Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 166

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Т.Батсайхан, улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ц.Д , Ц.Г, тэдний өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Т.М , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М , Ц.Д , Ц.Г  нарт холбогдох эрүүгийн 2015000000103 дугаартай, 163/2020/0151/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 77 дугаратай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Т  овогт Ц.Г,

Монгол улсын иргэн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, Т  овогт Ц.Д,

Монгол улсын иргэн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Ш овогт Т.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин мяханизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г ын өгсөн: Хамгийн анх М  яваагүй огт хамаагүй. Манай хүргэн Т  гэж хүн хамт явсан. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт хотоос манай хүргэн Т , Д  бид 3 хамт явсан. Т ын машинтай Эрдэнэтээс гарсан. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, машины маркийг сайн санахгүй байна. ... гэх газарт очиж хаваржаанд очиж амбаарт байсан 7 шуудай ноолуурыг бид нар авсан. Би цоожийг нь хөшөөд амбаарт орсон. Би ноолуураа гаргачихаад хүргэн Т  Д  хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд ноолуураа аваад явсан. Ноолуураа аваад бид нар тэр оройноо Булганаас Эрдэнэт рүү явсан. Эрдэнэт ороод гэрт нь Д , хүргэн Т  хоёрыг буулгасан. Ноолуураа тушаагаад үдээс хойш мөнгөө авсан. Үдээс хойш мөнгө авчруулахаар М ыг явуулсан. Нийт 3.927.000 төгрөг болсон, үүнээс Ц.Д д 400000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг хүргэн Т  бид хоёр хувааж авсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д н өгсөн: 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ц.Г , хүргэн Т  бид хэд хамт ... гэх газарт очсон. Өндөр хар машинтай, улсын дугаар болон машины маркийг нь санахгүй байна. Хажуу талаасаа онгойдог хаалгатай хар машин байсан. Би Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хохирогч Г.Я ынд мал маллаж байсан. Намайг Эрдэнэтээс ирж авсан. Ц.Г , хүргэн Т  нар ноолуур байгаа газрыг зааж өгөөч гэж удаа дараа гуйсан. Би Я ынд мал малладаг учраас ноолуур амбаарт байгаа гэж бодсон. Тэгээд хаваржаа орсон. Ц.Г  хаалгыг эвдсэн. Хүргэн Т , Г  хоёр 3, 3 уут аваад би нэг уут ноолуурыг машинд хүргэж өгсөн. Би ноолуур байгаа газрыг зааж өгөөд хаваржаанаас хол зогсож байсан. Ноолуураа аваад тэр шөнөдөө хамт буцаад Эрдэнэт орсон. Эрдэнэт ороод хүргэн Т  бид хоёрыг Ц.Г  гэрт буулгаад явсан. Ноолуураа тушаагаад үдээс хойш мөнгөө авсан. Үдээс хойш мөнгө авчруулахаар М ыг явуулсан. Нийт 3.927.000 төгрөг болсон. Би ноолуур хаана байгаа газрыг зааж өгсөн гэж 400.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг хүргэн Т , Ц,Д  хоёр хувааж авсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М ын өгсөн: Би анхнаасаа энэ хэрэгт ямар ч хамаагүй байсан. Намайг андуурсан. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн туслах залгасан. Хүргэн Т  гэдэг хүнийг Б  гэдэг. Би тухайн өдөр Эрдэнэт хотод байсан. ... гэх газарт очсон. Хүргэн Т , Г , Д  нар хар өнгийн хүргэн Т ын “Стимо” гэх загварын машинтай хөдөө явсан. Би тэр хулгай болсон газрыг хаана байдаг, юу болсон талаар мэдэхгүй. Ц.Д , Ц.Г  нар 7 шуудай ноолуур өглөө авчирсан. Хулгайн ноолуур гэж огт мэдээгүй. Өглөө намайг энэ ноолуурыг тушаагаад өг гэсэн. Ноолуур тушаах гээд ченж дээр очсон. Туслах ажилтан байсан. Ноолуурыг 1 килограммыг нь 49.000 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 3.927.000 төгрөг болсон. Өдөр ирж мөнгөө аваарай гэсэн. Өдөр нь очоод бэлэн мөнгөө авсан. Ц.Г т мөнгийг өгсөн би ямар ч мөнгө аваагүй. Хүргэн Т  буюу энэ хэргийг Ба  гэдэг хүн үйлдсэн. Би хүргэн Ба ыг 4 хүүхэдтэй ар гэрийн байдлыг бодоод түүний өмнөөс хэргийг хүлээсэн. Гэвч манай эхнэр надад уурласан. Хүний өмнөөс хэрэг үүрээд гэж уурласан. Одоо өөрийнхөө амьдралыг бодоод өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар бодит үнэнийг ярьж байна. Өмнөх хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000103 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нар нь бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 30аас 05 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө ... багийн нутаг “Н ” гэх газарт байх иргэн Г.Я ын хаваржааны байшингийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 7 шуудай буюу 77 кг ноолуур хулгайлж 3.927.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг, шалтгаан нөхцөлийн талаар хохирогч Г.Я , гэрч М.Б , гэрч Ц.Д , Б.Б  нарын өгсөн мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нар нь хулгай хийх зорилгоор машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 77 кг ноолуурыг шөнийн цагт нууц далд аргаар, хууль бусаар авсан нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 55 км зайд байх тус сумын 2 дугаар багийн “Н ын зүрх” гэх газарт иргэн Г.Я ын хаваржаа байна. ...Тус хаваржааны ертөнцийн зүгээр хойд талд 30-35 метр зайд нимгэн төмөрөөр тойруулан хийсэн төмөр амбаар байна. Төмөр амбаарын хаалгыг мөнгөлөг өнгийн Хятад цагаан цоожоор түгжилгүй, онгорхой зүүж орхисон байх ба цоожны дээд талын ирмэг нь эмтэрч халцран хонхойсон байдалтай байна...” гэх

тэмдэглэл /хх-2-3 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8 тал/,

Ноолуур зарагдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6 тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Я ын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 06 цагийн үед ... багийн “Н ” гэх газарт байх хаваржааныхаа байрны урдуур үхрээ хараад явж байсан. Тэгээд амбаар луугаа очиход цоожийг нь эвдээд зүүгээд орхисон мэт харагдаж байсан. Тэгээд ойртоод хартал цоожийг нь хөшиж онгойлгосон байсан. Би тухайн үед цоожийг аваад амбаар дотроо орж үзэхэд хойд буланд давхарлан өрж тавьсан байсан 7 шуудай ноолуур байхгүй байсан. …хивэг хийх зориулалттай шар болон цагаан өнгийн шуудайнд хийсэн юм. Тэр шуудайг хүмүүс 50 килограммын шуудай гэж ярьдаг. Ойролцоогоор 80-90 кг ноолуур байсан байх гэж бодож байна... гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-17-20 тал/,

Гэрч М.Б ы өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед би унтаж байхад хашааны хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь гараад очтол нэг махлаг шар залуу, хар өнгийн машинтай ирчихсэн ноолуур өгөх гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь “байж бай, мөнгө байхгүй байна” гэтэл тэр залуу “би таньд ноолуураа өгчихье, буцаж ирээд мөнгийг нь авья” гэж хэлсэн. Тэгээд машинаасаа 7 ширхэг ноолуур буулгаж ирсэн. Тэгээд грашийн урд талд байсан цахилгаан хил дээр тавьж хиллэхэд 77 кг болж байсан. Тэгээд “эхний шуудай задаллаа шүү” гэхэд тэр залуу “за тэг” гээд хутгаар шуудай зүсэж задлаад “бор ноолуур байна, 1 кг-ийг нь 49.000 төгрөгөөр л авья, үгүй гэвэл авахгүй” гэтэл “за тэгье, би мөнгөө буцаж ирээд авья” гээд тэр залуу яваад өгсөн. Хар өнгийн суудлын машин байсан. 11 цагийн үед алхаж ирээд надаас 3.773.000 төгрөг тоолж аваад буцаад явсан” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Ц.Д гийн өгсөн: “манайхаар манай төрсөн дүү болох Ц.Г , манай төрсөн ах болох Ц.Д г авахаар бас нэг махлаг залуутай цуг хар хөх өнгийн **-** ОРО улсын дугаартай машинтай ирсэн. Тэгээд тэр гурав буцаад Эрдэнэт хот руу явсан. Хивэг хийдэг байсан шуудайд хийсэн ойролцоогоор 1 шуудайнд 10-аас дээш кг байгаа бас амыг нь цагаан утсаар оёсон байгаа. ...бирвазын Б  гэх хүн танай дүү Ц.Г  өглөө гарсан буцаад 11 цагийн үед гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “Манайхаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө 09 цагийн үед Эрдэнэтээс боронзон ногоон дуу завсарын өнгийн “Prius 20” загварын тээврийн хэрэгсэл гарсан. Жолооч нь махлаг бор залуу байсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Тэр залуу ганцаараа явсан. Өдөр 12-13 цагийн үед буцаад Ц.Д , Ц.Г  нар хамтдаа жолоочтойгоо гарсан” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

Хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №210061 дугаартай шинжээчийн: “ 80  кг  51.000  4080000 төгрөг” гэх дүгнэлт /хх-43-47 тал/,

Мөрдөгчийн магадлагаанд ...6.1 Дээрхи баримтуудаас зах зээлийн үнэлгээг тогтоож үзэхэд 77 кг ноолуур нь 3927000 төгрөг /1 кг ноолуурыг 51000 төгрөгөөр бодож магадлагааг гаргав/ ...гэжээ /хх-61 тал/,

Шүүгдэгч Ц.Г ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Д  ахыг очиж авсан. Тэгээд Орхон аймаг руу явж байгаад Д  ахаас Я  гэх айлын ноолуур хаана байгаа талаар асуусан. Тэгээд Д  ах хэлэхдээ амбаартаа байгаа гэж хэлсэн. Тэгээд би санаачлан тухайн ноолуурыг “авчих уу” гэж санал тавихад М  эхлээд “үгүй, явахгүй” гээд байсан. Д  ах болохоор “заагаад өгье, түүнээс би орохгүй” гэж хэлсэн. Тэгээд би М ыг гуйж байгаад хамт явахаар болсон. Д  ах ноолуур байгаа амбаарыг зааж өгсөн. Би тухайн амбаарын цоожийг газарт байсан нарийн төмрөөр цохиж эвдсэн. Тэгээд ороод 7 шуудай ноолуурыг амбаараас би ганцаараа зөөж гаргасан. Тэгээд тухайн ноолуурыг цааш нь зөөж байгаад цаанаас Д  ах, М  нарыг дуудсан. Тэгээд хамт ноолуураа зөөгөөд машиндаа хийж улмаар Орхон аймаг руу хөдөлсөн. Орхон аймагт очоод Д  ахыг гэрт нь буулгачихаад М  бид хоёр явж 7 шуудай ноолуурыг Орхон аймгийн хөтөл гэх газарт байрлах ченжид өгсөн” гэх мэдүүлэг /хх-71-73 тал/,

Шүүгдэгч Ц.Д н яллагдагчаар өгсөн: “...Г , М  нар надаас Я  гэх айлын ноолуур нь хаана байгаа юм бэ? гэж асуухаар нь би ноолуур хийсэн амбаарыг зааж өгсөн. Тээврийн хэрэгслийг ноолуур байгаа амбаарнаас ойролцоогоор 2-3 км газарт тавьсан. Тэгээд М , Г  нар ноолуур байгаа амбаар луу алхсан. Харин би очоогүй замдаа үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Г , М  хоёр шуудайтай ноолуур аваад ирэхээр нь би нэг шуудайтай ноолуурыг нь авч машинд хийхэд тусалсан. Тэгээд машиндаа суугаад шууд Орхон аймгийн төв рүү явсан. Орхонд очоод би хамгийн түрүүнд гэртээ буугаад үлдсэн. М , Г  нар нь машинаа унаад ноолуураа аваад явсан. Тэгээд үдээс хойш нь надад Г  бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Надад хэлэхдээ нөгөө ноолуураа зарчихсан гэж хэлж байсан. Би болохоор ноолуур байгаа амбаараас ноолуур хулгай хийгээд аваад ирж байхад нь нэг шуудайтай ноолуурыг зөөж машинд хийсэн” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

Шүүгдэгч Т.М ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орой Г  гэдэг ах өөрийн биеэр ирээд Я  гэх айлын ноолуур өвөлжөөнийхөө амбаарт байгаа гэж Д  хэлсэн. Тэгээд намайг хамт яваад өгөөч гэж Г  гуйсан. Тухайн үед би явахгүй гэж 2-3 удаа хэлсэн. Тэгээд Г  нь жолооны үнэмлэх байхгүй, чи зүгээр жолоо бариад хамт яваад өгчих гэж хэлсэн. Тэгээд би хамт явахаар болж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн оройн 21 цагийн орчимд Орхон аймгаас Г ын хашаанд байсан “Lotze” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Г , Д  бид гурав Булган аймгийн Бүрэгхангай сум руу хөдөлсөн. Тэгээд очих ёстой газартаа шөнийн 00 цагийн орчимд очоод ноолуур байгаа гэх амбаарнаас ойролцоогоор 1 километр орчим газарт машинаа тавьсан. Тэгээд тухайн газраас Г , Д  нар ноолуур байгаа амбаар руу алхаад явсан. Харин би машин дээрээ үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Г , Д  нар нь 7 шуудай ноолуур машин дээрээ авчирсан. Тэгээд тухайн ноолуураа машиндаа хийгээд Орхон аймгийн зүгт хөдөлсөн. Орхон аймагт үүрээр 4-5 цагийн орчимд орсон. Эхлээд Д г гэрт нь буулгаад дараа нь Г ын хамтаар “Их залуус” гэх газарт замаас холгүйхэн газарт очиж ноолуураа тушаасан. Тухайн ноолуурыг хэмжиж үзэхэд 77 кг болж нийт 3373000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгөнөөс Г  100000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн мөнгийг Г  авч зээлэнд өгнө гэж байсан” гэх мэдүүлэг /хх-83-84 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар яллагдагчаар өгсөн мэдүүлгээ няцааж, шүүгдэгч Ц.Д , Ц.Г  нар нь уг хэрэгт шүүгдэгч Т.М  оролцоогүй, түүний хүргэн Т тай хамт явсан гэж, шүүгдэгч Т.М  “энэ хэргийг хүргэн Т  буюу Ба  гэдэг хүн үйлдсэн. Би хүргэн Ба ыг 4 хүүхэдтэй ар гэрийн байдлыг бодоод түүний өмнөөс хэргийг хүлээсэн” гэж тус тус мэдүүлэг өгч байгаа нь үндэслэлгүй, хуулиар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй хүний мэдүүлгийг дангаар нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах нь шүүгдэгч нарын төдийгүй, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс гадна шүүгдэгч нарын холбогдсон буюу яллах дүгнэлтэд дурдагдсан хулгайлах гэмт хэргийн “тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ц.Д  нь хохирогч Г.Я ынд туслах малчнаар ажиллаж байсан, ноолуур хаана хадгалагдаж байгааг мэдэж байсан төдийгүй 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Т.М , Ц.Г  нарыг тээврийн хэрэгсэлтэй ирж түүнийг авах үед нь ноолуур байгаа газрыг зааж өгснөөр шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нар нь тэр шөнөө буцаж ирж ноолуурыг авч, 2020 оны 05 дугаар сарын 01ний өглөө 10 цагийн үед ноолуурын ченж М.Б д “ноолуураа өгчихье, буцаж ирээд мөнгийг нь авья” гэж яаран сандран борлуулж, орлогоо тодорхой хувь хэмжээгээр хувааж авсан” үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, ноолуурыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй тээврийн хэрэгсэл ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай магадлагаагаар /хх-61/ тогтоогдсон 77 кг ноолуурны үнэ 3927000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж, хүн бүрээс 1309000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Я д олгох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 89-123 дугаар талуудад авагдсан шүүгдэгч нарын өмнө ял шийтгүүлж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд шүүгдэгч Ц.Д  нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, шүүгдэгч Т.М , Ц.Г  нар өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасны дагуу хорих ялыг сонгож, шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарт хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Т.М ын Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 1 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Д , Т.М , Ц.Г  нарын /хх-28-36/ гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Э  /хх-37/-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар өнгийн “Kia Lotze” загварын **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшлийн талаар маргаантай, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар нь засвартай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ 1600000 төгрөгийг шүүгдэгч Т.М , Ц.Д , Ц.Г  нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д , Ц.Г  нарын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг, шүүгдэгч Т.М ын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7,

36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т  овогт Ц.Г , Т  овогт Ц.Д ,Ш овогт Т.М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин мяханизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-тзааснаар шүүгдэгч Т.М , Ц.Д , Ц.Г  нарыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Т.М д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ял дээр тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож 1 /нэг/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сар, 01 /нэг/ хоногоор тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ц.Д , Ц.Г  нарт оногдуулсан 2 жил 6 сарын, шүүгдэгч Т.М д оногдуулсан 2 жил 7 сар 01 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ц.Д , Ц.Г  нарын цагдан хоригдсон 8 /найм/ хоног, шүүгдэгч Т.М ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  6. Энэ хэрэгт шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалнэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нараас тус тус 1309000 /нэг сая гурван зуун есөн мянга/ төгрөгийг гаргуулж, нийт 3927000 /гурван сая есөн зуун хорин долоон мянга/ төгрөгийг хохирогч ... багт оршин суух Г.Я -д олгосугай.

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныгжурамлан **-** ОРХ улсын дугаартай “Kia Lotze” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Д , Т.М , Ц.Г  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД