| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0161/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 169
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Н.М ,
Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р од холбогдох эрүүгийн 2015000000157 дугаартай, 163/2020/0161/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогтой Б.Р.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/:
Шүүгдэгч Б.Р ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. 1740400 төгрөгийг эмчилгээнд зориулж өгсөн байгаа гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М ийн өгсөн: Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гэж нэг сая гаруй төгрөг өгсөн. Надаас нэг ч төгрөг гараагүй, намайг эмнэлэгт хэвтүүлж өглөө, орой хоол цай тасралтгүй зөөж байгаа гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000157 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Р нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн ... “Х” гэх газарт байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр “гичий минь чамайг ална” гэж заналхийлж, нагац эгч болох Н.М ийн нүүрэн тус газарт цохих, цээжин тус газарт өшиглөх зэргээр зодож биед нь зүүн дөрөвдүгээр хавирга, өвчүүний их бие хэсгийн дээд 3/1 түвшинд гадна ялтасны сэлтэрсэн хугарал, цээжний 2, 3, 4 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Н.М ийн өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 10 цагийн үед Булган аймгийн ... нутаг “Х” гэх газарт байх манай төрсөн эгчийн том хүүхэд болох Б /Р /-ийнд нөхөр М ийн хамт очсон чинь Р архи уучихсан байсан. Тэгээд Р манай нөхөр М д 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаж өгөөд хувааж уусан. Архи уугаад сууж байснаа Р гэнэтхэн босож ирээд намайг “гичий минь чамайг ална” гээд орилж хашгирч байснаа миний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Гэрийн хойморт байсан орны урд талд үснээс чирж аваачаад миний дээрээс 2-3 удаа цээж рүү дэвссэн юм. Миний бүх бие өвдөж байна. Хүзүү эргэж юм харж болохгүй, нүд улайсан, зүүн талын шуу хөхөрсөн, цээж хэсэг тэр чигтээ өвдөж байна. Р нилээн согтсон байсан” гэх мэдүүлэг /хх-6-7 тал/,
Гэрч Ц.М ийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 10 цагийн үед Булган аймгийн ... нутаг “Х” гэх газарт байх Б буюу Р ын гэрт эхнэр М ийн хамт өглөөний 10 цагийн үед очсон. Б надад “Ерөөл” нэртэй архийг пивотой гаргаж өгөхөөр нь пивийг эхнэрт өгөөд, уг архийг Б той хамт уугаад сууж байтал Б гэнэт босоод М ийн нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би “боль” гэж хэлсэн чинь “намайг ална” гэхээр нь эхнэрээ үлдээгээд гэрээс гарч мал руугаа явсан. Өдөр 13-14 цагийн үед гэртээ ирсэн чинь эхнэрийн нүүр нь хавдсан, нүд нь улайсан, цээжин хэсэгтээ гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан. Хэн цохисон талаар асуусан чинь намайг гэрээс гараад явсны дараа Б /Р / дээрээс өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-9 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай: хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон “Магадлуулагч Н.М ийн биед зүүн 4 дүгээр хавирга, өвчүүний их бие хэсгийн дээд 3/1 түвшинд гадна ялтасны сэлтэрсэн хугарал, цээжний 2, 3, 4 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-13-15 тал/,
Шүүгдэгч Б.Р ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед М эгч, М ах хоёр манайд ирсэн. Би М эгч, М ах хоёроор хонио хяргуулсан болохоор баярласнаа илэрхийлээд авдарнаас “Ерөөл” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво гаргаж өгсөн. М эгч, М ах бид гурав хувааж уугаад дуусгасан. Би унтах гээд хэвтэхэд М эгч намайг “чи архи уу” гэж хэлэхээр нь миний уур хүрээд М эгчийн нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиход М эгч газар унасан. Тэгээд би М эгчийн цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөчихөөд буцаад унтаад өгсөн. Н.М эгчийн биед учирсан гэмтлийг би учруулсан, миний буруу” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.М ийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Р ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Р нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.М , гэрч Ц.М , нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Б.Р ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Р ын үйлдэл идэвхтэй, хохирогч Н.М ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь нотлогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Р ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд, хохирогч Н.М ийн эрүүл мэндийн даатгал болон эмчилгээ оношлогоотой гарсан зардалд 740400 төгрөгийг шууд төлж, түүний нэр дээр ХААН банкинд *********** дугаартай данс нээж 1000000 төгрөгийг байршуулан нийт 1740400 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч Н.М нь уг хохирлын мөнгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Р ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд хохирогч Н.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Р ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Р ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Р нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 18-26 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, байнга оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Р нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч И овогтой Б.Р ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Б.Р ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Р од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Р од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД