Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1473

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Мөнхбадрал,

улсын яллагч Э.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 20030000000236 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Б, 1980 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн, 16 дугаар хороо, Орхон 4 дүгээр гудамж, 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд замд Б.Баярмаагийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 67-03 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 69 настай, эрэгтэй Б.Яндагийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт баримт бүхий зардал 840.000 төгрөгийг төлж барагдуулсан”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай аав надруу залгаад аав нь осолд орсон гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж утсаар ярьсан. Би гэмтлийн эмнэлэгт очиход аав маань эмнэлэгт байж байсан. Энэ хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгсөн. Би аавыгаа асарч байсан тул ажлаасаа чөлөө авч байсан. Ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэл санааны хохиролд нийт 6.5 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Яндаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн хойд талын төв зам дээрээс такси барих гээд зогсож байтал гэнэт миний хөлийн гуя руу машин мөргөснөөс би 2 метр орчим газар шидэгдэж унасан. Тэгээд би газраас өөрөө босох гэтэл босож болохгүй байсан...жолооч өөрийн машинаар намайг Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Би замын 1 дүгээр эгнээнд замын хашлаганы хажууд зогсож байсан. Миний зогсож байсан замын машины хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Миний зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хохирогч П.Яндагийн төрсөн охин нь байгаа юм. Манай аав энэ ослоос болж зүүн хөлний дунд чөмөгний толгойн хэсэг хугараад гэртээ босож явж чадахгүй хэвтэж байгаа учир энэ хэрэгт аавынхаа өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 50 минутын үед намайг гэртээ байж байтал манай аав над руу утсаараа залгаад аав нь Баянзүрх дүүргийн хойд талын замд машинд мөргүүлчихлээ. Тэгээд би одоо энэ жолоочтой хамт гэмтлийн эмнэлэг явж байна гэж хэлэхээр нь би аавд Гэмтлийн эмнэлэг рүү явлаа гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт манай аав 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, аавыгаа 7 хоног хэвтэж эмчлүүлэхэд би эмнэлэгт хажууд нь ажлаасаа чөлөө авч сахисан байгаа. Бид нар аавынхаа эмчилгээний зардлын тооцоог хэрэгт нь гаргаж өгсөн байгаа, энэ гаргаж өгсөн зардлаа бид нар энэ буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6843 дугаартай дүгнэлт:

1. Д.Яндагийн бие зүүн дунд чөмөгт ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай Мөрдөгчийн магадлагаа:

  1. “Тоёота Приус” марзийн 67-03 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Д.Яндаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 98-99/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутын үед би Тоёота Приус маркийн 67-03 УБВ улсын дугаартай автомашинтай Баянзүрх дүүргийн нутаг, дүүргийн төв байрны хойд талын зам дээр ухрах үйлдэл хийж байтал гэнэт миний машины ард түг гэсэн чимээ гарахаар нь би тоормозоо гишгээд зогсоод машинаасаа гараад машины хойд талд очтол зам дээр нэг өвгөн далаараа уначихсан байдалтай байхаар нь замын хажуугаар явж байсан нэг залуутай хамжиж байгаад нөгөө өвгөнийг газраас босгоод машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Харин би баруун гар талын тол болон голын толиндоо ар талаа харалгүй ухрах үйлдэл хийсэн. Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай эхнэр Б.Баярмаагийн нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд замд Б.Баярмаагийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 67-03 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 69 настай, эрэгтэй Б.Яндагийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Яндагийн: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн хойд талын төв зам дээрээс такси барих гээд зогсож байтал гэнэт миний хөлийн гуя руу машин мөргөснөөс би 2 метр орчим газар шидэгдэж унасан. Тэгээд би газраас өөрөө босох гэтэл босож болохгүй байсан...жолооч өөрийн машинаар намайг Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Би замын 1 дүгээр эгнээнд замын хашлаганы хажууд зогсож байсан. Миний зогсож байсан замын машины хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Миний зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч П.Яндагт 840.000  төгрөгийг нөхөн төлснийг дурдав.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ф.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Бг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бд нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас илүүгүй цагаар тогтоосугай..

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 840.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР