Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Ж.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Шүүгдэгч  Ж.Б

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр Ж.Б-т холбогдох эрүүгийн 1722000900053 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн ........суманд 1988.10.01-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ........ оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх,  Б овогт Ж.Б

Шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Б овогт Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар Б овогт Ж.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын дотор хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтайг Ж.Б-т мэдэгдэж,

Энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурьдаж,

Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжээр тодорхойлогдоно гэж буруу дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан бол дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохоор байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж ямар үйлдлийг ойлгох талаар хууль тогтоогч тайлбар хийгээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан ба 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно: 5.1.1 ”Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно гэж зааснаас үзэхэд шүүгдэгч нь эхнэр Б-ын бие махбодид халдсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ойлгогдохоор байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нотлогдохгүй байна, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Б-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлээгүй яллаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй байхад 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Б-ын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Б-ийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ж.Б нь Р.Б-ын бие махбодид халдсан болох нь хангалттай нотлогдсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээс “байнга үйлдэх” гэсэн шинжээрээ ялгаатай байхад энэ гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт адилтгаж хууль хэрэглэсэн нь буруу байна.

Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэр бүлийн харилцаатай этгээд гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэж ирсэн атлаа дээрх тохиолдолд эрс өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-т холбогдох Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын .... тоотод байх гэртээ эхнэр Р.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, аймгийн Прокурорын газраас  Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харъяаллын дагуу Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэргийг шийдвэрлэхдээ прокуророос Ж.Б-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг анхан шатны шүүхээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй”  гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч  Ж.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг”-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зассан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордохоор байх  тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг “..нотлогдоогүй” гэх үндэслэлээр  хөнгөрүүлсэн  бөгөөд  үндэслэлийнхээ талаар болон  улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар  шийтгэх тогтоолдоо тайлбарлаж, дүгнэлт өгөлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтуудыг    зөрчсөн байна.      

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор анхан шатны шүүхээс шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг  “1 сард төлөх хэмжээ нь тодорхойгүй” гэж тайлбар хийсэн  бөгөөд  хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул давж заалдах шатны шүүх энэхүү тайлбарт дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Ж.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Ж.Б-т анхан шатны шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                             Х.ГЭРЭЛМАА