Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

 

Л.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                 Прокурор Ч.Мядагбадам

                                               Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

                                              Шүүгдэгч Л.Э

                                               Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдлоор, Л.Э од холбогдох эрүүгийн 201715000135 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сарын хугацаатай хорих ялыг биечлэн эдлүүлснийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 cap 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан Цоохор овогт Л.Э  

Л.Э  нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ давтан үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 33-01 тоот хашааны гадна байсан Д.Э-н машинаас дунд гарын замагт манан хөөргийг хулгайлж 350000 төгрөгийн хохирол, 2017 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 9-13 тоотод байрлах С.Борхүүгийн гэрээс 32 инчийн Элко /Elko/ маркийн LCD зурагт, дунд гарын полисон аяга хулгайлж 380000 төгрөгийн хохирол, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 50-14 тоотод оршин суух Б.Нарангаравын гэрээс 32 инчийн Sharp маркийн LCD зурагт, индукцэн плитка, бэлэн 70000 төгрөг хулгайлж 540000 төгрөгийн хохирол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-04 тоотод оршин суух О.Э-н гэрээс 42 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж 600000 төгрөгний хохирол, нийт 1870000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Цоохор овогт Л.Э ыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Шүүгдэгч Л.Э ын цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, шүүгдэгч нь хохирогч Д.Ц, С.Борхүү, О.Эрдэнэчимэг нарт төлөх төлбөргүй эдгээр хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч В.Н140000 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирогч Б.Нарангарав нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Э оос 140000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Л.Э оос AS1174443 серийн дугаартай 1000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Э  давж заалдах гомдолдоо: Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар надад 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эрх зүйн байдал дордуулж байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2-5 жилийн хорих ялтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг нь 2-8 жилийн хорих ялтай байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн гомдол нь үндэслэлгүй юм. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ял нь тохирсон ял гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ял нь дээр нь Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал ашиглах  боломжтой бол эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 2002 оны хуулийг хэрэглэж эрх зүйн байдлыг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэжээ.

Прокурор Ч.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Цоохор овогт Л.Э ыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 33-01 тоот хашааны гадна байсан Д.Э-н машинаас дунд гарын замагт манан хөөргийг хулгайлж 350000 төгрөгийн хохирол, 2017 оны 05 дугаар сарын 18-19 шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 9-13 тоотод байрлах С.Борхүүгийн гэрээс 32 инчийн Элко /Elko/ маркийн LCD зурагт, дунд гарын полисон аяга хулгайлж 380000 төгрөгийн хохирол, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 50-14 тоотод оршин суух Б.Нарангаравын гэрээс 32 инчийн Sharp маркийн LCD зурагт, индукцэн плитка, бэлэн 70000 төгрөг хулгайлж 540000 төгрөгийн хохирол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-04 тоотод оршин суух О.Э-н гэрээс 42 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж 600000 төгрөгний хохирол, нийт 1870000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Л.Э ын “... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Н-н гэрт согтуугаар орж, телевизор, индукцэн плитка хоёрыг нь авсан. Телевизорыг буцааж өгсөн. Индукцэн плиткыг нь өгөөгүй. Харин энэ айлд бэлнээр 70000 төгрөг байгаагүй. С.Б гэрт нэвтэрч ороод авсан байсан зүйлээ бүгдийг нь буцааж өгсөн. О.Э гэдэг айлаас мөн авсан байсан телевизорыг нь буцааж өгсөн. Э гэдэг хүний хөөргийг авсан. Мөн буцааж өгсөн...” гэсэн,

хохирогч Б.Н-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би дэлгүүрээ хаачихаад 23 цагийн үед гэртээ ороход гэрт хулгай орчихсон байсан. Тэгээд гэр доторх эд зүйлсээ бүртгэхэд телевизор, плитка байхгүй болчихсон, авдар онгойлгосон байсан. Гэрээс гартал манай дэлгүүрт зарагдаж байсан боорцогийг нохойд өгсөн байсан. Бас зуны байшингийн цоожийг эвдэлчихсэн байсан. Тэгээд би түрүүн нэг залуу дэлгүүрээс боорцог авсан даа гэж санасан. Тэгээд маргааш нь камерын бичлэгээ шалгуулж энэ залууг олсон. Тэгээд цагдаад хэлэлгүй энэ хүнээс мөнгийг нь авсан гэсэн. Би дэлгүүрийн орлогоныхоо дээжээс өдөр бүр хадганд хийж хадгалдаг, гомдолтой байна. Манай нойлын хажууд баахан 20, 100-тын дэвсгэртүүд байсан. Надад 140000 төгрөгний хохирол учирсан байгаа...” гэсэн,

хохирогч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад төрсөн эгчийндээ очиж хонохоор гарсан. 2017 оны 06 сарын 01-ний 07 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Ц өглөө манайх руу ганцаараа явсан. Удаагүй манай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь очиж үзэхэд 42 инчийн Sharp маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй өнгөт телевизор хулгайд алдагдсан байсан...” гэсэн /хх-ийн 34х/,

хохирогч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед би эхнэр охинтойгоо Тарагт сумын “Алтан тал” багт байх гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш буюу 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожны цүүг нь суга татаж аваад гэрт хулгай орчихсон байсан. Манай гэрээс 32 инчийн Elko маркийн хар өнгийн телевизор 1 ширхэг дунд гарын полисон аяга 1 ширхэг тус тус алга болсон байна. Цагдаагийн албан хаагчид миний алдсан эдгээр зүйлсийг хүлээлгэж өгсөн учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /хх-ийн 38х/,

хохирогч Д.Цо-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Миний төрсөн ах Д.Э нь хөөрөг хийж зардаг юм. Одоо Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа. Ирэх боломжгүй учраас би ах Д.Э-н өмнөөс энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Болсон зүйлийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Хөөргөө буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн /хх-ийн 45-46х/,

гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим “Их Богд”-ын дугуй засварын засварчин залуу манайд танихгүй залуутай хоёулаа таксидъя гээд гэрийн гадаа ирэхдээ гартаа юм бариагүй ирсэн. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Би тэр хоёр залууг машиндаа суулгаад “Их Богд” колонкийн дугуй засвар дээр машинтай очоод хавтгай дэлгэцтэй, хар өнгийн телевизорыг авсан. Тэр телевизорын дэлгэц нь гараад дуу нь тасалдаад байхаар нь доор нь цохихоор дуу хэсэг гарч байгаад дуугүй болчихоод байсан. Дугуй засварын залуутай хамт явсан хар царайтай том хамартай залуу нь телевизорыг 40000 төгрөгөөр зарна намайг авах уу эхнэр хүүхэд рүүгээ явах гэж байгаа гээд яриад байсан...” гэсэн /хх-ийн 49х/,

гэрч О.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би О.Ц эгч, О.Э эгч нарын хамт О.Ц эгчийнд хоночихоод маргааш өглөө нь О.Э эгчийнх рүү юм авах гээд 07 цаг 19 минутанд очиход амбаарын хаалга нь онгорхой байсан. Амбаарын хаалгыг янзлах гээд гэрээс нь алх авах гээд гэрийн үүдэнд очиход гэрийнх цүүг нь эвдлээд хулгай орчихсон байхаар нь би төрсөн эгч О.Э гэрт хулгай орсон талаар гар утсаар хэлсэн...” гэсэн /хх-ийн 50х/,

гэрч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Би өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 05 дугаар сард л байсан юм. Намайг “Их богд” дэлгүүрийн засвар дээр ажиллаж байхад Л.Э  гэгч нь ганцаараа ирсэн. Л.Э ыг ирэхэд үүрийн 05-06 цаг л болж байсан. Манайх 24 цагаар ажилладаг юм. Тэгээд Э  ирэхдээ хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор барьчихсан орж ирээд “... манай телевизор байгаа юм, мөнгөний хэрэг байна хэдэн төгрөгөөс өгөх гэсэн юм гэж хэлж байсан...” Би хулгайн телевизор гэж мэдээгүй...” гэсэн /хх-ийн 59х/,

гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байсан байсан шиг санагдаж байна. Би Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах баруун гуанзанд тогооч хийж тэндээ амьдардаг юм. Тэр өдрийн орой 00 цагийн орчимд гэртээ байж байтал бор царайтай өөрийгөө Энхээ гэх залуу манай гуанзанд орж ирээд надаас телевизор авах уу гэхээр нь би хэний телевизор юм бэ гэхэд миний телевизор байгаа юм зарах гэсэн юм гэж хэлсэн. Барьж яваа телевизорыг харахад хар өнгийн хавтгай дэлгэцтэй Sharp маркийн том телевизор байсан. Тэгээд хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 70000 төгрөг өгөөд телевизорыг нь худалдаж авсан. ... Би хулгайн телевизор гэдгийг мэдээгүй. Хэний телевизор юм вэ гэж асуухад Энхээ миний телевизор байгаа юм гэж хэлж байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. 70000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэсэн /хх-ийн 60х/,

гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед би төв талбайгаас 1 дүгээр хороонд хүн таксидаж хүргэж өгчихөөд буцаад 10 мянгатын засмал уруудаад явж байтал нэг хүн гар өргөсөн. Тэгээд 3 дугаар хороо ормоор байна явах уу гэхээр нь явна гэж хэлсэн. Тэгсэн за байж байгаарай би юм аваад ирье гэж хэлчихээд эргээд гудамжны үзүүрээс нэг хавтгай дэлгэцтэй телевизор бас нэг зурагтаас арай жижигхэн хавтхай 2 ширхэг эд зүйл гаргаж ирээд миний араар суусан. Тэгэхээр нь надад сэжиг төрөөд наад авч яваа эд зүйлс чинь юу юм бэ, чинийх мөн юм уу гэхэд тиймээ минийх, эхнэрээсээ салж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд зурагтаа, плитка аваад явж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зогсоод наад юмаа аваад яв би явж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу би тамхиа хашааны буланд хаячих шиг боллоо гээд телевизороо орхичихоод буугаад явсан. Би тэр хооронд цагдаа дуудчихсан. Тэгсэн тэр залуу тэр чигээрээ зугтаачихсан...” гэсэн /хх-ийн 61х/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Л.Э од холбогдох хэрэгт Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд  тохирсон, түүнд холбогдох хэргийг прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх дээрх зүйл ангиар хэргийг зүйлчилж ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Л.Э ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Цоохор овогт Л.Э ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.        

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ЭНХМАА

                                    ШҮҮГЧИД                                          Т.ДАВААСҮРЭН                      

                                                                                              М.МӨНХДАВАА