Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2018/01425/и |
Дугаар | 001/ХТ2018/01425 |
Огноо | 2018-10-18 |
Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01425
Ж.Н
П.О, М.Э нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Ж.НП.О, М.Э нар
Хариуцагч: М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Ц.Б, Ж.О нарт холбогдох
“Ц” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Х, М.Э, хариуцагч болон Х.С төлөөлөгч М.О, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймагт том оврын ачаа тээврийн машинаар хувиараа тээвэрлэлт эрхлэн ажилладаг жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалж ажиллах талаар жолооч нараас санал ихээр гарч, нэр бүхий жолооч нар аймгийн Засаг даргын тамгын газарт хүсэлт гарган түүний хурлын танхимыг ашиглах зөвшөөрөл авч, 2009-05-09-ний өдөр жолооч нарын хурал зохион байгуулсан. Энэ хурлаас Ц ХХК-ийг байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, жолооч нараас хөрөнгө оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй байхаар тохиролцоод, Х.Силам, Ж.Дамбий, Ж.Олдох, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарт тус компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, бүртгүүлэх ажлыг даалгаж, тэдгээр 9 хүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар санал нэгтэй тохиролцсон. Гэхдээ энэхүү хурлаас албан ёсны бичгийн шийдвэр гараагүй. Асуудлыг хэлэлцээд санал хураагаад тарсан. Энэ хурлын шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх 9 гишүүн 2010-10-18-ны өдөр үүсгэн байгуулах хурал хийж, компанийн дүрэм баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх захирлаа томилж, албажуулан баталгаажуулсан. 2012-02- 13-ны өдөр нэр бүхий 74 жолооч тус бүр 300.000 төгрөг нийлүүлэн компанийн үндсэн хөрөнгийг бий болгож, хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд компанийг үүсгэн байгуулах болон дараа Мо Эн Ко ХХК-тай гэрээ байгуулах явцад дээрх 9 хүнээс гарсан зардлыг хувьцаа эзэмшигч /хувь нийлүүлэгч/ бид гаргаж өгсөн. Гэтэл Ц ХХК-ийн дүрмийг анх 2010-10- 28-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дээрх 9 хүнийг үүсгэн байгуулагч гэж бүртгүүлснийг залруулан тус 9 хүнийг 2011-03- 25-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж бүртгүүлсэн байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн ямар нэгэн шийдвэр, тогтоолгүйгээр 2012-08-29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх хуульд үл нийцэх дүрмийг бүртгүүлсэн байсныг хожим хувьцаа эзэмшигч бид мэдсэн. Уг дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнийг компанийн нийт хувьцаа эзэмшигч байх, эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байх гэсэн заалтуудыг оруулж, нийт хувьцаа эзэмшигч жолооч нарын эрх ашгийг хохироосноос гадна Компанийн тухай хуулийн 59.1-г зөрчсөн. Энэ байдлыг мэдээд нийт хувьцаа эзэмшигч бид Төлөөлөн удирдах зөвлөлд энэ байдлыг залруулах шаардлага хүргүүлсэн боловч Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга нарын 5 хүн 74 хүний хамтран байгуулсан дундын өмч болох Ц ХХК-ийг хууль бусаар авахын тулд дээрх ажиллагаагаа хууль ёсны гэж үзээд үл зөвшөөрч, нийт хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд нэр бүхий 65 иргэн биднийг Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Нэр бүхий 58 иргэн болоод бид өөрсдийгөө нэмээд 62 хүн болж байгаа. Ц ХХК-д хувь нийлүүлээгүй Г.Магсар, С.Эрдэнэбат, Г.Мөнгөнхүү, М.Дашцэрэн, Н.Ариунболд, Г.Анхбаяр, Д.Төртогтох нар болон нэр нь давхардсан Д.Баяр-Эрдэнэ, Б.Ганчөдөр нарыг хасаад 53 иргэний эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Ц ХХК-ийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж тодруулан өөрчилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Дамбий, Н.Энхтөр, С.Энхтөр, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш нараас гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.Силам, Ж.Дамбий, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн юм. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс манай компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, 2010-10-28-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4 дэх заалтад тусгасан. Тэр ч утгаараа Ц ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар анхнаасаа тодорхой байсан бөгөөд одоо ч тодорхой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Одсүрэн гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Учир нь Мо Эн Ко ХХК нь Хөшөөтийн нүүрсийг экспортод гаргахаар аймаг орон нутагтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэг нөхцөлд Ховд аймгийн хүнд даацын тээвэрчдээр тээвэрлэлтийн 30 хувийг гүйцэтгүүлэх шаардлага тавигдсан. Иймээс Ховд аймгийн тээвэрчид зохион байгуулалтад орж, компани байгуулсан ба анх 2010-10-26-ны өдөр компанийн дүрмийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэйгээр баталж, улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар компанийн үүсгэн байгуулагчдын тоо 50-аас дээшгүй байна гэсэн заалтад нийцүүлэхийн тулд тухайн үед 120 хүн бүртгэлтэй байсныг төлөөлж, 9 хүн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Энэ үед би Х.Ганхуяг, Х.Ганбат, Х.Ганболд, Э.Энхбат, З.Мягмарсүрэн, М.Эрдэнэчулуун, П.Осор, Д.Энгээ, З.Банзрагч нарыг төлөөлж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Ер нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн 9 хүн над шиг ах дүү, найз нөхдийгөө төлөөлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид 9 хүн үүсгэн байгуулагч дангаараа биш бөгөөд бүх тээвэрчид компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид юм. 2012 онд нийт гишүүдийн хурлыг хийж, компанийн хувьцаа эзэмшигчид хувь тэнцүү 300.000 төгрөгийг өгч, 4 хоногийн дотор компанийн нягтлан бодогчид хураалгасан. Харин хувьцаа эзэмшигчдийг бүртгүүлээгүйгээс маргаан үүсэж, уг дүрмээ шинэчлэн баталж, уг дүрмийн хавсралтад хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гарган баталгаажуулсан боловч Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхдээ хавсралтаа бүртгүүлэхгүй орхигдуулсан. 2014-06- 30-ны өдөр Ц ХХК-ийн дансанд хувь нийлүүлэгч тус бүр 10-12 сая 800 мянган төгрөгийг хийж, мөн өдөртөө 362сая төгрөгийг байршуулсан. Энэ нь 2014 онд компани сэргэж, үйл ажиллагаагаа дахин хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчид 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь 74 хувьцаа эзэмшигчтэй компани болохыг давхар нотолж байна. Тус компани улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрдчийн эрхийг авахын тулд хууль ёсны дагуу компанийн нэр бүхий 26 хувь нийлүүлэгч нь өөрийн өмчлөлийн зуу, зуун сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ компанийнхаа нэр дээр шилжүүлсэн. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн компанийн нийт хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэл гаргасан 65 хүн гэдэг нь тодорхой харагдаж байна гэжээ.
Хариуцагч Х.Силам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц ХХК нь хувь нийлүүлэгч, тээвэрчдийн төлөө байгуулагдсан. Цаашид энэ утгаараа оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна. Ховд аймгийн хүнд даацын тээвэрчид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нэгдэн нийлж, Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтэд оролцохын тулд компани болон түүнийг өөрсдийн хувь нийлүүлэгчдийн хурлаар удирдан чиглүүлж байгааг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Э.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц ХХК-ийг 2010-10-28-ны өдөр Х.Силам, Ж.Дамбий, Ж.Олдох, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Гантулга, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван нарын 9 хүн албан ёсоор үүсгэн байгуулж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Үүнээс хойш 2012 он хүртэл 9 хүн компанийн санхүүжилтийг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Силам Хөшөөтийн уурхайтай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. 2012 оны 2 дугаар сараас эхлэн Хөшөөтийн уурхайд гадаад тээвэрлэлт эхэлсэнтэй уялдаж Ховд аймгийн нийт тээвэрчид гадаад тээвэрлэлтэнд явахын тулд оролцоотой байх үүднээс түс бүр 300.000 төгрөгийг хугацаа товлон цуглуулж, мөнгөө өгсөн тээвэрчдийг компанид оролцоотойг хавсралтаар баталж, дүрэмд оруулахыг зөвшөөрсөн. 2012 оны 6 дугаар сард гадаад тээвэр зогсож, компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2014 онд Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт дахин эхэлсэн тул Ц ХХК-нд 36 машиныг түрээсээр авах тендерийн урилга Мо Эн Ко ХХК-иас ирсэн. Үүнээс шалтгаалж машины түрээсийн барьцаа болох шинэ машинд 10сая төгрөг, хуучин машинд 7сая төгрөг, мөн ажил эрхлэх хүртэл машин тус бүрт гарах зардал 3сая төгрөг хурааж тендерт оролцсон. Мо Эн Ко ХХК нь Ховд аймгийн 5 компанийг тендерт шалгаруулж, 15 машиныг Ц ХХК-д өгсөн. Барьцаа өгсөн жолооч нар сугалаа сугалж, 15 жолооч тус бүр нэг машин авсан. Эдгээр жолооч нар компанид хураамжаа төлөөд үлдсэн тээврийн хөлсөө өөрсдөө авдаг. Тендерийн урилга ирсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах болсон тул Ц ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байх шаардлага гарахад Э.Энхтайван миний бие 70-100сая төгрөгийн үнэтэй 3 ширхэг тээврийн хэрэгслээ Ц ХХК-д шилжүүлсэн байдаг. Компанийн тухай хуульд зааснаар бид анхнаасаа хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан учир хичнээн эдгээр жолооч нараас хөрөнгө татсан боловч тухайн хөрөнгийг компанийн дансанд оруулахгүйгээр зарцуулсан. Би ямар ч 10 хүнийг төлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулах бүхий л ажилд тасралтгүй оролцож, 2010 онд компанийг байгуулж, түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа билээ. Энэ компанид менежер, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил, алба хашиж байсан. 2012 онд Хөшөөтийн уурхай ажиллаж эхлэхэд компанид санхүү, мөнгө дутагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Ингээд жолооч нарыг компанид оролцоотой болгоё гэж яриад Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч, үүсгэн байгуулагч нар жилийн эцсийн ашгийн 30 хувийг, 300.000 төгрөг өгсөн хүмүүс 70 хувийг үүсгэн байгуулагч нар хийхээр 2 тал тохиролцсон. Үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэжээ.
Хариуцагч Б.Цэрэндаш, С.Энхтөр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц ХХК нь 2010 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн сангаа өөрсдөө хувиараа гаргаад улсын бүртгэлд бүртгүүлэн, Ц ХХК-ийг байгуулан гэрчилгээ авсан юм. Гэтэл хууль бус захирал М.Одсүрэн нэхэмжлэл бичүүлж маргаж байна. М.Одсүрэн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний нэг. 2012 онд нүүрсний тээвэр хийх жолооч нараас комани нь гэрээ хийж, 300.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо энэ нэхэмжлэл гаргасан жолооч нарын хөрөнгө оруулалт хийсэн гэх тоо бол өөрсдийн машины үнэ, тээврийн хөлсөө компанид хөрөнгө оруулсан мэтээр бичсэн байна. Жолооч нар тээврийн хөлсөө өөрсдөө бүрэн авч, запас сэлбэг, шатахуун, татвар гэх мэт бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Харин компани машин тус бүрээс тонн тутамд 3.000 төгрөг, 2.000 төгрөгийн хураамж авдаг. Өнгөрсөн 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 2 жилийн ажлын зураг харагдаж байна. Энэ хугацаанд Ц ХХК-ийн хууль бус захирал М.Одсүрэн компанийн хөрөнгө мөнгийг дур мэдэн захиран зарцуулж, хувьдаа ашиглаж байгаа нь тодорхой юм. Одоо энэ хүн Төгрөгийн гол ХХК-ийг хувиараа байгуулаад Ц ХХК-ийн хашаа дотор хамт байж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэрэндаш, Ч.Болдбаатар нарын тайлбартай санал нэг байна гэжээ.
Хариуцагч Ж.Олдохын төлөөлөгч С.Гэрэлсүрэн хариу тайлбартаа: Ц ХХК-ийн үүсгэн байгуулагдсан зорилго гэвэл Ховд аймгийн хүнд даацын тээвэрчид Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж, компани болон үүсгэн байгуулагдсан. Ингээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй үүсгэн байгуулагч байх ёстой гэсэн шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон 9 хүнээ үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Миний хувьд өөрийн хүүхэд О.Батмонгол, төрсөн дүү Ж.Баатаржав, дүүгийн хүүхэд Б.Энхзориг, Б.Ганзориг болон хөрш н.Энгээ, түүний хүү Э.Банзрагч гэх мэт 10 хүнийг төлөөлж компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдсон. Харин тэтгэврийн нас болж Улаанбаатар хот руу шилжих шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа 2012 онд Ц.Болдбаатарт өгөөд явсан. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компани үйл ажиллагаагаа эхлэхдээ тээвэрчдээс 300.000 төгрөг авч эхэлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2016-11-22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагчаар оролцож байна. Ц ХХК 2010-10-р сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дэлгэрэнгүй лавлагаа хавсаргаж өгсөн бөгөөд 2010-10-28-ны өдрийн гэрчилгээ байна. 2016-01-11-ний өдөр шүүгчийн захирамжаар улсын бүртгэгч П.Алтанцэцэг нь лавлагаа гаргаж өгсөн байна. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т тодорхой хуульчилсан байна. Ц ХХК нь 2014 онд Мо Эн Ко ХХК-тай 15 ширхэг Норд бенз маркийн машинуудыг 4 жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулсан. 2014 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Одсүрэн байсан. 2015 оны 1 дүгээр сард Ц ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н.Энхтөр сонгогдсон. 2015 оны 3 дугаар сард М.Одсүрэн Ц ХХК-н сейфийг эвдэж тамга аваад, өөрийгөө захирал гэж нэрлэх болсон. Нэхэмжлэгч нар 70-100сая төгрөгийн үнэтэй 17 автомашинаа Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдалд Автотээврийн төвөөс авсан лавлагаагаар Ц ХХК-д бүртгэлтэй 22 ширхэг Howo, Shaahi, Hyundai, Nortnbenz, Beiben, Toyto, Ssangyong автомашинууд нь Мо Эн Ко ХХК-ийн өмчлөлийн автомашинууд бөгөөд Мо Эн Ко ХХК болон Ц ХХК-иудын хооронд автомашин түрээслэх 4 жилийн гэрээтэй ажиллуулж байна. Нэхэмжлэгч нар нь Ц ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон ажилладаг. Эдгээр жолооч нар хувьцаа эзэмших эрхтэй хүмүүс биш, харин хөлсөөр ажилладаг этгээдүүд юм. Иймд ИХШХШТХ-ийн 40.1, 40.2,115.2.3-р үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Дамбий, Б.Баярмаа, Б.Цэрэндаш, Ц.Болдбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Н.Энхтөр, С.Энхтөр болон хариуцагч Б.Баярмаа, С.Энхтөр, Н.Энхтөр, Ж.Дамбий нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал нараас гаргасан хариу тайлбартаа: Тус компани 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан ба албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.Улсын бүртгэлээр Ц ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ж.Дамбий юм. Тус компанийн хөрөнгийн хэмжээ нь 1.008.000 төгрөг ба нэг бүр нь 1.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 108 ширхэг энгийн хувьцаатай. 9 гишүүн тус бүр 112 ширхэг буюу 112.000 төгрөгийн үнэ бүхий 11,1 хувийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. Компанийн дүрмийн 7.1-д Компанийн эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна гэж, 7.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй гэж, 7.4-т Компанийн менежментийн багийн орон тоо цалин, санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө гэж, 7.9-т Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно гэж, 7.10-т Эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах, компанийн гүйцэтгэх захирал батлах, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж тус тус заасан. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр компанийн дүрэм батлагдсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан Ж.НП.Осор, М.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нямзундуйгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар хяналтын гомдолдоо: 1/. Шүүх нэхэмжлэлийг буруу тодорхойлсноор шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар “...Ц ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох...” шаардлагыг хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар зөвшөөрөхгүй маргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарыг 49 иргэнийг төлөөлөн нэхэмжлэлийг өөрчлөх эрхгүй гэж маргасан хэмээн маргааны зүйлийг тодорхойлж магадлалын үндэслэл болгосон байна.2/. “Ц” ХХК-ийн ТУЗ, нийт тээвэрчдийн хамтарсан 2012-02- 06-ны өдрөөс 09-ний өдрүүдийн хуралдаанаас 300.000 төгрөгийн хувь нийлүүлсэн хүнд компаний хувьцааг эзэмшүүлэх, нийт хувьцааны 70 хувийг хувь нийлүүлсэн тээвэрчдэд эзэмшүүлэх, 30 хувийг ТУЗ-н гишүүд эзэмших тухай шийдвэр гарсан. Нийт 74 иргэн тус бүр 300.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар хувь нийлүүлж, нийт 22.200.000 төгрөгийн орлого оруулсан юм. Гэтэл шүүхээс 53 тээвэрчдийн хураалгасан гэх 22 сая төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх ИХШХШТХ-н 40.1-р нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ гэж дүгнэж байна.3/ Тухайн хувь нийлүүлсэн мөнгийг “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардал болох 2010 оноос хойш гаргасан зардлууд, компаний улс хоорондын ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл хөөцөлдөхтэй холбоотой гарсан зардал, компанийн өр, компаний үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлуудад зарцуулсан болох нь “Ц” ХХК-д 2012-02- 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд бэлэн мөнгө өгсөн иргэдийн жагсаалт /шүүхийн шийдвэрт тусгагдаагүй/, Б.Оюун, М.Одсүрэн, Х.Силам нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Зохигчид энэ талаар маргадаггүй бөгөөд энэ нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт юм. Нэхэмжлэгч нар компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлснийхөө хувьд Компаний тухай хуулийн 12.8-д заасны дагуу хувьцаа эзэмших эрхтэй юм. Дээрх “Ц” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, нийт тээвэрчдийн хамтарсан хуралдаанаас гарсан шийдвэр нь Компанийн тухай хуулийн 31.2.2-т заасны дагуу хувьцаа нэмж гаргах замаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу нэр бүхий 74 иргэн тус бүр 300.000 төгрөгийн хувь нийлүүлсэн нь Компанийн тухай хуулийн 33.2-т “Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.” гэж заасны дагуу хувьцаа эзэмших эрхтэй гэж үзэж байгаа юм. Гэтэл шүүхээс Компанийн тухай хуулийн 3.2, 3.3,12.2, 32.1, Иргэний хуулийн 9.1-д заасныг баримталсан атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу. 4/. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан “Мөнгө өгсөн баталгаа” гэх баримт нь анхан шатны баримтад хамаарахаар байна. Мөн хуулийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна. “Ц” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нарын дээрх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй нэхэмжлэгч нарын тус компанид хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт болох хүн тус бүрийн 300.000 төгрөгийг компанийн санхүүгийн тайландаа тусгаагүй буруутай үйлдлийг нэхэмжлэгч нарт хамаатуулан тэднийг тухайн хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусгахыг шаардаагүй, зарцуулалтыг баримтжуулан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлээгүйгээс уг мөнгийг компаний ямар үйл ажиллагаанд хэрэглэсэн нь тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.5/Ховд аймгийн тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналыг үндэслэн Аймгийн тээвэрчдийн холбооны дэргэд 2010-10-18-ны өдрийн 1 дугаартай тогтоолын дагуу 2010-10- 26-ны өдөр байгуулагдсан Ц ХХК-ийн дүрмээр Ц.Болдбаатараас бусад хариуцагч нар нь компаний үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн ба 2011-03- 25-ны өдрийн компанийн дүрмээр дээрх иргэд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр бүртгэгдсэн байдаг. Компанийн тухай хуулийн 30.5-д “Компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компаний дүрэмд тусгасан байна”., 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 62.1.7-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох”, 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, “Ц” ХХК нь Ховд аймгийн нийт тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон нэр бүхий эдгээр иргэд нь Ховд аймгийн тээвэрчдийн төлөөлөл болон компаний ТУЗ-н гишүүнээр сонгогдсон болох нь нотлогдож байгаа юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд болох хэргийн хариуцагч нар нь компаний мэдээлэлд өөрчлөлт оруулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахгүй байгаа эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч нарын хувьд компанид хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хувьцааг эзэмших эрх нь зөрчигдөж байгааг шүүх анхаарч үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ж.НМ.Эрдэнэчулуун, П.Осор нар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр бүхий 65 хүн “Ц” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд, нэхэмжлэлээ М.Одсүрэн, Х.Силам, Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван, Н.Гантулга, Ц.Болдбаатар нарт холбогдуулан гаргажээ. /хх 1-н 1, 187/
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “...Ц ХХК-д дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох 1,077 хувь буюу нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх...” гэж тодорхойлсон байна. /хх 3-182/
Хариуцагч М.Одсүрэн /хх 1-104-105/, Х.Силам /хх 1-134/, Ж.Олдох /хх 2-132/ нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол хариуцагч Ж.Дамбий, Б.Цэрэндаш Н.Энхтөр, С.Энхтөр, Ц.Болдбаатар /хх 1-65-66., хх 2-104-106, хх 3-228/., Э.Энхтайван /хх 1-н 172/, Н.Гантулга буюу Б.Баярмаа /хх 1-99, хх 2-162/, нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хоёр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна Компанийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Тухайлбал,
а/. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул нэхэмжлэгч нарыг хувьцаа эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Улсын бүртгэлийг зохих журмын дагуу хийлгээгүй нь нэхэмжлэл гаргах шалтгаан болсон байхад шүүх маргааны зүйл болсон уг нөхцөл байдлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу юм.
б/. Нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэх бөгөөд энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заажээ.
Компаний тухай /1999 оны/ хууль, Компаний тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-т зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.
Хувьцаа эзэмшигч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр өөрийн компанид ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглосон заалт Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй тул нэхэмжлэгч нар Ц ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш юм.
в/. “Ц” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгэгдсэн мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон нөхцөл байдал хувьцаа эзэмшигч болох үндэслэл болохгүй.
Компаний тухай хуульд зааснаар компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь компанийн хувь нийлүүлэгч биш байж болно.
Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Компанийн тухай /1999 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 75 дугаар зүйлийн 75.4, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн зохицуулалтыг анхаараагүй байна.
г/. Нэхэмжлэгч нар хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлэх бус, харин хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан тул “... нэмж хувьцаа эзэмшигчийг оруулах, хасах шийдвэрийг хариуцагч нар л гаргах эрхтэй...” гэх дүгнэлт буруу, энэ тухай шүүхийн дүгнэлт Компанийн тухай /1999 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-5.6, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-5.10 дахь хэсэгт нийцээгүй байна.
д/. Компанийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, орлого, зарлагын мэдээллийг тусгах нь компанийн хувьцаа эзэмшигчийн бус, харин эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах тул нэр бүхий иргэдээс олгосон мөнгөн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй.
2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт нийцээгүй байна.
Ж.НМ.Эрдэнэчулуун, П.Осор нар нэр бүхий 53 иргэний төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэх боловч 2017-03-17-ны өдрийн итгэмжлэлд 55-58 иргэний нэрийг жагсаан бичсэн, зарим иргэдийн нэр давхардсан, зарим нь итгэмжлэл олгоогүй талаар хожим шүүхэд тайлбар ирүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Түүнчлэн, төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох тул хэргийн 1-р хавтас 223-224 дүгээр талд буй итгэмжлэлийг олгосон нэр бүхий иргэд өөрийн биеэр эсхүл Ж.НМ.Эрдэнэчулуун, П.Осор нараар төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.
Иймд шүүх төлөөлж байгаа этгээдийн хүсэлтээр /хх 3-182/ зарим төлөөлүүлэгчийг “нэхэмжлэгч” биш гэж үзсэн нь, мөн нэхэмжлэлийг Ж.НМ.Эрдэнэчулуун, П.Осор нар гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, шийдвэрт нэхэмжлэл гаргаж буй иргэнийг тодорхой нэр заан бичиж, тухайн иргэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэх үүргийн талаар танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар нэхэмжлэгч нарт буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ