Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 77

 

                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

              биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                     болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19-р хороо, 51-142 тоотод оршин суух Лхамжавын Мөнхжаргалын \РД:УС67011609\нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12-р хороолол, 7а байрны 5 тоотод оршин суух Чойжилсүрэнгийн Баярсайханы /РД:УУ68010814\-д холбогдох,

Авто зогсоолын үлдэгдэл 2,500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Мөнхжаргал миний бие нь Fashion House ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах тухай 05 дугаартай гэрээ” байгуулсан бөгөөд уг байр нь 2011 онд ашиглалтанд орж, би тус байранд нүүн орсон. Уг гэрээний нэмэлт заалтанд байрны доор байдаг гражны нэг зогсоолыг үнэгүй авах эрх эдэлнэ гэж заасны дагуу байрныхаа доор нэг граж албан ёсоор эзэмших болсон бөгөөд өөрийн эзэмшлийн авто зогсоолыг иргэн Ч.Баярсайханд 13,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг авсан. Ч.Баярсайхан нь 2015.02 дугаар сард 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд Ч.Баярсайханаас авто зогсоолын үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь хариуцагч Ч.Баярсайханд холбогдуулан Авто зогсоолын үлдэгдэл 2,500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Мөнхжарагл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Ч.Баярсайхан нь нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан аши сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ч.Баярсайханд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ч.Баярсайхан нь нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын авто зогсоолын үлдэгдэл 2,500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, Ч.Баярсайханд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаа нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгөөс 27,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 27,475 төгрөгийг, хариуцагч Ч.Баярсайханаас 27,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Мөнхжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.               

 

 

ШҮҮГЧ                                Д.ЦЭРЭНДОЛГОР