Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1524

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Аод холбогдох эрүүгийн 1906 07227 0741 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Р.А, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 3-81 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх оноож, урьд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус ял дээр нэмж нэгтгэн нийт 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Р.А нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны эцэст иргэн Б.Дэмбэрэлийг ахмад настан биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж таксины мөнгө өг гэхэд өгсөнгүй гэх шалтгаанаар боож унагаагаад, хүзүүн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Р.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Дэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...тэр залуу миний араас ирж заамдаж аваад миний баруун талын гарнаас барьж байгаад хөлөөрөө хавирч газарт унагаагаад дээрээс хүзүүн дээр гараараа нэг удаа цохисон. Намайг газарт унагаахад би баруун талынхаа гарыг дарж унаад хугалчихсан...тухайн үед А бид хоёр хамт такси барьж Шархадны эцэс дээр ирсэн юм. Р.А намайг дээрэмдсэн зүйл байхгүй. Харин надаас таксины мөнгө нэхсэн нь үнэн. Би барилгын материалын дэлгүүрийн худалдагч залууд А намайг зодсон гэж хэлэхэд А дэлгүүрээс гараад явсан. Тухайн үед А намайг мөнгөтэй явж байгааг мэдээгүй. Би мөнгөтэй явж байгаагаа Аод хэлээгүй. Мөнгөө ч харуулаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 114-116/,

Гэрч Н.Пүрэв-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20:00 цагийн орчимд манай өвөө гэмтэлд хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд манай өвөө Б.Дэмбэрэл нь өдөр тэтгэвэр нь буугаад мах авна гэж байсан. Тэгээд дэлгүүр ороод мах аваад гарсан чинь зүс таних хүн нь тааралдаад архины мөнгө нэхсэн гэсэн. Тэгээд архины мөнгө өгөхгүй гээд цаашаа алхахад нь гарыг нь араас нь хөшиж татаад өшиглөсөн гэсэн. Одоо биед нь ил харагдах шарх гэвэл нүүр нь жаахан хөхөрсөн хоолой хэсгээр нь улайсан байгаа. Сая Гэмтлийн эмнэлэг явсан. Гарны тохойн нугалдаг үеийн дээд хэсгээр хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Э.Эрдэнэтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би таньдаг хүнтэйгээ хамт архи уучихаад Шархадны эцэст байдаг барилгын материалын дэлгүүрт ороход нэг цэнхэр өнгийн дээлтэй өвгөн сууж байсан. Хажууд нь бор царайтай туранхай биетэй, саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн курткатай залуу зогсож байсан. Тэр хоорондоо таньдаг бололтой юм яриад байсан. Тэгээд би тэндээс гараад гэртээ очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

Гэрч Б.Бат-Ирээдүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Дэмбэрэл нэртэй настай ах хөх цэнхэр өнгийн дээл өмссөн нэг туранхай, өндөр нуруутай залуутай хамт орж ирсэн. Дэмбэрэл гуайн гэр Шархадад байдаг болохоор би зүс таньдаг юм. Дэмбэрэл гуай эхлээд манайд орж ирэхдээ хамт орж ирсэн туранхай биетэй, өндөр нуруутай, хар бараан царайтай залуу намайг зодож гар эвгүй болгочихлоо гэж надад хэлсэн. Дараа нь тэр хоёрын араас нь шар царайтай саарал өнгийн өмдтэй залуу орж ирсэн. Тэгтэл Дэмбэрэл гуайг эхлээд хамт орж ирсэн ажлын хувцастай бакал гуталтай залуу нь дээрэлхээд мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь би дээрэлхээд мөнгө нэхээд байсан залуугаас чи хэн юм бэ яагаад настай хүн дээрэлхээд байгаа юм гэж асуухад тэр залуу би хүүхэд нь байгаа юм гэж хэлэхэд Дэмбэрэл гуай энэ манай хүүхэд биш гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Яллагдагч Р.Аирунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр намайг таксинд сууж явсан хүнийг боож гарыг нь хугалсан гэж бичсэн байна. Би тухайн өдөр таксинд сууж яваагүй. Хүнтэй зодолдсон зүйл байхгүй. Надад өөр ярих зүйл алга. Шинжээчийн 14490 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн Б.Дэмбэрэлийн биед учирсан гэмтлүүдийг би учруулаагүй...сууж байгаа цэнхэр өнгийн хувцастай хүнийг би танихгүй. Наад талд зогсож байгаа хүний нэрийг Эрдэнэтулга гэдэг. Цаад талд нь зогсож байгаа саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртиктай, доогуураа хөх өнгийн ажлын өмд, бакал гуталтай зогсож байгаа хүн нь би мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №14490 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Дэмбэрэлийн биед баруун атгаалын доод булуу дайрсан зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлийн үед өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжүүд илэрсэн. гэх дүгнэлт /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Р.А нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны эцэст иргэн Б.Дэмбэрэлийг ахмад настан биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж таксины мөнгө өг гэхэд өгсөнгүй гэх шалтгаанаар боож унагаагаад, хүзүүн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Дэмбэрэлийн: "...тэр залуу миний араас ирж заамдаж аваад миний баруун талын гарнаас барьж байгаад хөлөөрөө хавирч газарт унагаагаад дээрээс хүзүүн дээр гараараа нэг удаа цохисон. Намайг газарт унагаахад би баруун талынхаа гарыг дарж унаад хугалчихсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бат-Ирээдүйгийн: “...Тухайн өдөр Дэмбэрэл нэртэй настай ах хөх цэнхэр өнгийн дээл өмссөн нэг туранхай, өндөр нуруутай зөлуутай хамт орж ирсэн. Дэмбэрэл гуайн гэр Шархадад байдаг болохоор би зүс таньдаг юм. Дэмбэрэл гуай эхлээд манайд орж ирэхдээ хамт орж ирсэн туранхай биетэй, өндөр нуруутай, хар бараан царайтай залуу намайг зодож гар эвгүй болгочихлоо гэж надад хэлсэн. Дараа нь тэр хоёрын араас нь шар царайтай саарал өнгийн өмдтэй залуу орж ирсэн. Тэгтэл Дэмбэрэл гуайг эхлээд хамт орж ирсэн ажлын хувцастай бакал гуталтай залуу нь дээрэлхээд мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь би дээрэлхээд мөнгө нэхээд байсан залуугаас чи хэн юм бэ яагаад настай хүн дээрэлхээд байгаа юм гэж асуухад тэр залуу би хүүхэд нь байгаа юм гэж хэлэхэд Дэмбэрэл гуай энэ манай хүүхэд биш гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Р.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.Аыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Р.А нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аод өмнө Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 310 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 560 хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн ба 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1118 дугаартай шүүгчийн захирамжаар 246 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

Иймд дээрх шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Аод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 298 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Р.Аыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Р.Аод 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Р.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 298 цагийн 8 цагийн ажлын 1 өдрийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Р.Аын бүгд биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Р.Аод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Аын урьд цагдан хоригдсон нийт 105 /нэг зуун тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Р.А нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Р.Аод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР