Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 104

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ерөнхий боловсролын Ү Ц сургууль /**/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч гомдлын шаардлагадаа: “Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шийтгэлийн хуудаст дурьдсанаар “...Ү Ц бүрэн дунд сургуульд хүүхдийн эрх, боловсролын байгууллагын сургалтын орчин, түүнд тавигдах шаардлага, стандарт ноцтой зөрчигдөж байна гэх асуудлыг шалгаад . , . Ү Ц бүрэн дунд сургууль нь Боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлага, дотоод хяналтын журмын хэрэгжилт хангаагүй болох нь үзлэг, гэрчийн мэдүүлэг, холбогдох бичиг баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж 

үзсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. 

Ү Ц бүрэн дунд сургуулийн зүгээс дээрх байдлаар шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж байна. Үүнд: 

1. Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт “Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасан. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хууль дахь боловсролын стандартыг Ү Ц бүрэн дунд сургууль зөрчиж байна хэмээн үзсэн үндэслэлийг Боловсрол шинжлэх ухааны сайдын “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/311 дугаар тушаал, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Суралцагчийн эрхийг хамгаалах тухай” 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар тушаалуудыг үндэслэл болгож боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн үзсэн. 

Гэвч дээрх нэр бүхий стандарт тогтоосон буюу байнга дагаж мөрдүүлэхээр хэм хэмжээ тогтоосон актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3-2/111 дугаар албан тоотоор улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь нотлогдож байна. 

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч нь Ү Ц бүрэн дунд сургуулийг боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. 

2. 17******* тоот шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Ү Ц бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 67  тоот  тушаалаар  батлагдсан  “Сургуулийн  дотоод  хяналт,  шалгалтыг зохион байгуулах журам" хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/23 дугаар тушаалаар дотоод хяналтын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж үйл ажиллагаа явуулж байгаа болно. 

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч нь “дотоод хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй” гэж үзэж байгаа нь дотоод хяналт шалгалтын журам Ү Ц бүрэн дунд сургуульд байсаар байхад торгуулийн шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актаар 2 төрлийн зөрчил илэрсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Торгууль ногдуулах зөрчлийг энэхүү заалтад дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол оногдуулахаар заасан. Өөрөөр хэлбэл үүнээс дотоод хяналт шалгалтыг баталсан журам байхгүй, баталсан ч гэсэн мөрдүүлээгүй бол гэсэн агуулга харагдаж байна. Хуульд заасан энэхүү нөхцөл байдал гомдол гаргагч хуулийн этгээдэд бий болоогүй. Холбогдогчоос ч мөн энэхүү нөхцөл байдал бий болсон гэдэг үндэслэлээр торгооль оногдуулаагүй. Харин дотоод хяналт шалгалтын дүрэм журам хангалтгүй, холбогдох заалтуудыг нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан. 

Дээрх заалтын урьдчилсан нөхцөл нь “дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй бол” гэж заасан болохоос тэрхүү журмын хэрэгжилт хангалттай эсэх талаар заагаагүй байна. Тус журмын хэрэгжилт хангалттай эсэхийг дүгнэх ямар нэгэн стандарт, хэмжүүр байхгүй учраас энэ талаар албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдвэр гаргаж болохгүй. Хуулийн зүйл, заалтыг улам өргөжүүлж тайлбарлаад байвал иргэн, хуулийн этгээд бүгд шийтгэл хүлээх болно. Дотоод хяналт шалгалтын журмын аль нэг заалтыг биелүүлээгүй тохиолдол бүрт журмаа дагаж биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгууль оногдуулж болохгүй. 

Мөн  дээрх  заалт  нь  гомдол  гаргагч  ерөнхий  боловсролын  “Ү Ц”  боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь тус заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэг буюу “үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил”-ийн бүлэгт хамаарч байна. Өөрөөр хэлбэл тус бүлгээр хамгаалагдаж буй нийгмийн харилцаа нь үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, даатгалын журам байна. 

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйл нь дээрх байгууллагууд тухайн үйл ажиллагааныхаа хяналт, шалгалтаас зайлсхийсэн, дотоод хяналт шалгалт явуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл тухайн бүлэгт хамааралтай заалт юм. 

Холбогдогчийн дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй гэж үндэслэл нь тодорхой бус байсан. Сүүлд шүүхэд нэмэлт тайлбараа ирүүлсэн байна. Уг тайлбарт “ шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэхдээ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын 4.3.1, 6.8, 7.2.4, сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 67 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын 2.7.8, 5.1, 4.4, 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг баримталсан” гэсэн байна. 

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандарт, Хүнсний тухай хуулийг зөрчсөн гэдэг нь дотоод хяналт шалгалтын мөрдүүлээгүй гэсэн үндэслэлд хамаарахгүй. Хэрвээ Хүнсний тухай хуулийн аль нэг заалтыг зөрчсөн бол тус хуулийн шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлээр торгохоос биш дотоод хяналт шалгалтыг мөрдүүлээгүй гэсэн үндэслэлд хамааруулж шийтгэл ногдуулж болохгүй. Мөн гомдол гаргагчийг Сургуулийн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журмын 2.7.8, 5.1, 4.4, 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэвч эдгээр заалтуудыг зөрчсөн байлаа ч энэ нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэсэн үндэслэлд хамаарахгүй. 

Тухайн байгууллага дотоод хяналт шалгалтын журмаа батлаад үүнийхээ дагуу шалгалт хийдэг байхад Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт хангагдсан гэж үзэхээр байна. Зөрчлийг шалгах явцдаа цуглуулсан баримтад гомдол гаргагч нь өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг бүхий л дотоод хяналт шалгалтын дүрэм, журмуудыг гаргаж өгсөн. Мөн үүний дагуу шалгалтыг  хийж  байсан  талаарх  шалгалтын  хуудсууд,  шалгалт  хийдэг  байсан талаарх гэрчийн мэдүүлгүүд авагдсан байгаа.

Холбогдогчоос Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад  “Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Холбогдогчоос боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагын алийг нь зөрчсөн гэж үзсэн талаар одоог хүртэл тодорхой тайлбарлаагүй байна. 

Холбогдогчоос шийтгэл оногдуулсан шийдвэрээ Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/311 дүгээр тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/233 дугаар тушаалуудыг үндэслэн гаргасан гэж тайлбарладаг. Гэвч тус актууд нь захиргааны хэм, хэмжээний актад бүртгэлгүй байсан ба энэ талаар лавлагааг авч өгсөн. Гэтэл  дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалыг үндэслэсэн гэж тайлбарласан. 

Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа шийдвэрийнхээ бодит болон хууль зүйн үндэслэлийг заах ёстой байдаг. Гэтэл шийтгэлийн хуудсанд ямар тушаал, журмыг баримталсан, ямар хуулийн зүйл заалт зөрчигдсөн талаар заагаагүй. Мөн ямар үйл баримтаар стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагууд зөрчигдсөн талаар бодит үндэслэлийг заалгүйгээр хуулийн ерөнхий заалтуудыг баримталж шийдвэр гаргасан. 

Журмыг дагаж мөрдөөгүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулахын тулд тухайн журмыг дагаж мөрдөх үүрэг үүссэн байх ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд журмыг бүртгүүлснээр тухайн журмыг дагаж мөрдөх үүрэг үүснэ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн лавлагаанд “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3197 дугаарт бүртгэгдсэн байна” гэсэн байна. Гэвч энэ нь тус тушаал Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. 2010 оны бүртгэл нь Засгийн газрын тогтолоор батлагдсан журмын дагуу явагддаг бүртгэл байсан. 2017 онд Захиргааны ерөнхий хууль батлагдан Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба ийнхүү бүртгүүлэхдээ холбогдох байгууллагуудын саналыг авах талаар заасан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх журмын дагуу бүртгэгдээгүй учраас тус тушаал, журмыг дагаж мөрдөх үүрэг үүсээгүй байна. 

Шийтгэл оногдуулахдаа Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд тус заалтад үлгэрчилсэн дүрмийг сайд батлахаар заасан. Энэ нь байгууллагууд заавал дагаж мөрдөх стандарт, журам биш юм. Зөвхөн үлгэрчилсэн буюу загвар дүрмийг батлах ба үүнд нийцүүлэн сургалтын байгууллагууд өөрсдийн журмаа батлахаар заасан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулиудын үлгэрчилсэн дүрмийг хавсралт ёсоор баталсугай”, 2 дахь хэсэгт “Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг шинэчлэн боловсруулж мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын захирал нарт үүрэг болгосугай” гэж тус тус зааснаас үзвэл үлгэрчилсэн дүрмийг заавал дагаж мөрдөхөөр заагаагүй байна. 

Зөрчилд шийтгэл ногдуулах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх ёстой. Хэрэв тус хуульд нийцүүлэн зөрчил шалгах ажиллагааг явуулаагүй бол зөрчил гарсан эсэхээс үл хамааран хууль бус шийдвэр болно. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ихэвчлэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн явуулсан байдаг. Гэвч гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагаа нь хуульд нийцээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийг асуухдаа эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулах ёстой. Гэвч гэрчүүдийг асуусан тэмдэглэлийн дээд хэсэгт  Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтуудыг тайлбарласан талаар тэмдэглэл үйлдсэн байна. Гэрчүүдэд эдгээр зөрчлүүд байдаг талаар тайлбарлах нь ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл гэрчүүдээс хууль сануулахгүйгээр мэдүүлэг авсан учраас хууль бусаар цуглуулсан нотлох баримт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй нотлох баримт гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” гэж заасан. Зөрчлийн хэргийг  2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн. Үүнээс хойш 14 хоногийн дотор хэрэг бүртгэлтийг явуулах ёстой бөгөөд хугацаа дуусах үед зөрчил тогтоогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Гэтэл дээрх 14 хоногийн хугацаа дуусахад хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд хугацаа сунгах тухай шийдвэр гаргуулаагүй байна. Хэрэг бүртгэлтийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын  30-ны өдөр  сунгасан  ба  ингэхдээ  дээрх  14  хоногийн 

хугацааг ажлын 14 хоногийн хугацаа гэж ойлгосон байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хугацааг ажлын хоног, эсхүл хоног гэж тодорхойлдог. 

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгасны дараа холбогдогчид зөрчлийн хэрэг материалыг танилцуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц дунд материалыг танилцуулж, үүнийгээ тэмдэглэл үйлдэн баталгаажуулах ёстой байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү.” гэв. 

Хариуцагч хариу тайлбартаа “...Тус хэлтэст иргэн В.Н-ээс ирүулсэн гомдлын дагуу 2017 оны 11 дугээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжинд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Ү Ц” /УБД9025001***, РД81841**/ бүрэн дунд сургуульд хэлтсийн даргын баталсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02-14/198 дугаартай удирдамжийн хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж буй Зөрчлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Эрүул ахуйн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиуд болон тэдгээрт нийцуулэн гаргасан дүрэм, журам, тушаалын хэрэгжилтэд боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө нар хяналт шалгалт хийсэн. 

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н нь шалгалтаар тогтоогдсон нөхцөлд байдалд үндэслэн 17******* тоот зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, “Ү Ц” бүрэн дунд сургуульд холбогдуулан боловсролын сургалтын байгууллагад тавигдах шаардлага болон байгууллагын дотоод хяналтад мөрдөгдөх журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2, 11.2 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжийн торгууль ногдуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингуй болгуулах тухай холбогдогч “Ү Ц” бүрэн дунд сургуулиас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 тоот албан бичгээр гомдол гаргасан байна. 

Уг гомдолд дурдсан боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н-ын холбогдогч “Ү Ц” бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол 214010400052 хунийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасан, “Ү Ц” бүрэн дунд сургуульд шийтгэл оногдуулсан шийдвэр нь зөвхөн боловсролын сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд тус зөрчлийг үндэслэхдээ Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 471 дүгээр тушаалын хавсралт "Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.11, 6.2, 6.4, 2.15, 2.20, 2.22 дахь заалтыг баримталсан. 

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулахдаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал CAC/RCP 39:2011 стандартын 4.3.1, 6.8, 7.2.4, сургуулийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 67 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын 2.7.8,  5.1, 4.4, 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг баримталсан.

Холбогдогч “Ү Ц” бүрэн дунд сургуулиас гаргасан гомдолд тус сургууль нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/311 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Суралцагчийн эрхийг хамгаалах тухай” 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар тушаалыг зөрчсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа тухай тайлбарласан байна. Дээрх А/311, А/233 дугаартай тушаалууд нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байгаа тухай Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3-2/111 дугаартай албан тоот бичгийг холбогдогч “Ү Ц” бүрэн дунд сургуулиас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар: 24**, РД: АЮ910529**/ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн хэргийн нотлох баримтад /хуудас 79/ авах хүсэлт  гаргасныг  хүлээн  авч  шийдвэрлэн  боловсролын  стандарт  зөрчсөн  гэх 

үндэслэл хууль зүйн үр дагавар үүсэх чадамжгүй болсныг холбогдогч, оролцогч нарт хэлж, мөн холбогдох хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлүүд байгааг тухайн үед нь танилцуулсан. 

2. “Ү Ц” бүрэн дунд сургуулиас гаргасан гомдолд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч нь дотоод хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй гэж үзэж байгаа нь дотоод хяналт шалгалтын журам “Ү Ц” сургуульд байсаар байхад торгуулийн шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж тайлбарлажээ. Энэ нь зөвхөн тус сургуулийн захирлын 2014 оны 09 дугээр сарын 05-ны өдрийн 67 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын хүчин төгөлдөр эсэх, сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Дотоод хяналтын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 01/23 дугаар тушаалаар дотоод хяналтын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тухай биш бөгөөд тус сургуулийн хувьд дотоод хяналт шалгалтын журам, төлөвлөгөөнд тусгагдаж хийгдсэн гэх ажлууд нь хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлсэн бичиг баримттай нийцээгүй, холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилт хангалтгүй байгаад үндэслэн гаргасан шийдвэр юм. 

“Ү Ц” бүрэн дунд сургуульд шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэхдээ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай хууль болон “Ү Ц” сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 05 ны өдрийн 67 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-д заасныг баримтласан. 

Иймд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н-ын тус сургуульд холбогдуулан хийсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиплагааны явцад холбогдох баримт бичиг, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “Ү Ц” бүрэн дунд сургуулиас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 дугаартай гомдолд дурдсан тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүйг дээрх гаргасан тайлбараар мэдэгдэж байна.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тухайн сургуульд очиход зориулалтын бус хүнсний сав буюу хоол хүнс бэлтгэх ёсгүй хуванцар саванд  хүнсний  бэлэн  болсон  бүтээгдэгдэхүүн 

хадгалсан, ажлын байр эмх цэгцгүй, бохир, цэвэрлэгээний бодис, материалыг ил задгай орхисон, хооллох танхимыг агуулах болгож ашигласан, хоол бэлтгэлийн үйл ажиллагааны тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллаагүй, хоол бэлтгэгч нь бээлий өмсөөгүй, бэлэн мөнгө барьсан гараараа хоол, ширхгийн бүтээгдэхүүнүүдийг хүүхдүүдэд худалдаалж байсан, ажлын байрны зохион байгуулалт нь зохистой дадлыг хангаж ажлаагүй зэрэг зөрчлүүд тогтоогдож байсан.

Гомдол гаргагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар 1.2 дахь хэсэгт заасан дотоод хяналтын журмыг тогтоож мөрдүүлээгүй, хэрэгжилт хангалтгүй гэдэг нь тусдаа ойлголт гэж тайлбарлалаа. Дотоод хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй байна гэдэг нь түүнийг мөрдүүлээгүй байна гэсэн ойлголт юм. 

2013 оны Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолд байгууллага, аж ахуйн нэгж болгон энэ журамд нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагаанд дотоод хяналтын журмыг мөрдөх талаар заасан байдаг. Энэхүү тогтоолыг үндэслэн “Ү Ц” сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 67 тоот тушаалаар “Сургуулийн дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам”-ыг баталсан. Гомдол гаргагчаас журам байсаар байтал журмыг мөрдүүлээгүй гэж зөрчилд тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Гэвч зөвхөн дотоод хяналтын журам байгаа эсэхийг нь шалгаад бодит зөрчлийг нь шалгахгүйгээр явцуу байдлаар хяналт шалгалтыг явуулдаггүй. 

Монгол Улсад Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тухайн байгууллагын зөрчлийн талаар нөхцөл байдлыг шалгаж, нотлох баримтаар баримтжуулдаг болсон. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавьдаг болсон. Тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн байцаагч өөрөө бие даан шийдвэр гаргадаг байсан.  Гомдол гаргагчийн өмгөөлөгч улсын байцаагч үзэмжээрээ шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэргийг прокурорт нийт 7 удаа танилцуулж байсан. Прокуророос нотлох баримтууд хангалттай, хуулийн хүрээнд цугласан гэж үзсэн учраас дээрх шийдвэр гарсан. 

Тус сургуульд шийтгэл оногдуулахдаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савалсан байна”, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ  чанар,  аюулгүй  байдлыг  хангаж  үйл  ажиллагааныхаа  үр 

дагаварыг өөрөө хариуцна”, 10.1.4-т “үйл ажиллагаандаа зохистой дадалыг нэвтрүүлэх”,  Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын 4.3.1-т “ хоолны газрын барилга байгууламж нь засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхэд хялбар, бат бөх материалаар хийгдсэн барилгын төлөвөлт, дотоод зохион байгуулалт нь технологи урсгалын дагуу зөв зохион байгуулагдсан байна. Материал нь гадны биет эвгүй үнэр, амтыг хоол хүнсэнд дамжуулахааргүй байна”, 6.8-д “ хоол хүнс бэлтгэх үед хэрэглэж буй бээлий нь урагдаж цоороогүй, цэвэрхэн, ариун цэврийн шаардлага хангасан байна. Бээлий өмсөх нь ажилтныг гараа сайтар угаах үүргээс чөлөөлөхгүй болно”, 7.2.4 “ аюулд онцгой өртөмтгий түүхий эд материалыг бэлэн хоол бүтээгдэхүүнээс тусад өрөөнд хамгаалалт, хаалтаар тусгаарласан орон зайд бэлтгэж боловсруулах шаардлагатай”, “Ү Ц” сургуулийн захирлын 2014 оны 67 тоот тушаалаар батлагдсан журмын 2.7.8-т “ сургуулийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын стандартын хэрэгжилт болон зөрчлийн тухай мэдээллээр удирдлагыг хангах”, 5.1-т “үдийн хоолны амт чанар, технологийн баримт, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээнд хяналт тавих”, 4.4-т “ суралцагчийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэх талаар хяналт тавих” гэж тус тус заасныг үндэслэл болгосон.

Зөрчлийн хэргийн 32-34 дүгээр хуудсанд Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, зурган баримтууд авагдсан байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан. сургуулийн орчимд зарахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний зөвлөмж байдаг ба үүгээр будаг оруулагчтай зайдастай ороомгийг зарахыг хориглодог боловч тус сургуульд энэ хүнсний бүтээгдэхүүнийг зарж байсан. Мөн хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй өндөг зарж байсан. Энэ талаар гэрчийн мэдүүлгээдээс харж болно. Мөн зөрчлийн хэргийн 35-36 дугаар хуудсанд хоол, хүнсний талаар эцэг эхчүүдийн бичсэн сэтгэгдэл авагдсан байгаа.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх 14 хоногийн хугацаандаа зөрчил илрүүлээгүй байж хугацаа сунгасан гэж тайлбарласан. Зөрчлийн хяналт шалгалтыг ажлын 14 хоногт явуулдаг. Хуанлийн 14 хоногоор тооцдоггүй. 

Бидний зүгээс нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан. Гомдол гаргагчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч н.З зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн 28 хоногийн хугацаанд байсан бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг сайн  ойлгож  байсан.  Тус  сургуульд  олон  зөрчлүүд  байгаа  боловч 

хэлээд ойлгохгүй байна гэж надад тайлбарлаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, Ү Ц сургуулийн захирал нарт зөрчлийн хэргийн нотлох баримтуудыг бүгдийг нь танилцуулан, үндэслэл болгосон заалтуудаа амаар хэлж байсан. 

Ү Ц сургуулийн захирлын 2014 оны 67 тоот тушаалаар батлагдсан журмын 3.1-т “сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм журмуудыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаргах, хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын шийдвэр, сургуулийн дүрэм, журам, заавар, захирлын тушаал шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүргийг Дотоод хяналтын шалгалтын комисс хүлээнэ” гэж заасан. 

Ерөнхий боловсролын “Ү Ц” сургуулиас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/111 дугаартай албан бичгээр тайлбар хүргүүлсэн. Энэхүү тайлбартаа тус сургууль дээр хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ажлын хүрээнд сургуулийн дотоод хяналтын шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд явуулан зөрчлөө арилгахаар хийсэн ажлуудынхаа талаар бичсэн. Гэвч энэхүү тайлбарыг ирүүлсэн нь зөрчлийг тооцохгүй байх үндэслэл болохгүй. Мөн тус ирүүлсэн тайлбартаа Үдийн болон нийтийн хоолтой холбоотой технологийн карт, бусад холбогдох баримт бичгүүдийн бүрдэлтийг ахлах тогооч П.А-д хариуцуулсан гэсэн мөртлөө 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 тоот тушаалаар П.А-г ажлаас чөлөөлсөн баримт нь зөрчлийн хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан байна. Эдгээр баримтууд нь он сар, утгын хувьд зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл 11 дүгээр сарын 14-нд ажлаас чөлөөлөгдсөн хүнд ажил үүрэг хариуцуулсан талаар 11 дүгээр сарын 16-ны өдөр тайлбар ирүүлсэн. Ажлаас чөлөөлөгдсөн гэх П.А нь одоог хүртэл ажиллаж л байгаа.

Тус сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1-т “ Сургуулийн үйл ажиллагаа, түүний онцлогийг харгалзан шинээр элсэж байгаа болон шилжин ирсэн сурагчдыг хичээлд сууж эхэлснээр сургалтын гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан мөртлөө 6.2-т “Сургалтын зардлыг гэрээнд заасан хэмжээ, хугацааг баримтлан төлнө” гэж заасан байна. Үүнээс харахад тус журам нь утга, найруулгын хувьд алдаатай байна.

Зөрчлийн хэргийн 94-95 дугаар хуудсанд авагдсан эцэг эхийн хурлын тэмдэглэлийг эцэг, эхтэй байгуулсан сургалтын гэрээ гэж тайлбарласан. Сургуулийн дотоод журамдаа төлбөрөө хугацаандаа төлөөгүй хоног тутам 0.5 хувиар анз тооцохоор заасан байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т 

хуульд өөрөөр заагаагүй бол анз тооцсон гэрээг заавал бичгээр байгуулахаар заасан. Иймд тус сургалтын гэрээг заавал бичгээр байгуулах ёстой байсан ч сургалтын гэрээг бичгээр байгуулаагүй. Сургуулийн удирдах зөвлөлийн хурлаас сургалтын төлбөрийг тогтоож, хугацаандаа төлөөгүй хоног тутамд 5 хувийн алданги тооцохоор, төлбөрөө төлөөгүй тохиолдолд суралцагчийг хичээлээс чөлөөлөхөөр шийдвэрлэж, энэ мэдээлэлтэй танилцуулсан гэж эцэг эхчүүдээс гарын үсэг авсан байдаг. Зөрчлийн хэргийн 96 дугаар хуудсанд байгаа энэ баримтад  26-33 дахь  хэсэгт нэг хүний гараар бичигдсэн байдаг. Гомдол гаргагч Б.Н энэ мэдээлэлтэй танилцаагүй байхад өөрийнх нь өмнөөс танилцсан гэж нэрийг нь бичсэн талаар тайлбар гаргасан байгаа.

Иймд Ү Ц сургуулийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н-н гомдлоор Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02-14/198 дугаартай удирдамжийн дагуу боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө нар ерөнхий боловсролын Ү Ц бүрэн дунд сургуульд Зөрчлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Эрүул ахуйн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тушаалын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж боловсролын хяналтын улсын байцаагч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17******* дугаартай шийтгэлийн хуудсаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 

Ерөнхий боловсролын Ү Ц бүрэн дунд сургууль нь энэхүү шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд 17******* дугаартай зөрчлийн хэрэгт болон энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд хууль буруу хэрэглэсэн, боловсролын хяналтын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийтгэл ногдуулсан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дараах үндэслэлүүдээр дүгнээд гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

Нэг. Хууль буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд тусгагдсанаар 1/ бага ангийн сурагчдын хичээллэх хугацаа өдөрт  9  цаг  үргэлжилж  байна, 2/  тус  сургуулийн  цайны  газарт  хийсэн шалгалтаар хүнсний эрүүл ахуй, чанар стандартын зөрчил илэрсэн, 3/ 2в ангийн багш Г.Г суралцагч, эцэг эхэд сэтгэл санааны дарамт үзүүлсэн, хуульд заагаагүй төлбөр хураамж авсан, 4/ сургалтын гэрээ хийгээгүй, төлбөр буцаан олгохгүй байгаа гэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илэрсэн гэж үзжээ. 

Дээрх зөрчлүүдээс бага ангийн сурагчдын хичээллэх хугацаа өдөрт 9 цаг үргэлжилж байгаа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/311 дугаартай “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг батлах тухай”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар “Суралцагчийн эрхийг хамгаалах тухай”  тушаалыг зөрчсөн гэж үзсэн ч уг тушаалууд нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3-2/111 тоот лавлагаагаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй үндэслэлээр хичээллэх хугацаатай холбоотой асуудлыг зөрчилд тооцоогүй байна.

Мөн тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалаар багш Г.Г-д сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр түүнд холбогдох асуудлыг зөрчилд тооцохгүй байх тухай холбогдогчоос гаргасан хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор  хэсэгчлэн хангажээ.

Өөрөөр хэлбэл тус сургуулийн цайны газарт хүнсний эрүүл ахуй, чанар стандарт хангаагүй зөрчил илэрсэн, сургалтын гэрээ хийгээгүй, төлбөр буцаан олгохгүй байгаа гэсэн зөрчлүүдэд боловсролын хяналтын улсын байцаагч 17******* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2, 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримтлан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Улсын байцаагч нь зөрчлийн тухай тэмдэглэл болон шийтгэлийн хуудаст аль хууль, хэм хэмжээний актын аль заалтыг зөрчсөн гэж үзсэн болохоо тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл захиргааны зөрчилд шийтгэл ногдуулахдаа хуульд үндэслээгүй буруутай байна. 

Хэдий тийм ч шүүхэд гаргасан тайлбартаа дурьдсан заалтуудын үндэслэлийг дүгнэвэл Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь “боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн” гэж үзсэн үндэслэлээ Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Ерөнхий боловсролын  сургуулийн  үлгэрчилсэн  дүрэм”-

ийн 2.11, 6.2, 6.4, 2.15, 2.20, 2.22 дахь заалтыг баримталсан гэж тайлбарладаг ч сургалтын гэрээ хийгээгүй, төлбөр буцаан олгохгүй байгаа зөрчилд дээрх заалтууд тухайлан хамаарахгүй байна. 

Мөн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримтлан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ заалт нь хүнсний эрүүл ахуй, чанар стандартыг зөрчсөн гэх зөрчилд хамааралгүй, үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчилд хамаарах заалт байна. Өөрөөр хэлбэл хүнсний эрүүл ахуй, чанар стандартыг хангаж байгаа эсэхийг хянах дотоод хяналт шалгалтын журам тогтоож, мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт хамаарахгүй юм. 

Харин Зөрчлийн тухай хуульд байгаа хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэх зохицуулалт бүхий 6 дугаар бүлгийн тухайлбал, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалтууд хамаарна. 

Иймээс зөрчлийн хэрэг бүртгэлтээр тогтоогдсон гэх зөрчилд хамааралгүй заалт баримтлан шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоосон байна” гэсэнтэй нийцэхгүй байна.

Хоёр. Хяналтын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийтгэл ногдуулсан үндэслэлийн тухайд:

Мөн л шийтгэлийн хуудаст баримтлаагүй ч тайлбартаа дурьдсанаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулахдаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал CAC/RCP 39:2011 стандартын 4.3.1, 6.8, 7.2.4, тус сургуулийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 67 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын 2.7.8,  5.1, 4.4, 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг баримталсан гэж тайлбарладаг бөгөөд энэ зөрчил нь боловсролын хяналтын улсын байцаагчийн хяналтын  харьяалал,  чиглэлд  хамаарахгүй,  харин шалгалтын удирдамжаар томилогдсон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч энэ чиглэлийн шалгалтыг хийж шийдвэрлэх эрхтэй байжээ. 

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлийн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2 дахь “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэгт бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэсэн заалтын хоногийг хуанлийн хоногоор тооцно.  Учир нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т “хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна”, 5-д “хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн цаг, минутад дуусна” гэж хугацааг хоногоор эсхүл ажлын өдрөөр тоолох талаар ялгамжтай, нарийвчлан зохицуулсан бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг ажлын өдрөөр бус хоногоор тооцохоор зохицуулжээ. 

Зөрчлийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээснээс тооцоход хэрэг бүртгэлтийг явуулах хугацаа 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусахаар, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ хугацаанаас 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгах боломжтой байна. Гэтэл ийнхүү хоногоор тооцох хэрэг бүртгэлтийн хугацааг ажлын өдрөөр тооцсоноос 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, 12 дугаар сарын 20-ны өдөр шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, үүнээс үүдэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрджээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр ерөнхий боловсролын Ү ц бүрэн дунд сургуулийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Энэ шийдвэр хяналтын чиглэл, харьяаллын дагуу хяналт шалгалт хийж, хуульд үндэслэн шийдвэр гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2, 11.2 дугаар зүйлийн 1.2,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 , 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан ерөнхий боловсролын Ү ц бүрэн дунд сургуулийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА