Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.У,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 02329 2024 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ч.М, 1968 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-620 оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ХВ68081517/,

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар С.Батбаярын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч С.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би эхнэртэйгээ хамт эхнэрийн төрсөн ах болох Ч.Мөнхбатын ахын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-260 тоотод хоол хүнс аваачиж өгсөн. Мөнхбат бид хоёр нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад гэртээ харьсан. Гэртээ унтаж байхад Мөнхбат ах манай гэрт орж ирээд дахиад нэг шил архи ууя гэхээр нь би битгий давраад бай надад илүүдээ гарсан мөнгө байхгүй гэж хэлэхэд Мөнхбат ах миний зүүн талын уруул хэсэгт нэг удаа алгадсан. Тэгтэл манай эхнэр Ч.Нармандах гэрт орж ирээд Мөнхбат ахыг хөөгөөд гаргасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15/,

Яллагдагч Ч.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүргэн дүү С.Батбаяртай маргалдаж түүнийг нэг удаа алгадсан нь үнэн. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Тухайн үед Батбаярыг надаас өөр алгадсан хүн байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5040 тоот дүгнэлтэд: 

1. С.Батбаярын биед уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруул ба уруулын булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, 2 шүдний хугарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл шинэ гэмтэл. гэх дүгнэлт. /хх-ийн 25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар С.Батбаярын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Батбаярын: “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би эхнэртэйгээ хамт эхнэрийн төрсөн ах болох Ч.Мөнхбатын ахын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-260 тоотод хоол хүнс аваачиж өгсөн. Мөнхбат бид хоёр нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад гэртээ харьсан. Гэртээ унтаж байхад Мөнхбат ах манай гэрт орж ирээд дахиад нэг шил архи ууя гэхээр нь би битгий давраад бай надад илүүдээ гарсан мөнгө байхгүй гэж хэлэхэд Мөнхбат ах миний зүүн талын уруул хэсэгт нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Мөнхбатад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Батбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ч.Мөнхбатад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Мөнхбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.М 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР