Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01444

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

         2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00242 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Э” ХХК

         Хариуцагч: Ж.Тд холбогдох

    169.342.671 төгрөгийг эхо суурин аппаратын 2 датчикийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Ж.Т, хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би эхнэр Ж.Ттай 1984 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдраад өнөөдрийг хүрсэн. Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн РМЗ-д ажиллаж байгаад 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би ажлынхаа хажуугаар 2005-11-22-ны өдөр Э ХХК-ийг 1 гишүүнтэйгээр байгуулсан юм. Эхнэр маань тус компанид өөрийнхөө нэрийг оруулах хүсэлт гаргасныг би зөвшөөрч 2010 онд 2 хүний гишүүнтэй компани болсон. Тэгээд тус компанийн хувьцааг би 50,1%-ийг эхнэр Ж.Т 49,9%-ийг эзэмших эрхтэй болсон болно. Гэтэл компанийн үйл ажиллагаанаас олсон ашгаасаа би 50,1%-ийн эзэмшдэгийн хувьд 2010-2017 он хүртэл нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй, 2017-02 дугаар сард эхнэр Ж.Т компаниасаа тусгаарлаж дур мэдэн гарахдаа манай компаний үйл ажиллагаа явуулдаг эхо аппаратны 2 датичик авч яваад өгөхгүй байна. Эхоны аппарат бусад тоног төхөөрөмжийг би компанийхаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж банкнаас зээл авч тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байсан ба эхнэр маань үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүргэсэн юм. Иймд Компанийн дүрмийн 3.11, 5.2.1-д заасныг үндэслэн 2010 оноос 2017 он хүртэл компанийн ашгаас ногдох 169.342.671 төгрөгийг, Эхо суурин аппаратны 2 датичикийг Ж.Тгаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2002 онд өөрийн мэргэжил болох эхо оношлогооны тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн газраас авч Энхжин эмнэлгийн нэг өрөөг түрээслэн ажлын бус цагаар ажиллаж байгаад төсвийн цалин бага, ажлын ачаалал их, мөн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлага өссөн, мөн хүүхдүүд оюутан болсон тул ажлаасаа гарч өөрөө бие даан үйл ажиллагаа явуулая гэж шийдээд үүнийгээ нөхөр Г.Гтой ярилцсан. 2005-11-22-нд Э ХХК-ийг байгуулж, өрхийн тэргүүн эр нөхрөө компанийн удирдлага захирал болгосон. Г.Г Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд түүнд компани байгуулах шаардлага байгаагүй. 2005 онд компанид байсан эхлэлийн хөрөнгө 10.950.000 төгрөгийн эд хөрөнгө гэсэн боловч 5сая төгрөгийн үнэтэй зөөврийн Эхо аппарат авч иргэдэд үйлчилж байсан. Зарим үед нөхөр Г.Г нь миний оруулсан хөрөнгө гэж, агсам тавьдаг байсан тул би өөрийн нэрээр Голомт банкнаас хөрөнгө оруулалтын зээл болох 30сая  төгрөг авсан. Энэ мөнгөөрөө Алока 530-3500 маркийн эхо суурин аппаратыг авч, Э компанид хөрөнгө оруулалт хийн, 2 гишүүнтэй компани болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Г.Г Эхоны аппаратны зээл аваагүй, би 2010-07- 01-нд өөрийн үйл ажиллагаа, мэргэжлийн лиценц, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн тоног төхөөрөмж оруулдаг эрхтэй СИ-АЙ-ТИ компаниар зуучлуулан 27.5сая төгрөгийн урьдчилгаатай /Үүнийг өөрт байсан хуримтлал, найз нөхөд бусад хүмүүсийн тусламжтайгаар бүрдүүлсэн./ дээр нь нэмж Голомт банкнаас хөрөнгө оруулалтын зээл болох 30сая төгрөгийг 2010-07-01-нээс 2015-07-01-ны хооронд буюу 5 жилийн хугацаатай авсан. Ийнхүү нийт 57.5сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Дээрх зээлийн хугацаанд Г.Гоос нэг ч төгрөгийн зээл төлүүлж байгаагүй. Би эхо оношлогооны үйл ажиллагаанаас орсон орлогоор зээлээ төлж дуусгасан. Надаас 169.342.671 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Далай ван аудитын дүгнэлтээр Эхо оношлогооны цэвэр ашиг нь 101.000.000 төгрөг гэж гарсан боловч энэ ашгаас Г.Г хангалттай хүртсэн. 2007 оны 07 сард Челленжэр машин 10сая төгрөг, 2005-2007 оны орлогын хуримтлалаас, 2011 оны 10 сард Ланд Крузер-80 машин, 20сая төгрөг, Хүү 9сая төгрөг /2011 оны 07 сард Челлэнжир машинаа ажлын газрынхаа хүнд 8сая төгрөгөөр зарж, би хөрөнгө оруулалт нэрээр Голомт банкнаас 20сая төгрөгийн зээл авч Ланд Крузер-80 машиныг худалдан авч 3сая төгрөгөөр ажлын байрны өргөтгөл хийсэн/ 2013 оны 02 сард ажилласан тосны машин оруулж ирэхэд 6.5сая төгрөг, /Худалдаа хөгжлийн банкинд байсан компаний эхо орлогын хуримтлал үүсгэсэн. Г.Гын нэр дээрх хадгаламжийг барьцаалж авсан боловч би уг зээлийг эхо орлогоосоо төлсөн/ 2013 оны 05 сард Вольтз машин 14.000.000 төгрөг /Улаанбаатарын дугаартай хүүгийн нэр дээр боловч өдөр тутмын хэрэгцээнд байнга унадаг/ 2014 оны 03 сард 3 тонны багтаамжтай бензин хөдөлгүүртэй Маяти машин 3сая төгрөг /Хүнээс зээлдэж өгөөд, би дараа нь төлсөн/ Нийт дүн 62.500.000 төгрөг, 2010 оноос хойш ажилласан тосны үйл ажиллагааны орлогыг би мэддэггүй, тайланд тусгагддаггүй байсан. Үүнийг саяны аудитын шалгалтаар 59.947.310 төгрөгийн ашигтай болохыг мэдлээ. Одоо дээр нь 57.5 сая төгрөгийн үнэтэй АЛОКА 53Р-3500 маркийн аппаратыг ах дүүстэйгээ нийлж булааж авчхаад байна. Одоо надад 170 сая байтугай 6 сая хүрэхгүй тэтгэврийн үлдэгдэлтэй байна. Ажилласан тосны үйл ажиллагаанаас олсон орлого ашгийг надад мэдэгддэггүй бөгөөд харин Г.Гын өөрийнх нь хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр 59.947.310 төгрөгийн ашиг олжээ. Тэгвэл компаний гишүүний хувьд үүнээс ч би хувь хүртэх ёстой гэж үзэж байна гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00242 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3., 46.10.-т заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.004.663 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3., 46.10.-д заасныг баримтлан Э ХХК-ийн 169.342.671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.Т эхо суурин аппаратын 2 датчикийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Г.Г компаний хурал зарлах тухайгаа удаа дараа үйл ажиллагаа явуулдаг ажлын байранд очиж, үйлчлүүлэгчид амаар болон бичгээр зарлал гарган түр хаасан тухайгаа мэдэгдэн, Ж.Тд уламжлахад цагдаагийн байгууллагад гомдол гарган баривчлуулж саатуулан торгуулийн арга хэмжээ авахуулж байсан талаар зохигчид мэдүүлдэг. Цагдаагийн байгууллагын зөрчлийн хуудсаар хэрэгт авагдсан нь нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт Туяа  энэ тухай хүлээн зөвшөөрч ярьдаг. Гэтэл  шүүх Компаний тухай хуулиар дотооддоо зохицуулж болох мэтээр тайлбарлан хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.Т нь “Ультра” Эхо оношлогооны төвийг анх үүсгэн байгуулсан цагаас өөрийн тусгай мэдлэг мэргэжлийн дагуу үйл ажиллагааг удирдан зохион байгуулж олсон орлогоо банкнуудын өөрийн нэрийн хувийн харилцах данс болон дотоод бүртгэлийн кассаар бэлнээр хүлээн авч захиран зарцуулж байсан. 2010 оноос өмнө захирал Г.Год орлогоо тайлагнаж байгаад хувь эзэмшигч болох хүсэлт гарган хувьцаа эзэмшигч болсноос хойш гэр бүлийн харилцаагаа хөндийрүүлж элдэв ааш гарган үндэслэлгүй хардаж зайгаа барьсан. 2017 оны хавар орон гэрээсээ явж одоогийн байдлаар гэр бүлээ цуцлуулж, дундын хөрөнгө хуваалгах талаар шүүхэд маргах болсон. Хэдийгээр Г.Г би “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн бүртгэлтэй боловч данс тооцоо тайлан блансийг хянаж, үйл ажиллагаанд оролцох эрх 2010 оноос хойш үгүй болсон. Компаний цахим гарын үсгийг өөрийн дураар татварын байгууллагаас гаргуулан хариуцагч Ж.Т нь эзэмшиж байгаад 2017 оноос Компаний энэ үйл ажиллагаа, хөрөнгөн дээр өөр компани үүсгэн байгуулж нэхэмжлэгч надад хамааралгүй мэт болгож хуулиас гадуур аашилж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Ж.Тгийн энэ үйлдлийг шударгаар шүүж шүүхэд нэхэмжилсэн ногдол ашгийг гаргуулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

          Г.Г, Ж.Тд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Э” ХХК-ийн 2010-2017 оны ногдол ашиг 169,342,671 төгрөг гаргуулах, эхо суурин аппаратын 2 датчикийг гаргуулахыг шаардсан /хх 1/ байна. Хариуцагч Ж.Т нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй /хх 31/ маргажээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосоныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлээс 169,342,671 төгрөг гаргуулах шаардлагыг   хэрэгсэхгүй болгож, эхо суурин аппаратын 2 датчик гаргуулах шаардлагыг хариуцагч  зөвшөөрснийг баталж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Г.Г нь 2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Э ХХК-ийг 1 гишүүнтэйгээр бүртгүүлсэн бөгөөд 2010 онд Ж.Тг нэмж компани 2 хувьцаа эзэмшигчтэй болжээ.   

        Э ХХК нь дүрэм болон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан баримт хэрэгт байхгүй, Ж.Т компанийн удирдлага эрх мэдлийг хэрэгжүүлэн орлого, ашгийг захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх “...2010-2017 оны ногдол ашиг 169,342,671 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. 

         Хоёр шатны шүүх хэрэгт буй нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.    

        Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

        Г.Г Ж.Тд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх 1/, шүүх Г.Гын нэхэмжлэлтэй Ж.Тд холбогдох хэрэгт иргэний хэрэг үүсгэж /хх 24-25/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа  нэхэмжлэлийг “Э” ХХК гаргасан байдлаар шийдвэр, магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.  

         Нэхэмжлэл нь “... 2010-2017 оны ногдол ашиг 169,342,671 төгрөг гаргуулах, эхо суурин аппаратын 2 датчик...”-г Э ХХК-д бус, харин Г.Год олгуулах агуулгатай байх бөгөөд шүүх энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, талууд мэтгэлцсэн байна. 

        “Э” ХХК-н /хх 1-н 55-56/ нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан гэх баримт хэрэгт байхгүй, Г.Г хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Тд холбогдох нэхэмжлэлийг хуулийн этгээд гаргасан гэж үзэх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчинө.

        Дээр дурдсан үндэслэлээр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...Э ХХК-ийн...” гэснийг “...Г.Гын...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Гын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1.074.863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ