| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0803/Э |
| Дугаар | 0857 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 0857
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч М.Сансарсайхан,
иргэдийн төлөөлөгч Д.Энхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбацэрэн,
шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Н.Баясгалантбат /ШТЭД-3001/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 2008 00000 0663 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, орцны жижүүр ажилтай, Дорнод аймаг, Баяндун сум 4 дүгээр баг наранд оршинн суух албан ёсны бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны ..... дугаар орцны жижүүрийн өрөөнд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Б.Ж /РД:_____________/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд хамтран амьдрагч болох Ц.Л гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний баруун эгэм орчимд хутгалж, хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 740 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: /давхцаагүй байдлаар/ шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 29 ширхэг хохирлын баримтыг шинжлэн судлав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ гэрч Б.Я-н мэдүүлэг /хх41-42/, гэрч Б.Б мэдүүлэг /хх45/, гэрч Г.Ө мэдүүлэг /хх47/, гэрч З.У-ийн мэдүүлэг /хх51/, шүүхийн шийтгэвэр /хх161/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч Б.Ж-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Иргэн Г.Ч-ийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 10 дугаар орцны гадна хутгалуулж нас барсан хүн байна...” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх3-4/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-12/,
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх14-18/,
4. Камерийн бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...10 дугаар орцны хаалга нээгдэн дотроос нь зүүн гартаа шилтэй архи мэт зүйл барьсан ...амь хохирогч...дотроос гарч ирэх гэж буй хүнийг гаргаж ирүүлэхгүйгээр баруун гараараа орцны хаалгыг хүчтэй савж, зүүн гарын туслалцаатайгаар түлхэж хаагаад эргүүлээд хаалгыг нээхэд дотор талаас ...шүүгдэгч... хаалга түлхэн гарч ирэх бөгөөд энэ үед хаалгыг хаах гэж байсан эрэгтэй эмэгтэйгийн цээжин тус газар луу гараараа 4-5 удаа баруун гараараа цохих үйлдэл хийсэн боловч зөрөх бөгөөд энэ үед эмэгтэй эрэгтэйгийн баруун гарны тохойны дотор хэсэгт зүүн гараараа тулж эрэгтэйгийн баруун гараас ирэх цохилтоос хамгаалан, өөрийн баруун гартаа барьсан хутгаар эрэгтэйгийн баруун эгэмний ясны ойролцоо цээжин тус газарт 3 удаа далайж, хутгалаад хутгаа баруун гараараа бункерны урд хэсэг рүү цементэн гадаргуу дээр шидэх...” гэж тусгажээ. /хх28, 30/,
5. Гэрч Г.Ч-ийн “...би 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны СӨХ-ийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Оройн 23 цаг 30 минутын орчимд байраа нэг тойрчихоод 11 дүгээр орцонд байрлах гэрлүүгээ орох гээд явж байтал 10 дугаар байрны хогийн бункерын үүдэнд хүн хэвтэж байх шиг болхоор нь яваад очтол хогийн бункер болон орцны үүдний хэсэгт газар их хэмжээний цус асгарсан нэг эрэгтэй хүн толгой нь баруун хойшоо чиглэсэн байдалтай, баруун талаараа газар хэвтчихсэн байж байсан. Би эхлээд таниагүй. Хамгийн түрүүнд 103 дугаарын утсанд дуудлага өгөөд дараа нь цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд байж байтал 10 дугаар орцны үүдэнд 1 сарын өмнө жижүүрийн ажилд орсон Б.Ж- орцны үүдээр хальт шагайгаад “Яаана аа. Наадах чинь үхчихсэн үү” гэх шиг болхоор нь би жаахан уурлаад “Юу гээд хуцаад байгаа юм” гэж хэлсэн чинь Б.Ж- эргээд орчихсон. Би тэндээс ерөөсөө холдоогүй, сандраад тойроод гүйж байтал удалгүй цагдаа болон түргэний машин хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх37/,
6. Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 939 дугаартай “...талийгаачийн цогцост хийсэн цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 1-2 дугаар хавирганы завсраар, цээжний хөндий рүү нэвтэрч, эгэмний доорх хураагуур судас, баруун уушигны оройг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хүзүү, мөчдийн зулгаралт, зүүн бугалга, сарвуу, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх цээжний баруун талд баруун эгэмэн доорхи хураагуур судсыг тасалж, цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. ...Талийгаачийн цогцост хйисэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 5,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх54-58/,
7. Шүүх эмнэлгийн шинжилгээний 2897 дугаартай “...Асуулт №1-д биологийн шиижээчийн 2020 оны №2439 дугаартай дүгнэлт гарсан байна. Б.Ж-гаас хураан авсан гэх өмд, цамц зэрэг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цус нь амь хохирогч Ц.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх103-105/
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн “...талийгаач дүүгээ Б.Ж-тай анх хамтран амьдарснаас хойш нэг жилийн дараа л нэг удаа харж байсан. Талийгаач дүүгийн маань ажлынхан нэг удаа “Энэ Б.Ж- гээд эхнэр нь Л-тэй хамт архи уугаад явчихдаг. Хааяа ажил дээр нь ирээд архины мөнгө нэхээд байдаг” гэж ярьж байсныг нь санаж байна. Талийгаач дүү, Б.Ж- хоёр хоорондоо муудалцаад, хэд хэдэн удаа зодолдлоо гэж сонсож байсан бөгөөд тухайн үед нь би хоёуланд нь “Та хоёр ингэж байгаад нэг өдөр нэгнээ ална шүү. Ингэж байхын хооронд та хоёр зүгээр салаад хоёр тийшээ болох хэрэгтэй” гэж хэлдэг байсан боловч Б.Ж- талийгаач дүүгийн маань хаана ч, хаанаас ч хамаагүй олоод оччихдог хүүхэн байсан. Одоогоос жил гарангын өмнө талийгаач дүүгийн маань духан дээр нь нэг удаа зүсэгдчихсэн ирж байсан бөгөөд асуусан чинь “Харин Б.Ж-тай муудалцаад над руу хутга шидчихсэн” гэж байсан. Түүний дараагаар бас нэг өдөр доголчихсон ирж байсан бөгөөд бас юу болсон талаар асуухад “Б.Ж- гуянд хутга зоосон” гэж байсан. Бас нэг өдөр манайд ирчихсэн усанд ороод гарч ирэхэд нь нурууных нь ард хэсэгт улаан хүрэн болчихсон байхаар нь асуутал “Б.Ж- унтаж байхад ийм болгочихсон байна лээ” гэж байсан. Энэ бүгдээс үзэхэд миний бие Б.Ж-г анхнаасаа аминд нь хүрэх санаатай байсан санагдаж байна. Ер нь Б.Ж- бол 10 гаруй хоног орцны жижүүр хийж ажиллаж байгаад л цалингаа буухаараа архи уугаад орцноосоо хөөгдөөд өөр газар орцны жижүүрээр ажиллаад л явдаг хүүхэн байсан. Нэг удаа 2020 оны 01 дүгээр сард над дээр талийгаач дүү маань Б.Ж-гийн хамт ирээд “Нэг газар орцны жижүүр хийж байгаад архи уугаад хөөгдчихлөө. Та гэртээ түр байлгаач” гэхээр нь би “За тэгээд та хоёр битгий архи уугаад хоорондоо зодолдоод байгаарай” гэж хэлээд хэд хоног манайд байсан. Гэтэл нэг өдөр гаднаас Б.Ж-, талийгаач дүү хоёр согтуу орж ирсэн бөгөөд Б.Ж- дүү рүү маань хандаж “Би л чамайг тэжээж байна. Би чамайг ажил хийсэн мөнгөөрөө тэжээдэг” гээд орилоод байхаар нь ууж байсан тал шилтэй архийг нь гаргаад хаячихсан чинь намайг хэл амаар доромжилж, агсан тавиад байхаар нь талийгаач дүү маань авч явж байсан. Угаасаа Б.Ж- хүний хор шар малтсан үгтэй хүүхэн санагдсан...” гэсэн мэдүүлэг /хх35/,
9. Б.Ж-гийн сэжигтнээр өгсөн “...өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би оройн хоолоо хийж байх хооронд манай нөхөр маргааш өглөө идэх талх, боорцог, нэгж зэрэг зүйлс авна гэж гараад удалгүй орж ирэхдээ талх, боорцог, нэгж болон нэг шил 0.5 литрийн хараа архи авсан байсан. Тэгээд манай нөхөр нөгөө архиа ууж байх хооронд нь манай байрны 2 дугаар орцны эргүүлийн жижүүр Б- эгч орж ирээд хоол идээд гарсан. Талийгаач нөхөр архиа ууж дуусгаад нэлээн согтсон байсан бөгөөд уухаараа ер нь намайг хий хардаж агсан согтуу тавьж надад гар хүрдэг шигээ надад мөн адил архиа ууж дуусаад 23 цагийн үед хий хардаж, агсан согтуу тавьж, нүүр лүү нэг удаа өшиглөж, үснээс зулгааж, хөл, нуруу руу 3 удаа өшиглөж зодож байгаад хаачих гэж байгаа нь мэдэгдэхгүй гараад явсан. Тэгэхээр нь би ардаас хаашаа явахыг нь харахаар гүйж гараад талийгаач нөхөртэйгөө орцны гадна хэсэг зууралдсан. Тэгсэн нэг мэдэхэд л Лхагвацэрэнгээс аягүй их цус гараад газар унаад өгсөн. Тэгэхээр нь би яаралтай дуудлага өгье гэж бодоод өрөө рүүгээ ороод гар утсаа хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад гараад иртэл 11 дүгээр орцны жижүүр Чинзориг ирчихсэн, дуудлага өгчихсөн байсан. Удалгүй Цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...Талийгаач нөхрийн маань авчирсан 0.5 литрийн хараа архинаас үлдэгдэл 150гр орчмыг нь би уусан. Нээх согтолттой байгаагүй, болсон үйл явдлыг ойлгох чадвартай байсан. ....Бид хоёр хоёулаа л байсан. Болсон үйл явдлыг өөр хүн хараагүй байх. Орцны гадна нь ч ойр хавьд хүн байгаагүй. Сүүлд л 11 дүгээр орцны жижүүр Чинзориг ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх112-113/,
10. Б.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...мөн адил архиа ууж дуусаад 23 цагийн үед хий хардаж, агсан согтуу тавьж, нүүр лүү нэг удаа өшиглөж, үснээс зулгааж, хөл, нуруу руу 3 удаа өшиглөж зодож байгаад хаачих гэж байгаа нь мэдэгдэхгүй гараад явсан. Тэгэхээр нь би ардаас нь хаашаа явахыг нь харахаар гүйж гараад талийгаач нөхөртэйгөө орцны гадна хэсэг зууралдсан. Тэгсэн нэг мэдэхэд л Лхагвацэрэнгээс аягүй их цус гараад газар унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх190/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Ж-:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч нь хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх бүрэлдхүүнгүй, мөн гэм буруугийн санаатай хэлбэр байгаа эсэх дээр мэтгэлцэж оролцсон.
Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн шүүгдэгч Б.Ж-г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд амь хохирогч Ц.Лхагвацэрэнтэй маргалдан, зодолдож түүний баруун эгэм орчимд хутгалж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хяналын камерийн бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...10 дугаар орцны хаалга нээгдэн дотроос нь зүүн гартаа шилтэй архи мэт зүйл барьсан ...амь хохирогч...дотроос гарч ирэх гэж буй хүнийг гаргаж ирүүлэхгүйгээр баруун гараараа орцны хаалгыг хүчтэй савж, зүүн гарын туслалцаатайгаар түлхэж хаагаад эргүүлээд хаалгыг нээхэд дотор талаас ...шүүгдэгч... хаалга түлхэн гарч ирэх бөгөөд энэ үед хаалгыг хаах гэж байсан эрэгтэй эмэгтэйгийн цээжин тус газар луу гараараа 4-5 удаа баруун гараараа цохих үйлдэл хийсэн боловч зөрөх бөгөөд энэ үед эмэгтэй эрэгтэйгийн баруун гарны тохойны дотор хэсэгт зүүн гараараа тулж эрэгтэйгийн баруун гараас ирэх цохилтоос хамгаалан, өөрийн баруун гартаа барьсан хутгаар эрэгтэйгийн баруун эгэмний ясны ойролцоо цээжин тус газарт 3 удаа далайж, хутгалаад хутгаа баруун гараараа бункерны урд хэсэг рүү цементэн гадаргуу дээр шидэх...” гэж тусгасан.
гэрч Г.Ч-ийн “...би 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны СӨХ-ийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Оройн 23 цаг 30 минутын орчимд байраа нэг тойрчихоод 11 дүгээр орцонд байрлах гэрлүүгээ орох гээд явж байтал 10 дугаар байрны хогийн бункерын үүдэнд хүн хэвтэж байх шиг болхоор нь яваад очтол хогийн бункер болон орцны үүдний хэсэгт газар их хэмжээний цус асгарсан нэг эрэгтэй хүн толгой нь баруун хойшоо чиглэсэн байдалтай, баруун талаараа газар хэвтчихсэн байж байсан. ...Б.Ж- орцны үүдээр хальт шагайгаад “Яаана аа. Наадах чинь үхчихсэн үү” гэх шиг болхоор нь би жаахан уурлаад “Юу гээд хуцаад байгаа юм” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн амь хохирогчийг хутгалсан шууд шалтгаант холбооны улмаас нас барсан нь Шүүх эмнэлэг шинжилгээний газраас цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний 939 дугаар “...талийгаачийн цогцост хийсэн цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 1-2 дугаар хавирганы завсраар, цээжний хөндий рүү нэвтэрч, эгэмний доорх хураагуур судас, баруун уушигны оройг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хүзүү, мөчдийн зулгаралт, зүүн бугалга, сарвуу, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх цээжний баруун талд баруун эгэмэн доорхи хураагуур судсыг тасалж, цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж- нь амь хохирогчийн хойноос хутга барьж гарсан, харилцан зодолдсон, гартаа хутгатай байгаагаа ухамсарлан мэдэж, үйлдлээ хүсч хэрэгжүүлсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Мөн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 649 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч Б.Ж-г хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автагдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэх шинж, баримт үгүй байна гэж дүгнэсэн төдийгүй шүүгдэгч согтууруулах ундааны зүйл уусан, амь хохирогчийг араас нь хөөсөн байдалтай байсан тул цочролд орсон, сэтгэцийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэлгүйг тодруулж байна.
Шүүгдэгч Б.Ж-, амь хохирогч Ц.Л нар нь 2017 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, хэрэг болох үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 10 дугаар орцны жижүүрийн байранд амьдарч байсан байх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтын амьдралтай гэдэг үндэслэлээр түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үзэх нь үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримт болох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1248 дугаар шийтгэврээр амь хохирогч Б-нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Ж-г зодсон үндэслэлээр баривчлах шийтгэл хүлээж байсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-нь амь хохирогч Ц.Л-г шүүгдэгч Б.Ж-д урьд нь удаа дараа зодуулж, гэмтэж байсан талаар хэлж байсан гэж мэдүүлэх боловч энэ нь бусад эх сурвалжаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй дурдаж байна.
Мөн шүүгдэгч Б.Ж-гийн төрөл садны холбоотой хүмүүс болох ___________ нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ амь хохирогч Ц.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүгдэгч Б.Ж-г зоддог байсан гэж мэдүүлжээ. Энэхүү мэдүүлгүүд мөн адил хөндлөнгийн бусад эх сурвалжаар тогтоогдоогүй байна.
Харин хэрэг учрал болох үед амь хохирогч хэд хоног согтууруулах ундааны зүйл уусан байдалтай байсан нь гэрч Б.Я-ын /Өнөр-2 СӨХ-ийн гүйцэтгэх захирал/ “...Б.Ж-г орцны жижүүрээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажилд авсан. ...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Б.Ж-гийн “манай нөхөр” гэж хэлсэн 40 орчим насны шар төрхтэй эрэгтэй байн байн эргэлдээд байх болсон...тэр нөхөр нь гээд байгаа залуу нь ирснээс хойш орой болгон тэр нөхөр нь согтуу ирж байгаа сураг дуулдаад байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч болон амь хохирогч хоёрын хооронд тухайн өдөр үүссэн маргаан нь нэг талын давамгайлсан өөрийн эрхшээл хяналтанд нэгнийгээ байлгах гэсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй харилцаанаас бус архи согтууруулах ундааны зүйл уусан, гэр бүлийн маргаан бүхий нөхцлөөс хамааран гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй үндэслэлээр хөнгөрүүлэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой буяны үйл ажиллагааны зардалд нийт 3.779.349 төгрөг /хэрэгт хамааралгүй 4 ширхэг баримтыг хасч тооцсон/ нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Иймд шүүгдэгч Б.Ж-гаас 3.779.349 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан хуульд заасан доод хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Б.Ж-г хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 475 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосонг дурдаж байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч, амь хохирогч нар нь харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн зүй бус үйлдлээс шалгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх боломжгүй дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуугаар хүний амь хохироосон байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хоногийг 100 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
Шүүгдэгч Б.Ж- нь 12 настай хүүхэдтэй, хүү Ж.С нь шүүгдэгчийн дүү Б.Б-д буюу Дорнод аймгийн Баяндун суманд байдаг болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх155/, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтуудад “...эх нь ...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасан.
Иймд хүүхдийн хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гийн цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ж-гаас 3.779.349 /гурван сая, долоон зуун далан есөн мянга, гурван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгуулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гийн насанд хүрээгүй хүүхдэд хүүхдийн хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.МӨНХЗУЛ
Б.БЯМБААБААТАР