнгийн бариултай 32 см урттай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Боос 541.423 төгрөгийг гаргуулж хохирогч М.Алтанзагаст олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР