Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 165

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир,

Шүүгдэгч О.Т , Н.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000129 дугаартай, 163/2020/0158/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт О.Т.

Монгол улсын иргэн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Х овогт Н.Ш.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т , Н.Ш  нарыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3 ямаа өгсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд эхнэрийнхээ дансаар хохирогч руу 120000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000129 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.Т , Н.Ш  нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед Булган аймгийн ...  “Т ” гэх газраас иргэн Р.Ц гийн 1 тооны шүдлэн эр хонийг хулгайлж, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Р.Ц гийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 20-ны үед ... “Т ” гэх газарт гэртээ байж байхад оройн 23 цагийн орчимд гэрийн гадаа машин ирээд манай нөхрийг дуудаад байсан. Манай нөхөр малаа хайгаад явсан байсан болохоор би гараагүй ба машин хөдлөөд явсан, дахин нэг цаг гаруй хугацааны дараа гэрийн гадаа ирээд манай нөхрийг дуудаад байсан. Би 20 орчим минутын дараа гарахад гэрийн гадаа хэвтүүлсэн байсан мал байхгүй болсон байхаар нь саахалт Б  гэх айлд очиж “хонь, ямааг маань туугаад явчихлаа, та машинаа асаагаад хоёулаа цуг замын ийшээ явчихаад ирье” гээд цуг явсан. Замын хажуу талд очиход замын цаад талд манай мал байсан. Б  ах бид хоёр холоос харахад манай малын хажуу талд улаан өнгийн машин зогсож байгаад хөдлөөд явчихсан. Тэгээд хонь ямаагаа бүртгэж үзэхэд манай ямаан дунд байдаг ганц шүдлэн хонь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-10-12 тал/,

Гэрч Ш.Б гийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад шөнийн 00 цагийн үед манай саахалт айлын Ц  гэх хүн манайд орж ирээд “хонь үргээд явчихлаа, машинтай хүмүүс хөөгөөд явчих шиг боллоо, чи цуг яваад өгөөч” гэж хэлсэн. Бид хоёр машинаа асаагаад төв замын ойролцоо очиход Олимп амралтын зам руу харанхуйд нэг машин явж байсан. Замын хажуу талд Б ын хонь бэлчиж байсан. Тэр өдрөөс хойш сураг сонсоход 1 хонь алдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч П.О ын өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 20-ны үед би гэртээ буюу ... байж байхад өглөө 04-05 цагийн үед манай нөхөр Ш , найз болох Т тай хамт согтуу ирээд хаалга нүдсэн. Намайг онгойлгосны дараа тэр хоёр гэрт орж ирээд хэсэг байж байгаад гарсан. Би араас нь гарахад 1 хонь янзлаад байж байсан. Ямар учиртай хонь юм гэхэд тэр 2 юм яриагүй. ...Манай нөхөр Ш гийн улаан өнгийн машинтай тэр хоёр ирсэн. Тэр хонийг яаж авчирсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

Алдсан малын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №210088 дугаартай: “1 тооны шүдлэн хонь, зах зээлийн үнэ 120000 төгрөг” гэх дүгнэлт /хх-29-33 тал/,

Шүүгдэгч О.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Б  ахын гэрийн гадаа дахиж очоод Б  ахыг дуудахад гарч ирэхгүй болохоор буцаж явахаар болж буцаад явж байхад замын хажуу талд хонь, ямаанууд хэвтэж байсан. Тэгтэл Ш  машинаас түрүүлж буусан. “Яах гэж байгаа юм бэ?” гэж асуухад “ямаа харчихаад ирье” гэж хэлээд явсан. Тэгсэн удалгүй хонь, ямаануудыг туугаад замын хойно хүрээд ирсэн. Тэгээд намайг “машинаас буугаад ир, ямаануудыг тойруулж байгаарай” гэж хэлээд ямаан дотор байсан хонийг барьж авсан. Барьж авангуутаа уг хонийг машиныхаа багажинд хийгээд байж байтал хонины эзэн бололтой эмэгтэй хүн хашгирсан. Тэгэхээр нь би уул руу зугтаагаад гүйсэн. Харин Ш  машинаа хөдөлгөөд төв зам руу гарч зогсонгуут нь гүйгээд очсон.

...Тэгээд бид хоёр Ш гийн гэр рүү очсон. Хаалгыг нь тогшиход Ш гийн эхнэр О  онгойлгож өгсөн. ...Хулгайлсан хонь хэний хонь болохыг тухайн үед бол мэдээгүй байсан. Хүрэн толгойтой шүдлэн насны хуц байсан. ...Бид хоёр хамтарч малын хулгай хийсэн. Хэн хэн нь болих боломжтой байсан боловч малын хулгайн хэрэг хийсэн. Машин дотор Ш  жижиг хутгаар хонийг гаргасан байсан. Харин гэрт очоод модон иштэй хутгыг гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-50-53 тал/,

Шүүгдэгч Н.Ш гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Т  надад Б  ахынх руу очиж монгол архиа ууя гээд байхаар нь Б  ахынх руу очсон. Очоод Б  ахыг дуудахад гарч ирээгүй. Буцаж явахад замын хажуу талд ямаан сүрэг хэвтэж байсан. ...Тэгээд хоёулаа машинаас буугаад ямаануудыг туугаад ямаан сүргийг тогтоогоод тэр сүрэгт байсан нэг хонийг барьж авсан. Тэгээд надаас Т  уяа байна уу? гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Хонийг бид хоёр нийлж байгаад өргөөд машины хойд талын суудал дээр тавьсан. Ингээд байж байтал нэг эмэгтэй хүн Б  ахын гэрийн тэндээс орилж байгаа сонсогдсон. Тэгтэл Т  уул руу зугтаасан, харин би болохоор төв зам руу ороод зогсож байтал Т  гүйгээд ирсэн. Ирэнгүүт нь бид хоёр манай гэр лүү явсан. ...Бид хоёр гэрт ороод гэрээс модон иштэй хутгийг аваад гэрийн гадаа хонины голыг таслаад Т  эвдэж янзалсан. ...Хулгайлсан хонь хэний хонь болохыг тухайн үед мэдээгүй байсан. Сүүлд энэ хэрэгт хохирогчоор Б  ахын эхнэр Ц  оролцож байгаа болохоор нь тэр хонийг Б  ахын хонь гэж мэдсэн. Хүрэн толгойтой, шүдлэн насны эр хонь байсан. Имийг нь анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-55-57 тал/, гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн модон иштэй хутга зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар О.Т , Н.Ш  нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Ц д 120000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.Т , Н.Ш  нар нь хохирлыг мал болон мөнгөн хэлбэрээр төлсөн, хохирлыг сайн дураар төлсөн  гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Т , Н.Ш  нарын бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Т , Н.Ш  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Т , Н.Ш  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Т , Н.Ш  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 59-64 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, ... д ээж, ахын хамт амьдардаг болох нь тогтоогдсон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хэргийн 65-83 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ш  нь ... д эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ,1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Ш д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас Р.Ц д учирсан 120000 төгрөгийн хохирлыг төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж, түүний шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө бусадтай бүлэглэн бусдын мал хулгайлсан энэ үйлдэл нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон байх тул уг шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ш г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Автотээврийн үндэсний төвийн “Н.Ш гийн эзэмшилд ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байгаа болно” гэх тодорхойлолт /хх-67 тал/, шүүгдэгч Н.Ш гийн яллагдагчаар өгсөн “...Орхон аймгаас хүнээс 400000 төгрөгөөр улаан өнгийн маркийг нь мэдэхгүй машин худалдаж авсан, ...2019 оны намар эвдчихээд төмөр авдаг хүнд 250000 төгрөгөөр худалдсан...тээврийн хэрэгслийн гэрчилгээг хамт өгсөн, ...тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр хэн гэдэг хүний нэр байсныг хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-57 тал/ зэргээс үзэхэд хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг олж битүүмжлэх, түүний үнэлгээг гаргуулах ажиллагаа хийгдээгүй байгааг буруутгах боломжгүй байна.

Шүүгдэгч О.Т , Н.Ш  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 18.3 см, нийт 31.8 см, ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт О.Т , Х овогт Н.Ш  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т ыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ш г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Н.Ш д Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, гуч хоногийн буюу нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Ш гийн биечлэн эдлэх ялыг нэг жил, нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Н.Ш д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т т зан үйлээ засах; оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  7. Энэ хэрэгт шүүгдэгч О.Т , Н.Ш  нар нь цагданхоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 18.3 см, нийт 31.8 см, бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ш д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Т , Н.Ш  нарт тус тус авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД