| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0070/Э |
| Дугаар | 081 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 081
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Ф ,
иргэний нэхэмжлэгч Н ,
шүүгдэгчийн өмгөөлөгч К ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох 2013000620035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 29-ний өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б . РД:Б369******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны үеэр А сумын нутаг дэвсгэр “Бугын шар” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 10.1 м3 бургас буюу навчит мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Миний бие 50 насанд хүрчхээд хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Та бүхнээс хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Эхнэр маань хорт хавдартай, өвчтэй байгаа. Одоо хорио цээрийн дэглэм цуцлахаар Улаанбаатар хотод очиж эмчлүүлнэ. Өчигдөр эмнэлэгт хэвтсэн. Хөдөө гэр маань эзгүй, хоёр хүүхдээ малд үлдээсэн. Тийм учраас ар гэрийн байдлыг минь харгалзан үзэхийг хүсэж байна.
Иргэний нэхэмжлэгч Н гээс нэхэмжилсэн 156.000 төгрөгийг төлж өгөхийг илэрхийлж байна гэв.
2. Иргэний нэхэмжлэгч Н гээс мэдүүлэхдээ: Би Мэргэжлийн хяналтын газрын удирдамжийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ойн сав газарт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийх явцад Н сумын иргэн Ы.Байгоныс гуай сүх барчихсан мод бэлтгэж байсан. Модыг хоорондоо 5-10 метрийн зайтай 5 газарт мод овоолоод тавьсан байсан. Тухайн үед та зөвшөөрөлтэй юу гэж асуухад, зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн. Тэгээд та улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж хэлэхэд, бид нараас эмээсэн юм уу, бид нартай сайн ярихгүй яваад өгсөн. Бид нар зөрчлийг бичиж аваад, Цагдаагийн байгууллагад шалгуулж, хэргийн газарт үзлэг хийлгүүлсэн. Тухайн үед куб метрийг тогтооход Байгаль орчны аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Хасым ирж, куб метрийг тогтоохдоо 22 м.куб гэж тогтоогоод өгсөн. Тэгээд бид нарт модыг хүлээлгэж өгч, Цагдаагийн газрын хашаанд буулгаарай гэж хэлсэн.
Тухайн үед бид нар шатахуун түгээх станцаас бензинийг зээлээр авч, гуч машинаар модыг ачиж ирээд Цагдаагийн газрын хашаанд буулгасан. Энэ м.куб нь багассан, нөхөн төлбөр багассан асуудлыг дахиж шалгуулах хэрэгтэй. Мөн иргэний нэхэмжлэгчээр буруу хүнийг тогтоосон. Тухайн үед GPS-ээр координатын тогтооход А сумын газар нутаг гэж гарсан. Ө сумын Байгаль орчны хамгаалагч Д гэдэг залуу хэргийн газарт очиж, үзээгүй. Ямар хэмжээний мод байсныг ч мэдэхгүй. Тийм хүнийг иргэний нэхэмжлэгчээр томилсон байна. Тухайн үед “Иргэний нэхэмжлэгчээр бид нар оролцоно, нөхөн төлбөрийг манайд оруулж өгөөрэй” гэж Цагдаагийн байгууллагад хүсэлтээ тавьсан. Бид нар урьд нь бас 2-3 хэргийг шалгуулж байсан. А сумын газар нутагт хохирол учруулж байгаа болохоос Ө сумын газар нутагт хохирол учруулаагүй. Аялал жуулчлалын газарт орсон нөхөн төлбөр нь дараа нь алга болдог. Тухайн мөнгө бид нарт орж ирвэл, байгаль орчныг хамгаалахад зарцуулна. Нөхөн төлбөрийн мөнгөөр бид нар эргээд байгалийг хамгаалах ёстой. Нөхөн төлбөрийн мөнгө Аялал жуулчлалын газрын дансанд орсноор Аялал жуулчлалын газар байгаль орчныг хамгаалахын тулд нэг ч мод тариагүй. Тийм учраас нөхөн төлбөр 1.800.000 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын дансанд оруулах ёстой. Ажлыг нь улсын байцаагч нар хийгээд, нөхөн төлбөрийг Байгаль орчны аялал жуулчлалын газар авчхаад нэг ч ажил хийхгүй. Бид нарт зөрчлийг илрүүлсний төлөө ядаж бензин өгөх хэрэгтэй. Д тухайн газарт очиж үзээгүй байж, ингэж худлаа мэдүүлэг өгч болохгүй. Иргэний нэхэмжлэл бензин шатахууны үнэ 156.000 төгрөгийг шүүгдэгчээр гаргуулж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000620035 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,
2. Хууль бусаар мод бэлтгэсэн гэх сүхт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
4. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
5. Гэрч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
6. БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, шинжээч Х ын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан байх ба шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч К оос гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр БӨ аймгийн А сумын нутаг дэвсгэр “Бугын шар” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 10.1 м3 бургас буюу навчит мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,
- Хууль бусаар мод бэлтгэсэн гэх сүхт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Бугын шар” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц газарт 1998 онд орж байсан. Б нь надаас болон манай байгаль хамгаалагч нараас мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй. Б нь байгаль орчинд учруулсан 606.000 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 1.818.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид “Бугын шар”-ын аралд явж байтал “3ил-130” маркийн машинд багтахаар хэмжээний бургас модыг шинээр бэлтгэж, мөсний захад ачихаар бэлтгэж тавьсан байсан. Уг бэлтгэсэн модны хажууд 45-50 орчим насны бараан хувцастай, хар малгайтай, цагаан гуталтай, гартаа сүх барьсан эрэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- Гэрч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид “Бугын шар”-ын аралд явж байтал хурааж тавьсан байдалтай бургас моднууд байсан. Гэтэл уг бэлтгэсэн модны хажууд 45-50 орчим насны, бор царайтай эрэгтэй хүн сүх бариад сууж байсан. Тэр хүнийг хараад манай байгаль орчин хариуцсан байцаагч нар очиж уулзсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, шинжээч Х ын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаартай: “1. А сумын “Бугын шар“ гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц газарт хамрагдаж байна.
2. Түүж бэлтгэсэн моднууд бургас буюу навчит моднууд байна.
3. Бэлтгэсэн моднууд нь зарим нэг нь байгалийн жамаар унаж хатаж хуурайшсан боловч ерөнхийд нь сүхээр тайрч бэлтгэсэн байна.
4. Ойн газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А-79 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох Түлээний модны эзлэхүүнийг тогтоох аргачлалын дагуу Сийрэг шоометрт шилжүүлэв. Үүнд: Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндрийг урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно. Хоёр өөр газард бэлтгэж хураасан бургас модыг тус тусдан хэмжив.
1.30 м өндөр х 2.70 м урт х 1.48 м өргөн = 5,2 м3
1.20 м өндөр х 2.30 м урт х 1.78 м өргөн = 4,9 м3 ба нийт 10,1 м3 /Сийрэг шоометр байна/. Тухайн бэлтгэсэн бургас мод нь хуурай буюу түлээний мод байна.
5. А сумын “Бугын шар“ гэх газрын ойгоос бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 10,1м3 х 60000 х1.0=606.000 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна.
6. Хэзээ бэлтгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ганцаараа А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бугын шар” гэх газраас бургас мод бэлдээд хоёр хэсэгт хувааж тавьсан байхад миний хүү А орой болж байна гэж намайг дагуулж авахаар ирсэн үед байгаль хамгаалагч нар ирсэн. Би байгаль хамгаалагч болон цагдаа нарт тусгай зөвшөөрөл авахгүйгээр мод бэлдсэн гэдгээ хэлсэн. Тусгай зөвшөөрөл аваагүй мод бэлдсэнд гэмшиж байна, миний буруу боллоо” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдсэн газар нутгийг Монгол Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор “БӨ аймгийн Ногоон нуур, А ; Увс аймгийн Ховд сумдын хилийн заагт орших Дэвэлийн арал орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангилал”-аар улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б ын хууль бусаар мод бэлтгэж, ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 606.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 606.000 төгрөгийн хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б ын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 606.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1.818.000 төгрөг болж байгаа ба шүүгдэгч Б аас уг 1.818.000 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тушаасан байжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын мөнгө болох 1.818.000 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд тушаасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б оос хохиролд төлсөн 1.818.000 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Н гээс гэмт хэрэг гарах үед, мөн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн модыг А сумын хэсгийн төлөөлөгчийн хэсэгт хүргүүлэхэд шатахууны зардалд гарсан 156.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс төлж өгөхийг илэрхийлсэн тул шүүгдэгч Б аас 156.000 төгрөг гаргуулан БӨ аймгийн А сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг хамруулаагүйг дурдаж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч Б т хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б т тэнссэн хугацаанд БӨ аймгийн А сумын “Бугын шар” гэх газарт 100 ширхэг бургас мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй зэргийг дурдаж, шүүгдэгч Б т тэнссэн хугацаанд БӨ аймгийн А сумын “Бугын шар“ гэх газарт 100 ширхэг бургас мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60 см-ийн урт модон иштэй сүх 1 ширхгийг, мөн БӨ аймгийн А сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 10.1 м3 бургас модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б т хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б т тэнссэн хугацаанд БӨ аймгийн А сумын “Бугын шар “ гэх газарт 100 /нэг зуу/ ширхэг бургас мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй; Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх эхсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б оос хохиролд төлсөн 1.818.000 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б оос 156.000 төгрөг гаргуулан БӨ аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
7. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ын хууль бусаар бэлтгэсэн 10.1 м3 модыг хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60 см-ийн урт модон иштэй сүх 1 ширхгийг, БӨ аймгийн А сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 10.1 м3 бургас модыг тус тус улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т