Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 083

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч К ,

шүүгдэгч Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н т холбогдох 2013000530028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БӨ аймгийн Ус суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , ах, дүүгийн хамт БӨ аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Н , регистрийн дугаар БК97******.

Шүүгдэгч Н ийн холбогдсон хэргийн талаар:

Н  нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Ө сумын 9 дүгээр багийн иргэн К ийн өвлийн байшингийн цонхны жижиг салхивчаар нэвтрэн орж гал тогооны өрөөний тавиур дээр байсан 16.000 төгрөг, Проуд Мобайл маркийн шаргал өнгийн гар утас, USB оролтыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Н  мэдүүлэхдээ: Миний бие 2020 оны 2 дугаар сарын хэдэн байсныг санахгүй байна. К  гэдэг хүний гэрт очиж, цонхны салхивчийг нээсэн маань үнэн. Гэхдээ цонхны салхивчийг эвдэж ороогүй, өөрөө онгорхой байсан. Тэгээд цонхны салхивчаар гэрт нь орж, тавиур дээр байсан утас болон 16.000 төгрөг авсан маань үнэн гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000530028 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

2. Шүүгдэгч Н ээс гар утас болон USB оролтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

3. Хулгайлсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

5. Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н  нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн иргэн К ийн өвлийн байшинд цонхны жижиг салхивчаар нэвтрэн орж, гал тогооны өрөөний тавиур дээр байсан 16.000 төгрөг, Проуд Мобайл маркийн шаргал өнгийн гар утас, USB оролт зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н ээс гар утас болон USB оролтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- Хулгайлсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

- Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр бүлийн хамт 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд аавын насан өөд болсны 7 жилийн ойн өдөр ном уншуулахаар аавын гэр лүү явсан юм. Гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод явсан. Аавын ойн ажлыг өнгөрүүлж дуусаад 1 дүгээр сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд гал тогооны өрөөний жижиг салхивч нээлттэй гаднаас ямар нэгэн хүн нэвтэрсэн байдалтай байсан. Би гэрт хулгай орсон байна гэж эхнэртээ хэлж ямар эд зүйл алдагдсаныг шалгахад гал тогооны шүүгээн дээр байсан Проуд Мобайл маркийн шаргал өнгийн гар утас, USB оролт холболтын хамт алга болсон байсан. Мөн бэлнээр 16.000 төгрөг байсныг аваад явсан байсан. Өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй болно. .. надад цаашид ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Ө сумын 0 дүгээр багийн “Ержан” мешитэд очсон. Мешитээс гараад баруун хойд талд байрлах саарал тоосгон байшин байсан ба байшингийн хаалга цоожтой байсан. Би тус айлын хашаанд ороход ямар нэгэн хүн байхгүй байсан ба шууд байшингийн зүүн урд талын цонхон дээр очиж цонхны жижиг салхивчийг гараараа хүчтэй түлхэхэд салхивч нээгдсэн би салхивчаар орсон. Байшингаас авч гарах эд зүйл хайсан ба гал тогооны өрөөний хоолны шүүгээн дээр байсан шаргал өнгийн андройд шилэн дэлгэцтэй гар утас, 16000 төгрөг, USB оролтыг холболтын хамт тус тус авч, орсон цонхоороо буцаад гарч яваад Тилрик захад ирж гуанзанд орж дээрх айлаас авсан мөнгөөрөө хоол авч идээд дуусгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар  хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкны хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч К ийн БӨ аймгийн Ө сумын 0 дүгээр багт байрлах өвлийн байшингийн цонхны жижиг салхивчаар хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Н ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгоно.

Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнд хохирлын хэмжээ шаардахгүй болно.  

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н  нь хохирогчийн гэр эзгүй үед байшингийн цонхны жижиг салхивчаар хууль бусаар орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж өөрийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч Н  нь хулгайлсан эд хөрөнгийг хувийн хэрэглээнд зарцуулсан зэргээс үзвэл тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Н  нь хохирогч К ийн байшингаас 16.000 төгрөг, Проуд Мобайл маркийн шаргал өнгийн гар утас, USB оролтыг хулгайлж, нийт 231.000 төгрөгийн хохирол учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эд зүйлсийг хохирогч К т бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Н  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К  нь өмгөөллийн дүгнэлтдээ Н  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Н  нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н  хулгайлсан 16.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд Проуд Мобайл маркийн шаргал өнгийн гар утас, USB оролтыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хохирогчид буцааж өгсөн нь тогтоогджээ.

Шүүгдэгч Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан бөгөөд шүүгдэгч Н ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгч К ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Н т оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байна.

Шүүгдэгч Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н ийн цагдан хоригдсон 49 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н ийг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н т оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н ийн цагдан хоригдсон 49 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т