Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 167

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Ж.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П д холбогдох эрүүгийн эрүүгийн 2015000000152 дугаартай, 163/2019/0159/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ж.П.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.П  нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед ... багийн “Б” гэх газарт оршин суух иргэн П.Т ийн гэрийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 531750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.П гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000152 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.П  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед ... багийн “Б” гэх газарт оршин суух иргэн П.Т ийн гэрт ирж агсан тавьж, гэрийн эд зүйлсийг хууль бусаар, санаатайгаар устгаж гэмтээн 531750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-12 тал/,

Хохирогч П.Т ийн өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цагийн үед том охинтойгоо үхэрт явсан. Тэр үед манай эхнэрийн дүү П нь согтуу мотоцикльтой манай гэр рүү зөрөөд очиж явсан. Тэгээд би охинтойгоо хамт үхрээ олчихоод гэрлүүгээ харьж явсан чинь манай гадаа П агсан тавиад “хоёр пиздааг ална аа, хоолойг нь хэрчинэ, хаана байна Мөөгий пизда” гээд орилоод байсан. Тэгээд би гэр рүүгээ очих гэтэл “охин маань яах юм бэ, та очих юм бол нэг нэгнийгээ алах байх, би очъё” гээд очоод ирсэн. Тэгээд охин маань надад “нөгөө П  ах чинь манай том үйл хийдэг хайч нэг гартаа, нөгөө гартаа төмөр барьчихсан, эцэг чинь хаана байна” гээд орилоод байна гэсээр ирсэн. Ээж айгаад өвөлжөөний араар орсон байна гэж хэлсэн. …Гэртээ ирсэн чинь манай гэрийн хамаг юм эвдэрсэн, гэрт бүтэн юм юу ч байхгүй, манай байшингийн гадна хаалгыг хэмх цохиод орсон байсан. Мөн гэр дотор байсан гал тогооны шүүгээг гаргаж эвдээд шатаасан байсан. Тэр өдөр эгчээсээ мөнгө нэхээд өгөхгүй болохоор уурлаж ирээд гэрийн хамаг эд зүйлийг эвдээд шатаагаад хаячихсан байгаа юм. Би П г архи уусан үед нь зугтаагаад явчихдаг юм. Урд өмнө архи ууж ирээд намайг зодож байсан. Согтуу хүнтэй зууралдаж хэрэлдэж маргалдаад яахав гээд л яваад өгдөг. Манай хүүхдүүд хүртэл Ж.П г согтуу ирэхээр нь айгаад тал тал тийшээ тараад алга болчихдог, явсных нь дараа гарч ирдэг...” гэх мэдүүлэг /хх-22, 27-28 тал/,

Гэрч Н.М ийн өгсөн: “...22 цаг өнгөрч, намайг унтах гээд ороо засаад хэвтэж байхад М  эгч утсаар яриад “нөгөө П  чинь манай гэрийг буулгаад байна” гэж хэлэхээр нь би аавтай хамт цагдаа дээр ирээд цагдаагийн хамт М  эгчийн гэрт ирэхэд П  байхгүй, байшингийн хаалгыг эвдлээд цонхыг нь хагалчихсан, доторх тавилгыг нь эвдлээд бөөгнүүлээд тавьчихсан, хоолны шкафыг нь гэрийнх нь гадаа шатаачихсан байсан. Гэр дотор нь энэ тэр гэх юмгүй ундуй, сундуй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Гэрч Ж.М ын өгсөн: “...П  манай урд талын овгор дээр гарч ирээд л “Мөөгийг алнаа, та нарыг бүгдийг чинь алнаа” гээд орилоод гараад ирсэн. Би маш их айсан. Тэгээд шууд давхиж ирж зогсоод намайг барьж аваад “чи надаа мөнгө өгсөнгүй, нөхрийнхөө мэдэлд орчихсон” гээд зүүн талын шанаан тус газарт 2 удаа цохиж унагаагаад араас хөөж хоёроос гурван удаа өшиглөж зодсон. Гэрт орж гарч ирээд миний үйл хийдэг хайч авч миний зүүн гарын шууны бугалганаас дээш 5 см газар хайчны үзүүр хэсгээр нь зүссэн. Тэгээд гэрийн доторх тавилгануудыг ийш тийш нь тарааж шидээд аяга, таваг, түмпэн, шанага, хувин хоолны шкафыг эвдэлж, байшингийн хаалгыг засах боломжгүй болгоод рамаар нь салгаж, модыг нь эвдэлсэн. Тэгээд гэрт буцаж ороод хоолны шкафны модноос жижиглэж аваад гэрийн үүдэнд өрж тавьж байгаад дээрээс нь бензин асгаад гал тавьсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.М ын өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цагийн үед аавтайгаа үхэрт явсан. Тэгсэн чинь засмал замын хажуугаар мотоцикльтой согтуу хүн явсан. Тэгээд гэрлүүгээ дөхөөд ирсэн чинь нөгөө согтуу хүн манай гэрийн гадаа ирчихсэн “алнаа та нарыг” гээд орилоод байсан. Мөн “та нарыг ална, хоолойг чинь хэрчинэ, гэр бүлээр чинь шатааж ална” гээд орилоод байсан. Тэгээд аавтайгаа хамт хажуу айл руу очиж утсаар цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсний дараа гэртээ ирсэн чинь гэрийн маань хамаг юмыг эвдээд хаясан байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч Ш.Ж өгсөн: “...Орой 22 цагаас 23 цагийн хооронд гэрт байж байхад манай охин М  утсаар яриад П  гэрт ирээд гэр орон сүйтгээд гэрийн гадна гал тавьчихлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би бэр охин М ийн хамт цагдаагийн байгууллагад хандаад цагдаа нартай хамт очиход П  байхгүй байсан. Манай охин М , хүргэн Мөөгий хүүхдүүдийнхээ хамт байж байсан. М ын гэрийн гадна талаас харахад хоёр цонх нь хагарчихсан, хаалга нь эвдэрчихсэн бүх зүйл нь ундуй сундуй харагдаж байсан. Би дотогшоо орж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

Эвдэрсэн эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №2100145 дугаартай: “эвдэрсэн эд зүйлсийг 531750 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-41-46 тал/,

Шүүгдэгч Ж.П гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой санал нийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг болдог өдөр нутгийн хүмүүстэй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн төвийн хажууд 4-үүлээ нийлээд 0.5 литрийн Ерөөл нэртэй, 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Тэгээд ойролцоогоор 19 цагийн үед тарцгаасан. Тухайн үед би нилээн согтчихсон байсан. Тэгээд би өөрийн хүргэн ах Т.Т ийнд очсон. Тэднийд яваад очиход манай төрсөн эгч М  ганцаараа байсан. Тэгээд архи уусан болоод ч тэр үү ухаанаа алдсан буюу тасарчихсан байна. Тэгээд орой 22 цагийн орчимд урд талын гол болох Тээлийн гол гэх газарт унтаж байгаад ухаан орсон. Тэгээд дараа нь эгч М , хүргэн ах Т  нартай уулзахад намайг агсан согтуу тавьж эд зүйл эвдсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан урт төмөр, үйлний хайч зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Т , гэрч Ж.М , Н.М , Ш.Ж , насанд хүрээгүй гэрч Т.М  нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ж.П гийн үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ж.П  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4/67 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Т өд 531750 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ж.П  нь хохирлыг мөнгөн хэлбэрээр 531750 төгрөгийг хохирогчид төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.П гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.П гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 55-63 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолтууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдардаг зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.П д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.П  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үйлний хайч 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, нарийн урт төмөр 1 ширхэгийг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж овогт Ж.П г Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Ж.П д оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.П д сануулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.П  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн үйлний хайч нэг ширхэгийг хохирогчид буцаан олгож, урт нарийн төмөр нэг ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД