Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 262

 

Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 182/ШШ2016/00987 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох

 

            Мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрт 800 000 000 төгрөг, мөнгөн хадгаламжийн хүүд 290 399 999 төгрөг, гэрээний дагуу алданги 384 266 666 төгрөг, нийт 1 474 666 666 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Капитрон банк ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                С.Ялалт

                                                                                       А.Зүмбэрэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                    Б.Баялагмаа

                                                                                        Т.Батжаргал

                                                                                        Э.Жаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                    Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Капитрон банк нь Улаанбаатар хотын банктай MM 12085 тоот Мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж 3 000 000 000 төгрөгийг жилийн 11 хувийн хүүтэйгээр хадгалуулсан юм. 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ММ12085 тоот "Мөнгөн хадгаламжийн гэрээ"-нд өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 3 дугaap сарын 20-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаагаар сунгасан. Улаанбаатар хотын банкнаас 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2 200 000 000 төгрөгийн үндсэн хадгаламж, 66 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүү, нийт 2 266 000 000 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн бөгөөд 800 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламж үлдсэн юм. Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Капитрон банкны мөнгөн хадгаламжийн 834 222 222.22 төгрөгийн үлдэгдлээр бусдын зээлийг үндэслэлгүй төлүүлсэн байна. Капитрон банкны зүгээс удаа дараа хандаж үндэслэлийн талаар шаардсан боловч тодорхой хариу өгөөгүй юм. Улаанбаатар хотын банк нь энэхүү үйлдлээрээ Банкны тухай хуулийн 16 дугаар 16.1.4-т, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус зөрчсөн байна. 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Капитрон банкны мөнгөн хадгаламжаар бусдын зээлийг төлүүлснээр хадгаламж эзэмшигч болох Капитрон банкны эрх зөрчигдсөн бөгөөд тухайн өдрөөс мөнгөн хадгаламжаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. ММ12085 тоот гэрээний 4.2.1-т гэрээний 2.2 дах хэсэгт заасан мөнгөн хадгаламж түүний хүүг бүтнээр буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд мөнгөн хадгаламжийн хүүг 50 хувиар нэмэгдүүлэн (жилийн 16.5 хувь)-г шилжүүлж тооцсоноор алдангийг хадгалуулагчид төлөх" гэж тус тус заасны дагуу Капитрон банкны мөнгөн хадгаламжаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон өдөр Капитрон банкны эрх зөрчигдсөн өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу алданги тооцох эрх үүссэн байна. Иймд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.2, 454.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу мөнгөн хадгаламжийг гэрээний дагуу төлөх үндсэн хадгаламж болох 800 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бодогдсон мөнгөн хадгаламжийн хүү 290 399 999 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 384 266 666 төгрөг, нийт 1 474 666 666 төгрөгийг гаргуулж өгнө үү. Капитрон банкны зүгээс мөнгөн хадгаламж, түүний хүү, алдангийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцож анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдаан гагцхүү хариуцагч талаас хамаарсан шалтгааны улмаас удаа дараа хойшилсон бөгөөд энэ хугацаанд бодогдсон мөнгөн хадгаламжийн хүү, алдангийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлага нэхэмжлэгч талд үүсээд байгаа юм. Шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдахаар товлогдсон байх тул 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү болох 30 800 000 төгрөг, алданги болох 46 200 000 төгрөг, нийт 77 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр Капитрон банкны нэхэмжлэлийн нийт шаардлага 1 551 666 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхмэнд шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Баялагмаа, Т.Батжаргал нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Капитрон банкны нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын банкинд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусч, хадгалагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэхгүй юм. Улаанбаатар хотын банк нь 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Капитрон банктай ММ12085 дугаар "Мөнгөн хадгаламжийн гэрээ"-г байгуулж, 3 000 000 000 төгрөгийг жилийн 11 хувийн хүүтэйгээр 31 хоногийн хугацаатайгаар хадгалсан. 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талууд мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаатай байхаар тохиролцсон. Улмаар Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусч, хадгалуулагч Капитрон банк нь 2 200 000 000 төгрөгийн үндсэн хадгаламж, 66 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүү, нийт 2 266 000 000 төгрөгийг авах шаардлага гаргасны дагуу мөнгийг шилжүүлсэн. Үлдэх 800 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг хугацаагүй хадгаламжид шилжүүлсэн байсан бөгөөд хадгалуулагч Капитрон банкны 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот албан бичгийн дагуу 800 000 000 төгрөгийг "Мфикс капитал" ХХК-ийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авснаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Капитрон банкны мөнгөн хадгаламжийн 834 222 222 төгрөгийн үлдэгдлээр бусдын зээлийг үндэслэлгүй төлүүлсэн байна" гэсэн нь үндэслэлгүй юм. Капитрон банкнаас 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 683 тоот албан бичгээр "Мфикс капитал" ХХК-тай "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г байгуулсан. Дээрх гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны нэр дээр гармагц банк "Мфикс капитал" ХХК-ийн өмнөөс 2 300 000 000 төгрөгийг танай Улаанбаатар хотын банк дахь зээлд төлөх нөхцөл тусгагдсан. Иймд дээрх төлбөр төлөгдсөний дараа үлдэх "Мфикс капитал" ХХК-ийн зүгээс зээлийн үлдэгдлийг байршуулсан мөнгөн хөрөнгөөр батлан даах нөхцөлтэйгөөр дахин 3 сарын хугацаагаар сунган хамтран ажиллах" хүсэлтийг ирүүлснийг бид хүлээн авсан. Капитрон банкны дээрх 683 тоот албан бичиг нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Мөнхсайханы гарын үсэг болон Капитрон банкны тамгаар баталгаажсан байсан. Капитрон банкийг төлөөлөх бүрэн эрхтэй тул Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх" гэж заасны дагуу Улаанбаатар хотын банк нь хадгалуулагч Капитрон банкны даалгавраар, хадгаламж дахь мөнгөн дүнгийн хэмжээгээр "Мфикс капитал" ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдлээс хасалт хийсэн. Иймд Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхмэнд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Капитрон банкны зүгээс батлан дааж, өөрийн мөнгөн хадгаламжаар бусдын үүргийг төлж барагдуулах үүрэг үүсээгүй гэж маргаж байгаа тул Улаанбаатар хотын банк болон Капитрон банкны хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Улаанбаатар хотын банк, Капитрон банкны хооронд зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдсан тухайд Капитрон банк буюу түүнийг төлөөлж тус банкны Гүйцэтгэх захирал асан П.Мөнхсайхан нь анх 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот албан бичгээр Улаанбаатар хотын банкинд Батлан даалтын гэрээ байгуулах саналыг ирүүлсэн. Капитрон банкнаас бичгээр ирүүлсэн гэрээ байгуулах саналд Капитрон банк нь 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Мфикс капитал" ХХК-тай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны нэр дээр гармагц банк /Капитрон банк/ "Мфикс капитал" ХХК-ийн өмнөөс 2 300 000 000 төгрөгийг танай банкин дахь зээлд төлөх нөхцөл тусгагдсан. Капитрон банкнаас ирүүлсэн гэрээ байгуулах санал нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын банк саналыг хүлээн авснаар тус санал хүчин төгөлдөр болсон. Тус саналыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Улаанбаатар хотын банкнаас Капитрон банкинд тодорхой илэрхийлсэн бөгөөд Капитрон банкинд хүргүүлсэн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1776 тоот, 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 5/2436 "Тодорхой арга хэмжээ авахуулж, мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг, 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4/2476 тоот албан бичгүүдээр тус тус нотлогддог. Тухайн албан бичгүүдэд "Мфикс капитал" ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хуримтлагдсан төлбөрийг барагдуулах талаар анхаарч, зохих арга хэмжээ авахыг хүсч, арга хэмжээ авагдаагүй тохиолдолд Капитрон банкны Улаанбаатар хотын банкин дахь хадгалуулсан мөнгөн хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах бөгөөд Капитрон банкны зүгээс батлан даахаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Талуудын хооронд Батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч Иргэний хуулийн 459.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээ бичгээр хийнэ.", 459.2 дахь хэсэгт "Ажил үүргийнхээ хүрээнд батлан даалт гаргасан бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахгүй байж болно" гэж тус тус заасан. Гүйцэтгэх захирал асан П.Мөнхсайханы зүгээс "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-ний дагуу “Мфикс капитал” ХХК-ийн Улаанбаатар хотын банкин дахь зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн хэмээн ойлголт өгч бидэнд итгүүлэн, "Мфикс капитал" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг батлан даах саналыг тавьсан бөгөөд тус саналыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, батлан даалтын гэрээний харилцаа үүссэн байдаг. Харин Капитрон банкны зүгээс Улаанбаатар хотын банк нь үндэслэлгүйгээр Капитрон банкны Улаанбаатар хотын банкин дахь мөнгөн хадгаламжийн үлдэгдлээр бусдын зээлийг төлүүлсэн гэж маргаж байх тул Капитрон банк болон Улаанбаатар хотын банкны хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Х.Идэрбулган, Г.Чинбат, Б.Алтанхуяг нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хэрэгт авагдсан баримт болон хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хариуцагч нь дээрх байдлаар үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул Капитрон банкны зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч талаас 2013 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 683 тоот албан бичгийг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас гэрээний дагуу төлөх үндсэн хадгаламж 800 000 000 төгрөг, хүү 321 199 999 төгрөг, алданги 430 466 666 төгрөг, нийт 1 551 666 666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 -д заасныг баримтлан Капитрон банк ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Капитрон банк ХХК-иас 8 074 234 төгрөг, хариуцагч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 074 234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхмэнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Капитрон банкнаас Улаанбаатар хотын банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн үлдэгдэл төлбөрийг Капитрон банкнаас ирүүлсэн хүсэлт, хэлцлийн дагуу "Мфикскапитал" ХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлсэн тул уг үйл явдлыг тодорхойлох ач холбогдол бүхий Капитрон банкны 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот албан бичиг, тухайн үед “Мфикскапитал" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Батхүүгийн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Шүүхийн шийдвэрт дээрх баримтуудыг огт дурьдаагүй, хэрэгт аваагдаагүй мэт дүгнэж тус хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хадгаламжийн хүү алдангийг тооцсон мөнгөн дүн хуульд нийцэж буй эсэхийг нягталж шалгаагүй шийдвэр гаргасан тухайд:

Мөнгөн хадгаламжийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан болохыг зохигчид хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Харин Мөнгөн хадгаламжийн гэрээ нь тодорхой хугацаатай гэрээ бөгөөд гэрээний хугацаа 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусч, хадгалуулагч болох Капитрон банкны шаардлагаар хадгаламжийн тодорхой хэсгийг шилжүүлэн, үлдэх хэсгийг хугацаагүй хадгаламжинд шилжүүлснээр дээрх Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалагчийн хүлээх үүрэг дуусгавар болсон. Улаанбаатар хотын банк болон Капитрон банкны хооронд байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд хадгаламжийг Капитрон банкинд шилжүүлж, үлдэх хэсэг болох 800 000 000 төгрөг нь тухайн өдрөөс эхлэн тодорхой бус хугацаагаар буюу хугацаагүй хадгаламжинд шилжсэн. Уг хугацаанаас хойш хадгаламжийн мөнгийг "Мфикскапитал" ХХК-ийн зээлд суутгах хүртэл хугацаанд хадгаламжийн хүү хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцогдох ёстой. Шүүхээс Иргэний хуулийн 455.3-т "Мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно." гэж заасны дагуу буцаан авах шаардлага тавиагүй бол гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцох буюу хугацаагүй хадгаламжид шилжих зохицуулалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэгчийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй тухайд:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчийн тайлбар, Капитрон банкнаас 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ирүүлсэн 683 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан боловч шүүхээс огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Гэтэл шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудтай холбоотой дүгнэлтийг огт өгөөгүй атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэлгүйгээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг алдагдуулж хариуцагчийн эрхийг зөрчиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын банкнаас 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Капитрон банктай байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээний үлдээсэн нь өөр бие даасан хэлцэл болох Батлан даалтын гэрээ мөн хэргийн оролцогч биш этгээд болох "Мфикскапитал" ХХК-тай байгуулсан гэрээтэй салшгүй холбоотой нөхцөл байдал үүссэн. Ийнхүү "Мфикскапитал"ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгааг нотлохыг Улаанбаатар хотын банкнаас шаардаж, гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Тус хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны хүсэлтийг хэлэлцэх үе шатанд Улаанбаатар хотын банкнаас "Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гуравдагч этгээдээр "Мфикскапитал" ХХК болон "Капитрон банкны тухайн үеийн захирал П.Мөнхсайхныг гэрчээр асуулгах хүсэлт"-ийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас мөн татгалзсан. Шүүх хуралдааны явцад "Мфикскапитал" ХХК-ийн тухайн үеийн захирал Х.Батхүүгийн гэрчийн мэдүүлгээр "Улаанбаатар хотын банк, Мфикскапитал ХХК, Капитрон банкны хооронд үүссэн гэрээний харилцааг Капитрон банкны гүйцэтгэх захирал асан П.Мөнхсайхан маш сайн мэдэж байгаа. Мөн энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор гуравдагч этгээд "Мфикскапитал" ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна гэж тодорхой мэдүүлэг өгсөн. Улаанбаатар хотын банкнаас шүүх хуралдаан дуусахаас өмнө гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулан "Мфикскапитал" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулж, Капитрон банкны тухайн үеийн гүйцэтгэх захирал П.Мөнхсайханаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан боловч тус хүсэлтийг огт шийдвэрлэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тус хэрэгтэй агуулгын хувьд шууд холбогдох энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүгчид хувиарлагдсан "Мфикскапитал" ХХК-ийн нэхэмжлэлтэй Улаанбаатар хотын банкинд холбогдох "Барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай" иргэний хэргийг тус хэрэгтэй нэгтгэх хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлж болох нотлох баримтыг цуглуулахаас үндэслэлгүйгээр татгалзан нэхэмжлэгдчид илтэд ашигтай шийдвэр гаргасан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 182/ШШ2016/00987 тоот шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, ногдох хүү, алдангид 1 551 666 666 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хадгаламжид үндсэн мөнгийг батлан даалтын гэрээний үүрэгт нь тооцож авсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгөн хадгаламжийн гэрээний хуулга, депозит дансны хуулга, меморилын баримт, Улаанбаатар хотын банк ХХК-д явуулж байсан албан бичгүүд, дотоод товъёог болон Капитрон банк ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ зэрэг бичгийн баримуудыг шүүхэд ирүүлэхдээ “Капитрон банк хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг зөрчсөн байна.

                                                     /хх 6-22,142-157 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан.  

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр 44.4 дэх заалтад мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчдод дээрх хуулийн зүйл заалт хамаарахгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн өмнө тэгш байх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг.

 

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хүлээдэг бөгөөд нотлох баримт гаргах, ба цуглуулах, бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлах ёстой.

 

            Түүнчлэн талууд “Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэг”-ийн талаар маргаж, хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр “Улаанбаатар хотын банкны байгууллагын хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ 2006 оноос хойш жилийн 1 хувийн хүүтэй байгааг тодорхойлов” гэсэн агуулга бүхий бичгийн баримтыг гаргаж өгсөн байхад шүүх уг баримтыг нөгөө талд танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд уг баримтад тулгуурлан хадгаламжийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Иймд анхан шаны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 182/ШШ2016/00987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь 7 986 483 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧ                                                            М.НАРАНЦЭЦЭГ                 

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО