| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0157/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 164
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Батсайхан ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Ё.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Ө өд холбогдох эрүүгийн 2015000000124 дугаартай, 163/2020/0157/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, М овогт Ё.Ө .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.Ө ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Ө ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000124 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын давааны дээд улаан дух” гэх газраас шинэс төрлийн 2.2 м3 хэмжээтэй хуурай түлээний мод бэлтгэж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үүрийн 04 цагийн үед **-** УНБ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын давааны дээд улаан дух” гэх газар байв. Ё.Ө ийн мод бэлтгэсэн газар нь үндсээрээ бултарч унасан унианги модны мөчир үндэс ихтэй газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6 тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15 тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Х ын өгсөн: “Булган аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын даваа” гэх газраас Ё.Ө гэдэг хүн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн талаар сонссон. Ё.Ө ийн мод бэлтгэсэн газар нь ойн ашиглалтын бүсдээ орно. Байгаль экологид 176686 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын үнэлгээг 3 дахин нугалж төлүүлдэг юм” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,
Гэрч Н.Б ы өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас Орхон аймаг руу ордог Бугат модны захын хажуугийн засмал зам дээр “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд эргүүл шалгалт хийж байхад 2020 оны 05 дугаар сарын 11-ний үүрээр 04 цагийн үед ачаан дээрээ түлээний хуурай шинэс төрлийн мод ачсан **-** УНБ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Ё.Ө гэдэг хүн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгээд тээвэрлэж явсныг түр саатуулсан юм. **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр цахилгаан хөрөө 1 ширхэг байсан ба цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Я.С ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын сүүлээр би Ө өд цагаан өнгийн портер загварын машиныг зарсан. Ө өөрөө босгож унана гээд 500000 төгрөгөөр худалдаж аваад явсан юм. Машины улсын дугаарыг сайн санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-32 тал/,
Экологи эдийн засгийн хохирлыг тооцсон: “шинэс төрлийн, түлээний модны зориулалтаар бэлтгэсэн хуурай мод 2.2 м3, төлбөрийн хэмжээ 176686.4 төгрөг” гэх Булган аймгийн С сумын ойн ангийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4 тоот дүгнэлт /хх-53-54 тал/,
Байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ тооцсон: “...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 176686 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 530059.2 төгрөг болж байна” гэх Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-58 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ё.Ө ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би эрүүгиин хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгаас ганцаараа өөрийн эзэмшлийн **-** УНБ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн С сумын нутаг руу түлшний модонд явсан. Тэгээд явсаар байгаад уулын аманд очоод цахилгаан хөрөөгөөр модыг тайрч бэлтгээд нийт 29 ширхэг 1.40 метрийн урттай шинэс төрлийн хуурай модыг тээврийн хэрэгсэл дээрээ ачаад Орхон аймаг руу орж ирээд гэрийнхээ гудамжны үзүүрт цагдаад баригдаж саатуулагдсан. Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө ашигласан. Тухайн үед мод бэлтгэхдээ ямар нэг зөвшөөрлийн бичиг аваагүй. **-** УНБ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг би 2020 оны 02 дугаар сард Орхон аймгийн иргэн С гэх хүнээс 500000 төгрөгөөр худалдаж авсан, С гэх хүн нь Орхон аймагт машин задалж зардаг юм. Би дээрх модыг Орхон аймаг руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан учраас гарал үүслийн гэрчилгээ аваагүй” гэх мэдүүлэг /хх-74-76 тал/, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн бинзен моторт хөрөө зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Ё.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдлийн улмаас ойн санд 176686 төгрөгийн хохирол /хх-53-54 тал/ учирсан нь Булган аймгийн С сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 530059.2 төгрөгийн /хх-58 тал/ хохирол, уг нөхөн төлбөрийг төлсөн баримтаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гарган өгсөн тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ё.Ө ийн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ё.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ё.Ө ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ё.Ө өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн 77-87 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч Ё.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн зэрэг түүний хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УНБ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар О.Б гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа боловч шүүгдэгч Ё.Ө , Я.С нарын өгсөн мэдүүлгээр Ё.Ө ийн эзэмшилд шилжсэн болох нь нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч Ё.Ө ийн эзэмшлийн 805000 /найман зуун таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНБ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон 29 ширхэг буюу 2.2 м3 хэмжээтэй мод, 24000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ё.Ө өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч М овогт Ё.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ё.Ө ийг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Ё.Ө өд оногдуулсан 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 48000 /дөчин найман мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ё.Ө өд сануулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөхтөлбөргүй, иргэний нэхэмжлэгч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгтзаасныг журамлан шүүгдэгч Ё.Ө ийн эзэмшлийн 805000 /найман зуун таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНБ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон 29 /хорин ес/ ширхэг буюу 2.2 м3 хэмжээтэй мод, 24000 /хорин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ө өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД