Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 130

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т т” ХХК /**/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Т т" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон солбицлын дагуу мэдээллийн санд хилийн заагийг зөвөөр оруулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Нэхэмжлэлийн шаардлага: “Т Т” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон солбицлын дагуу мэдээллийн санд хилийн заагийг зөвөөр оруулахыг даалгах. 

Нэхэмжлэлийн агуулга:  Манай  компанид  нийслэлийн  Засаг  даргын  2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар анх Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт /одоогийн 8 дугаар хороо/ байрлах 140 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 908 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сунгасан. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэп тогтоох тухай” 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоох тухай журмын 3 дахь хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон. Энэхүү тогтоолд заасан солбицлын цэгт манай компанийн эзэмшлийн 140 га газар хамаардаггүй.

Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг мэдээллийн санд оруулахдаа өөр солбицлын цэг тогтоож, ингэхдээ манай эзэмшиж буй газрын зүүн урд хэсэг хязгаарлалтын бүсэд орсон болохыг олж мэдлээ. Энэ асуудлаар тус яаманд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 003 албан бичгээр хандаж “Богдхан уулын дархан цаазат газрын солбицлыг дахин нягтлан, шалгаж зөвтгөж өгөхийг хүссэн боловч 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10/1569 албан бичгээр асуудлыг шийдвэрлүүлэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд манай компаниас давхар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 005 тоот албан бичгээр хүсэлтээ гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. 

Манай компани эзэмшил газар дээрээ “Хамаг Монгол” орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос бэлтгэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар удаа дараа хандаж байсан боловч Нийслэлийн Засаг дарга манай эзэмшил газартай давхцуулан өөр байгууллагад газар эзэмшүүлснээс шалтгаалж газрын маргаантай гэх үндэслэлээр 3 жилийн хугацаанд хойшлогдож, тус газрын маргааныг 2016 онд Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн учир 2017 оноос эхлэн “Хамаг Монгол” төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын яам мэдээллийн санд алдаатай солбицол оруулснаар манай эзэмшил газартай давхардал үүсэх нөхцөл бий боллоо. Учир нь: 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу Байгаль орчин, аялал жуучлалын сайд Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулах зөвшөөрөл олгох эрхтэй. Хэрвээ тус яамны сайд манай эзэмшил газартай давхцуулан өөр байгууллагад газар ашиглуулах шийдвэр гаргасан тохиолдолд манай компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцны хорооллын төсөл газрын маргаантай гэх үндэслэлээр дахин хойшлох эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон байна. 

Иймд “Т Т” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон солбицлын дагуу мэдээллийн санд хилийн заагийг зөвөөр оруулахыг даалгаж өгөхийг шүүхээс хүсч байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хариу тайлбартаа: “...”Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох “Т т" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон солбицлын дагуу мэдээллийн санд хилийн заагийг зөвөөр оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн дагуу Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан.

Яам хавсралтын дагуу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд бүртгэж Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг оруулсан. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг өөрчлөх бол Улсын Их  Хурлаар  тогтоол  гаргахаас  өөрөөр  мэдээллийн  санд  өөрчлөлт  оруулах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”Т т” ХХК нь “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т т" ХХК-ийн эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон солбицлын дагуу мэдээллийн санд хилийн заагийг зөвөөр оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр тусгай хамгаалалттай газар нутгийг 1/ дархан цаазат газар, 2/ байгалийн цогцолборт газар, 3/ байгалийн нөөц газар, 4/ дурсгалт газар гэж ангилаад 8 дугаар зүйлээр дархан цаазат газрыг 1/ онгон бүс, 2/ хамгаалалтын бүс, 3/ хязгаарлалтын бүс гэж хуваасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх”-ээр заасны дагуу Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодорхой цэг тэмдэгтүүдээр тогтоож баталсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч “Т т" ХХК-ийн эзэмшиж буй 140 га газрын орчимд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тухайлбал, “Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, ...” гэж тогтоосон байх бөгөөд “энэ хилийн заагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд буруу оруулснаар нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй дээрх газрын тодорхой хэсэг дархан цаазат газар нутагт хамаарсан” гэсэн үндэслэлээр “хилийн заагийг  тус  яамны  мэдээллийн  санд  зөвөөр  оруулахыг  даалгуулах”-аар нэхэмжлэгч маргасан нь үндэслэлтэй байна.

Учир нь шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас байгуулагдсан шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/225 дугаар дүгнэлтээр “Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд дурдагдсан “... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон ...” гэснийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын архив мэдээллийн төвд хадгалагдаж буй 1:50000 масштабтай байр зүйн зураг /L-48-10-Б, L-48-10-Г/ болон газар зүйн нэрийн тодруулалт хийгдсэн 1:100000 масштабтай байр зүйн зургийг газар зүйн холболт хийн QuantumGIS 2.18.3 программ хангамжид оруулан зураглаж үзэхэд нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18634304666010 дугаар бүхий 1400000.38 м.кв талбайтай Т т ХХК-ийн газартай давхцалгүй” болох нь тогтоогдож байх бөгөөд үүнийг мөн дүгнэлтийн 2 дугаар хавсралт зургаар үзүүлжээ. Уг зурагт “1:50000 масштабтай байр зүйн зураг болон ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр Улсын Их Хурлын тогтоолд дурдагдсан “... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, ... ” гэсэн цэгүүдийг шулуун шугамаар холбосон” байх бөгөөд үүнээс үзэхэд Улсын Их Хурлаас 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар хамааралгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшил газар дархан цаазат газрын талбайтай ямарваа давхцалгүй байна. 

Харин дүгнэлтийн 3 дугаар хавсралт дахь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн сан дахь дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон шонгуудыг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сантай давхцуулахад нэхэмжлэгчийн эзэмшил газар дархан цаазат газрын нутаг дэвсгэрт 349628.10 м.кв талбайгаар давхцалтай харагдаж байна.

Үүнээс үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар Улсын Их Хурлаас 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам кадастрын мэдээллийн сандаа буруу оруулснаас ийнхүү Улаанбаатар  хотын  нутаг  дэвсгэрт  нийслэлийн  Засаг  даргаас  эзэмшүүлсэн нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцал үүссэн байна. 

Энэ талаар нэхэмжлэгчээс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 03 тоотоор хариуцагч яаманд хандан “тус компанийн эзэмшил газар нь дархан цаазат газрын хилийн заагт ороогүй боловч давхцуулан аж ахуйн нэгжүүдэд ашиглах эрх олгосон асуудлыг шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасныг тус яам хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10/1569 тоотоор хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс тус газарт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 05 тоотоор мөн хандсан байх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мөн л хугацаа хэтрүүлсний эцэст 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 486 тоотоор “дархан цаазат газрын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжид ашиглах эрх олгосон” талаар хариу өгчээ. 

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагийг Улсын Их Хурлын тогтоолоор тогтоосон “... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, ...” гэсэн цэгүүдийг шулуун шугамаар холбож мэдээллийн сандаа зөв оруулаагүйгээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь нийслэлийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчжээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь мэдээллийн нэгдсэн санг эрхлэх бөгөөд эрх бүхий этгээдээс тогтоосон цэг тэмдэгтээр дархан цаазат газар нутгийн хилийн заагийг мэдээллийн санд үнэн зөв оруулах үүрэгтэй.

Иймд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т т" ХХК-ийн эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгон, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон цэгийн дагуу мэдээллийн санд дархан цаазат газар нутгийн  хилийн  заагийг  зөвөөр  оруулахыг  Байгаль  орчин,  аялал  жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахаар шүүх хурлыг хойшлуулж байсан, хариуцагч 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 01/464 тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг дахин томилж ирүүлсэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн дээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүнийгээ нотлох баримт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул, мөн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн тул хэргийг хэлэлцсэн болно.   

Шинжээчийн зардал 237040 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн бөгөөд зардлыг нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т т" ХХК-ийн эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон “... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, ...” гэсэн цэгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагийг мэдээллийн санд зөвөөр оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА