Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           Д.Номинчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Нямдоржид холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00197 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.Номинчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  П.Нямдоржид холбогдох,

“Ажлын хөлс 2.940.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч П.Нямдоржийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Номинчимэг, хариуцагч П.Нямдорж, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Номинчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2014 оны 09 сард тус компаний захирал Нямдоржтой харилцан ярилцаж, сарын цалинг 140,000 төгрөгөөр тохирч тус ондоо 3 сарын цалинг өгсөн.Түүнээс хойш цалин өгөөч гэхээр барилга баригдахаар өгнө гэсээр өнөөг хүрлээ. Өнгөрсөн намар барилга баригдаж эхлэхэд би таньд 500,000 төгрөг өгье гэсэн. Та энэ барилгын юмыг болон хашааг сайн харж бай гэж хэлсэн. Тухайн барилгын хашааг сахиж манахад маш хэцүү, шөнө орой хүүхдүүд гал тавьчих гээд, согтуу хүмүүс орж ирж хашаа эзэгнэх гээд байнга хяналт тавьж байхгүй бол болдоггүй. Би цалингүй учраас тог байнга хэрэглэж, тогоо тасдуулдаг. Өөрөө тэтгэвэр цалингийн зээлтэй харж хандах үр хүүхэд муутай. 2 жил Нямдоржийн хашааны сахиулаар ажилласан 24 сарын 3,360,000 төгрөгөөс 420,000 төгрөг авсан цалин 2,940,000 төгрөгийг цалинг тус барилгын эзэн Нямдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Нямдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Номинчимэгийнх манай компанийн хашааны хажуугийн хашаанд буюу АН-ын байрны хашаанд гэртэйгээ буун барилгын хашааны сахиул хийдэг байсан. Намын байр баригдаж дууссаны дараагаар АН-ынхан барилгын хашаагаа буулгаж Номинчимэг гуайг барилгынхаа гаднаас нүүхийг шаардсан. Энэ үед буюу 2014 оны 09 сард тэрээр: Эмээ нь хотын төвд эдний хашаанд хэдэн жил амьдраад бүр дасчихлаа, юм юмандаа ойрхон сайхан юм, тэгээд ч эмээд нь өөр орох газар алга. миний хүү эмээгээ хашаандаа буулгачихаач гэж надаас гуйж, шалах болсон. Манайх хашаандаа өвлийн дулаалгатай, хүн амьдрах зориулалттай вагончик /байшин/-тай бөгөөд тэнд миний нэг ядарсан найз маань амьдрангаа хашаа хардаг байсан юм. Номинчимэг гуай эмээ нь бол цалин мөнгө ч авахгүй шүү гэхээр нь би цалин хөлс өгөхгүй шүү, танайх хэрэглэсэн цахилгааны мөнгөө тоолуурынхаа заалтаар тогтмол төлж байна шүү, байшинд цэвэрхэн суугаараа гэж захиж хэлснээр тэднийхийг оруулсан юм... Миний өгсөн мөнгө сар бүр 140.000-аар, 2014 оны 09 сараас 2015 оны 09 сарыг дуустал нийт 13 сар үргэлжилж 1.680.000 төгрөг болсон байна. 2015 оны 10 сараас 2016 оны 04 сар хүртэл 6 сарын хугацаанд өөрийнх нь хүссэний дагуу би түүнд цалин мөнгө гэхээр зүйл өгөөгүй нь үнэн. 2015 оны 04-р сараас барилгын газар шорооны ажил эхлэсэн тул 08-р сард тэднийх хэлтэй амтай нүүсэн юм. Цахилгааны мөнгөө төлөлгүй хуримтлуулж, 150 мянган төгрөгийн өр надад үлдээгээд явсан юм. Иймд иргэн Д.Номинчимэгийн гаргасан нэхэмжлэлийг ямар ч үндэслэлгүй зүйл гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан П.Нямдоржоос 1 820 000 төгрөг гаргуулан Д.Номинчимэгт олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 120 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж,хариуцагчаас 44 070 төгрөг гаргуулан төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Нямдорж давж заалдсан гомдолдоо:

Миний бие аймгийн АШ-ны шүүх хуралд, хэрэгт холбогдолтой нотлох баримтуудыг гаргаж өгөн, гэрчүүдийг байлцуулсаар байхад гар дээрээ ганц ширхэг баримтгүй, хажуудаа ганц ширхэг гэрчийг ч байлцуулаагүй Б.Номинчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ямар ч үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрч түүний талд шийдвэр гаргасан. Шүүх гэрчээс мэдүүлэг авч байх үед нэхэмжлэгч нь: Би П.Нямдоржоос 3 сарын л мөнгө бэлэнээр авсан, өөрөөр Ц.Ариунаа, П.Дашдорж нараас ямар ч мөнгө аваагүй гэсэн. Намайг дансаар 3 сарын мөнгө шилжүүлсэн баримт гаргаж ирэхэд, наадах чинь банкны хуурамч баримт байна, би дансаар чамаас мөнгө аваагүй гэж байсан. Сүүлд нь нь нотлох баримттай танилцсаныхаа дараа буюу шүүх хурал дээр дансаар 3 сарын мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрч Ц.Ариунаагаас 4 сарын мөнгө л бэлнээр авсан гэж зөвшөөрсөн. Анх авсан гэж байсан 3 сарын мөнгө нь хэд хоногийн 7 сар болж, дараа нь 10 сар болчихсон явж байна. /3+3+4=10/. Ингэж өнөөдөр хэлсэнээ маргааш нь үгүйсгэж, нөгөөдөр нь зөвшөөрөөд байгаа байдлаас нь үзэхэд тэрээр худлаа хэлж, хүн гүжирдээд байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. /Би нийт түүнд 12 сарын мөнгө 1.680.000 төгрөг өгсөн/ Би түүнтэй хашаагаа сахиулах гэж ямар нэгэн гэрээ хэлцэл хийж, цалин мөнгө тохироогүй гэдгээ хэлсэн. Амьдрал хэцүү байна гээд гуйж, түүгээд байхаар нь сард багахан мөнгө өгдөг болсоноо хэлсэн. Тиймээс миний бие түүнийг өрөвдөж сайн дураараа өгдөг байсан мөнгөө өгөхөө хэзээ ч зогсоосон миний асуудал шүү гэж хүртэл хэлсэн. Шүүгч намайг: Та энэ хүнд мөнгө өгөх ёстой гэдгээ өөрийнхөө өгч байсан мөнгөөрөө, мөнгөний баримтаараа /банкны квитанц, хар дэвтэр г.м / нотлоод байна гэсэн. Тэгвэл би нотлоод байгаа юм бол яагаад намайг мөнгө төлөөгүй гэж шийдвэр гаргаад байгаа юм бол? Би нэхэмжлэгчид мөнгө өгсөн гэдгээ нотолсон бол, тэр хүн надаас мөнгө аваагүй гэдгээ юугаар нотлох вэ?

Шүүх 2015.09 сарааас 2016.04 сар хуртэл буюу 18 сарын цалинг төлөх үндэслэлтэй гэж үзсэн. Тэгвэл энэ 18 сараас нэхэмжлэгчийн авснаа зөвшөөрөөд байгаа 10 сарыг хасахад 8 сар үлдэнэ. 8 сар х 140.000төг=1.120.000 төгрөг төлөхөөр болно. Шүүх харин эсрэгээр нь 1.120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 1.820.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргасныг би ойлгохгүй байна. 18 сараас миний төлсөн 12 сарыг хасвал 6 сар үлдэнэ. 6 сар х 140.000=840.000төг. /хэрвээ төлөх ёстой гэж үзвэл/ гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Номинчимэг нь хариуцагч П.Нямдоржид холбогдуулан ажлын хөлс 2.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан П.Нямдоржоос 1 820 000 төгрөг гаргуулан Д.Номинчимэгт олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.120.000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Номинчимэг 2014 оны 9 сард хариуцагч П.Нямдоржтой харилцан тохиролцож түүний эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах Ардчилсан намын байрны хажууд байдаг аж ахуйн зориулалттай хашааны сахиулаар ажиллахаар болжээ. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа зохигчдын хооронд хийгдсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хариуцагч П.Нямдорж нь 2014 оны 9 сараас 2015 оны 9 сар хүртэл  сар бүр 140.000 төгрөгөөр нийт 1.680.000 төгрөг Д.Номинчимэгт өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч П.Нямдорж нь нэхэмжлэгч Д.Номинчимэгт Хаан банкны орлогын баримтаар нийт 420.000 төгрөг төлсөн  мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “...Эхнэр нь 4 удаа 140 000 төгрөг өгсөн.2 удаа банкаар мөнгө шилжүүлсэн...” нэхэмжлэгч нийт 980.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлсийг төлж байсан болох нь тогтоогджээ.   

Нэхэмжлэгч  Д.Номинчимэг нь хариуцагч П.Нямдоржид холбогдуулан ажлын хөлс 2.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар “...өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч П.Нямдорж нь ажлын хөлс болох 2.940.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг боловч 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх,мөн хуулийн 38.1-т зааснаар “...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Харин хариуцагч П.Нямдорж давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад 840.000 төгрөг төлөх боломжтой гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн болно.

            Иймд хариуцагч П.Нямдоржийн зөвшөөрсөн хэмжээгээр 840.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Номинчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч П.Нямдоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00197 дугаар шийдвэрийн

            1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан П.Нямдоржоос 1 820 000 төгрөг гаргуулан Д.Номинчимэгт олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан П.Нямдоржоос  840.000 төгрөг гаргуулан Д.Номинчимэгт олгосугай...” гэж, 

            2 дугаар заалтыг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 120 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.100. 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...”гэж,

            3 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж,хариуцагчаас 44 070 төгрөг гаргуулан төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар оруулсугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас........төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч П.Нямдоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     М. ХҮРЭЛБААТАР

 

                                                                                                  Б.БАТТӨР