Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 162

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Д.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ж д холбогдох эрүүгийн 2015000000131 дугаартай, 163/2020/0154/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д  овогт Д гийн Ж.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж г зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо тогтоосон хуваариар төлнө, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000131 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж  нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан Өлөн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 26 ширхэг буюу 32.333 м3 хэмжээтэй мод бэлтгэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-11 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.П гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 10ны үеэр Булган аймгийн Бугат сумын Цагдаагийн хэсэгтээ хамтран “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан өлөн” гэх газрын даваан дээр шинэс төрлийн нойтон 15 метрийн урттай 26 ширхэг босоо мод унагааж бэлтгэсэн байсан. ...Тэр мод нь Бугат сумын 3 дугаар багийн иргэн Д.Ж гийн бэлтгэсэн мод байсан. Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл байгаа боловч ойн ангиас тэмдэглэж өгсөн модыг унагааж бэлтгээгүй. Сумын байгаль хамгаалагч болон мод бэлтгэх мэргэжлийн ангид мэдэгдэлгүй Д.Ж  нь ойд зөвшөөрөлгүй орж өөрөө модоо бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-26-29 тал/,

Гэрч Н.Ж ийн өгсөн: “Бугат сумын иргэн Д.Ж  нь 2019 оны 08 дугаар сард Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Цагаан өлөн” гэх газарт 16 метр куб модонд талбайн тусгаарлалтыг “О” ХХК-иар ойд цэвэрлэгээний огтлолоор босоо мод унагахаар хийлгэсэн боловч манай “О” ХХК-иар модоо бэлтгүүлж амжаагүй...” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч Б.М гийн өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Ж  ах уулнаас мод цагаалаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би нэг өдөр уулнаас мод цагаалахад нь тусалсан. Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Цагаан өлөн” гэх газарт талбайн тусгаарлалт хийгдчихсэн, мод бэлтгэх зөвшөөрөл нь байгаа гэсэн. Намайг очиход ууландаа унагаагаад бэлтгэсэн байсан. Шинэс төрлийн нойтон моднууд байсан. Нийт 26 ширхэг мод цагаалсан...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

Гэрч Ц.У ын өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын дундуур Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Энх-Амгалан, Бугат сумын Байгаль хамгаалагч П  нараас урьд нь 2019 онд ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ сунгуулахаар тодорхойлолт авсан. 2019 оны 08 дугаар сарын 30-наас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Цагаан өлөн” гэх газраас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч хадлангийн үе таарсан учир модоо бэлтгэж амжаагүй байсан юм. Тэгээд урд оны мод бэлтгэх эрхийн бичгээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Булган сумын ойн ангийн дарга А ээр манай нөхөр Ж  очиж сунгалтаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

Гэрч Ц.Ж ын өгсөн: “Би он сарыг сайн санахгүй байна. Намайг хөдөөг газар хагалаад байж байхад хүргэн Ж  ирээд “ууланд бэлдсэн байгаа модыг уулын зах руу цагаалаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч Ж гийн бэлтгэсэн байсан модыг өөрийн эзэмшлийн 50 маркийн трактороор уулын зах руу гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

Экологи эдийн засгийн хохирлыг тооцсон: “шинэс төрлийн хэрэглээний болон түлээний модны зориулалтаар бэлтгэсэн хуурай мод 32.333 м3, төлбөрийн хэмжээ 14109818 төгрөг” гэх Булган суман дахь Сум дундын ойн ангийн инженерийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-54-56 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Модны экологи эдийн засгийн үнэлгээг 14109818 төгрөгөөр тогтоосон байна. Уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 42329456 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ж гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2019 онд байшингийн мод бэлтгэх эрхийн бичиг өөрийн эхнэр У ын нэр дээр Булган аймгийн Бугат сумаас авсан. Тухайн үед энэ мод бэлтгэх эрхийн бичгийнхээ хугацаанд бэлтгэж чадаагүй юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тухайн мод бэлтгэх эрхийн бичгийнхээ хугацааг сунгуулаад би өөрөө ганцаараа цахилгаан хөрөөгөөр 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг Цагаан Өлөн гэх газраас нийт 15 метрийн урттай нойтон шинэс төрлийн 26 ширхэг мод унагаж бэлтгэсэн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 07ны өдөр Ч , М  нарыг гуйж бэлтгэсэн модоо цагаалсан юм. ...Миний 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр унагаасан 26 ширхэг моднууд Ж  инженерийн зааж тэмдэглэгээ хийж өгсөн моднууд биш...” гэх мэдүүлэг /хх-83-86 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэсэн гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, үйлдлийн талаар иргэний нэхэмжлэгч Б.П , гэрч Н.Ж , Б.М , Ц.У  нарын өгсөн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, шүүгдэгч Д.Ж гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж болон ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримтыг нотолсон нотлох баримтууд юм.

Шүүгдэгч Д.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдлийн улмаас ойн санд 14109818 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол /хх-55-56 тал/ учирсан нь Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 42329456 төгрөгийн /хх-58 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцогдсон байна.

Шүүгдэгч Д.Ж  уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, 2021 оноос 2024 онд хавар, намрын улиралд 5291182 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр иргэний нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хэргийн 110 дугаар талд авагдсан байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ж гийн зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ж гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 87-91 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч Д.Ж  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, “МТЗ-50” загварын трактор нь Ц.Ж ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-40-41/, Б.М гийн гэрчээр өгсөн /хх-31-32/ мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул тракторыг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ж гээс гэмт хэрэг үйлдэж олсон 26 ширхэг буюу 32.333 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон хэрэглээний мод, 72000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж үнийг, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн /хх61-64 тал/ үнэлгээний дагуу уг “МТЗ-50” загварын тракторын үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулж тус тус Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ж гээс хохиролд 42329456 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д  овогт Д гийн Ж г Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.Ж г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар байгаль экологид учирсан хохирол 42329456 /дөчин хоёр сая гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Д.Ж гээс гаргуулж, гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан шүүгдэгч Д.Ж гээс “МТЗ-50” загварын тракторын үнэ 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргулж, түүнчлэн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 15 метрийн урттай 26 ширхэг буюу 32.333 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон хэрэглээний мод, 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД