Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 168

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга П.Жаргалмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч Ч.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч Г.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д ид холбогдох эрүүгийн 2015000000135 дугаартай,

163/2020/0160/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагч цагдаагаар ажиллаж байсан, одоо “А” уурхайд хүнд даацын машины жолооч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт Г.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д ийн өгсөн: Намайг гэртээ амарч байх хугацаанд болсон үйл явдал юм. Охинтойгоо дээр өрөөнд унтаж байсан. Хадам аав гэрт ирсэн байсан. Шөнийн ээлжинд гарсан учир ядраад унтсан байсан. Унтаж байхад хүүхэд бахираад би сэрсэн. Хүмүүс хэрэлдэж шаагиад байсан. Төмөр чингэлэг онгорхой байсан учир цоожлох гэж гараад алхаж байхад “Энэ хаанаас гарч ирсэн утсан хүүхэлдэй вэ?” гэж хэлсэн. Тэгээд тухайн хэлсэн үгийг би тоогоогүй төмөр чингэлэгээ цоожлоод буцаад явж байтал Т  гээд цуг явж байсан хүнийг зүс танина. Би “та нар энд юу хийж байгаа юм бэ? архи уугаад, тамхины ишээ энд тэндгүй хаясан байна” гэж хэлсэн. Тухайн архи уусан аяга нь манай гэрийн цай уудаг аяга байсан. Би тэгээд аягаа очиж авсан. Аяганд үлдэгдэл пиво байхаар нь асгахад хохирогч араас боосон. Үүнээс болж харилцан зодоон болсон, намайг замын боржурнаас шидсэн гэж гэрч мэдүүлэг өгсөн байсан. Би боржур дээр шидсэн зүйл байхгүй. Боржурын наана унагаасан байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.М ын өгсөн: Тухайн үед харилцан зодоон болоогүй. Цуг явж байсан хүмүүс тийм чанга ярьсан зүйл байхгүй. Дэлгүүрийн худалдагч ахаас пиво аваад нэг удаагийн аяга байхгүй байсан болохоор аяга гуйж аваад “бид энд сүүдэрт сууж байгаад уучихъя” гэхэд худалдагч ах зөвшөөрсөн. Тэгээд бид нарыг пивоо уугаад сууж байхад гэнэт Д  гарч ирээд С ын аягыг булаан авч хаяад маргаан эхэлсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тухайн үед “утсан хүүхэлдэй” гэсэн зүйл хэн ч хэлээгүй. Д  худлаа зүйл яриад байна. Тухайн үед хүн байгаагүй бол хуулийн байгуулагад ажиллаж байгаа байж хүн алахаар байсан. Цагдаа руу 2, 3 удаа залгасан. Залуу хүн ийм байж болохгүй. Өөдөөс зодолдсон араас боосон гэж худлаа ярьж болохгүй. Үнэнээ хэлэх хэрэгтэй. Дараа нь надтай уулзъя гээд залгасан. Бид хоёр уулзсан, Д  би уурандаа тийм байдал гаргасан байна лээ гэж хэлсэн. Уурандаа хүн зодож болохгүй, харилцан зодоон болсон гэж худлаа хэлэх шаардлага байхгүй. Хэрэг прокурорт шилжчихлээ гэхэд надад Д  “ахаа тоглоомоор  хэлсэн юм гээд хэлээд өгөөч, худал мэдээлэл өгсөн хүмүүсийг 50000 төгрөгөөр торгодог юм. Тэр мөнгийг би танд өгнө” гэсэн зүйл хэлж байсан. Хохиролд 220000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулмаар байна, миний тооцоогоор 3600000 төгрөг хэрэгтэй байгаа. Мөнгөгүй, эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн 2015000000135 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д  нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... багийн “Б” гэх газарт байрлах өөрийн байр болон хүнсний дэлгүүрийн орчинд “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар Ч.М тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж, мөргөсний улмаас түүний биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсгөнд оёдол бүхий шарх, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх29-30 тал/,

Хохирогч Ч.М ын өгсөн: “Би 2020 оны 05 сарын 12-ны өдрийн өглөө 11 цагийн үед С , Д , Т  нарын хамтаар Бугат сумын Зуун мод гэх газар руу мал идэх өвс харах, замаараа халиар түүхээр Булган сумын төвөөс хоёр мотоцикльтой бид дөрөв явсан. Бугат сумын Зуун мод гэх газар очоод мал идэх өвс харахад Булган сумын төв хавиар ургаж байгаа өвснөөс дээр юм байна гэж хоорондоо ярилцаад жаахан халиар түүгээд 15 цаг өнгөрч байхад Булган сумын төв рүү хөдөлсөн. Замд хүнсний дэлгүүр байхаар нь ундаа, ус авахаар дэлгүүр дээр очсон. Хүнсний дэлгүүр лүү бид 4 ороод Т  нэг пиво худалдаж аваад, дэлгүүрийн худалдагч ахаас “танай байшингийн хажуу талын сүүдэрт суугаад энэ пивоо уучих уу” гэж асуухад хүнсний дэлгүүрийн худалдагч ах “тэг, тэг” гэж хэлсэн. Т , С , Д  бид 4 хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байшингийн сүүдэрт сууж дэлгүүрээс авсан пивоо хувааж ууж байхад зүс таних цагдаа Д  гэх залуу хүрч ирээд “пизданууд юу хийж байгаа юм, та нар пизданууд гэрийн хажууд тамхи татлаа. Хулгайчууд, пизданууд, лаларууд” гээд орилоод ирсэн. С  пивотой стакан барьж байхад нь Д  булааж аваад миний баруун талын хөмсөг рүү стаканаар 1 удаа, стакантай гараараа миний нүүр хэсэгт 10 гаруй удаа цохиод миний цамцны энгэр хэсгээс хоёр гараараа заамдаж байгаад өөр лүүгээ татан миний хамар луу 1-2 удаа мөргөсөн. Тэр үед Д  босож ирээд “болиочээ, чи хүн аллаа” гэж хэлээд бид хоёрыг салгачихаад цагдаа дуудсан. Цагдаа дуудах үед Д  намайг хувцаснаас зуурч аваад газар байсан дөрвөлжин цементэн дээр 2 удаа шидээд “ална чамайг, чамайг гөлөг болгоно” гээд орилоод байхаар нь би “чи цагдаа хүн байж хүнтэй ингэж харьцаж болдог юм уу, хүн аллааш дээ” гэж хэлэхэд “би өнөөдөр амарч энгийн хувцастай байна, чи одоо яах юм” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-34-37 тал/,

Гэрч Р.С ын өгсөн: “...Хүнсний дэлгүүрт нэг удаагийн аяга байхгүй болохоор дэлгүүрийн худалдагчаас “та нэг аяга өгөөч, танай байшингийн сүүдэрт суугаад энэ пивоо уучих уу?” гэж асуухад дэлгүүрийн худалдагч “тэг, тэг” гэж хэлээд гэрээсээ аяга гаргаж өгсөн. Т , М , Д  бид дөрөв хүнсний дэлгүүрийн зүүн талд сүүдэрт суугаад пиво ууж байхад цагдаа Д  гэх залуу гадаа байсан төмөр чингэлэгийн хаалгыг хаачихаад бид дөрөв дээр ирээд “яахлаараа энд пиво уудаг пизданууд бэ?, хэн та нарт энд пиво уу гэж зөвшөөрөл өгсөн юм” гэж хэлээд миний ууж байсан пивотой аягыг булааж аваад асгасан. Тэгэхээр нь би “М  бид нар хүнсний дэлгүүрийн худалдагчаас аяга гуйгаад зөвшөөрөл аваад ууж байна” гэж хэлсэн чинь Д  “та нарын уудаг газар энэ биш” гэж хэлээд барьж байсан стакантай гараараа М ын нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиход М  боссон чинь Д , М ын цамцнаас нь барьж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа мөргөхөд М  газар унасан. Д  “ална пизда минь, чи муу ганц цохилтын ая даахгүй” гээд М  руу орилоод байсан. Тэгээд дэлгүүрийнхээ урд очоод “камерийн урд хүрээд ир, та нар бөөнөөрөө нийлээд байна уу?” гэж хэлсэн. М  Д  дээр явж очсон чинь Д , М ыг өргөөд газар нэг удаа шидсэн...” гэх мэдүүлэг /хх45-46/,

Гэрч О.Д ийн өгсөн: “...Д  гэх залуу хүрч ирээд “наанаа юу хийгээд пиво уугаад байгаа пизданууд бэ?” гэж хэлэхээр нь би “уучлаарай өвгөөн одоохон бослоо” гэж хэлсэн чинь Д , С  ахын барьж байсан пивотой стаканыг булааж аваад асгасан чинь М  ах “чи ямар сүртэй пизда вэ” гэж хэлэхэд Д  барьж байсан стаканаараа М ын баруун талын хөмсөг хэсэг рүү нь нэг цохисон. М  ах өмнөөс нь босож ирэхэд Д  М  ахын нүүр хэсэгт нь нэг удаа мөргөөд баруун, зүүн гараа атгаж байгаад ээлжлээд М  ахын толгой, нүүр хэсгүүдэд нь цохиод байсан яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Мөн М  ахыг өргөж байгаад саарал өнгийн суулгаагүй байсан боржур дээр нэг удаа шидсэн” гэх мэдүүлэг /хх-47-48/,

Гэрч Д.Т ын өгсөн: “...Бид дөрөв авсан пивоо хувааж ууж байхад ... дахь Цагдаагийн газарт ажилладаг Д  энгийн хувцастай гарч ирээд бид нарын хажуугаар өнгөрөөд цааш явж төмөр чингэлэгээ онгойлгож орчихоод буцаж гарч ирээд бид дөрөв дээр ирээд “та хэд юу хийж сууж байгаа юм, энд юу хийж байгаа юм” гэж асуухаар нь М  “бид 4 нэг пиво авсан юм, хүнсний дэлгүүрийн эзнээс зөвшөөрөл аваад энд суугаад пиво ууж байна” гэж хэлсэн чинь Д  “чи энд пиво уудаг хэн бэ” гээд М тай хэрэлдсэн. .:.М ыг босож ирэхээр нь Д  заамдаж аваад нүүр хэсэгт нь 2 удаа мөргөөд стакан барьж байсан гараараа дух хэсэгт нь цохисон. Би дундуур нь орж салгаад “больцгоо” гээд “цагдаа дууд” гэж хэлэхээр нь Д  цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө Д , М ад хандаж “хоёулаа эр хүн шиг зодолдох уу” гээд М  руу дайраад М ыг өргөөд хүнсний дэлгүүрийн үүд хавь руу шидсэн. Тэр үед Д  дундуур нь ороод Д ид хандан “чи болиочээ хүн аллаа, төрийн албан хаагч байж” гэж хэлсэн. 10-15 минутын дараа цагдаа ирээд Д , М  нарыг авч явсан. ...М ын нүүр хэсэгт нь 2 удаа мөргөсөн, стакантай гараараа дух хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Гэрч Н.Б ын өгсөн: “Би Д ийн бага охиныг нь хараад байж байхад дөрвөн залуу ирээд хүнсний дэлгүүрээс юм авъя гэж хэлэхээр нь би хүнсний дэлгүүрээ онгойлгож орсон. Араас нөгөө дөрвөн залуу орж ирээд “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво худалдаж аваад “аяга байна уу ах” гэж надаас асуухаар нь би “энэ дөрөв юу удав гэждээ, нэг пиво уух юм чинь” гэж бодоод зоогийн газраас нэг аяга аваад өгсөн. Нөгөө дөрвөн залуу ертөнцийн зүгээр байшингийн зүүн талд сүүдэрт суусан. 30-40 минутын дараа байх би хүнсний дэлгүүр дотор байж байхад байшингийн зүүн талаас хүмүүсийн дуу чанга чанга дуугараад байхаар нь хүнсний дэлгүүрээ цоожлоод Д ийн бага охиныг тэврээд байшингаас гараад байшингийн зүүн талд очиход Д  нэг танихгүй залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Хажууд нь хамт явж байсан гурван залуугийн нэг нь Д той хэрэлдээд байж байсан. Би “явцгаа та нар, больцгоо” гэж хэлсэн чинь миний үгийг ерөөсөө тоохгүй байсан. Д  байшингийн зүүн талаас зоогийн газрын урд ирэхэд араас нь Д той барьцалдаж байсан залуу хүрч ирээд Д той хэрүүл хийгээд Д ийг цохиж авах гээд дайраад байсан. Би жоохон хүүхэдтэй байсан болохоор байшин руу буцаад орсон. Зоогийн газар руу ороод цонхоор харж байхад Д той хэрүүл маргаан хийгээд байсан залуу нь Д ийг цохих гээд хэрүүл маргаан хийгээд нааш цааш яваад байсан. Тэгж байхад цагдаагийн машин ирээд Д той хэрүүл маргаан, зодоон хийгээд байсан хоёр залууг аваад явсан. Д  өөрийнхөө машиныг унаад цагдаагийн машины араас явсан. Үлдсэн хоёр залуу нь унаж ирсэн хоёр мотоциклоо унаад яваад өгсөн. ...Би цонхоор юм хараад байж байхад Д  байшингийн зүүн талд байдаг төмөр чингэлэг дотор цахилгааны утас, өрөм зэргийг хийхээр явж байхыг нь харсан хэзээ пиво ууж байсан залуучууд дээр очсоныг нь мэдэхгүй байна, хараагүй” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон “Ч.М ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсгөнд оёдол бүхий шарх, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5% алдагдуулна” гэх №126 тоот дүгнэлт /хх-72-73 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч Ч.М , гэрч Р.С , О.Д , Д.Т , Н.Б  нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Д ийн үйлдлийг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд юм.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд хохирогч Ч.М ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Д ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Д  нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Д ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ч.М ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Д ийн үйлдэл Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Д ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ч.М  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт оношлогоо, эмчилгээний зардалд 3820000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч Г.Д нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой зардалд /Медипас эмнэлгийн үзлэг, оношлогооны 20000, 150000, тээвэр шатахууны  50000/ нийт 220000 төгрөгийг төлж /хх-111 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт /шүүх хуралдааны тэмдэглэл/ цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

 Иймд хохирогч Ч.М  нь цаашид гарах эмчилгээний зардлын 3600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Д ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Д  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 86-94 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ... дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр уг ажлаас чөлөөлөгдсөн, эхнэр хүүхдүүдийн хамт ... багт амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овогт Г.Д ийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Г.Д ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.М  нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД