Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 159

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Э.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н д холбогдох эрүүгийн 2015000000143 дугаартай, 163/2020/0148/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эмээ, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овгийн Э.Н  //, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н гийн өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000143 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н  нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Х” гэх газарт “хониндоо явсангүй” гэх шалтгааны улмаас эхнэр Л.Ж тай хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа түүнийг зодож биед нь зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Л.Ж гийн гэрчээр өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Х” гэх газарт байх гэртээ нөхөр, эмээ, хүүгийн хамт байж байхад манай нөхөр Н  “Б  гэх айлд ном хурж байна, би очоод номонд суугаад ирье, чи хонио харж байгаарай” гээд яваад өгсөн. Тэгээд би хонио харах гэхэд нялх хүүхэд уйлаад, эмээгийн даралт ихсэж нуруу нь өвдөөд бид хоёр хониндоо явж чадахгүй байхаар нь би аргал түүж яваад нөгөө айлд нь явж очоод нөхөртөө хандан “чи хониндоо яваач, энд юу хийгээд байгаа юм. Эсвэл хонио хар, эсвэл хүүхдээ хар” гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр “чи өөрөө хар, би чадахгүй” гээд хэрүүл хийж байгаад айлаас гарч ирснээ “мотоциклийн ард суу” гэхээр нь би “аргал түүж байна, чи өөрөө явахгүй юу” гэхэд “ард суу гээд байна, муу гичий минь” гээд загнаж байгаад хөдлөөд гэр лүү яваад өгсөн. Би араас нь аргалаа түүгээд гэрт очиход манай нөхөр эмээгийн орон дээр унтаж байсан. Эмээ бид хоёр юм яриад сууж байхад манай нөхөр Н  сэрээд надад хандан “чи яагаад суу гээд байхад мотоциклийн ард суудаггүй, муу гичий вэ” гээд хэл амаар доромжлоод над руу юм шидсэн. Тэр үед эмээ “алив чи зүгээр байгаач, хүний хүүхэд битгий алчих, наад хүн чинь эх, эцэгтэй хүн” гэж хэлэхэд “яадаг юм үүнийг зодоход” гэж хэлээд намайг гэрийн хойно гаргаж байгаад “чи муу яасан овоо муу хар гичий вэ” гэж хэлээд толгойтой үснээс татаж унагааж байгаад мөр, тохой, гуя, цээж, гэдэс хэсэг рүү өшиглөж дэвсэж зодсон. Тэр үед нь би “үхлээ ш дээ” гэхэд “чи үхэхэд яадаг юм, харин ч чиний зодуур чинь багадаад байна” гээд зодоод байсан. Миний толгой руу дэвсээд, нуруу, гуя, мөр хэсэг рүү өшиглөөд дэвсэлсэн. Мөн хацар луу алгадаад үснээс зулгааж татаад газар толгойгоор савсан. Гэрт ороод байж байсан чинь сураар нуруу руу ороолгоод “ээж, аав руугаа хэл чи, хэлээд яадаг юм, дөрвөн мөчийг чинь санжуулж дээвэр дээр гаргаж шиднэ” гэх зэргээр айлган сүрдүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/, Л.Ж гийн хохирогчоор өгсөн: “Н  бид хоёр нэг жилийн өмнө 2019 оны 08 дугаар сард байх ямаа сайн барьсангүй гэснээс болж муудалцаж над руу лоом, хүрз шидсэн. Гэхдээ оноогүй ба гэрт орж ирээд сураар нуруу руу 1 удаа ороолгосон. Тэр үед ямар ч гэмтэл учраагүй, одоо шарх сорви байхгүй. 2019 оны 09 дүгээр сард гүү барих үед унагаа сайн бариач гэж хэлсэн ба тэр үед муудалцаад, зодолдсон асуудал байхгүй. 2020 оны хавар мал төллөж байх үеэр Н  бид хоёр малнаасаа болоод л жаахан муудалцсан, намайг зодоогүй. Н  бид хоёрын муудалцаж байсныг эмээ Нацагдоржоос өөр хүн мэдэхгүй. Эмээ Нацагдорж, нөхөр Н  бид гурав л мал дээр байдаг, эмээ хөдөлж чадахгүй болохоор Н  бид хоёр л малаа нааш цааш болгодог, бүл муутай болохоор муудалцах үе гардаг л юм, гэхдээ байнга муудалцаад байдаггүй, байнга намайг зодож гэр бүлийн хучирхийлэл үйлдээд дарамтлаад байдаггүй юмаа. Н  надад архи уугаад агсам согтуу тавьж хэрүүл хийдэггүй, айл гэрт муудалцах юм байдаг шүү дээ. Надад ямар ч гэмтэл байхгүй юм чинь би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Н  бид хоёр байнга муудалцаад байдаггүй. Гэхдээ би Н д гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч М.Л гийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой гэртээ байж байхад манай охин Ж  утсаар миний дугаар луу залгаад надад хандан “ээж намайг ирж авахгүй бол би энэ хүний гарт үхэх нь байна шүү, тархи толгойгүй нүдээд байна” гээд уйлаад ярьсан. Энэ үед нөхөр маань байхгүй байсан. Нөхрөө ирэнгүүт нь шууд болсон зүйлийн талаар хэлээд “очиж охиноо авья, Н  зодлоо гэж ярьж байна, амьд дээр нь салгаж авья” гээд Сайхан сумын 1 дүгээр баг руу хүргэнийхээ гэр лүү явсан. Тэнд очиход манай хүргэн байхгүй, манай охин эмээтэйгээ гэрийн гадаа хүүхдээ тэврээд сууж байсан. Нүд ам нь хөхөрчихсөн, ташаа, мөр зэрэг нь хөхөрчихсөн байж байсан. Эмээ нь болохоор “охиныгоо амьд дээр нь ав, би ямар сайндаа л охиноор чинь чамайг дуудууллаа.

Наадах чинь зодож нүдээд алах нь охиноо аваад яв” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч Д.Д гийн өгсөн: “...Н гийн гэрт очсон. Тэнд очиход Ж  гадаа хүүхдээ тэврээд эмээгийн хамт сууж байсан. Нүд нь улайчихсан, гарын булчин дээр хөх алаг болчихсон, гуя нь бас хөхөрчихсөн уйлчихсан байж байсан. ...Эмээ бид хоёрт хандан “охиноо аваад явахгүй бол цаадах чинь зодож нүдээд алчих гээд байна, амьд мэнд дээр нь эртхэн аваад яв” гэж хэлсэн. Гэрт нилээн суухад манай хүргэн ирээгүй. Тэгээд бид хоёр охиноо хүүтэй нь аваад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Л.Ж гийн биед зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт /хх-23-24 тал/,

Шүүгдэгч Э.Н гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би зүйл ангиа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын 12ны өдрийн 16 цагийн үед гэртээ эхнэр Ж  бид хоёр муудалцсан. Ж  намайг хониндоо явсангүй гэж уурлаад загнаад байхаар нь миний уур гэнэт хүрээд нүүр рүү нь гараараа цохиод, гуя, нуруу, мөр, толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Миний буруу. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна, эхнэрээсээ уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ж гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Н гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Н гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Л.Ж гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл нь хохирогч Л.Ж , гэрч М.Л , Д.Д  нарын энэ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд өгсөн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн ахуйн хүрээний маргааны явцад дээрх үйл баримт болсон, шүүгдэгч Э.Н гийн эхнэр Л.Ж г зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Ж  нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Н гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Н гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Н  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 35-38 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Н  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт эхнэр, эмээ, хүү, дүүгийн хамт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Э.Н г Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Э.Н г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД