Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1529

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                           

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806089911004 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.М, 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 2, аавын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 201-р байрны 321 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч П.М нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” төвийн гадна 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Алтанхяугтай маргалдан улмаар түүний нүүр, цээж хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж өшиглөж баруун хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, баруун хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханы цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд шарх, баруун нүдний алим, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.М нь шүүх хуралдаанд: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жулиа төвийн гадаа ажлынхаа хүмүүстэй байж байгаад үл таних залуу болох П.Мтай маргалдан харилцан зодолдсон. Намайг зодуулаад байхад дүү Эрдэнэцэцэг нь АТМ-ээс мөнгө авах гэж байгаад намайг зодуулж байхыг хараад зодооны дундуур орж салгасан...намайг Б.Алтанбаганатай бүлэглэн зодсон зүйл байхгүй. Шүүх дээр явж байхад надад бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. Одоо 5 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг өгнө. Цаашид дараах хохирлоо П.Мтай харилцан ярьж тохирсон. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 1-2/,

Гэрч Б.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад хүргэн ах Алтанхуяг эхнэрийнхээ утас руу залгаад "би Жулиа төвийн паб, караокед 1 ажлын хүмүүстэй сууж байна тооцоогоо хийх гэсэн миний мобайл банк ажиллахгүй байна мөнгө шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би Жулиа төвд ирсэн...ороод дутсан 30.000 төгрөгийг нь аваад зөөгчид нь өгөөд харсан чинь Алтанхуяг ах Жулиа төвийн АТМ-ын урд талд “наадах чинь миний утас шүү дээ” гэж орилоод үл таних 20 гаран насны өндөр нуруутай ахтай гар утсаа булаацалдаад зогсож байхаар нь би гүйж очоод Алтанхуяг ахыг салгах гэсэн чинь зууралцаж байсан өндөр нуруутай ах намайг арагш нь түлхээд газар унагахаар нь би босч ирээд ахыгаа салгах гэсэн чинь би дийлэхгүй байсан. Тэгсэн цаанаас нь үл таних өндөр нуруутай ах ирээд Алтанхуяг ахыг Жулиа төвийн үүдэн дээр байхад эхэлж зууралдсан өндөр нуруутай бор царайтай ах Алтанхуяг ахын нүүрэн тус газар нь атгасан гараараа хэд, хэдэн удаа цохисон чинь хамарнаас нь цус гарсан. Тэгсэн өндөр бор /П.М/ залуу Алтанхуяг ахын нүүрэн тус газар өшиглөж унагаад гутлын өсгийгөөрөө дэвслээд байсан. Эхэлж маргалдсан өндөр бор /П.М/ залуу Алтанхуяг ахыг ихэвчлэн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодоод нуүрэн тус газар нь 1 удаа өшиглөөд унасан байхад нь нүүрэн тус газар гутлын өсгийгөөрөө дэвсээд зодоод байсан... Б.Алтанбагана гарч ирээд нүүрэн газар нь цохисон байх гэж харсан. Тэр үед би салгаж байна гэж хараагүй учраас би энэ залуугийн ард талаас нь хувцаснаас нь татаж холдуулаад гар цүнхээрээ цохиж салгах гэж байсан. Тухайн үед М, Алтанбагана гэгч хүмүүс надаас өндөр учраас би ардаас нь тэднийг давуулж харах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17, 148-151/,

Гэрч Б.Булганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жулиа төв дээр эргээд иртэл М нь үл таних хүнтэй маргалдаад зодолдсон бололтой М болон үл таних согтуу залуу нарын хамарнаас цус гарсан байдалтай, харин Алтанбагана тэднийг салгасан хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Намайг ирсний дараа үл таних согтуу залуу /хохирогч Алтанхуяг/ газар унасан хэвтэж байхад нь М тэр хүний дээрээс нь 2 удаа өшиглөөд, 2 удаа цохисон тэгсэн тэр залуутай хамт явж байсан эмэгтэй хүн газар унасан залууг босгосон. Тухайн үед М гадаа гарч ирээд хохирогч Б.Алтанхуягийг утсаа өгч бай гэхээр нь хохирогч Алтанхуяг нь өгөхгүй гээд маргаан болсон юм шиг байна лээ, тухайн үедээ М надад ингэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27/,

Гэрч Э.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Алтанхуяг ах Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Жулиа төвийн ард хашаа тэвэрсэн миний эхнэр Эрдэнэцэцэг дэргэд нь зогсож байхад Б.Алтанхуяг нүүрээ барьсан доошоо тонгойсон сууж байхад эхнэр Эрдэнэцэцэг тэр өндөр, бор, туранхай залуу /П.М/ нь Алтанхуяг зодсон залуу шүү гэж зааж байсан. Тэгсэн тэнд зогсож байсан үл таних хүмүүс тэр өндөр бор туранхай /П.М/ гэх залууг бариад караоке руу аваад ороход миний эхнэр Эрдэнэцэцэг эгч Б.Анарын хамт караокены үүдэнд тэр залууг зугтаачиж магадгүй гээд хараад зогсож байсан...намайг очих үед Б.Алтанхуяг ах их хэмжээний согтуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 221-223/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Алтанхуягийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, баруун хоншоорын урд хананы хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 37-38/,

Яллагдагч П.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би хохирогч Б.Алтанхуягийг Б.Алтанбаганатай бүлэглэн зодсон зүйл огт байхгүй. Би хохирогч Б.Алтанхуягийг ганцаараа зодсон. Тухайн хэрэг болох үед хохирогч Б.Алтанхуягаас гадна 4-5 хүн байсан. Анх эхлээд Б.Алтанхуяг нь над руу дайрч маргалдаж зодооныг үүсгэсэн. Тэр үед Алтанбагана намайг хайж явж байгаад олж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 3-4/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13416 дугаартай дүгнэлт:

1 Б.Алтанхуягийн биед баруун хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, баруун хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд шарх, баруун нүдний алим, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 44/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч П.М нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” төвийн гадна 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Алтанхуягтай маргалдан улмаар түүний нүүр, цээж хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж өшиглөж баруун хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, баруун хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханы цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд шарх, баруун нүдний алим, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Алтанхуягийн: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жулиа төвийн гадаа ажлынхаа хүмүүстэй байж байгаад үл таних залуу болох П.Мтай маргалдан харилцан зодолдсон. Намайг зодуулаад байхад дүү Эрдэнэцэцэг нь АТМ-ээс мөнгө авах гэж байгаад намайг зодуулж байхыг хараад зодооны дундуур орж салгасан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэцэцэгийн: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад ...Жулиа төвийн үүдэн дээр байхад эхэлж зууралдсан өндөр нуруутай бор царайтай ах Алтанхуяг ахын нүүрэн тус газар нь атгасан гараараа хэд, хэдэн удаа цохисон чинь хамарнаас нь цус гарсан. Тэгсэн өндөр бор /П.М/ залуу Алтанхуяг ахын нүүрэн тус газар өшиглөж унагаад гутлын өсгийгөөрөө дэвслээд байсан...” гэсэн мэдүүлэг, болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.М нь хохирогчид хохирол төлбөрт 2.550.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдав.

Шүүгдэгч П.М нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл, түүний хувийн байдал нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгй ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан ялаас П.Мыг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 2.550.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР