| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1451/Э |
| Дугаар | 1487 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1820 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х.М, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл шинжлэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Гангарын 170а байр 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Х.М нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь 14-81 тоотод Ж.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, Ж.Энхтүвшингийн биед дух, зүүн хацар, зовхи, баруун шанаа, шуу, эрүү, хүзүү, завжинд зулгаралт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чи яахаараа ингэж дандаа өөдөөс янз бүрийн юм ярьж байдаг юм бэ гэж надад хэлэнгүүтээ баруун гараараа миний толгойн тус газар 1 удаа цохиод миний үснээс шууд үсдээд авсан. Намайг үсдэж байхдаа доошоо тонгойлгож дараад миний нүүр, хүзүүг маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,
Гэрч Н.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр хоёр хоорондоо маргалдаж байгаа нь гэр дотроос сонсогдож байсан. Энхтүвшинг М л зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Яллагдагч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхтүвшин надтай хэрэлдэж, маргалдахаасаа өмнө ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх, сорвигүй байсан. Надаас өөр Энхтүвшинг зодож, цохисон хүн байхгүй. Тухайн өдөр Энхтүвшин бид хоёр л хоорондоо муудалцсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7786 тоот дүгнэлтэд:
1. Ж.Энхтүвшингийн биед дух, зүүн хацар, зовхи, баруун шанаа, шуу, эрүү, хүзүү, завжинд зулгаралт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хамаарагдана..
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 26-27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь 14-81 тоотод Ж.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, Ж.Энхтүвшингийн биед дух, зүүн хацар, зовхи, баруун шанаа, шуу, эрүү, хүзүү, завжинд зулгаралт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Э.Энхтүвшингийн: “...Чи яахаараа ингэж дандаа өөдөөс янз бүрийн юм ярьж байдаг юм бэ гэж надад хэлэнгүүтээ баруун гараараа миний толгойн тус газар 1 удаа цохиод миний үснээс шууд үсдээд авсан. Намайг үсдэж байхдаа доошоо тонгойлгож дараад миний нүүр, хүзүүг маажсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Оюунцэцэгийн: “...тэр хоёр хоорондоо маргалдаж байгаа нь гэр дотроос сонсогдож байсан. Энхтүвшинг М л зодсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Мт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.Энхтүвшин нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Х.Мт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Х.Мт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР